Гоголийн СҮНСТЭЙ ХӨРӨГ (Гоголийн "Хөрөг зураг" туужийн тэмдэглэл)
2018-12-05 Д.Төмөр-Очир 807

Авьяаслаг залуу зураач Чартков Достоевскийн "Гэм зэм" романы баатар Раськолниковтай ер нь төстэй. Харанхуй, хүйтэн, бохир заваан хөлсний умгар өрөөнд амьдарна. Байрны хөлсөө төлж чадахгүйн улмаас хөөгдөх дээрээ тулсан. Улаан мөнгөгүй, орлогогүй, халаас хоосон, ходоод хоосон түүнд харин зураачийн авьяас билиг, аугаа бүтээл туурвих хүсэл мөрөөдөл бий. Умгар өрөөндөө ирээдүйн суут зураач маань урлагийн эрхэм дээд бүтээл туурвихаар уйгагүй шамдан бийр будаг нийлүүлж, билиг оюунаа хөвчлөн дайчлах боловч гачигдахын зовлон түүнийг ээрэх аж. Боломж бололцоо нь хаагдмал, бүтээл туурвих арга мухардсан түүнд Раскольников шиг мөнгө хүүлэгч эмгэнийг тонох бодол төрөөгүй ч мөнгө хүүлэгч өвгөний ер бусын хөрөг зургийг тун ч санамсаргүй олж авчээ. Чухам эндээс л бүх юм орвонгоороо эргэнэ. "Гоголийн ертөнцөд бидний мэддэг математик ч , байгалийн хөдөлшгүй гэгддэг хуулиуд ч, ний нуугүй хэлэхэд , огт хүчингүй билээ" гэж зохиолч Набоков хэлсэн нь юутай үнэн.

Авьяас бол бурхнаас хайрласан дээд зэргийн бэлэг мөн. Урлан бүтээхийн дотоод нууцад нэвтэрсэн сэтгэл нь цэвэр тунгалаг хүн урлагийн жинхэнэ эрхэм дээд бүтээлийг туурвиж чадна. Урлагийг арилжааны сэтгэлгээ, алдар хүндийн төлөө бүтээх аваас урлаг болхи бүдүүлэг бор бааздуухан хуулбар болж хувирна. Урлагийг жинхэнэ урлаг болгогч тэр дотоод амин сүнс нь үгүй бол гадаад үзэмжээр хүний нүд хуурсан хиймэл гоёлоос ялгаагүй. Урлаг гэж юу вэ, түүний үнэ цэн, дотоод мөн чанар ямар байх ёстойг мэдрүүлсэн урлагийн шүүмж маягийн зохиол юм.

"Пушкины хүүрнэл зохиол гурван хэмжээстэй, харин Гоголийнх дор хаяж дөрвөн хэмжээстэй. Эвклидийг бут ниргэж, хожим нь Эйнштэйний боловсруулсан олон онолыг зуун жилийн өмнө нээсэн орчин цагийнн математикч Лобачаевскийтэй л түүнийг харьцуулж болно" гэж Гоголийг шүтэн биширсэн хүн нь Оросын нэрт зохиолч, утга зохиол судлаач Набоков гэхээр хэн эргэлзэх билээ.

Зураач Чартковын санамсаргүй худалдаж авсан нөгөөх ази өвгөний зураг түүнийг гэнэт баяжуулжээ. Хөрөнгө мөнгөөр гачигдах дутагдах юмгүй болсон ч жинхэнэ урлаг бүтээх зорилгоо хөсөр хаяж гарын үзүүрээр халтуур хийж амархан баяжих, нэр алдарт хүрэх гэсэн ад зэтгэрийн санаанд хүлэгдэн "бурхны бэлэг" онгод авьяасаа зэврүүлснээ хожим ухаарна. Эд баялагийн шунал түүний нүдийг сохлов уу, аль эсвэл хүрээ жаазнаасаа гарч өрөөн дотуур хэсдэг мөнгө хүүлэгчийн сүнс хорлов уу гэдгийг уншигч тунгаах болно. Мөнгө хүүлэгчийн сүнс зураачийг зөв замаас нь гаргаж, буруу тийш хөтлөн атаа жөтөөний тарчлалд унаган, эцсийн эцэст эд баялаг алдар нэрийн оргилд хүрэвч жинхэнэ урлаг бүтээх зорилгодоо хүрч чадаагүй, хүрэх ч боломжгүй мохож зэвэрсэн гэдгээ ойлгосон учраас зураач галзуурч байна.

Авьяас заль хоёр нэг дор багтдаггүй гэж хэн хэллээ дээ. Мөхөс авьяас эрхэм дээд урлагт болхи бааз шинжийг л авчирна. Мөхөс авьяастнууд заль мэхээр үзэгч уншигчийг хуурч өөрийн тойрон хүрээлэл бий болгох бөгөөд чухам тэр хүрээлэл дотроо бусдаар магтуулж "гахайн жаргал тохой"-доо гэгчээр өөрийгөө жинхэнэ авьяастан мэтээр эндүүрч хуурмаг алдар хүндийн эзэн болдог аж. Нэг зүйлийг олон дахин уйгагүй давтан үйлдэх аваас тэр нь дадал чадвар болж зураг зурах, зохиол бичих нь авьяасаар үйлдэгдэж байгаа мэт бусдад харагдана, ойлгогдоно. Гэтэл тэр нь жинхэнэ урлагаас хахь ондоо юмаа гэдгийг жир үзэгч уншигч төдийлөн ялгаж салгаж чадахгүй.

Мөнгө хүүлэгч өвгөн амьд ахуйдаа олон хүний амьдралд гай зовлон болсон шигээ үхсэн хойноо ч амар заяа үзүүлсэнгүй. Түүний үхэхийнхээ өмнө зуруулсан хөрөг зураачдын гар дамжихдаа очсон эзнийхээ уран бүтээлд хар шидийн хүч нь шингэж, хараал жатга хүрсэн мэт амьдралы нь орвонгоор нь эргүүлдэг ажээ. Магадгүй уран бүтээлчийг урлагийн төлөө зүтгэж чадах эсэхий нь сорьдог сорил ч юм билүү. Алдар нэр, эд баялагт шунах аваас жинхэнэ авьяас мөхдөг юм шүү гэдгийг сануулах мэт.

"Хөрөг зураг" нэртэй уг зохиол зураач Чартковын амьдрал, мөнгө хүүлэгч өвгөний хөргийг зурсан зураачий хүү зураач залуугийн хүүрнэл гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үр хүүхэдгүй мөнгө хүүлэгч уран зурагт мөнхрөн үлдэх хүсэл нь биелэсэн ч хар шидийн хүчээр уран бүтээлчид нөлөөлдөг тэр ер бусын онцгой шидээн чанар нь одоо ч ямар нэгэн уран бүтээлчийг жинхэнэ замаас нь гаргаж мөхөөж байгаа гэдэг нь эргэлзээгүй. Учир нь зураачийн хүү аавынхаа хүсэлтээр уг хөргийг олж устгахаар эрж хайж явсаар дуудлага худалдаан дээр таарч авахын даваан дээр зураг гэнэт хулгайд алдагддаг билээ. Энэ хөрөг бол жинхэнэ урлагийг хөнөөгч, авьяастныг мөхөөгч тэр хүчин зүйлийн бэлгэдэл юм.

Уран бүтээлч хүн төрмөл авьяастай, дотоод сэтгэл нь цэвэр тунгалаг байж урлагийн далд нууцад нэвтэрч чадах аваас жинхэнэ урлагийг бүтээж чадна гэдгийг энэ зохиол харууллаа. "Түүний ерөнцөд хоёр хоёрын тав байх боломжтой бөгөөд таваас квадрат язгуур ч зүй ёсных мэт л гарчихна" гэж хэлсэн нь учиртай. Гоголийн зохиолууд гүндээ бол яг л квант физик шиг хаос шинжтэй. Логик үйлчлэхгүй, байгалийн хууль хүчингүй болдог бөөмсийн ертөнц шиг түүний зохиолууд уран сэтгэмжийн гайхамшиг билээ.Авьяасгүй хүн атаач жөтөөч байдаг, алдар хүндэд шунасан хүн хуурамч баг зүүдэг, эд баялаг шүтсэн хүний сэтгэл сохордог гэдгийг зураач залуугийн амьдралаар сайхан харуулж өглөө Гоголь минь.



Түр хүлээнэ үү...
Top