Доржзовдын Энхболд “Паанан”
2018-08-24 Э.Түмэнжин 941

Би энэ туужийн өмнө Японы зохиолч Х.Мүракамигийн “Эрэг дээрх Кафка” гэж роман уншаад үнэн утгагүйралд автагдсан юм. Би түүний хоёр романыг нь уншиж дуусгаад байгаа ч гэсэн нэг л хачин мэдрэмжтэй хоцорчихоод байгаа билээ. Япон уран зохиолын нийтлэг байдал нь уйтгар гуниг, ганцаардал зовлонгийн тухай өгүүлдэг юм шиг санагдсан. Ер нь ч Япон хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс биш юм шиг санагдаад байдаг юм. Тийм болохоор Монголынхоо зохиолчийн номыг олж уншъя гээд бодсон чинь “Эрэг дээрх Кафка”-н өмнө уншсан “Казиног номхтгосон түүх” ном санаанд орж, яахын аргагүй таалагдсан учраас зохиолч Д.Энхболдын өөр нэгэн ном болох “Паанан”-г олоод уншчхав.

Энэ номын нэр нь нээх хачин санагдаад байсан юм. Бүтэлгүй тэнэгдүү хөдөөний хүний нэр ч юм шиг. Гэтэл туужийг уншаад нилээд хэдэн хуудас өнгөртөл ердөөсөө “Паанан” гэж нэр дурдагдахгүй нэг хөөрхөн охины хайр дурлалын тухай гараад байсан юм. Чааваас өнчин юм байна. Дуралсан залуу нь ч бас өнчин юм байна. Гэхдээ яахав Цэрмаа охины ах эгч, Цэвэг хархүүгийн нутаг усныхан туслаж дэмжээд тухайн цаг үедээ л дажгүй айл болцгоон үлгэр жишээ хайр дурлал өрнүүлэн сайхан амьдарна. Тэр хоёрын дурлал дундуур нэг муу хээрээс олсон хар гөлөг хальт хальт дурдагдаад байх ч нээх их үүрэггүй л яваад байлаа. Цэрмаа хүүхэн харин шал тэнэгтдэг байгаа. Энэ хүртэл бол онц сонирхолтой зүйлгүй байдаг л нэг уран зохиолын өгүүлэмжүүд гүйгээд байснаа сайхан залуу нөхрөө нэг муу жолооч хөгшин юмаар солиод хотын төвийн дөчин мянгатын амьдралруу арилаад өгнө. Ингээд л жинхэнэ онц сонирхолтой хэсэг эхлээд нүд номноос салахгүй гүйж өгсөн дөө. Нөгөө муу хөөрхий эхнэрээ хотын хөгшин хар юманд алдчихсан Цэвэг чинь хот хөдөөгүй ууна, гэр малаа зараад ууна. Орчлон ертөнц тэрэнд ямар ч утгагүй болоод ёстой нөгөө хог дээр үсрэнэ дээ. Харин энэ үеэр залуу хосын жингэр нохой “Паанан” эздийн анхаарал халамжгүйгээс ёстой нэг балардаг. Тэгэж яваад чонотой нөхцсөн нохой болчихдог. Согтуу Цэвэг зодоод явуулчихсан болохоор хүмүүст өс санаад тэр хавийн айлуудын малыг чонон сүргийн хоол болгочихно. За нэг иймэрхүү л үйл явдал болж байтал тууж дуусахдаа “Паанан”-г нэлээд хөөцөлдсөний эцэст анчид алж орхино.

Яаая, энэ тууж ч гэсэн бас л адилхан надад таалагдсан. Ер нь энэ зохиолчийн хоёр зохиолыг уншчихлаа хоёулаа л таалагдсан. Зохиолууд нь ер нь одооны хэллэгээр бол тасархай юм аа. Туужийн сүүлийн 30 нүүрийг унших явцад дагзнаас ахар сүүл хүртэл зогсолтгүй цахилгаан гүйдэл гүйж эрвэгнэж байсан юм. Ер нь миний хувьд сэтгэлд хүрсэн зохиолын төгсгөлийн хэсэгт дандаа ингэдэг юм.

Түр хүлээнэ үү...
Top