Д.ТӨМӨР-ОЧИР: ФРАНЦ КАФКА "ХУВИРАЛ"
2020-03-30 Д.Төмөр-Очир 1481

Этгээд содон зохиолч Кафкагүйгээр өрнийн шинэ үеийн утга зохиолыг ярих боломжгүй ч юм шиг санагддаг. Хүний оршихуйн асуудлыг хөндсөн гүн ухааны эргэцүүлэл бүхий бүтээлүүдээрээ утга зохиолд цоо шинэ ертөнцийг нээсэн аугаа суутан Достоевскийн зам мөрөөр олон зохиолч тодрон гарч ирсэний нэг том төлөөлөл, бэлэг тэмдэг нь яахын аргагүй Чехийн еврей Кафка билээ.

Амьд ахуйдаа алдаршиж чадаагүй, уран бүтээл нь үнэлэгдээгүй ядуу гуцуухан амьдарч сэтгэл санааны гүн хямрал дунд суут бүтээлээ туурвисан Голландын зураач Ван Гог,зохиолч Кафка хоёрын амьдрал төстэй юм шиг. Кафкагийн "Хувирал" тууж учир битүүлэг, нэг л хачин мэдрэмжид автуулсан ер бусын ч гэж хэлж болохоор зохиол билээ. Грегор Замза нэг өглөө сэрэхдээ ямар нэгэн шавьж болон хувирсан тухай сонирхолтой бөгөөд этгээд өгүүлэмжээр уг зохиол эхлэж, энэ л ганцхан өгүүлбэрт бүх үйл явдал өрнөл, тайлал нь багтаж байгаа гэж бодохоор бүр ч хачирхамаар шүү! Гэр бүлийнхэн нь энэ хачин явдалд маш их цочирдож, сэтгэл санааны хүнд байдалд орж ямар нэг аргаар салж хагацахын түүс болох авч яах ч учраа эс олон хий дэмий л бухимдах нь тун ч өрөвдөлтэй. Хачин муухай төрхөөс нь болж аав ээж хоёр нь өрөөнд нь орж зүрхлэхгүй ,яаж харилцах арга эвээ олохгүй байгаа бол төрсөн эгч Грета нь хоол дөхүүлж өгч, өрөөгий нь цэвэрлэн хүнлэг сэтгэлээр харилцах тул хөөрхий шавьж болсон Грегор айлгаж ичээхгүйн тулд тувт орон доогуураа нуугдан гарч явахы нь хүлээдэг зовлонтой байдалд орсон боловч дотоод сэтгэл нь хүн хэвээрээ л байлаа. Тэр бүү хэл гэр бүлээ тэжээж тэтгэдэг ганц хүн нь байсан тул түүнд шавьж болон хувирсан нь биш цаашид гэр бүл нь хэрхэн аж төрөх нь хэцүү санагдаж тувт энэ талаар эргэцүүлсээр байгаа нь гайхал төрүүлнэ. Тэр шавьж боллоо гээд сэтгэл санаагаар унасангүй, харин өөрөөс нь болж зовж зүдэрч байгаа гэр бүлээ туйлын их өрөвдөж энэ байдлаас гарах арга зам бий эсэхийг шүүн тунгаасаар байгаа нь уншигч хүнд өөрийн эрхгүй өрөвдөх, өмнөөс нь харамсах мэдрэмжийг тувт төрүүлсээр нэг л "хачин" болгодог сонин зохиол шүү!

Тэр эргээд хүн болох ямар ч найдвар байхгүй гэдэгтэй эвлэрсэн тул түүнд одоо ганцхан зам үлджээ.Тэр нь үхэл гэдэг нь зайлшгүй боловч яаж ямар аргаар зүйл дуусах вэ гэдгээ бодож олох нь тун түвэгтэй байсан ч тэр нэг зам сонгож авчээ.Үхсэний дараа бараг л хальс болон үлдсэнийг бодоход үнэхээр хүнд хэцүү зовлон эдэлжээ гэдэг нь ойлгомжтой харагдана. Харин гэр бүлийнхэн нь түүний үхсэнийг сонсоод баяраа тэмдэглэхээр гадагшаа гарч байгаагаар зохиол өндөрлөх нь том асуултын тэмдэг бидэнд үлдээгээд, хачин эргэцүүлэл дунд орхичихоод яваад өглөө цаад Кафка чинь!? Яагаад гээч, хэн ч харсан үзэн ядмаар муухай шавьж болсон ч хүнлэг сэтгэл, мөс чанараараа хүний оронцог болсон муухай амьтадыг яллаж байгаа юм. Тэр гэр бүлдээ санаа зовнисоор, тэднийхээ төлөө өөрийгөө егүүтгэж байгаа бол, цаадуул нь харин өөрөөс нь хагацахын бөөн түүс болж байгаагаараа яг эсрэгцэж байгаа юм. Ингэхэд бид чинь яг жинхэнээсээ хүн үү, хүний баг зүүсэн муусайн шавьжнууд юм уу? Ийм л хүнд хэцүү сорилыг бидэнд, хүмүүст, хүн төрөлхтөнд тавьж байгаагаараа Кафка нэг муу шавьжаар л мад тавьж гайхамшигийг бүтээчихэж байгаа юм даа.Хүний оршихуйн асуудал, ганцаардал, нийгэм хэмээх торонд хоригдсон хүмүүний хөөрхийлөлтэй хувь заяаг ингэж хачин этгээд байдлаар хөндөж байгаа Кафкаг оросын суутан Достоевскийгээс хойш гарч ирсэн утга зохиолын нэг гоц содон үзэгдэл гэж нэрлэхээс өөрөөр яахав дээ. Амьд ахуйдаа хэвлүүлээгүй зохиолуудынхаа гар бичмэлийг шатаахыг найздаа гэрээслэн үлдээсэн Кафка өөрөө тун хачин хүн юм даа. Үгүй ээ ер нь этгээд хачин байна гэдэг нь өвөрмөц сэтгэлгээтнүүдийн нэг нийтлэг араншин байх бөгөөд тийм л байж хэний ч санаанд оромгүй бодож төсөөлж ч чадахгүй тийм л онцгой бүтээлүүдээ туурвидаг байх даа.

Д.Төмөр-Очир

Түр хүлээнэ үү...
Top