Дарма БАТБАЯР: Цахилж яваа гөрөөс
2018-06-11 Э.Түмэнжин 784

Юутай ч энэ бүтээл “Төрийн шагнал” хүртэхэд нь зохиолчдоо их хувь нэмэр оруулсныг нь дурдах зүйтэй байх.

Д.Батбаяр нь 1998 онд “Төрийн шагнал” –ыг “Цахилж яваа гөрөөс” туужаар хүртсэнийг мөхөс би саяхан олж мэдлээ. Үнэхээр сайхан бичиглэлтэй ном юм. Учир нь бүтэн жилийн туршид 50 гаруй роман уншчаад багавтар юм уу, хөнгөн сэдэвтэй зохиол уншихаар уйтгартай санагдах, эсвэл сонирхол татахгүй байсныг минь цөм өшиглөн хэдхэн цагийн дотор уншаад дуусгахад хүргэлээ. Гайхалтай юм шүү. Олон хүмүүс өгүүллэг, тууж, роман бичсэн байдаг ч энэ тууж шиг богино хэрнээ ихийг бодогдуулсан, амьдралын аж байдлыг харуулсан, хүчтэй сэтгэгдэл төрүүлэх нь цөөн юм байгаа байлгүйдээ. Зохиогч гайхалтай гэхээс гадна сүүлийн үеийн залуу уншигчид бүүр илүү гайхалтай юм шиг санагдах. Хөдөө орон нутагт малын дэргэд өсөж торниогүй хэрнээ язгуур Монгол амьдралын хэв маяг, үг хэллэгийг ойлгон таашаал авна гэдэг нь өөрөө сайрхууштай зүйл юм. За ингээд номынхоо тэмдэглэлдээ орьё.

Тууж эхлэхдээ бага насны хүүтэй ээж хөдөө нутагт малынхаа сүү сааль гэсээр эхлэх ч толгой дахь бодол санаа нь ямар ихээр зовлонтой буйгаар илэрхийлжээ. Гэвч ээж нь хүүдээ өөрийн сэтгэлийн зовлонг мэдэгдүүлэхгүйгээр тэвчээр заан гадаа гарч уйлж, гэрт орж инээн үйл явдал өрнөнө. Хоёр хүүхний голд ацаглаж буй эрийн бодол санааг мөн дүрсэлжээ. Одоогийн Монгол хүнээс тэр үеийнхэн тэс ондоо хүмүүс мэт сэтгэгдэл төрөв. Хэрэв хүүхдийг нь төрүүлсэн эхнэр нь илүү ихээр тэвчээр заан, ухаан зарсан бол мань эр өөр хүүхний өвөрт очихгүй байсан ч байх гэж хүртэл бодсон шүү. Гэхдээ л эхнэрээсээ өөр хүүхэнд сэтгэл алдарчихаад түүнрүүгээ гүйдэлтэй болох нь нэг л хуудуутай эр шиг санагдсангүй. Одоо нийгэмд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү боловсролтой болсон бөгөөд эр хүн хэрэггүй мэт амьдрах болжээ. Гэтэл энэ зохиолд өөрийг нь орхиод явсан эрийн араас гол харлуулан бодох эхнэр хүн, хамгийн гол нь аавыгаа санах хүүгийн байдал тод дүрсэлсэн нь сэтгэлийн утас хөндөж байлаа. Төгсгөлийг хүлээхдээ би сайхан төгсгөл байх болов уу гэж бодож байсан ч өөр хүний эр болсон нөхөртөө үе дамжин ирсэн гөрөөсний цутгамлыг хүргэж өгөөд дуусна. Учир зүггүй хэрүүл уруул хийхгүй аажуу, ухаалаг зан байдлаар нэгнийгээ ойлголцож болдог байсны илрэл гэлтэй. Энэ туужийг ингээд дуусгасан гэхэд үнэхээр харамсалтай санагдав. Цааш үргэлжилсэн бол үнэхээр гоё роман болох байсан байхдаа.

Түр хүлээнэ үү...
Top