"TAGTAA" ШАГНАЛТАНУУД 5 АСУУЛТАНД: Б.БАЙГАЛ
2020-06-10 927

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ.  2020 оны "Тагтаа" утга зохиолын эздээс 5 асуултан товч хариулт авлаа. Өгүүллэгийн төрөлд тэргүүлсэн Б.Байгал

Баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу, намайг Баярцогтын Байгал гэдэг. Одоо 25 настай. Тагтаа Prize уралдаанд ялна гэж огт санаагүй ээ. Үнэндээ шилдэг 7-д шалгарлаа гэж утсаар ярихад нь гайхах баярлах зэрэгцээд тэрүүхэн тэндээ сэтгэл ханасан. Миний бүтээлийг ийм өндрөөр үнэлсэн та бүхэнд маш их баярлалаа.

Таны амьдралын нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

Миний нэг өдөр өглөө 7-оос эхэлдэг. Ойрд ачаалал ихтэй, өглөөнөөс үдэш хүртэл ажиллаж байгаа учир ном ч унших зав гарахгүй л байна. Өнөөдрийг л давчихвал маргаашын наран илүү гэрэлтэйгээр мандана гэсэн итгэл найдвараар өдрийг өнгөрүүлдэг. Бичих туурвих хүсэл төрвөөс ихэнхдээ шөнөөр хэдэн хуудас бичиж хорхойгоо дардаг даа.

Уран зохиол сонирхох, бичиж туурвихад нөлөөлсөн анхны хүчин зүйл таны хувьд юу байсан гэж боддог вэ?  

Би сургуульд орохоосоо өмнө уншиж бичиж сурсан. Эмээ минь надад үлгэр уншиж өгч, үсэг зааж, шүлэг цээжлүүлдэгсэн. Бичиж туурвихыг хүсэж эхлэхээсээ ч өмнө бичиж туурвидаг байсан ч байж мэднэ. Бага ангиасаа л шүлэг бичдэг, тэрийг маань ч ангийнхан, багш нар бүгд мэддэг байсан. Яагаад ч юм энэ чиглэлээр явна гэж бодож төлөвлөөгүй, одоо ч шал өөр зүйл хийдэг. Гэвч уран зохиолоос ангид амьдарсан нэг хоног ч байгаагүй гэхэд болно. Үргэлж л миний нэг хэсэг байсаар ирсэн.

Цаашдын төлөвлөгөө?  

Тагтаа уралдаанд ирүүлсэн өгүүллэг бол миний өсвөр насандаа бичиж байгаад орхисон зохиолын минь эхний бүлэг юм. Тухайн үед юу мэдэрч, юу хэлэхийг хүсч байгаагаа цаасан дээр буулгасан боловч 20 гарсан хойноо нэмэн засварлаад унштал зохиол маань миний тухай байхаа аль хэдийнээ больж. Яаж ч зовсон амь наснаасаа уйдаж бууж өгч болохгүй тухай нэгэн охины 2 удаагийн амьдралаар дамжуулж өгүүлэх энэ түүх маань олон хүүхэд залууст урам өгч, дээш мацахад нь дэм болж, юунд ч мохож шантрахааргүй бие хүн болоход нь туслаасай гэж хүссэний үндсэн дээр хэвлүүлэхээр шийдсэн байгаа. Одоогоор цаг зав хомс байгаа ч ойрын зорилго маань л энэ.

Унших дуртай зохиолч, зохиол?

 Би багадаа Мишима Юкиогийн Алтан асрын сүм хэмээх номыг дэлгэн уншаад насандаа анх удаа чухам юуны төлөө амьдарч байгаагаа эргэцүүлэн бодсон. Түүнээс хойш жилдээ дор хаяж нэг уншиж сийрүүлсэн ч бүрэн ойлгож, бүрэн мэдэрч хараахан чадаагүй л юм шиг санагддаг. Зохиолч нь өөрөө утга учрын эрэл хайгуулч, зорилго тэмүүллийн боол байсан бөгөөд зохиол бүтээлүүд нь бүгд аливаад асуулт тавьж, хөрсийг нь сэндийчиж, уншигчдыг аль хэдийнээ гүн шигдсэн үзэл бодлынх нь намаг балчигаас суга суга татан гаргаад сэгсчиж сэрээдэг тул одоог хүртэл миний дуртай зохиол, дуртай зохиолч хэвээр байгаа.

Түр хүлээнэ үү...
Top