МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БАГШ, СУДЛААЧ Г.БАТТОГТОХ

 

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Өмнөх зочин зохиолч, утга зохиол судлаач П.Батхуягийн урилгаар энэ удаад бид Монгол хэл, уран зохиолын багшг, судлаач Ганбатын Баттогтохыг өөрийн номын сангаа уншигчдад маань танилцуулж, номын тухай дэлгэр хууч хүүрнээчээ хэмээн хүслээ.


Ном хүнд хүссэн бүгдийг нь өгдөг юм биш үү. Ямар азаар бичиг үсэг тайлагдав, ямар золоор энэ олон сайхан номыг уншив гэж бодох үе зөндөө байдаг.



 

Та номын сандаа хэдэн номтой вэ?

3000 орчим ном байгаа болов уу, баримжаагаар хэлж байгаа юм шүү. Тоолж байгаагүй юм байна. Сүүлийн хэдэн сард номоо нэлээн ангилж, цэгцэлж байна. Оюутан байхад олон номтой байж, бүгдийг нь уншихыг зорьдог байсан бол одоо цөөхөн, чанартай номтой байхыг хичээдэг болсон.

Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?

Миний номын сан- хэлшинжлэл, утга зохиол судлал, түүх, уран зохиол гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэж байгаа юм. Би МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш, судлаач мэргэжлээр төгссөн. Тийм болоод ч тэр үү, мэргэжилтэйгээ холбоотой ном голдуу уншдаг.

Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

Өнөөдөр уншиж буй ном маргааш унших номыг маань заагаад өгчихдөг. Өөрөөр хэлбэл, нэгээс нөгөө уруу хөврөөд явчихдаг юмуу даа. Зарим сайн судлаач, зохиолчдын номыг гарангуут нь эргэлзэх юмгүй, шууд авдаг. Бүгдийг нь уншиж нэгэнт барахгүй болохоор сайныг нь шилж, сонгож уншихыг хичээдэг.

Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?

Цахим ертөнцөөс гол мэдээллээ авдаг юм байна. Бас найз нөхөд, багш нар, хамт олноосоо номын сураг сонсдог.

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Харвард, Индиана, МУИС төгссөн, манай нийгмийн шинэ дүр төрх болж буй, хуульч  С.Эрдэнэболдын “Монгол зарчим I” номыг уншсан. Үндэсний онцлогтой хөгжлийн замналын тухай голлон өгүүлсэн ном. Залуучуудад урам зориг өгөх тэмдэглэл бас бий. Мөн Австрийн ШУА-ийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн зочин судлаач Г.Мөнх-Эрдэнэ, антропологич Чулуунбат нарын “Нийгэм, соёлын хүн судлалын удиртгал” номыг хянаж уншсан. Удахгүй эдгээр ном уншигчдын гарт хүрнэ. Ойрын үед судалгааны ажилдаа анхаарч байгаа болохоор аман зохиол, сэтгэл судлалын элдэв хангайн ном эргүүлж, дахин үзэж байна даа.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Ж.Баянсан багшийн “Хэл, соёл, үндэстний сэтгэлгээ” номыг дахин уншиж эхэлсэн. Оюутан байхад уншиж л байсан ном, одоо дахиад уншихад шинэ ном уншиж байгаа юм шиг санагдаад байдаг юм.

Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?

Хамгийн жижигхэн номоо л хэлэх байх даа. Монголын нууц товчооныг цуглуулдаг Цогтнарангийн бэлэглэсэн “Монголын нууц товчоон”. Чүдэнзний хайрцагнаас жижигхэн харагдаад байхыг бодоход содон ном байж таарна. Бусад нь тэгээд В5, С5-аар хэвлэсэн, эрээн мяраан, адилхаан. Гоц сонин, үнэтэй, ховор ном цөөхөн дөө.

Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?

“Сорилго-2002” гэдэг номыг нэрлэх юм байна шүү. МУИС-ийн монгол хэлний салбарт элсэгчдэд зориулсан гарын авлага л даа. Одоо болтол хайрлаж, хадгалдгийг бодоход аргагүй нандин эд байх нь ээ. Аав маань Их дэлгүүрээс 2002 онд авч өгсөн юм. Энэ номыг өдөр шөнөгүй нухаж байж л их сургуульд орсон болохоор ямар ч номоос үнэтэй санагдаад байдаг юм. Манай дүү нар, тэр байтугай манай сургуулийнхан ч энэ бор номын ачийг их хүртсэн.


 
Би төдийгүй манай дүү нар, тэр байтугай манай сургуулийнхан ч энэ бор номын ачийг их хүртсэн.

Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Оны босгон дээр, Урт цагааны Одноо эгчээсээ Ж.Надмид гуайн “Монгол хэл, түүний бичгийн түүхэн хөгжлийн товч тойм”, С.Нямсүрэнгийн “Хэл, хэлэхийн учир” зэрэг хэлшинжлэлийн голдуу хоёр хайрцаг ном авсаан. Энэ хоёр номыг би нэлээн хайж байсан болохоор баярласан гэж жигтэйхэн. Эргэн тойронд маань эрдэм номтой нөхөрлөдөг олон хүн байдаг болохоор ном бэлгэнд их ирнэ. Хамгийн сүүлд гэхэд ШУА-аас “Монголын археолгийн сонгомол өв” 2 боть бүтээлийг гардаж авлаа. Сониноос, би хадны зураг их сонирхдог.

Ном танд юу өгдөг вэ?

Хүссэн бүгдийг маань өгдөг юм биш үү. Ямар азаар бичиг үсэг тайлагдав, ямар золоор энэ олон сайхан номыг уншив гэж бодох үе зөндөө байдаг. Тэгэхээр, ном миний хайсан, эрсэн, сурсан бүгдийг харамгүй өгдөг юм байна. Их сургуулийн сайн багш нарын чиглүүлснээр гадаадын болон Монголын уран зохиолтой чамгүй сайн танилцсан. С.Дулам, Ч.Билигсайхан, Д.Галбаатар зэрэг шилдэг багш нар бидэнд аман зохиол, уран зохиол судлалын хичээлүүд заасан; Т.Дашцэдэн, М.Базаррагчаа, Г.Буянтогтох, Ё.Жанчив зэрэг мундаг багш нар хэлшинжлэлийн хичээл заасан. Муу шавь олон багштай гэдэг бил үү, ямар боловч сайн хүмүүсийн ач тусаар номын ертөнцөд амьдрах нь зөв, аз жаргал гэдгийг баттай ойлгосондоо баяртай явдаг. Хүн өөрөө аз жаргалаа бий болгодог.

 

Будда- шүтэх, бишрэх, итгэхээс илүү үзэх, мэдэх, ойлгохыг онцолсон юм шиг санагддаг.


Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?

“Монголын нууц товчоон” л болов уу даа. Монголын эзэнт гүрний түүх, соёл; Их эзэн Чингис хааны амьдрал, ялалт амжилт; монгол хүний сэтгэлгээг би энэ аугаа бүтээлээс олж хардаг. Унших бүрт л шинэ ном шиг санагддаг тийм ном гэвэл яах аргагүй “Нууц товчоон” юм байна. Эх, өгүүлбэр, үг бүрийг нь анхааралтай уншихыг хичээдэг. Тод санаж байгаа, хүмүүст дандаа ярьж явдаг нэгэн жишээнийхээ хэлэхэд, Нууц товчооны 214 дүгээр зүйлд Татаарын Харгил шар таван настай Толуйг хороохоор хутгаа тэмтэрч, сугалан явахад Борохулын гэргий Алтан мэдэж, Харгил Шарын үснээс татаж, хутгыг нь алдуулсан гэдэг. Тэр үед гэрийн ард үхэр төхөөрч байсан Жэтэй, Зэлмэ хоёр тэдний дууг сонсон ирж, Харгил Шарыг цааш нь харуулсан тухай уран сайхан өгүүлэмж бий. Зөвхөн энд гэхэд л дэлхийн шинэ түүхийн хувь заяа шийдэгдсэн, сонирхолтой түүх гарч байгаа юм. Г.Аюурзана гуайн бичсэн “Тэнгэрийн судар” бүтээлийг шимтэн уншсан, маш сонирхолтой, олон зүйлийг ажиглаж бичсэн байсан. Нууц товчооны энэ мэт олон ээдрээ, нууц бүхий өгүүлэмжийг тайлан тайлбарлах хэрэгтэй, энэ чиглэлээр судалгаа хийх бодол ч бий.

Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Цаасан ном голчлон уншдаг. Гэхдээ хэд гурван цахим ном бий.

Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?

Буддагийн сургаалыг авч явна. Ямар ч эргэлзээ байхгүй. Намайг номоо танилцуулна уу гэж урьсан зохиолч, доктор П.Батхуяг гуай энэ номыг бас нэрлэсэн байна лээ. Будда- шүтэх, бишрэх, итгэхээс илүү үзэх, мэдэх, ойлгохыг онцолсон юм шиг санагддаг. Ийм учраас л түүний энэ гайхамшигт бүтээл цагийг нэвтлэн, олон хүний сэтгэлийг гийгүүлэн оршиж байгаа юм.

Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?

ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч; Монголын археологийн судалгааны тэргүүлэх чиглэл- Хүннү судлалаар голлон ажилладаг доктор, археологич Ц.Төрбат гуайг урьж байна. Ц.Төрбат доктор- судалгааны багтайгаа Булганы Хутаг-Өндөр, Архангайн Өгийнуур суманд сүүлийн жилүүдэд малтлага хийсэн юм билээ. Судалгааныхаа үр дүнд Хүннүчүүд- Монголчуудын өвөг мөн гэдгийг эргэлзээгүй баталсан тухай уншиж байсан. Номын сангийнх нь тухай, судалгааных нь ажлын талаар сонсъё гэж бодлоо.

Сэтгэгдэл хэсэг