А. МӨНХЗУЛ: САБАХАТТИН АЛИГИЙН ОХИНЫ ДУРСАМЖААС
2020-12-21 А.Мөнхзул 677

“Аавыг нас эцэслэхэд би 11 настай байлаа. Түүний шарилыг Турк, Болгарын хилийн зааг хавиас олсон гэдэг. Цогцос хэдий танигдахын аргагүй болтлоо ялзарч муудсан байсан ч аавынх мөн байсан гэж эрх баригчид мэдэгдсэн юм. Ээж, эмээ хоёрыг минь цогцос таниулах гэж ч дуудаагүй. Энэ эмгэнэлт явдал 1948 онд болсон. Аавыг минь хаана нутаглуулсныг бид одоо хэр нь мэддэггүй. Тиймээс булш ч байхгүй. Түүнийг нэг л өдөр гараад ирэх болов уу гэсэндээ ээж бид хоёр мөн ч олон жил хүлээсэн дээ. Ээж минь 1999 онд өөд болсон”

Энэ бол XX зууны Туркийн хамгийн агуу зохиолчдын нэг Сабахаттин Алигийн төрсөн охин Филиз Алигийн дурсамж. Сабахаттин Али 1907 онд Османы эзэнт гүрэнд төрж, 41-хэн насандаа буюу 1948 онд зүй бусаар хорвоог орхисон билээ. Түүний үхэлтэй холбогдох нууц одоог хүртэл тайлагдаагүй. Сабахаттин Али ядуурал, хавчигдмал байдлаас зугтахаар Болгарын хилийг давах гэж яваад зодуулж амиа алдсан. Цогцос нь олдоогүй бөгөөд охин Филиз Али нь аавыг нь Туркийн цагдаагийн нууц алба хаагчид хөнөөсөн гэж үздэг.  Тэрээр “Албаныхан бидэнд ярихдаа аавын амийг нэг ачааны машины жолооч хөнөөсөн гэсэн.  Сабахаттин Али гэж нэрээ хэлмэгц нь л тэр жолооч аавыг минь үхтэл нь зодсон гэсэн.  Гэхдээ бид  цагдаагийн нууц ажилтан л байсан болов уу гэж таамагладаг. Яг юу болсныг одоог хүртэл мэдэж чадаагүй л байна” хэмээн дурсжээ. Гэмт хэрэгтэн гэгдэх ачааны машины жолооч тухайн үед дөрөвхөн жилийн ял авсан ч нэг жилийг нь өршөөлөөр хаагаад гурван жилийн дараа  шоронгоос суллагдсан байна. Түүний үхлийг Үндэсний аюулгүй байдлын албатай холбосон тохиолдол ч бий. Мөн үндсэрхэг үзэлтэнд буудуулж амиа алдсан гэх яриа ч байдаг юм билээ.

ААВ ХЭДИЙГЭЭР МАШ ХӨГЖИЛТЭЙ ХҮН БАЙСАН Ч НАЛЬХАН ХОРХОЙ ЛУГАА ӨӨРИЙГӨӨ ГАДААД ЕРТӨНЦӨӨС ТУСГААРЛАЧИХ ҮЕҮД Ч БАЙСАН

Эцгийнх нь энэхүү гэнэтийн үхэл охины амьдралыг бүхэлд нь өөрчилж, гайхалтай сайхан хүүхэд насыг нь төгсгөл болгосон байна. Энэ тухайгаа Филиз Али хоёр ч дурсамж бичсэн агаад эхнийх нь 1995 онд Турк хэлнээ хэвлэгдэж байжээ. Энэ бүхэн тэртээ 1948 онд болж өнгөрсөн ч аавыг нь алагдсан гэдгийг дуулгахаар сургууль дээр нь хоёр сурвалжлагч ирсэн өдрийг хэзээ ч мартдаггүй хэмээн охин Филиз Али нь дурссан байдаг.  “Хоёр сэтгүүлч ирээд аав чинь бусдад хорлогдож амиа алдсан гэж хэлснийхээ дараа миний зургийг авчихаад явсан. Тэднээс ямар ч өрөвч зан, сайхан сэтгэл анзаарагдаагүй. Би тэр хоёрт итгэхгүй байсан. Тиймээс аавын Туркээс дүрвэх шийдвэрт аль хэдийнэ санаа зовоод эхэлчихсэн байсан ээждээ энэ тухай хэлээгүй” гэжээ. Гэсэн ч тэр орой нь Анкара дахь гэрт нь нөгөө хоёр сурвалжлагч ирж уг аллагын тухай ээжид нь дуулгажээ.

“Ямар ч цогцос олдоогүй, булш ч байхгүй. Хэдэн сарын дараа хэн нь мэдэгдэхгүй нэг хүний цогцос олдоход л бидэнд мэдэгдсэн. Нэг эмэгтэй сураггүй болсон нөхрийгөө байж магадгүй гэж байсан ч ирж хараагүй гэсэн. Тэр өдрүүдэд ээж минь уй гашуугаасаа болж хэнийг ч хайхрахгүй, намайг ч анзаарах сөхөөгүй болтлоо шаналсан байсан. Ээж бид хоёр хэзээ ч ойр дотно байгаагүй. Тэр ахиж гэрлэхгүй байсаар 1999 онд 85 насандаа хорвоог орхисон. Амьдралынхаа төгсгөл хүртлээ үзэсгэлэнтэй хэвээр байсан даа.

Аав минь маш хошин мэдрэмжтэй бас хүүхдэрхүү нэгэн байсан. Миний одоо мэдэж буй бүхнийг тэр л надад сургасан. Гэхдээ тэр хэзээ ч зааварчилдаггүй байлаа. Хэрхэн загасчлахыг, улс орнуудын төрийн далбааг яаж ялгаж танихыг надад сургасан. Тэр их хөгжилтэй. Амьдралаас авч болох сайн сайхан таашаалуудыг үргэлж эрэлхийлдэг байж билээ. Аав дундаршгүй эрч хүчтэй, миний л мэдэх хамгийн хурдан алхаж, ярьж, бичдэг хүн байлаа.  Унших юм уу бичихийн тулд өөрийгөө бусдаас тусгаарлах шаардлага ч түүнд байгаагүй. Тэр хаана ч хамаагүй, хэзээ ч гэсэн уншиж, бичиж чаддаг байв. Аав хэдийгээр үдэшлэгт үе үе оролцож, хөгжилдөж, элэглэж, инээдмийн дүрүүдийг чадварлагаар дуурайн хошин түүхүүд болон онигоо ярьж, хөгжилтэй дуу дуулдаг байсан ч  яг л нальхан хорхой шиг өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлачих үеүд ч түүнд байсан юм. Гэсэн ч түүний сониуч зан болон мэдлэгээр байнга цангаж байдаг нь жир бус байж дээ. Одоо цоо шинэ үеийнхэн түүнийг дахин нээж байгаад би маш их баярлаж явдаг”

Туркт юу ч өөрчлөгдөөгүй. Хэвлэлийн дарамт шахалт, сэтгүүлчдийг хорьж цагдах үйл одоо ч үргэлжилсээр байна.

ФИЛИЗ АЛИ

Сабахаттин Алигийн амьдралын он жилүүд Туркийн их хямрал, шашны мөргөлдөөний хүнд хэцүү жилүүдэд өнгөрсөн. Тэр хавчигдаж, хэлмэгдэж, эрх чөлөөгөө боолгуулж, хоёр ч удаа торны цаана түгжүүлж байсан. Амьдралынхаа туршид гурван роман, нэг жүжиг, жаран өгүүллэг, дал гаруй шүлэг туурвисан Сабахаттин Алигийн бүтээлүүдээс хамгийн алдартай нь хайр сэтгэлийн сэдэвтэй романтик зохиол болох “Madonna In a Fur Coat” буюу “Арьсан хүрэмтэй Мадонна” роман нь юм. Хагас зууны өмнө бичигдсэн энэхүү зохиолыг тухайн үед нутаг нэгтнүүд нь төдийлөн ойшоож хүлээж аваагүй нь Сабахаттин Али муудаа биш харин тэр үеийн уншигчдын хүлээж авах нөхцөл байдал буюу амьдралыг үзэх үзэлтэй шууд холбоотой. 

Гэтэл 2009 онд туркчууд, тэр дундаа залуучууд гэнэтхэн л “Арьсан хүрэмтэй Мадонна”-г сонирхож уншиж эхэлжээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайр сэтгэлийг орчин үеийн байдлаар харуулсан энэ зохиолыг залуу үеийнхэн хошууран уншицгааж, бэстсэллэрийн тавцангаас гурван жилийн турш буугаагүйгээр барахгүй нутаг нэгт зохиолч болох Нобелийн шагналтан Орхан Памукийг ч ардаа орхисон байдаг. 2016 онд анх удаа англи хэлнээ орчуулагдах хүртэл англи хэлт уншигчид уг зохиолыг огт мэддэггүй байсан гэхэд хилсдэхгүй. Энэ талаар зохиолчийн охин Филиз Али “Хүчирхэг эмэгтэй болон сул дорой эрэгтэйгийн тухай түүхийг тэр үед хэн ч уншихыг хүсээгүй. Хүмүүс үүнийг хүлээж авахыг хүсээгүй. Ялангуяа турк эрчүүд...” гэжээ. 

А.Мөнхзул

 

 

 

 

 

Түр хүлээнэ үү...
Top