Нацүмэ Соосэки "Зүүдний арван шөнө" \2 дахь шөнө\ өгүүллэг
2015-07-27 Ж.Тэгшзаяа 361

Тагтаа Паблишинг японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд болох "Арван зүүдний шөнө" зохиолыг орчуулагч О.Жаргалсайханы орчуулгаар, өөрийнх нь зөвшөөрлийн дагуу цувралаар хүргэж байгаа билээ юм. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийн хоёр дахь шөнийг ийн толилуулж байна.


ХОЁР ДАХЬ ШӨНӨ

Ийм зүүд зүүдлэвэй.

Багштаны өргөөнөөс гараад хонгил дамжин өрөөндөө очвол дэн унтарсан байлаа. Олбого дээр өрөөсөн хөлөө бохирч суугаад голыг нь оролдон босготол дэнгийн голны башир цэцэг шиг толгой улбар өнгөт тавиур дээр под хийтэл унаваа. Чингэтэл өрөөнд маань цэлсхийтэл гэгээ ч гарлаа. Ханан дахь маажин зураг Бүсоных (Ёоса Бүсон, 1713-1786 онд амьдарч байсан, Эдогийн үеийн найрагч, зураач, орч ) ажээ. Хар уд модыг өтгөрүүлэн шингэрүүлэн байж, ойртууланхан холдууланхан таталгаж, наана нь зэвхий даасан загасчин эр шүхэрээ таширдуухан бариад далан даваад явж буй ажээ.

Тахилын хэсэгт Мандшир бурхны үүл хөлөглөн далай гаталж буй хуйлмал зураг өлгөөстэй үзэгдэнэ. Асаагаад орхисон хүж юу харанхуйн дунд атал одоо хүртэл үнэртсээр байх авай. Уужим том сүм тул эл хуль оргиж, хүний бараа үгүй. Хар бараан таазанд тусах бөөрөнхий дэнлүүний тусгал дээшлэх тусам амьтай юм шиг харагдана.

Өвдгөө ёрдойлгосон хэвээрээ солгой гараараа олбогоо сөхөж , баруун гараа шургуулж үзвэл өнөөх маань санасанаар яг л байж байлаа. Байсан болохоор сэтгэл амарч, олбогоо хуучин янзаар нь засаад дээр нь лаг хийтэл суулаа.

“Чи чинь самүрай шүү байх аа. Самүрай хүн гэгээрэхгүй байж болохгүй биздээ” гэж Багштан хэлсэн билээ. “ Өдий болтол ер ухаарч сэнхэрсэн юм харагдахгүй байхыг бодоход чи самүрай биш л байна даа. Хүн хог юм биз дээ”. Тэгснээ “битгий уурлаад бай ха ха” хэмээн инээж байх юм. “ Тэгтлээ бухимдаад байгаа юм бол гэгээрлийн тэмдэг үзүүлж байж нааш зүглээрэй дээ”. Ингэж хэлээд ихэд дурамжхан цааш эргэв. Тун таагүй.

Хажуугийн уужим зайнд тавиастай цагийн зүү дараагийн цаг заах хүртэл би заавал сэнхэрч үзүүлнэ дээ. Тэгээд өнөө үдэш дахиад дагсал хаяна. Багштаны гялаан толгойг тэр гэгээрэлээр солио хийх юм хуна. Тэгэхгүй бол түүний амийг яахан авч чадах билээ. Тийм болохоор сэнхрэхээс өөр аргагүй. Би чинь самүрай шүү дээ. Хэрвээ тэгэж чадахгүй бол өөрийгөө егүүтгэнээ. Самүрай хүн хүний элэг доог болж амьдрах ёсгүй. Сайхан үхдэг шүү дээ.

Ийн бодож байх зуур миний гар өөрийн эрхгүй олбогны доогуур гулсан орлоо. Улаан хуйтай сэлмээ суга татан гаргаж ирлээ. Сэлэмний ишнээс атган хуйг нөгөө тийш тавихад хүйтэн илд нэгэнтээ харанхуй өрөөнд туяа татуулвай. Сүрхий эд гар доороос минь сүр сархийн зугатааж одох шиг санагдав. Тэгээд яах ийхийн зуурт сэлэмний үзүүрт хураагдан егүүтгэх сэтгэл нэгэн доор дүүрч байна. Би энэхүү хурц илд аргагүйн эрхэнд зүүний толгой шиг авчиж, богино сэлэмний үзүүрт ирээд шөвийж байхыг хараад гэнэт дүрмээр санагдлаа. Бүхий биеийн минь цус баруун гарын шуу руу юүлэгдэн атгаж буй бариул нялцганана. Уруул ам минь шазав татав хийж байна. Сэлмээ хуй руу нь дүрээд баруун сугандаа хавчуулан завиллаа.

“Хоосон чанарын үүд” сударт номлоод байгаа хоосон чанар. Хоосон чанар гэж юу юм бэ. “Өмхий хуврагыг даа” гээд шүдээ хавирлаа. Агт араагаа хүчтэй хавирсан болохоор хамраас халуун амьсгал дүүгэнэ. Түүшин задрах нь ээ. Нүд минь жирийнээс дахин том болж дүрлийлээ.

Өлгөөстэй тангаргын бичиг харагдаж байна. Дэнлүү, сүрлэн дэвсгэр ч үзэгдэнэ. Багштаны гялаан толгой ив илхэн. Даравгар амаа дарвайлган хоржоонтой инээх нь хүртэл сонсдоно. Сэжгийн хуврага бол доо. Ямар ч байсан энэ гялаан толгойг цааш харуулахгүй бол болохгүй. Сэнхрээд өгье. Хоосон чанар. Хоосон чанар гэж хөмхий зуулаа. Хоосон гэх атал яах аргагүй хүж үнэртээд байна даа. Юү вэ хүж хүртэл. Би гэнэт гараа атган толгой руугаа больёо гэтэл шааж гарлаа. Агт араагаа чахартал хавирав. Хоёр суга минь хөлөрчээ. Нуруу минь мод шиг хөшиж. Өвдөгний нүдээр хатгуулж байна. Хугарна гэж баймааргүй юм. Гэсэн ч өвдсөөр. Хэцүү байна. Хоосон гээч юм тийм амар ирэхгүй байлаа. Ирлээ дээ гэж бодохоор л өвдөөд байх юм. Уур минь хүрчээ. Уйтай юм, цөхөрч байна. Нулимс минь бөмбөрнө. Зориглоод биеэ том хаданд савж, яс махаа тасар татан хаямаар болж ирэв. Тэгсэн ч шүдээ зуун тэсч хөдөлгөөнгүй сууж л байлаа. Тэвчихийн аргагүй өр өвтгөм зүйл цээжин дотроо чихээд тэвчээд сууж байна. Тэрхүү өр өвтгөсөн зүйл бүх биеийн минь булчин шөрмөсийг доороос нь дээш нь шар үсний нүхээр үлээж гаргах гээд шарж түлэхийн зэрэгцээ аль ч талаар хашиж, гарах гарцгүй мэт болгон харгисын туйлд хүрсэн мэт байдалтай байх юм. Тэр хооронд тархи толгой минь ч хачин болж ирлээ. Дэнлүү ч Бүсоны зураг ч сүрлэн дэвсгэр ч зөрүү тавиур ч байгаа атал байхгүй мэт, байхгүй авч байгаа юм шиг болж ирлээ.Тийн атал мөнөөх хоосон аанай л бараа сураггүй. Зүгээр л дуртайдаа сууж байгаа мэт бүлгээ. Тэгтэл гэнэт хажуугаас цаг жингэнэн дуугарч эхэлвэй. Аанхаан гэж бодогдож байна. Баруун гараараа шууд л сэлмээ чанга атгав. Цаг хоёр дахь удаагаа жингэнэжээ.

ОРЧУУЛСАН: О.ЖАРГАЛСАЙХАН

Түр хүлээнэ үү...
Top