В.Набоков: ЛО.ЛИ.ТА.
2018-05-29 Д.Төмөр-Очир 3878

Хуял тачаал, тэчьяадсан сэтгэлдээ шаналсан солиотой эрийн монологоор бүхэл бүтэн роман туурвина, тэр нь ямар нэг сонирхол татах үйл явдалгүй өсвөр насны дагавар охинтойгоо буудал хэсэн заваарсан тухайгаа зөвтгөж байгаа өчил маягийн юмыг тэвчээр заан уншина гэдэг байж боломгүй мэт санагдана.

Зохиолч хуял тачаалдаа мансуурсан Гумберт, өсвөр насны охин Лолито хоёрын дүрээр сэтгэлзүйн өргөн цар хүрээтэй анализ хийж байна. Хүүрнэн өгүүлэх, дүрслэн бичих, сэтгэлийн улангаслалыг илэрхийлэн гаргахдаа бичих ур чадварын хичээл зааж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Мэргэжлийн боксчны угсраа олон цохилт ээлж дараалан ирэх мэт элэг бөөр доргиж, толгой тархи мансуурна. Сэхээтэн, утга зохиол судлаач, боловсон төрхтэй тохь тухтай эрийн дотор сэтгэлд ямар ад тачаал нуугдаж байгааг хайр найргүй дэлгэн харуулжээ. Гумберт өсвөр насандаа Аннабелла гэх охинд ухаангүй дурлаж, оргилон байгаа сексийн дур хүслээ хангаж чадаагүйн улмаас сэтгэлд нь шарх болж үлдсэн дурсамж, хор болон хувилсан сэрэл мэдрэмж нь түүнийг дотроос нь байнга мэрж, хэзээ мөдгүй дэлбэрэх гэж байгаа галт уул мэт дотроо уур савсуулан буцалж байсан ажээ.

Гумберт авьяас билиг, арга ухаанаа дур булаам уринбайг эзэмдэх, хэний ч санаанд оромгүй аргаар өөрийн болгох зорилгод ашиглаж, тэр дарагдсан хуял тачаалаа суллаж, яс янгинам цэнгэлийн манлайд хүргэх таашаал эдлэхийн тулд ёс суртахуун, моралийг хөсөр хаяж хориотой хил хязгаарыг давсан байна. Гэхдээ тэр өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна. Түүний зөвтгөлүүд тогтсон хорио цээрийг зөрчихөөс өөр аргагүй сэтгэлзүйн болон нийгмийн шалтгаан байсан гэж үзсэнд оршино.

Лолита бол гологдмол охин учраас тэрээр өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхийн тулд, дорд үзэгдсэн шаналангаа тайлахын төлөө ариун нандин байх ёстой тэр зүйлүүдээ гээж байна. Өөрийн эрх чөлөө зоргоор байх гэсэн өсвөр насны охиноо ээж нь ойлгоогүйн улмаас зөрчил үүсч, дотоод сэтгэлий нь ойлгож ярилцахын оронд зүгээр л зөнгөөр нь хаясан учраас тэр буруу үйлдлээ зөвтгөх шалтаг олсон нь тэр юм. Охиныхоо хүсэл мөрөөдөл, тэмүүллийг зөв талаас нь дэмжиж ухааруулж ойлгуулсан бол ийм эмгэнэлтэй явдал гарахгүй байсан биз. Өсвөр насны охины барьцгүй, тогтворгүй сэтгэлзүйг гайхалтай нарийн дүрслэн үзүүлсэн гэхэд болно.

Аль хэдийн том хүний амьдралд шилжиж, хойд эцэгтэйгээ байнгын сексийн харьцаанд орсон охиныг найз нөхөд, сургуулийн орчин, багш нар нь огтхон ч хар сэжиггүй, гадарлахгүй байгаа төдийгүй түүний зан авир ааш аягаас бэлгийн бойжилтын талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй байна гэсэн дүгнэлт хийж байгаа нь хачирхам хэрэг. Эмзэг турьхан цэцгийн дэлбээг хайр найргүй гишгэчих ад тачаалын дон туссан Гумбертийн хар сэр аймшигтай хэцүү. Энэ зохиолыг гурван удаа уншсан гэх нэгэн зохиолч бүсгүй "Хайр ийм байх ёстой" гэсэн дүгнэлт хийснийг уншаад мэл гайхсан юм. Энэ чинь зүгээр л солиорол, сэтгэцийн эмгэг шүү дээ яаж ч бодсон. Ийм мэргэжлийн ангууч нар хаа сайгүй дэлгүүр, кино театр, номын сан, голын эрэг, автобусан дотор таарна. Хайр гэдэг ийм аймшигтай улангасал, дур тачаал, хар сэр дээр тогтох юм бол Вампирт цусаа соруулах хохирогчоос ялгаа юу байх вэ. Зохиолын үйл явдалд биш үр дүнд нь дүгнэлт хийх учиртай юмаа. Тэгж байж зохиолчийн хэлэх гэсэн санааг бага ч болов гадарлах байх. Гумбертийн тэчьяадал, улангаслал, солиотой хөөрүү өчлийг уншигчийнхаа хараа салгахгүй шазруун нэхэлтэй цуг нэг бүхэл болгож чадаж байгаа нь зохиолчийн ур чадвар юм. Тиймээс тэвчээр заалгүй шунамхайран уншиж дуусгалаа.

Түр хүлээнэ үү...
Top