МИЛАН КУНДЕРА "ХӨГШИН ЦОГЦОС ЗАЛУУДАА ЗАЙ ТАВИГ" ӨГҮҮЛЛЭГ
2017-04-01 Ж.Тэгшзаяа 2890

Орчин цагийн үгийн урлагийн хүндтэй мастеруудын нэг зохиолч Милан Кундера социалист Чехословак улсад улс төрийн шинэчлэл өрнүүлэхээр удаан хугацаанд тэмцэж байсан бөгөөд түүхэнд 1968 оны "Прагын хавар" хэмээн тэмдэглэгдсэн Зөвлөлтийн дарангуй хөдөлгөөний гэрч болж байв. Энэхүү үйл явдлаас сэдэвлэн "The Joke" нэрт анхны романаа туурвиснаас эхлээд эх оронд нь түүний зохиол бүтээлийг хориглон хавчих болж 1975 онд Франц улс руу дүрвэж, 1981 онд албан ёсоор тэндхийн иргэн болжээ. 1980 оноос түүний бүтээлүүд европ хийгээд олон улсад ихээхэн нэр хүндтэй болж 1960-иад онд Габриаль Гарсиа Маркез Латин Америкийг, 1970-иад онд Александр Солженицын Орос орноо үгийн урлагийн авьяас, шидээрээ дэлхий дахины анхаарал,сониучирхлын төвд авчирч байсантай ижил гавьяаг Милан Кундера эх Чехословак улсдаа байгуулсан гэдэг. Тэрбээр дэлхийн утга зохиолд хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл, гаргалгааг орчин цагийн хөнгөн, тогтворгүй амьдралын хэв маягтай гарамгай уялдуулан сүлдэг, егөө шогийн мэдрэмж, урсгал, яруу хэл найруулга бүхий бичлэгийн хэв маягаараа онцгойд тооцогддог нэгэн. Энэ өдөр  87 нас зооглож буй өвгөн зохиолч өдгөө олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээс илтэд дөлж Парис хотноо ажин түжин амьдарч байна. Энэ цагийн үгийн урлагийн нэгэн гарамгай мастерын 87 насны төрсөн өдрийг тохиолдуулан зохиолчийн "Хөгшин цогцос залуудаа зай тавиг" өгүүллэгийг орчуулагч Ж.Тэгшзаяагийн хөрвүүлгээр уншигчиддаа хүргэж байна.

1

Олон жил амьдарч ижил дасал болсон Чехийн буйдхан хотынхоо гудмаар нэгэн эр гэртээ харьж явна. Тэр сэтгэл хөдөлгөөд байх юмгүй амьдрал, хов живд дуртай хөршүүд, ажилдаа очмогц бүчин авдаг улиг болсон аар саар хэрүүл маргаанд нухлагдан бөхийсөн мэт газар ширтэн сажилж яваад дэргэдүүр нь зөрөх эмэгтэйг анзааралгүй өнгөрөхөө шахав. Гэвч эмэгтэй түүнийг холоос таниад  дөхөж ирэхийн хэрд түүн рүү сулхан инээмсэглэжээ. Яг тэр мөчид, тэр хоёр хариугүй зөрж өнгөрдгийн даваан дээр мань эрийн толгойд хонх цохих шиг болж үлбэгэр байдлаасаа агшин зуур сэргэх нь тэр.

“Чамайг таньсангүй!” хэмээн уучлал эрсэн нь үнэндээ арван таван жилийн дараа уулзахдаа хэн хэн нь хөгширснийг илтгэх дуугүй өнгөрвөл зохилтой, эмзэг сэдвийг бодлогогүй хөндсөн хэрэг болов.

-Би тийм их өөрчлөгдөж үү? хэмээн эмэгтэйг асуухад мань эр “өөрчлөгдөөгүй байна” гэж хариулсан нь ч улаан цайм худал хэлсэн хэрэг биш байлаа. Учир нь олон жилийн тэртээгээс цухалзах сулхан инээмсэглэл нь өнөө л янзаараа байснаас тийн эргэлзэхэд хүрчээ. Тэрбээр ой дурсамжид нь тодрон сэргэх залуугийн төрхийг нь хүчээр баллан байж өмнөө зогсох эмэгтэйг харц тогтоон ажвал чамгүй хөгширсөн нь илт байв.

Хижээл эр үгийн далимд эмэгтэйг хаашаа ямар хэргээр явж байгааг сонирхсонд эмэгтэй өнөө орой Прага руу буцах галт тэргээ хүлээн дэмий сэлгүүцэхээс өөр онцын ажилгүй гэжээ. Тэд хоёул ойр хавийн кафе цөм хүн ихтэй, тухгүй хэмээн санал нэгдсэн тул гэнэтийн эл уулзалтад баярлаж буйн тэмдэг болгон мань эр эмэгтэйг эндээс холгүйхэн байх, хүссэнээрээ кофе, цай уун хөөрөлдөж болох цэмцгэр, нам тайван гоонь эрийн сууцдаа урьжээ.

2

Эхнээсээ үйлс нь хазайсан бүтэлгүй өдөр таарчээ. Хорин таван жилийн өмнө эмэгтэй эрд гараад удаагүй байхдаа энэ буйд хотод нөхөртэйгөө хэсэг амьдраад удалгүй тэд Прага руу нүүж, нөхөр нь 10 жилийн өмнө тэндээ өөд болжээ. Нөхөр нь Прагад бус орон нутгийн эл буйдхан хотод оршуулахыг хүссэн жигтэй гэрээс үлдээсэн байв. Тэгэхэд эмэгтэй талийгч нөхрийнхөө оршуулгын газрын түрээсийг арван жилээр урьдчилан төлчихсөн агаад харин хэд хоногийн өмнө түрээсийн хугацааг сунгахаа мартаж орхисноо гэнэт санасан юм. Тэр даруй эмэгтэй оршуулгын газрын захиргаанд хүсэлт илгээхээр завдсан ч ийн бичгээр харилцах нь байдлыг улам сунжруулахаас хэтрэхгүйг ойлгож өөрийн биеэр хотод яаравчлан ирсэн нь энэ байв.

Эмэгтэй нөхрийнхөө булшинд хүрэх замыг сайн мэддэг авч өнөөдөр оршуулгын газар анх удаа ирж байгаа аятай будилж, нөхрийнхөө булшийг ололгүй төөрчээ. Төдөлгүй нөхрийнх нь нэрийг алтан үсгээр шармалдаж бичсэн саарал хайрган чулуун хөшөөний орыг (хоёр талын булшны хөшөөгөөр таньсан хэрэг) тэс өөр нэр сийлсэн хар гантиган булшны чулуу эзэлснийг ойлгов.

Уурандаа эмэгтэй шууд оршуулгын газрын захиргаанд тавьж хүрэв. Цаадуул нь түүнд түрээсийн хугацаа дууссан тохиолдолд булшны газрыг чөлөөлөх учиртайг тайлбарлаж, түрээсийн хугацааг сунгах тухай өөрт нь сануулаагүй гэж эмэгтэй хэчнээн гомдоллоод ч тэд халгаасангүйгээр үл барам оршуулгын газар оногдсон хэмжээтэй тул хөгшин цогцос залуудаа зай тавьж өгөх ёстой гэжээ. Бачимдсандаа эмэгтэй оршуулгын газрын захиргааг хүнлэг сэтгэл, хүн ёсны хүндлэл гэгчийг мэдэхгүй хэрцгий амьтад хэмээн хатуухан хэлээд авсан ч нэмэр болсонгүй. Тэр нөхрийнхөө үхлийг зайлуулж чадаагүй бол талийгчийн хоёр дахь үхлийг ч залруулж дийлсэнгүй, нөхөрт нь үхсэн хүний хувиар ч энэ хорвоод орших орон зай олдсонгүй ажээ.

Хот руу явах замд эмэгтэйн уур бухимдал зугуухан сарнихын хэрээр уй гуниг орыг нь эзлэн авна. Эцгийнх нь булш алга болсон учрыг хүүдээ хэрхэн тайлбарлах, өөрийн хайхрамжгүй байдлыг хэрхэн зөвтгөх учраа бодлогоширч явав. Эцэст нь зүгээр л учиргүй ядарч буйгаа мэдрэв. Оройн галт тэрэг хөдлөх хүртэл сунайсан урт өдрийг хэрхэн барахаа ч мэдэхгүй байв. Энд таних хүнгүйн дээр арван жилийн өмнөх сэтгэлд ойр, дотно эл хот он цагийн явцад өөрчлөгдөн хувираад одоо жигтэйхэн харь санагдах учир зугаалах тухай бодохыг ч хүссэнгүй. Тиймээс бараг л мартахаа шахсан, санаандгүй таарсан хуучин танилынхаа урилгыг дуртайяа хүлээн авчээ. Тэр танилынхаа угаалгын өрөөнд гараа угааж, түшлэгтэй зөөлөн сандалд тухлаад өрөөг сониучирхах зуураа гал зуухны буланг өрөөнөөс тусгаарлах зориулттай унжгар халхавчны цаана ус пор пор буцлахыг сонсож суувай.

3

Эрэгтэй гучин тав хүрсэн өдрөө зулайн үс нь мэдэгдэхүйц шингэрснийг анзаарчээ. Толгойн орой нь арай ч халзарчхаагүй боловч шингэрсэн үснийх нь цаанаас гялаан хуйх цухалзахыг үзвэл тийм цаг хаяанд ирсэн бололтой. Толгойн үс шингэрнэ гэдэг үхэл, амьдралын чухал асуудал биш боловч халзрах аваас өдийг хүртэл харж дадсан түүний залуугийн сайхан төрх үүрд алдагдана гэсэн үг.

Энэ явдал үхэл рүүгээ бага багаар дөтөлж буй толины өмнө зогсоо эл эрийг амьдралаас чухам юу мэдэрч, юу хүртсэнээ тооцож, эргэцүүлэхэд хүргэжээ. Үнэндээ амьдралаас өчүүхэн багыг хүртэж мэдэрснээ ухаармагц ичгүүртэй, тийм ээ, туйлын ичгүүртэй санагдав. Ертөнц дээр үсээ халзартал удаан амьдарчхаад ийм шалихгүйг үзэж туулна гэдэг харамсалтай.

Үзэж туулснаар маруухан гэдэг нь чухам юу гэсэн үг вэ? Аялал, ажил, нийгмийн халамж, спорт, хүүхний тал дээр маруухан туршлагатай гэсэн үг үү? Яг тийм, ялангуяа хүүхэн. Амьдралын бусад давхаргад ядуухан туршлагатай байсан бол түүний уур хүрэх нь мэдээж, гэхдээ мань эр өсөж дэвжих ирээдүйгүй сонирхолгүй ажил, мөнгөний гачигдлаас болж хойшлуулсан аялал, оролцож чадаагүй элдэв арга хэмжээ, тэртээ хорин насандаа өвдгөө гэмтээснээс үүдэж дуртай спортоо орхих болсондоо ч тэгтэл сэтгэлээр унаж гонсойсонгүй. Түүний хувьд хүүхний вант улс гэдэг эрх чөлөөг бэлгэдэх амьдралын чухал давхарга, тиймээс гагц энэ тал дээр азгүй байснаа зөвтгөх шалтаг олсонгүй, тэр илүү овсгоо самбаатай байсан бол хүүхнүүд амьдралынх нь чанарыг илтгэх цор ганц зүй ёсны хэмжүүр болох байжээ.

Даанч аз таарсангүй. Мань эр хүүхнүүдийн тал дээр яаж ч хичээгээд бүтэлгүйтчихнэ. Хорин тав хүртэл (мэдээж давгүй царайлаг залуу байсан) ичимхий зандаа хүлэгдсээр, тэгсгээд хүнд дурлаж, гэр бүл зохиож, долоон жилийн эцэст нэг эмэгтэйгээс бэлгийн дур хүслийн хязгааргүй хувилбарыг нээх боломжтой гэж үнэмшиж эхлээд байтал удалгүй гэр бүл салж, цор ганц эмэгтэйг насаараа хүсэх тухай дэврүүн төөрөгдөл нь ч хулжин одож, орыг нь хэдий хязгаарлагдмал ч хүүхнүүдийн олон янз байдлыг таашаах, тэдний араас зориглон хөөцөлдөх сониуч хүсэл эзлэх болсон ч тааруухан бэл бэнчин шинэ хүслийг нь хясан боогдуулж (салсан эхнэртээ хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлөх хэрэгтэй болсон), тэгээд ч хар хэл амаар дүүрэн жижигхэн хотын давчуухан нөхцөл байдал, сониуч хөршүүд нь түүнд хүүхний арвин их сонголт үлдээгээгүй билээ.

Цаг хугацаа нэг л мэдэхэд нисэх мэт хурдалж одоо мань эр угаалгын өрөөнийхөө толины өмнө баруун гартаа дугуй толь барьчхаад халзарч буй үсээ ширтэн алмайран зогсоо нь энэ. Энэ явдал түүнд үсээ халзартал амьдраад олигтой юунд ч хүрээгүй гашуун үнэнийг палхийтэл илчилж орхисон юм. Хэн нэгэн өөрөөр нь тун хоржоонтой тохуурхсан мэт санагдаж амиа хорлох бодол хүртэл төрөв. Мэдээж тэр (мань эрийг хийрхсэн, мулгуу хүн гэж ойлгуулахгүйн тулд үүнийг зайлшгүй дурдах шаардлагатай) өөрт нь хөгийн бодол төрж байгааг сайтар ухаж бүр амиа хорлохдоо үлдээх зурвасаа хүртэл (Үс маань халцрахыг тэсвэрлэж чадахгүй нь. Баяртай!) дотроо элэглэн шоолж байв. Даанч эл бодол хэдий хоосон, утгагүй авч түүнийг бүрэн эзэмдэн дотроос нь хэмлэнэ. Зүйрлүүлбэл марафон гүйгч замынхаа хагасаас (бүр өөрийнх нь алдаа, дутагдлаас болж шүү) хожигдлоо ичгүүртэйгээр хүлээн зөвшөөрч уралдаанаас гарч бууж өгөх тэвчишгүй хүсэл дотор нь оргилох шиг мэдрэмж юм. Хожигдлоо бүрэн ухаарч цааш гүйх хүсэлгүй болсон хэрэг.

Одоо бол мань хүн буйдангийн өмнөх намхан ширэн дээр нэг аяга, зочныхоо сууж буй түшлэгтэй сандлын урд бас нэг аяга кофе тавиад хэзээ нэгтээ халуунаар дурлаж, өөрийнхөө буруугаас болж алдаж явуулсан хүүхэнтэйгээ дотор нь гутранги бодол үүрлэсэн ийм үед, юуг ч буцаахын эцэсгүй болсон ийм нөхцөлд ахин таарсан эзтэй тохиолдлыг гайхширан байв.

4

Гэрийн эзний нүдэнд ямархуу харагдаж буйгаа төсөөлөхгүй ч хэдэн жилийн тэртээ хамтдаа өнгөрөөсөн шөнөө, тэгэхэд эрэгтэй ямар янзтай байсныг (тэр дөнгөж хорьтой, эв хавгүй хувцасладаг, байнга ичиж улайгаад л, хүүхдэрхэг зан нь өхөөрдмөөр), өөрөө ямар байснаа (гучин тавтай, гоо сайхны цангаа нь түүнийг өөр эрчүүдийн өвөр лүү хөтлөх мөртөө тэднээс холтгодог, амьдралаа сэтгэл хөдлөм зугаа цэнгээн хэмээн үздэг, нөхрөө хуурдаг муухай зуршилтай болох вий хэмээн болгоомжилсон бүсгүй байсан) тодхон санаж байв.

Тийм ээ, хүмүүс өөрсдөдөө ёс суртахууны хориг тогтоодог бол бүсгүй өөрийгөө гоо сайхныг хүсэмжлэх эрх чөлөөгөөр шагнасан юм. Тэр үзэмжгүй муухайг ер тэвчдэггүй хүн гэж болно. Харин арван таван жилийн дараах эл мөчид зочиндоо гоо сайхан гэхээр зүйлгүй үзэмжгүй хөгшин харагдаж буйгаа ухаармагц нүүрээ бушуухан л төсөөллийн ч хамаагүй дэвүүрээр халхалчихмаар болж гэрийн эзнийг элдэв асуултаар булж тухгүй байдлаа нуухыг хичээж суув. Гэрийн эзнээс хэзээнээс энэ хотод амьдрах болсныг, ямар ажил эрхэлдгийг шалгааж, ганц бие эрийн тохилог сууцыг нь магтаж, цонхоор харагдах хотын өнгө үзэмжийг бахдаж, жаазалж өлгөсөн хэд хэдэн имперссионист бүтээлийн зураачийг алдалгүй нэрлэж (даржин амьдралтай Чехийн ихэнх сэхээтнүүд хямдхан хуулбар зураг байрандаа өлгөх нь түгээмэл тул тэднийг нэрлэх тийм ч хэцүү бус), тэгснээ ууж дуусгаагүй аяга кофегоо барьсаар явган ширээний араас босож холгүй байх жижигхэн бичгийн ширээ лүү очиж дээр нь байх хэдэн жаазтай зураг руу өнгийж (залуухан эмэгтэйн зураг байгаагүйд гайхсангүй) хөгшин эмэгтэйн зургийг ээж нь мөн эсэхийг асуув (мөн ажээ).

Гэрийн эзэн харин хотод ямар хэргээр ирснийг нь асуусанд эмэгтэй оршуулгын газрын тухай жийрхэнгүй ам нээж (зургаан давхарт түүнд энэ хотоос, бүр амьдралаасаа ч дээгүүр гарсан мэт тааламжтай санагдана), гэрийн эзний шавдуулгаар эл хотод олон жилийн өмнө нөхөртэйгөө амьдарч байснаа, нөхрөө энд оршуулснаа (оршуулгын газрын түрээс дууссаныг чимээгүй өнгөрөв), сүүлийн арван жил Залбирлын өдрөөр жил бүр хүүтэйгээ алдалгүй ирж байснаа хүртэл хуучлав.

5

“Жил бүр” гэнэ? Ахиад л хэн нэгэн өөрөөр нь хоржоонтой тохуурхсан мэт санагдав. Зургаан жилийн өмнө энэ хотод нүүж ирмэгцээ таарсан бол магадгүй бүхнийг аварч болох байлаа. Тэгвэл эмэгтэйн нас тэгтэл тод үзэгдэхгүй, дүр төрх нь арван таван жилийн өмнө дурлаж байснаас нь төдийлөн өөрчлөгдөөгүй байх сан. Өнгөрсөн болоод одоогийн дүр төрхийнх нь ялгааг нэгтгэн сааруулахад ч хүчир биш. Өдгөө бол сайх хоёр төрх нийлж нэгтгэхийн эцэсгүй холдон салжээ.

Эмэгтэй кофегоо уунгаа ярьсаар. Эрэгтэй харин хүүхний өдий болтол өөрт нь тодорхой үзэгдэхгүй байгаа ойлгомжгүй хувирлын учрыг олох гэж хичээнэ. Эмэгтэйн нүүр үрчлээтэж (энгэсгийн өөгүй давхарга ч далдалсангүй), хүзүү нь хатингаширч (босоо захны цаанаас ч мэдэгдэнэ), хацар нь унжиж, үс нь (бараг л сайхан хэвээр!) бууралтжээ. Гар нь хамгийн их эвдэрчээ (оо энгэсгээр өө сэвийг нь дарах боломжгүй нь харамсалтай): том том хөх судас товойгоод эрэгтэй хүний гар шиг болж.

Гэнэт эрэгтэйн дотор харуусал бухимдал оволзоод ирмэгц олон жилийн дараах эл уулзалтаа хөлчүүрлийн аагт живүүлмээр болж, зочиндоо конъяк санал болгов (халхавчны цаадах шүүгээнд задалсан шил юм байсан аж). Эмэгтэй тэр даруй татгалзсанд зочин нь угаас хатуу юм амсдаггүй байсныг санав. Халамцлаа гээд эмэгтэйн авир ааш өөрчлөгддөггүй болохоор уудаггүй биз. Зочных нь конъякаас татгалзаж буйг илтгэх гарын уран хөдөлгөөнийг хараад  нэгэнтээ өөрийг нь гайхшируулж асан сэтгэл булаах шид, донжтой ааль нь хөгшрөлтийн баган цаана нуугдсан болохоос хэвээр байгааг ухаарав.

Хөгшин нас нь эмэгтэйг хойш чангааж байгааг мэдэрмэгц өрөвдөх сэтгэл төрж, тийн өрөвдсөндөө ичиж эрээлэх явдалгүй болж (өмнө нь очихоор ичсэндээ дуугарч чадахгүй хөшиж орхидог тийм л нүд гялбам үзэсгэлэнтэй байсан хүүхэн), зочинтойгоо чөлөөтэй хөөрөлдөх хүсэл төрж, сэтгэлээр унасан эр хүн найз хүүхэндээ сэтгэлээ уудлах мэт ойрын үед эзэмдүүлээд буй гутранги бодлуудаа ярьж гарлаа. Гэхдээ зулай нь халзарч эхэлсэн тухайд ам нээсэнгүй (эмэгтэй оршуулгын газрын түрээс дууссаныг хэлээгүйтэй л адил). Халзарсан үс ярианд шилжихдээ хүний нэг насны амьдрал хэчнээн ахархан болох, амьдрал ямар өршөөлгүй, аливаа зүйл үхэж мөхөх туйлын зүй тогтолтой тухай философийн шинжтэй гомдол болон хувирч, энэ бүхний эцэст зочноосоо тайтгаруулж, аргадсан хариу сонсоно хэмээн найдаж байсан нь талаар болов.

“Би иймэрхүү ярианд дургүй” хэмээн зочин нь эрсхэн өгүүлэв. “Чи дэндүү гүехэн бодож байна.”

6

Үхэл, хөгшрөл зэрэг нь үзэмжгүй муухайг илтгэх тул эмэгтэй ярих дургүй байлаа. Тэр гоо үзэсгэлэнг эрхэмлэгч шүү дээ. Хэд хэдэн удаа, бүр тэвдсэн янзаар тэрбээр гэрийн эзний бодлыг өнгөцхөн хэмээн цохон тэмдэглэсэн юм. Эмэгтэйн хувьд хүний амьдралыг өмхөрч ялзардаг бие цогцос төдийхнөөр бус ажил хөдөлмөр, бусдын төлөө хийж бүтээснээр нь хэмжих учиртай гэж үздэг байв. Хорин таван жилийн тэртээ өөрөөсөө 19 насаар ах нөхөртөө дурлахдаа л эл бодлоосоо анх зөвтгөл олсон билээ. Тэр нөхрөө бүхий л зүрх сэтгэлээсээ хүндэлж (нөхөр нь мэдээгүй юм уу мэдээгүй дүр эсгэсэн түүний хөнгөн явдлуудыг эс тооцвол шүү дээ), нөхрийнх нь мэдлэг боловсрол, байр суурь амьдралд хавьгүй чухал жин дарна хэмээн өөрийгөө хүчлэн байж ятгадаг байв.

“Чухам ямар ажил, бусдад юу үлдээнэ гэж” хэмээн зочин нь сөргөн асууснаа гашуунаар инээмсэглэв.

Эмэгтэй нөхрийнх нь хийж бүтээсний үр шим одоо ч амьдаараа хэмээн итгэдэг тул талийгчийн ясыг өндөлзүүлэхийг хүссэнгүй. Харин хүн бүрт оногдсон үүрэг бий, тэр нь бүр хамгийн эгэл зүйл байлаа ч хамаагүй гээд өөрөөрөө жишээлэн Прага хотын захад байх соёлын газар ажиллахдаа лекц, яруу найргийн уншлага хэрхэн зохион байгуулдгаа ярив. Олон нийтийн сэтгэл хангалуун, талархсан царайг хараад ажлаасаа хэчнээн урам зориг авдаг, эх хүн байхын утга учрыг, өөрийг нь өвчсөн юм шиг дуурайсан бяцхан амь нүдэн дээр нь эр хүн болон өсөж торнихыг үзэх, хүүдээ эхийн хайр халамжаа харамгүй зориулж, хүүгийнхээ амьдралын нэг хэсэг болон уусан нэгдэх хэчнээн эрхэм үйл болохыг нотлон өгүүлэв.

Өглөө оршуулгын газар бүтэлгүйтсэний хатуу зэмлэл болон ухаан бодлоос нь өдөржин салаагүй хүүгийнхээ тухай эмэгтэй өөрийн эрхгүй ярьчихсан нь энэ байлаа. Тэр эрийн буулгад тийм амар автах эмэгтэй биш ч хүүгийнхээ эрхшээлд бүрэн захирагддагийнхаа учрыг олдоггүй байв. Оршуулгын газрын хэрэг явдал байдаг цухлыг нь барсан ч хамгийн хэцүү нь хүүгийнхээ өмнө гэм буруугаа хүлээж, хүүдээ зэмлүүлнэ гэхээс зүрх үхнэ. Эцгийнх нь дурсгалыг эрхэмлэн хүндэтгэж буйд хүү нь атаархангуй байдгийг эмэгтэй эртнээс анзаарсан (гэхдээ хүү нь өөрөө жил бүр Залбирлын өдрөөр эцгийнхээ булшинд хүндэтгэл үзүүлэх учиртай хэмээн шавдуулдаг) бөгөөд үнэндээ хүү талийгч эцгээ хайрласандаа бус ээжийгээ бэлэвсрэлийн ёс горимоор торлон барих хүсэлтэй байснаас л тэр аж. Хэдий хүү нь энэ талаар ам нээсэн удаагүй, эмэгтэй өөрөө ч илт булзан зайлдаг (даанч амжилтгүй) боловч ээжийнх нь дотор одоо ч бэлгийн дур хүсэл төрдөг гэхээс хүүгийн зэвүү хүрнэ. Ээжийнхээ доторх бэлгийн дур хүслийн өчүүхэн илрэл бүхнийг хүү үзэн ядна. Бэлгийн дур хүсэл гээч залуу насны дагуул тул эцсийн бүлэгт хүү ээжид нь үлдсэн залуу сайхан бүхнийг үзэн яддаг байв. Насанд хүрсэн эр хүн болсон хойно ч эхийнх нь залуугийн цог жавхаа (эхийн нугаршгүй хайр халамжтай нэгдэн цогцлоод) охидтой харилцахад нь үл үзэгдэх саад босгож орхино. Хүү эхийгээ хөгшрөөсэй хэмээн хүснэ. Тэгвэл л ээжийнхээ хайрыг хүлцэж, түүнийг хайрлаж болох байв. Зочинтойгоо хөөрөлдөн суух эл мөчид хүү нь түүнийг булш руу түлхэж байсныг, өөрөө ч хүүдээ бүрэн дийлдэж, ялагдлаа амьдралын үнэт зүйл болтол нь оодруулж, өрөөлийн амьдралын сүүдэрт чимээгүйхэн уусан шингэх л амьдралын гоо сайхан юм хэмээн өөрийгөө аргадан сэнхрүүлсээр өдийг хүрснээ барин тавим тод ухаарав. Ийм эрхэм амьдралынхаа өмнөөс эмэгтэй одоо зочинтойгоо гайхам халуун дулаанаар маргаан өрнүүлж суув.

Тэгтэл гэрийн эзэн голд нь хөндөлсөх явган ширээний араас гэнэт өндийн “Дэмий юм ярьсанд уучлаарай. Би ийм л мулгуу хүн шүү дээ” гэснээ эмэгтэйн гараас атгаад авлаа.

7

Тэдний хооронд үүссэн маргаан гэрийн эзнийг цухалдуулсангүй, харин ч эмэгтэйн мөн чанарыг ахин бататгасан хэрэг болов. Өөрийнх нь гутранги яриаг цогтой эсэргүүцэх (үнэндээ үзэмжгүй муухай, мэдрэмжгүй хөлдүү байдлыг л эсэргүүцсэн хэрэг биш үү?) эмэгтэйн янз байдлаас урьдын танил дүр төрх, хуучин дурсамж толгой тархийг нь дүүртэл амилан сэргэнэ. Одоо бол мань хүн тэдний ийм дотно байдал, шимтэнгүй яриаг юухан ч болтугай бүү тасалдуулаасай хэмээн  залбирах нь холгүй болж (ийм л учир зочныхоо гарыг аргадангуй илж, өөрийгөө мулгуу амьтнаар нь дуудсан хэрэг), өөрсдийн харилцааны тухай сэтгэлээсээ ярилцах л юу юунаас илүү чухал хэрэг болжээ. Мань эр л ганцаар энэ учир битүүлэг эмэгтэйтэй өрнүүлсэн онцгой харилцааныхаа далд учрыг хичээх аваас үгэнд хувилган буулгаж чадна хэмээн итгэж байв.

Эл эмэгтэйтэй анх хэрхэн уулзсанаа мань эр хэдийн мартжээ. Оюутан найзуудынх нь нэгтэй хааяа хамт явахтай таардаг байсан нь бүдэг бадаг дурсагдах ч Прагын хуучин кафед эмэгтэйтэй хоёулхнаа анх удаа хамт үлдсэнээ тодхон санаж байв. Залуу дотроо барьц алдан сандрах мөртөө хүүхний өөрт нь таатай байгааг илтгэх битүү дохиог мэдрэн ширээний нэг буланд хүүхний өөдөөс харан чимээгүй сууна. Тэгэхдээ үнсэлцэж, нүцгэлж, загас наадуулбал хүүхэн ямар харагдахыг сэтгэлдээ ургуулан төсөөлөхийг (мэдээж төсөөлөл нь биелнэ гэсэн бат итгэлгүйгээр) хичээсэн ч бүтсэнгүй. Тийм ээ, нэг л хачин байлаа: хүүхэнтэй нэг оронд байгаагаар төсөөлөх гээд ер болсонгүй. Ер яаж ч ургуулан бодоод хүүхний үл ялиг инээвхийлсэн тайван царайг биеийн жаргал эдэлсэндээ татвалзан үрчийж буйгаар төсөөлж чадахгүй байлаа. Хүүхэн түүний төсөөлөлд баригдсангүй.

Ийм байдал залуугийн амьдралд ахин ер давтагдсангүй. Мань эр төсөөлшгүйтэй нүүр тулсан нь тэр байв. Мэдээж төсөөлөхөд хүртэл туршлага дутагдах амьдралын тийм цэлдэн ногоон,  хоосон үе тун ахархан үргэлжилсэн авч юутай ч төсөөлшгүйтэй нүүр тулдаг, тэрхүү төсөөлшгүй нь бодит байдал болоход тэвдэн үймэрдэг тийм насандаа бүсгүйтэй учирчээ. Залуу барьц алдан сандардаг нь огт янзаараа удаах хэдэн уулзалтын үеэр бүсгүй оюутны дотуур байрынх нь тухай нэг л жоготой сониучирхан шалгаасаар байсанд түүнийг  байрандаа урихаас аргагүй болжээ.

Залуу нэг өрөөнд хамт амьдардаг хөрш оюутнаа хундага ром дарсаар хахуулдаж шөнө дунд хүртэл ирэхгүй гэсэн ам өчгийг нь авч дөнгөв. Тэр үеийн оюутны өрөө нь хоёр төмөр ор, хоёр сандал, аяга тавагны шүүгээ, гэрлийн бүрхүүлгүй хурц чийдэн зэрэг энгийн тавилга сэлт, ундуй сундуй байдлаараа өнөөгийн гоонь эрийн сууцтай нь ихэд төстэй байв. Өрөөгөө цэвэрлэж гүйцсэний хойно эмэгтэй цаг яс барьдаг зуршлаараа яг долоон цагт хаалгыг нь тогшжээ. Есөн сар болохоор дөнгөж л бүрэнхий унаж байв. Хоёул орны захад суугаад хэсэг үнсэлцэв. Харанхуй улам өтгөрч байсан ч залуу бүсгүйн өмнө нүцгэлэхээс ичиж буйгаа мэдэгдэхгүй гэж зориуд гэрэл асаасангүй. (Хүүхнүүдийн цамцны товчийг гарамгай тайлж чаддаг сан бол мань эр ичингүйрэвч яаран нүцгэлэхийг л урьтал болгох байв.) Энэ удаад харин хүүхний даашинзны товчийг эхлэн тайлж зүрхэлсэнгүй тул (янагийн ажлаас урьтаар нүцгэлж эхлэхэд зөвхөн ийм ажилд гаршсан эрчүүд л гүйцэлдүүлж чадах ончтой, нарийн үйлдэл байх ёстой мэт санахдаа өөрийн үл мэдэхүйгээс урван тэрсэлмээргүй болжээ) эцэст нь бүсгүй босож зогсоод үл мэдэг инээмсэглэн “Би энэ хуягаа тайлчих уу?...” гээд алгуурхан тайчиж эхлэв. Өрөөний битүү харанхуйд бүсгүйн бие хар бараан сүүдэр мэт үзэгдэнэ. Залуу харин тэвдэнгүй нүцгэлээд янагийн ажил эхэлсэн хойно сая нэг итгэлтэй болов (бүсгүйн тэвчээрт талархууштай). Бүсгүйн царай харанхуйд нуугдчихаад хувирал төрхөө ер илчилсэнгүй. Тэгэхэд л өрөөнд харанхуй байгаад хэдий харамсавч бүсгүйн дээрээс бие салган өндийж хаалганы дэргэдэх гэрлийн унтраалгад хүрэх аргагүй тул төрх байдлыг нь хий дэмий л харцаараа тэмтэчнэ. Залууд тэс өөр нэгэнтэй, тэс өөртөө бүр дуураймал, бодит бус хүүхэнтэй бие хуваан жаргаж байх шиг санагджээ.

Хүүхэн дээр нь гарч (тэгэхэд ч хар бараан дүрс л үзэгдсэн) ташаагаараа займчин хөдөлж, тачаалдаа автан мансуурахдаа сулхан гийнаж амандаа юу ч юм бүгтхэн шивнэнэ. Тэгмэгц залуу чээжээрээ өндийн хүүхнийг биедээ наан тэвэрсэн ч чухам юу шивнэснийг нь ялган сонсож чадсангүй аж.

8

Гэрийн эзний яриаг сонсох тусам эмэгтэйн хувьд олон жилийн тэртээ мартагдсан аар саархан зүйлс ч нүднийх нь өмнө амилан сэргэж сэтгэлийг нь догдлоож байв. Өмсөхөөрөө сахиусан тэнгэр мэт халдашгүй, үзэсгэлэнтэй болдог гэж найзуудынх нь магтдаг байсан зуны цайвар цэнхэр даашинзаа ч санажээ. Үсэндээ хатгадаг зааны ясан далбагар сам царайд нь хуучинсаг янз маяг оруулдаг байсныг, кафед ороод дандаа ром дарстай цай захиалдаг байснаа (согтууруулах ундааны ганц хэрэглээ нь тэр) дурсах тусам гийчин маань булшны газраас, шархиран өвдөх хөлөөсөө, хүүгийнхээ зэмлэнгүй харцнаас таатайяа алсарч байв. Залуу нас нь энэ эрийн дотор ийм амьд халуунаар хадгалагдан үлдсэн болохоор талаар амьдарсангүй ажээ. Тэр даруй алдхан биеэсээ хавьгүй уудамд, өөрөөсөө гадна бусдын дотор амьдрах чадвар л хүний үнэ цэнийг тодорхойлдог юм байна гэсэн шинэ үнэлэмж бүрэлдээдхэв.

Тиймээс гэрийн эзэн гарыг нь дотночлон илбэсээр байсан ч эсэргүүцсэнгүй ярианд нь автан сууж байлаа. Тийн илбэх нь аргадангуй ярианы өнгөтэй нь хослоод хүүхнийг хачин тайвшруулж байсанд (эрэгтэй одоо яриа дэлгэн суугаа хүүхэнд зориулж уу, эсвэл дурсан ярьж буй хүүхэндээ зориулж ингэнэ үү?) одоо өөрийг нь анхааран халамжилж буй сайх эр арван таван жилийн өмнөх, зөв санаж байгаа бол шүү дээ, яршигтай гэнэн, ичимхий залуугаас хавь илүү таалагдаж байв.

Хүүхний бараан сүүдэр залуугийн дээрээс нөмрөн авч, залуу түүний амандаа юу шивнэж байгааг олж сонсох гэж хий дэмий л чармайж байсан үе рүү яриагаа шилжүүлмэгц  гэрийн эзэн гэнэт дуугаа хураан чимээгүй болсонд эмэгтэй (олон жилийн өмнө өөрөө ч мартсан нууцаа эргэн санахыг хорхойсох мэт) “Би тэгэхэд юу шивтнэж байсан бэ?” гэж аяархан асуув.

9

“Мэдэхгүй ээ” гэж гэрийн эзэн хариулав. Тэр үнэхээр мэдээгүй өнгөрчээ. Тэр үед эмэгтэй түүний төсөөллөөс булзан зугтаасан төдийгүй харах, сонсох мэдрэхүйд нь хүртэл баригдсангүй аж. Гэрэл асаахад хүүхэн хэдийн хувцаслачихсан байжээ. Гэрэлд өнөөх л халдашгүй, төгс, хараа булаам янзаараа инээмсэглэн зогсох эмэгтэйгээс хэдхэн мөчийн өмнө харанхуйд загас наадуулсан хүүхнийхээ ул мөрийг хайгаад олсонгүй. Хормын өмнөх учрал атал залуу санах гэж оюун бодлоо хөвчлөн хичээсээр. Янагийн ажил хийж байхад хүүхний царай (харагдаагүй), бие (бас л харагдаагүй) ямар харагдаж байсныг төсөөлөх гэж хэчнээн оролдоод ч амжилт олсонгүй. Хүүхэн ахиад л төсөөлөлд нь баригдсангүй.

Тиймээс залуу дараагийн удаа хүүхэнтэй заавал гэрэлтэйд загас наадуулна гэж шийджээ. Даанч дараа гэж байсангүй. Тэр өдрөөс хойш хүүхэн түүнээс яаж ийгээд тун овжиноор зугтах болжээ. Тэдний дунд өрнөсөн ор хөнжлийн явдал зүйрлэшгүй сайхан байсан, гэхдээ гол ажил эхлэхээс өмнө өөрийгөө ямар байсныг санахаас залууд ичгүүртэй оргино. Тиймээс хүүхний булзамхай байдлыг буруутгаж чадалгүй, араас нь хөөцөлдөж ч зүрхлэлгүй тэгсгээд орхижээ.

“Тэгэхэд яагаад надаас зугтсан юм бэ?”

“Боль доо” гэж эмэгтэй ялдамхан дуугараад “олон жилийн өмнөх явдал болохоор, мэдэхгүй ээ...” гээд таг болов. Гэрийн эзэн хариу хэлэхийг шалаад байсанд эмэгтэй аргагүйдэн “Хүн дандаа л өнгөрснөө санагалзаад байх дэмий. Тэртээ тэргүй бид өнгөрөн одсоныг амьдралдаа үлдээх гэж бишгүй их цаг хугацаагаа зориулдаг” гэж хариулав (сүүлийн өгүүлбэрийг хэлэхдээ хөнгөн санаа алдсан нь оршуулгын газар болсон өглөөний хэрэг явдлыг санасных биз). Харин гэрийн эзэн гийчнийхээ эл хариуг огт өөрөөр ойлгожээ: Өнгөрсөн, одоогийн гэх салангид хүн байхгүй, арван таван жилийн өмнө түүнээс эвтэйхэн зугтсан хүүхэн одоо гар сунгахын зайд урдаас нь хараад сууж буй эмэгтэй хоёр нэг л хүн гэх мэдээжийн эл гаргалгааг санаатай, хурцаар сануулах гэсэн оролдлого гэж үзжээ.

“Чиний зөв, одоо цаг бидэнд илүү чухал” гэж мань эр нухацтай өгүүлээд эмэгтэйн царайг зориуд анхааралтай ажив. Гийчин нь сулхан инээмсэглэсэнд уруулынх нь завсраар тэгш, цагаан шүднүүд зэрвэсхэн үзэгдээд өнгөрөв. Тэгтэл оюутан цагийнх нь умгар өрөөнд өөртэй нь загас наадуулж байхдаа эмэгтэй нэг гарынх нь дөрвөн хурууг цөмийг амандаа хийгээд өвдтөл чанга хазсаныг гэнэт санажээ. Тэгэхэд л хүүхний дээд талын нэг захын хэдэн шүд байхгүй болохыг мэджээ (залуу үүнд ер урам хугараагүй, харин ч эл ялихгүй согогоос болж хүүхэнд улам хүчтэй татагджээ). Одоо харин гийчнийгээ анхааралтай ажвал бүх шүд нь бүрэн, өөгүй цагаан болохыг мэдэж барьц алдав. Ахиад л хүүхний өнгөрсөн, одоо холдоод явчихсантай эвлэрч чадалгүй бушуухан л тэдгээрийг хүчээр ч болтугай нэгтгэхийн хүслэн болж өнөөх конъяк уух саналаа ахин тавилаа. Зочин нь эелдэг инээмсэглэж, хөмсгөө үл ялиг өргөн толгой сэгсрэн татгалзсаныг үл хэрэгсэн гэрийн эзэн халхавчны цаадах шүүгээнээс шил конъяк гаргаж түүнээсээ сэмхэн ганц том балгаад авав. Амнаас нь эвгүй үнэр ханхалж өөрийг нь барьж өгөхийг мэдээд мань эр хоёр шилэн хундага, шил конъяктайгаа барьсаар зочныхоо сууж буй ширээ лүү буцлаа. Эмэгтэй ахиад л толгой сэгсрэв. “Зүгээр бэлгэдлийн журмаар” гээд эрэгтэй хоёр хундагыг дүүргэв. Тэгээд зочинтойгоо тулгаад “Чиний тухай зөвхөн одоо цаг дээр ярихын төлөө” гээд хундагатайгаа нэг амьсгаагаар хөнтөрсөнд, гийчин нь уруул хүргэх төдий болоод эргүүлэн тавив. Чингээд гэрийн эзэн маань зочныхоо сууж буй сандлын түшлэг дээр хальт сандайлснаа гараас нь атгаад авлаа.

10

Танилынхаа гоонь эрийн сууцанд анх хөл тавихдаа эмэгтэй ийм ойр дотно харилцаа үүснэ чинээ санаагүйдээ бэлтгэлгүй байхад нь гэнэт ирсэн зочноо угтах мэт сандран мэгджээ. (Энэ бол цэл залуухан бүсгүй онхи бэлтгэлгүй эсвээс хараахан бэлэн биш байхдаа анх удаа үнсэлцэхдээ мэдэрдэг сандралтай төстэй, өтөл хөгшин, нялх хүүхэд хоёр төстэй болдог тэр л хачирхам зүй тогтлын дагуу сайх “онхи бэлтгэлгүй”, “хараахан бэлэн биш” гэх шинжүүд ч далдуур сэм холбогддогтой адил юм.) Гэрийн эзэн гийчнээ түшлэгтэй сандлаас нь буйдан руу аваачаад шунаглан тэвэрч, хувцасных нь гаднаас тэмтчин энхрийлэхэд хүүхний сулбагар бие гарынх нь аясыг дуулгавартайяа дагана (тийм ээ, эмэгтэй нэгэнтээ биеийг нь удирдан залдаг байсан тачаалаа, хамаг биеийг нь хөвчлөн чангалж, чичгэнэн тавируулдаг, хар зөнгөөрөө л автан гүйцэлдүүлдэг хэдэн арван тааварлашгүй үйлдлийнх нь эх болсон урин тачаалаа олон жилийн өмнө алдсанаас тийн сулбайжээ). Гэхдээ төдөлгүй сандран мэгдсэн нь эрэгтэйн халуу дүүгсэн тэврэлтэд хайлан урсаад одоо өнөөх залуу цагийн гоо үзэсгэлэн, итгэл төгс эмэгтэй хэдийн биш болсон ч тэр л цагийн дур тачаал нь даруй амилан сэргэв. Янагийн ажилд гаргуун эмэгтэйн итгэлтэй аяг төрх, нарийн мэдрэмж, эв дүй нь зугуухан эвлэж, дэндүү удаан мэдрээгүй дур тачаалын хурц амт хамаг биеийг нь эзэмдэв. Хэдхэн хормын өмнө занганд орсон мэт сэрэмжлэн атирч, идэвхгүй сулбайж байсан бие нь халуун янагаар, эв зүйгээр хариу барих нь үнэнхүү таатай. Эр хүний тэврэлтэд тийн хар зөнгөөр хариу өгөхдөө энэ бүхнийг зүгээр нэг хүсэл тачаал оволзсон төдий биш, өөрийнх нь сайн мэдэх, бүр өөрт нь баяр бах, эрч хүч төрүүлэгч нэгэн орон зай болохыг мэдэрч, олон жилийн өмнө хөөгдсөн эх нутгийнхаа (гоо сайхны өлгий нутаг!) хаан ширээнд эргэн залрах мэт болжээ.

Хүү нь харин төдий хол алсарчээ. Гэрийн эзэн анх гараас нь атгаад авахад эмэгтэйн оюун бодлын мухарт хүүгийнх нь төрх аюулын харанга дэлдэх мэт савчиж байснаа даруй арилан замхраад өөрийг нь энхрийлэн тэврэх эртэй цуг хоёулхнаа хоцорсон аж. Эрэгтэй уруулд нь уруулаа хүргэж, хэлээ амруу нь оруулах гэж уруулыг нь тэмтчин эхэлмэгц байдал гэнэт орвонгоороо эргэчихэв. Эмэгтэй гэнэт ухаан оржээ. Тэгээд шүдээ тас зуун (тааламжгүй харь бие яаж тагнайд нь хүрч, амыг нь дүүргэн чихэлдэхийг төсөөлөн байж) биеэ хөвчлөн эзэмдээд эрэгтэйг зөөлөн түлхсэнээ “Хэрэгүй ээ, гуйя, би хүсэхгүй байна” гэв.

Тийн эрэгтэйг яаж шавдуулсан ч хоёр бугуйнаас нь тас атгачихаад зөрүүдлэн эсэргүүцсээр байлаа. Бүр тэдний хувьд ингэж байх нас биш, янагийн ажил хийхэд дэндүү хөгшиднө, тэглээ гэхэд хэн хэнээсээ жигшиж, гонсойхоос хэтрэхгүй, хоёр биеийнхээ дотно дурсамжид залуу сайхнаараа үлдье хэмээн элдвээр учирлажээ (Ийм нөхцөлд үг дуугарах хэцүү байсан ч эрэгтэйг номхотгоё гэвэл гарцаагүй ятгах хэрэгтэй байлаа). Эмэгтэйн бие хөгширч, үзэмж гундсан ч одод хэдий бөхөж, гэрлээ хумсан ч гялалзан гэрэлтсэн өчүүхэн хэлтэрхий хаа нэгтээ нь үлддэгийг ухаарчээ. Хэдий өтөлж гундсан ч залуу нас нь эл эрийн дотор бүрэн бүтэн хадгалагдан үлджээ. “Чи өөр дотроо залуу насны минь хөшөө дурсгалыг мөнхөлсөн. Тиймээс битгий түүнийгээ сүйтгэ. Намайг ойлгоорой. Би тэгж чадахгүй.”

11

Өөрийг нь үзэсгэлэнтэй сайхан хэвээр байна, эцсийн бүлэгт юу ч өөрчлөгддөггүй, хүн ямагт хүн чигээрээ үлддэг гэх эрэгтэйн элдэв ятгалга мэхлэлт болохыг эмэгтэй сайтар ухаарч байв. Гэрийн эзэн ч хөгширч, галбир төрхөө алдсан эмэгтэйчүүдээс зориуд дөлөхдөө сүүлийн хэдэн жил нас залуу хүүхнүүдтэй учрах болсон, тиймдээ ч дандаа хоосон, мулгуу хүүхнүүдтэй таардаг байснаа гашуунаар ухаарчээ. Тиймээс одоо эл эмэгтэйтэй эдлэх ор хөнжлийн жаргал нь дур гутсанаар төгсөхийг, цаашлаад одоог төдийгүй дурсамжид нь үнэт эрдэнэ мэт гялалзах эмэгтэйн залуугийн сайхан дүр төрхийг шавхайд хутган бусниулахыг ч ойлгож байв.

Гэвч оюун ухаанаар мадаггүй ойлгосон бүхэн нь ганцхан зүйлд тэмүүлэх сохор тачаалын өмнө даанч хүчгүй аж: арван таван жилийн өмнө хүрч, халдаж чадаагүй хүүхэн нь гар сунгах зайд өмнө нь байна шүү дээ. Эцсийн бүлэгт тэр хүүхнийг гэрэлтэйд харж, одоогийнх нь бие хаа, царай төрхөөс өнгөрсөнд харах байтугай төсөөлж ч чадаагүй бүхнээ нөхөн гүйцэлдүүлж, загас наадуулахдаа яаж хөдөлж, дур тавихдаа ямар царайлдгийг харах боломж гарлаа.

Гэрийн эзэн гийчнийхээ мөрөөр тэвэрч нүд рүү нь ширтээд: “Эсэргүүцээд нэмэргүй” гэв.

12

Дэмий ч нэг эсэргүүцээгүйгээ мэдэх болохоор эмэгтэй толгой сэгсрэв. Хүүхнүүдийн биед эрчүүл хэрхэн ханддагийг тэр сайн мэднэ. Ямар ч халуун хайр, цогтой идеализм байлаа гээд эмэгтэй хүний биеийн өө согог, үзэмжгүй муухайг баллаж дийлэхгүйг мэднэ. Хэдий эмэгтэй залуу цагийн галбир төрхөө бараг алдаагүй, хувцастайгаа оворгүй харагдаж байгаа ч нүцгэлэх аваас үрчлээтсэн хүзүү, гэдсэн дээрх арван жилийн өмнөх мэс заслын том сорви, буурал үсээ ил гаргах ёстой болно. Толгойнхоо буурал үснээс ичсэн хэрэг биш биеийнх нь голд ургасан ичгүүрийн далд шошгоосоо сэтгэл зовж байв.

Хөгшин насныхаа галбир төрхийг ухаармагц хэдхэн хормын өмнөх ухаангүй байдлаасаа гэнэт сэргэж, өнөө өглөөний сэтгэлийн түгшүүр, шаналгаа нь тэртээ гудамжин дороос алгуурхан өгсөж ирээд өрөөг дүүргэж, шилэн хундага, түшлэгтэй сандал, ширээ, кофены хоосон аяган дээр гал авалцах мэт түргэн тархаж, тэр бүхний тэргүүн эгнээнд хүүгийнх нь өршөөлгүй царай тодрон харагдах шиг болов (өдий болтол энэ өрөөнд амьдралаасаа дээр гарсан мэт амар тайван байсан даа). Хүүгийнх нь царай харагдмагц эмэгтэйд ичгүүртэй оргиж, өөрийнхөө дотогш улам цааш зулбан зайлах мэт болов. Хүүгийнхээ зааж өгсөн замаар урам зоригтой, итгэл төгс инээмсэглэн алхаж байснаа гэнэт л нүүр буруулан зугтмаар болж, голж зугатсан (хэдхэн хором ч бай хамаагүй) өнөөх зам дээрээ ичгүүртэйгээр эргэн ирж, энэ л өөрт нь зориулсан хамгийн зөв зам гэдгийг хүлцэн эвлэрэхээс аргагүй болжээ. Доогтойхон жуумалзах хүүгийнхээ өмнө эмэгтэй жижгирэн жижгирсээр адаг сүүлд нь гэдэснийхээ өчүүхэн сорви болон хувирлаа.

Гэрийн эзэн мөрөөр нь тэвэрч “Эсэргүүцээд нэмэргүй” гэж давтсанд эмэгтэй хар зөнгөөрөө ахиад л толгой сэгсрэв. Тэр гэрийн эзнийг биш, үзэн ядах тусам өөрөө улам жижгирч, доромжлуулж буй дайсан-хүүгийнхээ царайд тодрох өөрийнхөө залуу бие цогцсыг харж байснаас тэр юм. Эмх замбараагүй бодлынх нь орооцолдон дунд булшны хугацаа сунгаагүйг мэдээд өөр лүү нь заналтай дөхөж ирсэн хүүгийнхээ улаан нүүр лүү нэг л мэдэхэд  “Хүү минь, хөгшин цогцос залуудаа зай тавьж өгдөг юм” гэчихэв.

13

Энэ бүхэн дур гутсанаар төгсөнө гэдэгт эрэгтэй ер эргэлзсэнгүй. Янагийн ажлын дараа хүүхэн лүү харахаас ч жийрхэнэ гэдгээ мэдэж байв. Гэвч хамгийн жигтэй нь энэ бүхэн түүнд онцын ялгаатай санагдсангүй. Харин ч эсрэгээр тэгж дур гутна гэхээс л хүүхнийг улам хүсэмжилж байв. Хүүхний биеийг тайлж унших гэсэн олон жилийн тэртээх биелээгүй хүсэл нь өдгөө тайлж уншсандаа гутах гэсэн адын хүслээр солигджээ.

Яагаад ийн хүсэх болов? Мань эр өөрөө ухаарсан ч бай үгүй ч бай, энэ бол түүний хувьд ховор боломж юм. Түүний хувьд зочин нь өөрийнх нь хүртэж чадаагүй бүхнийг, алдаж гээсэн бүхнийг, өөрийг нь халцарсан үстэй, даржин амьдралтай арчаагүй хөгшин болгож хувиргасан бүхнийг төлөөлж байлаа. Өөрөө үүнийг сайтар ухаарсан уу, эсвэл хар зөнгөөрөө таамагласан уу, мань эрд өөрийг нь байнга гоочилж байсан бүхний ач холбогдол, өнгө төрхийг (яг ийм өнгө төрх дутагдсанаас л амьдрал нь ийм гунигтай баргар болсон) үгүйсгэн гутаах боломж гарч буй нь энэ байв. Тэгвэл тэр бүхнийг хэнд ч хэрэггүй, устан мөхөх л дүр төрх, хий хоосон үнс буртаг төдий болохыг илчлэнэ. Тэгж өөрт байхгүй бүхнээс бахтай өш авч, гутаан доромжлох байв.

“Эсэргүүцээд нэмэргүй” гэж давтаад мань эр гийчнээ биедээ шахан тэврэв.

14

Эмэгтэйн нүдэнд хүүгийнх нь доогтой царай үзэгдсээр байсанд “Намайг түр зүгээр орхичих” гэж гуйж байгаад гэрийн эзний халуу дүүгэн бачимдуулах чанга тэврэлтээс арайхийн мултрав. Толгойд нь хөврөх бодлын урсгалаа таслалгүй чөлөөтэй тавьж, “Хөгшин цогцос залуудаа зай тавьж өгөх учиртай, хөшөө дурсгал гээч, дэргэдэх эрийнх нь бодолд 15 жил сүндэрлэсэн түүний залуу насны хөшөө дурсгал ч тэр, нөхрийнх нь булшны дурсгал ч тэр цөм сайхан юм биш, тийм ээ, хүү минь, хөшөө дурсгал гээч сайхан зүйл биш” гэж эмэгтэй дотроо хүүдээ хандан хэллээ. Хүүгийнх нь царай хувхай цайн “Ээж ээ, та яаж ингэж  хэлж чадаж байна” гэж хашхичихыг харахдаа эхийн бах тав нэг сайн ханажээ. Мэдээж эмэгтэй өөрийгөө хэзээ ч ийм зүйл хэлж зүрхлэхгүйг мэднэ, гэхдээ энэ мөч бүхний утгыг хувиргах хурц гэрэлд өрнөж байна шүү дээ.

Үхширмэл хөшөө дурсгалыг амьдралаасаа дээгүүр тавьж ирсэн учраа эмэгтэй ер ойлгосонгүй. Одоо бол залуу насныхаа хөшөө дурсгалыг хөгшин, үзэмжгүй биеэрээ баллаж чадахаа  ухаарч байлаа. Дэргэдэх эр нь ч ингэхийг царайчлан гуйж байна. Энэ эр өөрөөс нь нас залуу, татагдаж болмоор (бараг л),  нэг оронд оръё гэж өөрийг нь чангаах сүүлийн эр хүн, цаашлаад нэг оронд орж болох сүүлийн эр хүн ч байж магад, сүүлийн эл шалтгаан чухал байв. Эрэгтэй түүнтэй хавьтсандаа ой гутаж, залуу насных нь дурсгалыг сүйтгэлээ ч хамаагүй, сайх дурсгал энэ эрийн бодол дурсамжтай адил эмэгтэйгээс ангид гадна орших тул түүнд огт падлийгүй болжээ, ер нь өөрөөсөө гадуурх бүхэнд чухал утга оноохын хэрэг юун. “Ээж ээ, та ингэж болохгүй” гэж хүүгийнхээ муухай чарлахыг сонссон ч эмэгтэй ойшоосонгүй, харин доогтойхон инээмсэглэв.

Тэгээд “Чиний зөв, нээрээ эсэргүүцээд яах билээ” гээд эмэгтэй босож зогсон даашинзныхаа товчийг алгуурхан тайлж эхлэв. Орой болох яагаа ч үгүй тул өрөөнд тод гэрэлтэй байлаа.♦

ОРЧУУЛСАН: Ж.ТЭГШЗАЯА


"Тагтаа" хэвлэлийн газраас зохиолч Милан Кундерагийн хамгийн зартай бүтээл "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романыг орчуулагч Ж.Тэгшзаяагийн орчуулснаар албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ анх удаа хэвлэн гаргасан билээ.

Түр хүлээнэ үү...
Top