Франц Кафка: "ХУВИРАЛ" тэргүүт тууж өгүүллэгүүд
2018-05-01 Д.Төмөр-Очир 952

 Кафкагийн "Шүүх ажиллагаа", "Хувирал" зохиолуудын тухай өмнө нь бичиж байсан болохоор энэ номонд орсон зарим нэг өгүүллэгийн талаар бичих нь зүйтэй байх. Өрнийн утга зохиолын сэтгэлгээг Кафкагүйгээр төсөөлөх аргагүй учир түүний модерн гоо зүйг амталж үзэх зайлшгүй хэрэгтэй шүү.

"Мацагчин" өгүүллэгт хүний дотоод мөн чанар, далд араншинг тун ч хоржоонтой егөөдсөн байна. Мацаг барих зорилго нь биш, өөрийгөө хамгийн мундаг мацагчин гэж цоллуулах хүсэлд автсан хөөрхий тэр хүний амь хайргүй тэмцэл. Бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн, тэр нь амьдралынх нь утга учир болсон үр дүнгүй тэмцэл нь ялагдал болон хувирч байна. Хэн ч тоохгүй байх нь мацаг барих хүнд хүчир зовлонгоос ч хэцүү там байх аж. Өөрийгөө зовоон байж бусдаас илүү гэдгээ мэдрэх, таашаал авах нь хүний далд араншинд нуугдаж байдаг байх нь ээ.

"Цээрлүүлэх колони" -д олон далд бэлгэдэл байж болох ч хамгийн гол нь өршөөлгүй цаг хугацааны машин. Хүн хэчнээн аймшигтай юм бодож олсон ч, хэчнээн мундаг дарангуйлагч боллоо ч бүхнийг үнсэн товрог болгох цаг хугацааны өмнө бол өчүүхэн өт хорхой л гэсэн. Түүний гэрч нь цээрлүүлэх төхөөрөмж болон цаазын ялыг ажиглахаар ирсэн Аянчин юм. Сүргийг айлган сүрдүүлэх ямар ч мундаг механизм, цээрлүүлэх систем бий болголоо ч цаг хугацааны эцэс төгсгөлгүй өршөөл энэрэлгүй хүчит урсгалд цохигдон бутрах сүйрэх бөлгөө. Кафка дарангуйлагч нийгэм түүний хувь тавиланг зөнч оюундаа тольдон харж байсан биз ээ. Яг л хар дарсан зүүд мэт өгүүлэмж.

"Шүүлт" бол өгүүллэг бол Кафкагийн наманчлал юм. Эцэгтэйгээ таарамжгүй харьцаатай байсан Кафка хэчнээн буруугүй байсан ч өөрийг нь ойлгохыг хүсэхгүй, хардаж сэрдэн, сүйт бүсгүйтэйгээ гэрлэхэд нь саад болж байгаа аавынхаа учир утгагүй дарамтыг сөрөхийн тулд зүгээр л усанд үйж байна. Ахуйн дарамтнаас чөлөөлөгдсөн цагт сая уран бүтээлийн эрх чөлөөг эдэлнэ гэсэн Кафкагийн далд бодол тусгалаа олсон байх.

Польшийн Еврей И.Б.Зингэрийн "Кафкагийн найз" гэсэн галзуу гоё өгүүллэгийг уншаад ёстой л бишрэх сэтгэл төрлөө. Этгээд амьдралтай, этгээд араншинтай Жэк Конн гэх өвгөн амьдралыг шатрын хөлөг дээрх өрөгтэй зүйрлэж байгаа нь тун ч сонирхолтой. Хүний амьдрал гэдэг тоглоом. Ялах ялагдах нь хамаагүй бууж өгөхгүй тэмцэх нь л чухал. Хувь тавилан гэгч санаанд оромгүй нүүдэл хийж, үргэлж мад тавихыг хүснэ. Хүүгээ сул өгч бодийг чинь түүж идсээр мухардуулахыг оролдоно. Тиймээс хялбар олз, хялбар амьдралд хуурталгүй зоримог нүүдэл хийж ана мана үзэх ёстой юм байна.

Кафкагийн далд нууцлаг зан араншинг найз нь тун ч сонирхолтой хүүрнээд өглөө. Жэк Конн өвгөн хөгжилтэй л хүн юм. Кафкагийн бичлэгийн хэв маягийг орчин үеийн арга барилаар сэлгэж байгаа Мүракамигийн "Дурласан Замза" гэж нэн сонирхолтой өгүүллэг байна. "Хувирал"-ын үйл явдлыг тонгоруулах маягаар бичсэн юм байна. Гэнэт нэг өглөө орондоо Замза нэртэй хүн болон хувирсан шавьжны тухай. Хүн төрхөд хувилсан шавьж маань эхэндээ дасаж өгөхгүй тун их зовж байна. Хүн байхаас загас юм уу, наранцэцэг байх нь хамаагүй дээр байжээ гэж бодно. Гэрийнх нь хүн болон хувирсан Замзагаас дүрвэн оджээ. Хаалганы цоож засахаар нэг бөгтөр бүсгүй ирсэн нь цох хорхойноос хүний дүрд хувилсан болов уу гэмээр. Замзагийн хуял тачаал хөдөлж, сэтгэл нь догдолж байна. Хүн байхын давуу тал нь энэ. Ертөнц сүйрч, ердийн шавьжнууд хүний дүрд хувилж хүний орон зайг эзлээд эхэлжээ гэсэн ёрын бодол төрнө. Юм ээлжтэй бол тэр цаг нь болсон байх гэж бодно. Цаг хугацааны эргүүлэг юм уу, бүү мэд! Нэрт зохиолч, утга зохиолч шинжээч В.Набоковын "Хувирал" зохиолын тухай дэлгэрэнгүй судалгаа, шинжилгээ, анализ багтсан байна. Нэг дороос Кафкагийн тухай олон зүйлийг уншиж мэднэ гэдэг тун ч сонирхолтой шүү. Орчуулга тун ч яруухан юмаа. Набоковийн "Хувирал"- ийн тухай лекц, "Хувирал" зохиолыг өөр орчуулгаар уншиж байсан. "Махчилсан орчуулга зохиолчийн сэтгэлийн урыг тонилгочихдог" гэсэн үг бий. Үгийг оновчтой сонгож утга санааг нь тодорхой сайхан болгож, найруулга сайтай хөрвүүлэх нь уран зохиолын орчуулгын нэг онцлог гэж би боддог. Яг энэ мэдрэмж, чадварыг орчуулагч Ж.Тэгшзаяа харуулж чадлаа гэж үзэж байна.

Түр хүлээнэ үү...
Top