НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ДУУ

 

        "Ленинградад “Мир” нэртэй гадаад орны уран зохиолын номын дэлгүүр Невский проспектод байдаг сан. Хичээлээ тараад тийшээ их ордог, орон орны зохиолчдын номыг удтал сонирхон үзэж худалдан авдаг байв. Шүлэг, дууны үг их орчуулна. Сэтгэлд дотно бас нэг зүйл мэдээж цагаан шөнө. Шөнийн 2 цагт цонхны дэргэд суугаад юм бичихэд гэрэл асаах шаардлагагүй л байдаг сан. Ленинградынхаа төв гудамжуудаар цагаан шөнөөр мөн ч их зугаалсан даа. Тийнхүү зугаалахдаа Эрмитажийн ойролцоох ордны гүүр төдийгүй бусад гүүрнүүдийг ч салахыг харна. Шөнө 2-4 хүртэл гүүрнүүд салдаг юм. Цагаан шөнийн хот зугаалах залуусын хөлд дарагдаастай. Гэгээн өдөр аятай л бужигнаж байх."  Хойно өнгөрүүлсэн оюутан ахуйн үеэс одоо сэтгэлд тодхон дурсагдах дурсамжаа хуваалцаач гэхэд Н.Түмэндэлгэр эгч надад ийн хуучилсан юм.  Цгаан шөнийн гэгээнд цонхны тавцан дээр яруу найргийн ном уншиж зогсоо хүн сэтгэлд буулаа. Бидний залуу нас гэгээнд нь ном үзэж болмоор цагаан шөнө шиг гэрэлтэй агаад мөн түүн шиг зуурхан байдаг санж уу. Орос гэмэгц социалист, коммунист хуучин нийгмийг санагалзагч гэж дайрахуйц болсон ч цаг юм нэмээд оросоос орчуулах хүн нүдний гэм тэр хэрээр оросын уран зохиол, орос яруу найраг унших тохиолч тэмээн тоотой болж гэвч арай ч ёроол нь гараад уутаа сэгсэрчээгүй бидний оросын яруу найраг унших  хужирсааг маань тайлагч эрхэм хүмүүсийн нэг Н.Түмэндэлгэр эгч маань билээ. Фэйсбүүктээ ойр ойрхон орчуулж нийтлэдэг оросын яруу найргийн дээжээс бид та бүхэнд хуваалцаж байна.  

Мө.Батбаяр


 Нээлттэй хаалганы тухай дуу


Хачин ууртайгаар бүр улих шахам
Хэрвээ цасан шуурга шуурч байвал
Хаалгаа та хэзээ ч бүү цоожил
Хэнд ч гэсэн тэр онгорхой байг
Хэрвээ алсын бэрх хэцүү замд тань
Хаалга таарсан ч цоожтой гээд төсөөл
Хаалгаа хэзээд онгорхой үлдээ
Харанхуй шөнөөр хэрвээ та явах бол
Хоёрдож огтхон ч тээнэгэлзэлгүйгээр
Нарсны галыг сэтгэлийн галтайгаа
Намхан зуухандаа холиод түлээрэй
Хана дээвэр тань дулаан байг
Хажуу дахь сандал тань зөөлөн байг…
Хаалттай хаалга шиг үнэгүй зүйл үгүй
Хүнд цоож бол сохор зоосны л үнэтэй!


Булат Окуджава
Песенка об открытой двери…

   Эмэгтэй

Хэзээ нэг өдөр би наян тав хүрэхээрээ

Хааяа гэрийн шаахайгаа эрж хайдаг болохоороо

Халуун шөлөндөө талхаа зөөлрүүлж иддэг болохоороо

Хэтэрхий урт урт ороолтыг ханьдаа нэхдэг болохоорор

Хана шүүгээнээс үргэлж дэмнэн түшдэг болохоороо

Хэзээ нэг цагт байсан хачин гоо үзэсгэлэн минь

Хаашаа ч юм бэ гэнэтхэн л хийсээд алга болсон цагт

Хан хөх тэнгэрийг удтал ширтээд зогсдог болоход

Унтах, сэрэх эсвэл үл сэрэх нь огтоос хамаагүй болоход

Энэ л насанд минь тохиосон ховор сайхан бүхнээс

Эрхэм нандин төрхийг чинь хайсаар байж олоод

Энгүй ихээр баярлан сэтгэлдээ зөөлөн инээвхийлнэ.


                          Эрэгтэй

Хэзээ нэг өдөр би наян тав хүрэхээрээ

Бөхийж тонгойх хэцүү байна гэж наанаа би үглэвч

Байнга алга болдог гэрийн шаахайг чинь эрж хайж

Хирэндээ л хичээж байж байн байн нэхэж өгдөг

Хачин хачин ороолтуудыг чинь хэзээний л аваад зүүнэ

Өглөө эрт үүрээр нойрноосоо дөнгөж сэрээд

Өөрийн эрхгүй ойртож амьсгалахыг чинь чагнаад

Сэтгэл минь тайвшран чамайгаа зөөлөн тэврэнэ

Хэзээ нэг өдөр би наян тав хүрэхээрээ

Хатуу ширүүн бүхнээс чамайгаа чанд хамгаална

Зөөлөн буурал шанхыг чинь үе үехэн засаж

Зөөлөн гараас чинь хөтлөн хажуугийн цэцэрлэгт зугаална

Хэзээ нэг өдөр бид наян тав хүрэхэд

Хэн хэнд минь үхэл огтхон ч аймшиггүй болно

 

Когда мне будет восемдесять пять…


***

"Хэзээ хоёулаа дахин уулзах вэ?"

"Хэлж мэдэхгүй байна, үнэндээ"

- Тун завгүй юу?

- Тиймээ...

Ядаж эргэж харах байх гэж горьдсон ч

Яггүй бардам ажээ, тэр бүсгүй

Яруухан мөнгөн сар мэт эмзэг

Ярайсан цонхны гэрэл мэт гэгээлэг ажээ

Сэтгэл зүрхэндээ бол бүр арван ч удаа

Салж ядан эргэж харсан ч юм билүү, хэн мэдлээ

                  

 Расул Гамзатов


***

Ээж

Хүнд юм цээжин дээр хавчин дарж

Хачин их харуусал дотроос минь мэрнэ

Хором өнгөрөх тусам сэтгэл улам өвдөнө

Хэзээ ч энэ шаналал намайг орхихгүй нь бололтой

Ээж

Хамгийн их зовлонт тэр нэгэн шөнө

Хүү чинь таньтайгаа хамт байж чадсангүй

Хав харанхуй, хачин аниргүйд одохынхоо өмнө

Харцаараа намайг хий дэмий хичнээн хайгаа бол

Өвчин зовлонг чинь бага боловч хөнгөлж

Өөрийн эцсийн өрийг ээждээ өгч чадсангүй

Хэтэрхий ядарсан хүйтэн гарыг чинь

Халуун нулимсаараа дулаацуулж чадсангүй

Хоёр сарын цасан шуургатай тэр л өдөр

Хагацах эцсийн замд хүү чинь үдэж чадсангүй

Хайртай таниасаа олон бээрийн чанадад

Хүү чинь тэгэхэд хүний нутагт байлаа

                      Расул Гамзатов

Орчуулсан: Н.Түмэндэлгэр 

Сэтгэгдэл хэсэг