Д.Энхболд: Казиног номхотгосон түүх
2018-06-11 Э.Түмэнжин 1012

Наашаа суу, энийг унш.

Зовлон хүнийг зохиолч болгодог. Энгийн биш, жирийн биш, адармаатай амьдрал үзнэ гэдэг бол бурхнаас заяасан хувь тавилан.

Хэрвээ та идэвхитэй ном уншигч биш бол энэ номноос уншиж эхлэх нь маш зүйтэй гэж хэлмээр байна. Ямар ч зиндааны уншигчийг хөтөлж аваад номонд дуртай болгох сонирхолтой ном шүү.

Номыг уншаагүй хүмүүст зориулж багахан тайлал өргөе. Номын нэр шиг үнэхээр энэ ном бол Казиногын тухай. Нэгэн Монгол залуугийн тухай түүх бөгөөд тэрээр АНУ-д 40 нас шүргэж явахдаа шуналтайгаа тэмцэлдэнэ. Үүнтэй нь зэрэгцээд түүний амьдрал, гэр бүл, мөнгө мөн л түүн дээр очиж бас буцна. Казиногын нэгээхэн нууцыг задалсан тайлал бүхий ном шиг санагдсан. Хэрхэн Казинод оновчтой шийдвэр гаргах вэ? гэх асуултыг уншигчаас олон дахин асуудаг нь бүр тэвдүүлж орхисон шүү. Бас хүнийг бүх талаар нь хүмүүжүүлж амьдралд хаттай болгодог байхнээ гэсэн ойлголтыг яах аргагүй авсан даа. Зарим эндүү уншигчийн бодож байгаа шиг Казиног хөхиүлэн дэмжсэн зохиол огтхон ч биш л дээ. Ердөө л амьдрал бол Казино гэж тайлбарлаж байгаа юм энэ зохиолч нь. Тийнхүү Казиног номхотгож байх үедээ баруун, зүүн гар шигээ итгэлтэй хоёр андтайгаа учирна. Тэгээд жинхэнэ эрчүүдийн нөхөрлөл гэж юу байдгийг мөн үзүүлж өгнө дөө. Номыг тэр чигт нь илэрхийлэх хоёр мөртийг би Rokit Bay-ын дуунаас олж сонссон юм. “Нэг насаар энгийн байснаас, Нэг өдөр хаан байсан нь дээр”

Мөн энэ романыг унших явцдаа “Монголын нууц товчоо”-г сонсдог номоор сонсож байсан минь нөлөөлжээ. Чингис хааны аливаа тулалдааны өмнөх зүүд, зөн совин нь үнэн байдаг шиг романы гол дүрийн зүүд тухай бүрийд хожих эс хожихыг нь мөн зааж өгдөг. Энэ номыг унших явцад уншигч миний бие хэд хэдэн удаа транс (ховс) байдалд орж байлаа. Тийм л гайхалтай, сорозон мэт намайг татсаныг нуух юун.

Мөн нэгэн шөнө уншиж байгаад унтсанаас болоод надад инээдтэй зүүд ирсэн юм. Би Япон улсын Токио хотын Пачинкод (Мөрийтэй тоглоомын газар) тоглож байх бөгөөд асар их хэмжээний мөнгө хожчихлоо. Тэндээс гараад маш үнэтэй Мерсэдэс Бэнз машин авч унаад замаараа Хакухо аваргыг суулгаад Асашору аварга нартайгаа хотын төвд өндөр зэрэглэлийн байр худалдаж аваад дотор нь найрлаж сууна. Би аваргуудыг хажуудаа суулгачихсан инээгээд л, мөр далан дээр нь цохиж аваад л, цаанаа нэг маягтай, улаан халзан зээрд болсон маягтайдагаа. Хоёр аварга маань харин намайг их л хүндэтгэн харилцаж байх шиг. “Түмээ баян” наашаа суу, идээ ид, айраг сархад зоогло...

Түр хүлээнэ үү...
Top