ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛ
2020-03-12 А.Мөнхзул 3884

1. Тахал хамгийн олон, хамгийн ядуу зүдүү хар арьстнуудыг өршөөлгүй дайрлаа гэлцсэн ч үнэн хэрэгтээ үхлийн аюул арьс өнгө, гарал үүслийг ялгаварласангүй. Тахал дэгдсэн шигээ гэнэт зогсоход үхэгсдийн тоо, хор хохирлыг хэн ч, хэзээ ч мэдэж чадаагүйн учир нь хэмжээг нь тогтоох боломжгүйдээ биш, ердөө л бидний эрхэм чанаруудын нэг болох тулгарсан гай зовлонгоосоо ичдэг зан байдалтай маань холбоотой ажээ.
2. Хамгийн гүргэр чулуучин, хамгийн зальтай сэргэлэн удирдагч ч амьдралын хар ухаанаар яруу найрагчийг гүйцдэггүй юм хэмээн эцсийн амьсгалаа хүртэл итгэсээр ирсэн эцгийнх нь зөв гэдгийг Флорентино Ариза амьдралаараа өөрөө ч мэдэлгүйгээр батлан харуулсан билээ.
3. Мөн хүн бүр энэ дэлхий дээр хайрын үйлийн тодорхой хүч, нөөцтэй ирдэг, үүнийгээ өөрөөс болон бусдаас хамаарах ямар ч атугай шалтгаанаар, өөрийн хүслээр ч, хүслээр бус ч бай зарцуулахгүй л бол тэр нь үүрд алга болдог хэмээн ойлгуулсны дараа бүсгүй үүнийг амьдралынхаа утга учир болгосон аж.


4. Хильдебранда хайр дурлалын талаар өвөрмөц үзэлтэй нэгэн бөгөөд хэн нэгэн хувь хүнд тохиолдож буй зүйл энэ дэлхийн бүх хайр дурлалд нөлөөлдөг хэмээн бодно.
5. “Энэ хот ихэмсэг, сүр жавхлантай байхаас ч яах вэ дээ. Сөнөөх гэж бид дөрвөн зуун жил оролдсон ч зорилгодоо хүрч чадаагүй байгаа юм чинь” гэжээ.
6. Зүрхний ой санамж гэдэг таагүй дурсамжийг устгаж, сайхан дурсамжийг дэврээн тодруулдгийг мэдэхэд арай л залуу байсан бөгөөд уг нь энэ л чадварын ачаар бид өнгөрсөн үеийн хүнд ачаагаа дааж явдагсан билээ.
7. ...Муу нэртэй байна гэдэг эрүүл мэнд муу байхаас дор зүйл юм даа...
8. “Хайр дурлалын хахир хатуу хаант улсад сул дорой хүмүүс хэзээ ч орж ирдэггүй юм. Эмэгтэйчүүд зоригтой, шийдэмгий эрчүүдэд л өөрсдийгөө тушаадаг, тийм эрчүүд л эмэгтэйчүүдийн тэгж ихээр хүсээд байдаг баталгаа, аюулгүй байдлыг нь хангадаг юм” гэж сануулжээ.


9. Залуу байгаа дээрээ чадах чинээгээрээ л шаналаад ав. Ийм зүйл бүх амьдралын туршид үргэлжлээд байдаггүй юм.
10. ...Хайраас өөр зүйлийн төлөө амиа хорлосоор байгаа нь харамсалтай шүү...
11. Хайр дурлалын шинж тэмдэг нь тахлынхтай яг адилхан байдгийг дахин нэг батлахын тулд эхлээд өөрөөс нь, дараа нь ээжээс нь сонжсон байцаалт авахад л хангалттай байлаа.
12. Уншлага зогсоогүй ч бүсгүй цонхны цаана хүн явж байгааг мэдрэн харцаа өргөв. Энэхүү тохиолдлын харц нь хагас зууны туршид ч бөхөхгүй хайрын давлагааны эхлэл байсан юм.
13. Нэг шөнө, нэгэн түгшүүртэй, эвгүй зүүдний улмаас гэнэт сэрж, үхэл бол үргэлжийн магадлалтай зүйл төдий бус, бүр гарцаагүй бодит байдал гэдгийг ухаарснаас хойш тэр айдас сүүдрийнх нь сүүдэр болж хамт амьдарч ирсэн.
14. Нийгмийн амьдралд хамгийн чухал нь айдсыг давж гарах, гэр бүлийн амьдралд хамгийн чухал нь уйтгарыг давж сурах.
15. Ямар сайндаа л зэвүү нь хүрсэн эмч Урбино хичээл дээрээ, гэрлээд арван жил болсон эмэгтэйчүүдийн сарын тэмдэг долоо хоногт гурван ч удаа үзэгддэг тохиолдол бий хэмээн айлдаж бөглөрсөн сэтгэлээ онгойлгож байх вэ дээ.
16. Шөнө бүр загас наадуулсны дараа гэр бүлийн мөн чанар үгүй болдог. Харин өглөө бүр ширээний ард сууж цайлахаас өмнө амжиж түүнийгээ дахин бүтээн босгох хэрэгтэй.
17. Он жилийн уртад хоёул өөр маягаар хамт амьдрах боломжгүй, нэг нэгнээ өөрөөр хайрлах бүр ч боломжгүй, энэ дэлхий дээр хайр шиг хэцүү зүйл байхгүй гэсэн мэргэн дүгнэлтэд өөр өөрийн замаар явж хүрсэн байлаа.
18. Угаасаа л хардалт гэдэг швед шүдэнз шиг хайрцгаасаа л шатдаг эд бололтой.
19. Учир нь эмэгтэйчүүд тулаад ирэхэд яг л адилхан заль мэх, адилхан гэнэтийн дур хүсэл, адилхан харуусал ичгүүргүй урвалт зэрэг нууц адал явдлаараа эрчүүдтэй адилхан байдгийг Флорентино Ариза мэднэ.
20. Нөхрийнх нь царай хувирсан ч үгүй, зөвхөн түүнд л байдаг өвөрмөц хөдөлгөөнөөр нүднийхээ шилийг авч, усан бүрхүүлтэй хүүхдэрхүү нүдээрээ эхнэрээ ширтэн байж “Сайн гэр бүлд аз жаргал биш, тогтвортой байдал хамгийн чухал гэдгийг үргэлж санаж яв” хэмээн ганцхан өгүүлбэрээр тэвчмээргүй, мэргэн ухааныхаа жинг түүн дээр буулгаж билээ.
21. ...Би тэр олон оршуулга дээр дуулчихаад өөрийнх дээрээ дуулж чадахгүй явж байгаа нь миний амьдралын цорын ганц бүтэлгүйтэл юм...
22. ...Хайртай хүмүүсээ орхиод одож байгаа хүн өөрийн гэсэн бүх юмтайгаа энэ хорвоогоос явмаар юм...

Түр хүлээнэ үү...
Top