УТГА ЗОХИОЛ СУДЛААЧ У.БЯМБАНЯМ

 

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаагийн зочноор саяхан “Цаг хугацаа хэлнэ” уран зохиолын эсээний номоо уншигчдад хүргээд буй “Тагтаа Паблишинг”-ийн ерөнхий редактор, утга зохиол судлаач У.Бямбанямын номын сангаар зочиллоо.

1. Та номын сандаа хэдэн номтой вэ?
Сайн мэдэхгүй байна. Тийм ч нүсэр биш ээ. Гярхай уншигч бол зурган дээрээс тоолчих биз. Оюутан болохдоо ганц ч номгүй, цүнхтэй хувцсаа бариад Улаанбаатарт ирж байлаа. Ном уншвал сургуулийн номын сан эсвэл багшаасаа аваад уншчихдаг байлаа. Харин оюутны жилүүдэд хэдэн төгрөгөө номонд л зориулсандаа. Ихэвчлэн хуучин номонд. Унааныхаа мөнгөөр ном авчихаад алхах үе ч бишгүй л байсан. Ховор ном, тэгээд хямдхан авчихвал эрдэнэ олсон юм шиг баярлана. Дээр нь уран зохиолын ангийн сургалт унших даалгавар ихтэй учраас хүсэл, шаардлага хоёртоо туугдан, уншиж ч, шилж сонгон цуглуулж ч сурсан даа.

2. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?
Төрлөөр нь нэрлэвэл их олныг хэлэх болох нь. Уран зохиол, антропологи, түүх, намтар дурсамж, уран зураг, кино, сэтгэл судлал гээд... Номын сангийн бүтцийн тухайд ихэвчлэн уран зохиолын номноос бүрдэж байгаа. Гэхдээ антропологи бол миний уншдаг хоёр дахь гол салбар. Оюутны судалгааны сэдэв маань ч энэ тал руу байсан. Тиймээс энэ салбарынхантай ойр байж, шинээр гарч буй бүтээлүүдийг аль болох олоод уншчихыг хичээдэг. Дээр нь хүний амьдрал гэдэг яаж ч хүүрнээд дуусашгүй өгүүлэмж учраас намтар дурсамжийн сайн бичсэн номыг унших дуртай. Ялангуяа зуны улиралд энэ төрлийн ном барьж авах нь их. Зун уран зохиолын ном уншихад нэг л таагүй, төвлөрч өгдөггүй учраас бараг уншдаггүй. Нэг хэсэг сэтгэл судлалын салбарыг сонирхож, нэлээд ном цуглуулсан. Сүүл рүүгээ тэгсгээд орхисон доо. Дээр нэрлэсэн салбаруудаас цөөвтөр ном бий.

 
3. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?
Миний унших үйл сонголттой, сонголтгүй гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт, миний одоогийн хийж буй ажлууд маань надад ном уншихыг шууд тулгадаг. Хэдийгээр хүсэхгүй байлаа ч номоо редакторлож, уншигчдадаа хүргэх шаардлагатай. Азаар редакцын ном сонголтын бодлого сайн учраас манайхны (Тагтаагийн) гаргаж буй номнууд зовоодоггүй. Нөгөөтэйгүүр би их сургуульд хичээл ордог юм. Тиймээс оюутнууддаа илүү их юм хэлж өгөхийн тулд хүссэн хүсээгүй мэргэжлийн чиглэлийн номнууд харах шаардлагатай болно. Энэ бол сонголтгүйгээр хийдэг ажил маань.

Харин өөрийнхөө хүслээр ном сонгох тохиолдолд тийм ч зовоод байдаггүй. Арваад жилийн өмнө л хэнийг, юуг унших вэ гэдэг асуудал байснаас өнөөдөр бол хэнийг, юуг унших маш тодорхой болчихсон. Ялангуяа уран зохиолын салбарт бол. Гадаад ном худалдаж авахаар болвол өөрийнхөө хэмжээнд судалж байгаад авдаг. Гэхдээ тэрийгээ маш удаан уншина аа. (инээв)

4. Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?
Нэгэнт хийж буй ажил маань ном зохиолтой салшгүй холбоотой учраас ядаж цөхөх юм байдаггүй. Paris review, Granta, New Yorker гээд гадны сэтгүүл болоод зохиолчдын хуудсыг дагачихдаг, монголдоо бол томоохон хэвлэлийн газар, ном зохиолтой холбоотой хуудаснуудаас арай цэгцтэйг нь сонгоод дагачихна. Гэвч ихэнхдээ найз нөхдөөсөө сураг сонссоноо хөөж олж уншина.

 

5. Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Ажлын шугамаар Туркийн зохиолч Орхан Памукийн дурсамжийн “Истанбул: Дурсамж ба Хот” номыг уншиж байна. Баримтат бичлэг гэж юуг хэлээд байна вэ гэдгийг энэ номноос мэдэрч болох юм шиг санагдсан. Османы эзэнт гүрнээс орчин цагийн Турк бий болсон түүхэн нөхцлийг зохиолч өөрийнхөө хүүхэд ахуй үетэй холбон бичсэн сонирхолтой бүтээл. Мөн саяхан Амазоноос захиж авчруулсан энэ номоо харж байгаа. Дэлхийн кино урлагийн түүхэнд төрсөн суут найруулагчдын талаар товч тодорхой бичиж, гол бүтээлүүдийг нь жагсаасан хөтөч маягийн бүтээл. Өмнө нь сэтгүүлд ажиллаж байхдаа хааяа киноны талаар бичдэг байлаа, чөлөө зав гарвал өөрөө татаад, хүнээс аваад хүссэн киногоо үзчихдэг. Сонирхол болохоор өөрийн гэсэн шүүлтүүр, дуртай найруулагчид бий.

Ер нь ямар нэг уран зохиолын томоохон бүтээлийн хажуугаар заавал ийм хөтөч маягийн эсвэл антологи маягийн ном бариад сурчихжээ. Салбарын талаар мэдлэг мэдээллээ цэгцлэх, шаардлагатай мэдээллийг тогтоох эсвэл хэсэг зуур толгойгоо амраахад ийм бүтэцтэй номууд их тус болдог шүү.

Эцэст нь, өөрийнхөө сүүлд гаргасан номыг хэвлэлтээс аваад нягтлах маягаар дахиад нэг уншчих шив дээ. Одоо дахиж уншихгүй ээ. (инээв)

6. Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?
Үүнийг нэг их онцлог содон гэхгүй ч нэрлэмээр байна. Энэ толийг ширээнийхээ ном болгочихоод байгаа. Англи хэлний үгийн язгуурын толь. Өнөөгийн бидний хэрэглээд буй англи хэлний үгс хаана, хэдий үед аль хэлнээ үүсээд хаагуур дамжаад, яаж гажаад өнөөгийн утгадаа ирснийг тайлбарлан бичсэн бүтээл.

Монголд тайлбар толиуд байхаас язгуурын толь дутмаг. Хэрэв ийм толь бүтээвэл мөн ч сайхнаа гэж шүүрс алдан өдөр бүр сөхдөг. Дараагийнх нь Оросын зохиолч Анатоли Ивановын “Мөнхийн дуудлага” гэх ланжгар роман. Аав маань хамгийн дуртай номоо дурсгасан нь тэр. Би хичээгээд ч дуусгаж чадаагүй. Гуравт нь, Б.Явуухулангийн “Мөнгөн хазаарын чимээ” түүвэр. Намайг яруу найрагт дурлуулсан багш маань дурсгасан юм. Арван жилдээ шүлэг бичдэг гээд өдөртөө багшийнхаа хэдэн номыг тойруулддаг байлаа.

 

 

7. Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?
Колумбийн зохиолч Габриел Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал”-ын анхны хэвлэлт л юм уу даа. Анх дөрөвдүгээр ангидаа сонингийн тасархай дээрээс нэг ярилцлага уншсан юм. Тэр нь Солонгосын нэг жүжигчний ярилцлага байсан л даа. Солонгос кино дөнгөж монголд нэвтрээд байсан цаг. Тэр жүжигчин ярилцлагадаа Г.Г.Маркесын “Зуун жилийн ганцаардал” номыг олон дахин уншсанаа дурдсан байв. Тэгээд санаагаар унаж эхэлсэн дээ. Тэрийг нь яаж ийгээд олоод уншчих юм сан гээд. Гэтэл азаар төрлийн айлд маань байж таараад уншиж эхэлсэн. Эхний удаа юу ч ойлголгүй зүгээр л уншчихлаа. Дараагийн удаа ойлгомжгүй хэсгүүдээс нь түүж дахин уншлаа. Тэрний дараа зөвхөн эр эмийг явдалтай хэсгийг нь уншсан. Дараа нь, дүрүүдийнхээ нэрсийг жагсааж бичиж байгаад уншсан. Хамгийн сүүлд зүгээр айжуу тайвуухан барин тавин уншсан. Ингээд одоог хүртэл таван удаа уншсан юм уу даа.

8. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
Английн хамгийн том хэвлэлийн газрын нэг DK хэвлэлийн газраас гаргасан “Тэмдэг ба бэлгэдэл” хэмээх энэ номыг авсан юм байна. Дэлхий дахинд түгсэн ихэнх дүрс, бэлгэдлийн утгыг судалгааны үндсэн дээр тайлсан маш сонирхолтой бүтээл. Тэмдэг судлал, бэлгэдэл зүй судлал миний сонирхдог салбарын нэг. Ялангуяа эртний гарвалтай тэмдгүүд өнөө үед хэрхэн утга нь өөрчлөгдөж буй тухай сэдэв.

9. Ном танд юу өгдөг вэ?
Хүн өдөр тутам бодит амьдралтай зууралдаад ирэхээр хааяа ч болов ааг амьсгаа авмаар санагддаг. Амьдрал хүссэн хүсээгүй биднийг өөртөө татаж, ахуйн хүлээсээр хэрдэг шүү дээ. Тиймээс ном бол тэр ахуйгаас ангижирч өөр орчинд өөрөө өөрийгөө тольдон харах, өрөөл бусдыг танин мэдэх “Шидэт толь” шиг үйлчлэл үзүүлдэг дээ.

10. Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?
Олон дахин, бүр насан туршдаа уншсан ч уйддаггүй ном гэж бий. Гэтэл ганцхан уншаад дахин унших шаардлагагүй тов тодорхой ном ч байгаа. Одоогоор Данзанравжаагийн шүлгийн түүвэр л байна даа. Бас л аав маань надад өгсөн. Хэдийгээр сургаалын зохиолууд ч гэлээ эргэцүүлэх сэдэв санаанууд шүлгээс нь урган гардаг. Шүлэг бүрийг нь амьдралдаа баримтлаад байхгүй ч хүний амьдралыг нэлээд холоос том орон зайд харсан нь таалагддаг.

11. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Аль нь тэнцүүхэн дээ. Захиалахад үнэтэй, олдоц муутай номыг онлайн сайтуудаас татаж уншдаг. Хэдийгээр хууль бус үйлдэл ч гэлээ хэрэгцээгээ болгоод байдаг юм. Цахим номнуудыг юм лавлаж харах, хэсэгчлэн унших эсвэл тойм ойлголт авах тохиолдолд хэрэглэдэг. Тэрнээс яг бүрэн бүтнээр нь ойлгох тохиолдолд цаасан хэвлэлт хамаагүй давуу шүү дээ.

12. Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?
Эзэнгүй арал руу ганцаараа явахаар болчихсон хүн ямар л өөдтэй байв гэж. Ямар ч ном сонгож мэднэ шүү. Ямартай ч Достоевский энэ тэрийг авч өөртөө зовлон нэмж хураагаад яахав дээ. Хамгийн муу номыг л аваад цунхэлчихдэг юм уу даа. Хуудсан дээр нь давхарлаад бичсэн ч боломжийн, сайжруулж засаад бичсэн ч зугаатай.

13.  Өөрийн ажилладаг салбарынхаа залуу мэргэжилтнүүдэд хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу хэлэх вэ?
Ном уншина гэдэг нэг хэрэг, сайн уншигч байна гэдэг бас нэг хэрэг. Италийн нэрт зохиолч Умберто Экогийн хэлдэг шиг “зохиолын санаа нь зохиолчийн бодож сэтгэснээс хэзээд том байдаг”. Түүнийг хүртэх эрх зөвхөн уншигчдад л зориулагддаг. Тиймээс уншихын тулд унших биш сайн уншигч байхын тулд уншаарай л гэе дээ.

14. Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?
Юун түрүүнд монгол судлалын салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг С.Дулам, МУИС-ийн “Утга зохиол урлагийн тэнхим”-ийн эрхлэгч Г.Нандинбилиг нарыг санал болгомоор байна. Хоёулаа миний номын багш нар юм. Гэрийнх нь номын санг мэдэхийн хувьд манайдаа ховорт тооцогдох номтой, сэхээтэн улс.

Хоёрт Ub.life-ийн эрхлэгч Ж.Тэгшжаргал найзыгаа урья. Миний мэдэхээр тийм ч нүсэр биш номын сантай ч цуглуулга нь сонирхолтой байх нь мэдээж. Ялангуяа “Зуун жилийн ганцаардал” романых нь цуглуулгыг уншигчдадаа сонирхуулах бодолтой байна.

Сэтгэгдэл хэсэг