Петер Хандке: Миний бичиж байх үеийнхээс илүү нам гүм гэж хаа ч үгүй
2020-01-22 1819

Улирсан онд Утга зохиолд Нобелийн шагнал хүртсэн Австрийн зохиолч, яруу найрагч, орчуулагч, кино найруулагч Петер Хандкегийн Нобелийн хороонд өгсөн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. Шагнал хүртэх тухай нь 2019 оны аравдугаар сарын 10-нд нийтэд зарласны дараахан Нобелийн хэвлэл мэдээллийн салбарын Эрдэм шинжилгээний ахлах Адам Смит түүнтэй утсаар холбогдон ярилцлага авсан байдаг. Хандке өөрийн бичих туурвих үйл хэргийнхээ тухай болон баярт мэдээ сонсоод төрсөн сэтгэгдлээ энгийн нэгэн найзтайгаа хөөрөлдөж байгаа мэтээр  л ярьсан байх юм. Нобель хүртэх болсноо дуулчихаад илэрхийлэхийн аргагүй эрх чөлөөний мэдрэмж авсан, өөрт нь метаморфосис (хувирал)арга зам илүүтэй хэрэгтэй байгааг, түүнийгээ бичиж байх явцдаа л мэдэрдэг таашаалаас олж хүртэх юм байна гэдгийг ухаарсан хэмээн хуучилжээ.

Түүнийг хүмүүний амьдралын зовлон, жаргалын цаахнатаа орших мөн чанарыг  уран сайхан хийгээд илт оновчит хүүрнэдэг хэмээн үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон юм.

Петер Хандке: Байна уу?

Адам Смит: Сайн байна уу. Намайг Адам Смит гэдэг. “Нобелийн шагнал” цахим хуудаснаас холбогдож байна. Таныг надтай хэдхэн хором ярилцвал гүнээ талархах байна?

ПХ: Яг одоо бол би үнэхээр ихтуйлдчихсан байна л даа. Илэрхийлж чадахааргүй л байна.

А С: Таныг гэрийнхээ үүдэнд сэтгүүлчидтэй ярилцаж байхыг сонссонюм л даа. Та энэ шагналыг эрх чөлөөний мэдрэмж өгч байна гэж байсан?

ПХ: Тийм ээ, тийм. Тэгсэн.

А С: Та үүнийгээ тайлбарлаад өгөхгүй юү?

ПХ: Би тайлбарлаж чадахгүйнээ. Энэ бол миний өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй тийм л эрх чөлөөний мэдрэмж.

А С: Их сонирхолтой санагдаж байна шүү?

ПХ: Тийм ээ, гэхдээ би үүнийгээ илэрхийлж чадахгүй байна л даа. Хачин байгаа биз. Ямартай ч энэ бол миний мэдэх тэр эрх чөлөөний биш харин шал өөр газраас, гаднаас ирж буй эрх чөлөөний мэдрэмж. Нарийн хэлж мэдэхгүй юм. Яг үнэндээ эрх чөлөө гэдэг чинь хийсвэр зүйл шүү дээ.

А С: Энэ нөлөөлөл удаан хугацаанд үргэлжилбэл хөл алдуулж ч мэдэхээр  сонсогдож байна?

ПХ: Тийм ээ, таны зөв. Яг тэгнэ.

А С: Нобелийн хорооныхон хурлын үеэр дурдсан эшлэлдээ таныг амьдрахуйн чанад дахь үнэт зүйлийг нээж илрүүлдэг гэсэн байсан. Тэнд л таны мөн чанар оршдог юм аа даа, тийм үү?

ПХ: Бүх зүйл сөнөж үгүй болохын тулд бүтээгддэг. Энэ бол ертөнцийн жам. Би өөрийгөө ертөнцийн энэ л хуулийг олж хардаг юм болов уу гэж боддог. Ийм ч байсаар ирсэн. Гэхдээ өдий насан дээр ирсэн хойноо харж байхнээ, хувирал өөрчлөлтийг өөртөө хүлээн зөвшөөрөх ёстой гэж мэдрээд байгаа. Бусад бүх зохиолчдын амьдралын замналтай адил, хийж туурвидагтай адил. Орчлонгийн мөн чанарын тухай тогтсон үзэл гэж юм ер нь байгаагүй л дээ. Үүнийг өөр дээрээ мэдэрч байгаа минь л энэ. Тэгээд үүнийгээ хүмүүст хэлж, ойлгуулахыг хүссэн юм.

А С: Амьдралын тухай ерөнхий тогтсон үзлийг дээрх ойлголттой ижил тэнцүүхэн авч үзэж байж л амьдрал амьдрал болдог юм байна даа гэж би тунгааж сууна?

ПХ: Тийм шүү. Энэ бол миний мөн чанар. Заримдаа би нийтлэг, энгийн замаар амьдардаг л даа. Яг л бусад шиг. Гэхдээ би... би... мэдэхгүй юм. Би өөрийгөө сайн тодорхойлж чадахгүй байна. Би өөрийнхөө ажлыг ч тайлбарлаж чадахааргүй болтлоо тэгтлээ их баярласан байна шүү дээ.

А С: Тэглээ ч гэсэн энэ талаар хүмүүс цаг үргэлж асууж шалгаасаар л байх болов уу?
ПХ: Харин тийм ээ. Би тэгэх л байх гэж айж байна.

А С: Та маш үр бүтээлтэй ажилладаг, олон ч төрлөөр бичдэг. Туурвих ажлаасаа үнэхээр их таашаал авдаг гэдэг нь илтэд анзаарагддаг. Энэ бүхний хамгийн сайхан нь юундаа байдаг юм бэ. Таныг ийм их зүйл бичихэд хөшүүрэг болдог зүйл юу вэ?

ПХ: Мөрөөдөх... Би бичиж эхлэхийнхээ өмнө ном, аялал, хайгуулын талаар мөрөөддөг. Зарим өдрийн төгсгөлд миний өдөржин бичсэн зүйлс над руу яг л хачин жигтэй далайн түрлэг шиг эргэж ирдэг. Энэ бол хамгийн сайхан мэдрэмж. Аз жаргалын давалгаа л гэсэн үг. Гэхдээ заримдаа шүү, үргэлж биш.

А С: Таны эрэлхийлдэг зүйл энэ гэж үү?

ПХ: Тийм ээ. Гэхдээ чи өөрийгөө яг л тийм байх ёстой гэж бодоод тэрүүгээрээ байж чадахгүй шүү дээ. Заримдаа чиний хийсэн тэр зүйл чинь яг л ингэж хийгдэх байсан юм шиг санагдана. Тухайн зүйлийг хийх явцдаа биш, хийснийхээ дараа шударга зүйл байжээ гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрдөг шиг л.

А С: Ийм мэдрэмж авахад аль зохиол чинь хамгийн их нөлөөлснийг нэрлэж чадах уу?

ПХ: Өө... Чадахгүй юм байна. Заримдаа сул санагдах үе ч байна, заримдаа бүр өөрийнхөө зохиолуудыг уншдаг ч үгүй. Шинэ хэвлэлт гарахад нээж харах тохиолдол бий. Тэр үедээ би зохиолчийн энэ амьдрал тийм ч найдваргүй, тийм ч муу амьдрал биш байжээ гэдгийг мэдэрдэг дээ.

А С: Зохиолчийн энэ амьдралынхаа өнгөрсөн хугацаа руу өнгийж хардаг л байлгүй?

ПХ: Үгүй дээ. Би өөрийнхөө бичсэн ихэнх бичвэрийг мартсан. Заримдаа уншигчид номнуудаас минь ярьж өгөхөд би ихэнхийг нь санадаггүй. Тэднийг эшлэл хэлээд эхлэхэд би бүр мэлэрч орхидог гээч. Тэгээд би тэдэнд энэ ч тоглоом биш шүү. Би энэ бүгдийг бичсэн гэдгээ үнэхээр санахгүй байна гэж хэлдэг юм. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, би бичиж байхдаа өөр нөхцөл байдалд, өөр утгуудыг илэрхийлдэг. Гэхдээ тархи маань сэргэг бас чимээгүй төлөвт байдаг. Миний бичиж байх үеийнхээс илүү нам гүм гэж хаа ч байхгүй. Бичих үедээ би асуудалтай тулгарсан ч тэдгээр асуудлуудыг хайрлаж байдаг.  Тэгээд илүү чимээгүй, бүр улам аниргүй болдог юм. Яг л амьдралын цаг хугацаанаас гадна оршиж байгаа мэт [инээв]. Намайг уучлаарай.

А С: Зохиол хэрхэн бүтдэг үйл явцыг чинь сонсох маш сонирхолтой байлаа. Ярилцсанд үнэхээр их баярлалаа.

ПХ: Үдшийг сайхан өнгөрүүлээрэй, Адам.

А С: Маш их баярлалаа. Тантай ярилцахад таатай байлаа.

ПХ: Баяртай.

А С: Баярлалаа.

Орчин цагийн хамгийн алдартай немц хэлт зохиолч Петер Хандке нь 1942 оны 12 дугаар сарын 6-нд Австрийн өмнөд хэсэгт байрлах Кернтен мужийн Гриффен хотод мэндэлжээ. Ээж нь Слованийн цөөнх ястан, харин аав нь герман гаралтай цэрэг хүн байсан ч аавтайгаа бүр хожим, томорсон хойноо уулзсан гэдэг. Дүү нар болон ээжтэйгээ хойд эцэг Бруно Хандкегийн хамт хүүхэд насаа өнгөрөөжээ. Багаасаа уран зохиолд хайртай байсан Хандке анхны бичвэрээ 12 настайдаа буюу хөвгүүдийн католик сургуульд сурч байх үедээ сургуулийнхаа сонинд нийтлүүлж байж.  1961 онд Грац хотын Хуулийн сургуульд элсэж орсон ч 1966 онд “Балч зөгийнүүд” нэртэй анхны номоо бичсэнээс хойш цааш суралцаагүй  байна. 1971 онд ээж нь амиа егүүтгэхэд “Мөрөөдлөөс ангид уй гашуу: Амьдралын түүх” нэртэй романаа бичиж байсан гунигт түүх түүнийх.

Өдгөө 77 насыг зооглож буй Петер Хандкеджүжиг, роман, кино зохиол гээд 100 орчим бүтээл байдгаас“Балч зөгийнүүд”, “Давталт”, “Мөрөөдлөөс ангид уй гашуу: Амьдралын түүх”,“Моравын шөнө” тэргүүт романууд болон “Солгой гартай эмэгтэй”, “Хүслийн жигүүр”зэрэг уран сайхны кинонууд нь дэлхий дахинаа танигдсан бөгөөд жүжгийн төрлөөр шинэлэг перформэнс үзүүлснээрээ алдаршсан. Түүгээр ч зогсохгүй утга зохиол, дэлгэц болон театрын урлагийн олон олон шагнал хүртжээ.Өдөр тутмын амьдралд мөрдөх ёстой болдог журам дүрмүүднь хүмүүсийг эргээд ямар хүнд байдалд оруулж тухгүйтүүлдэг, бүр цаашлаад энэ нь цөхрөл, гуниг болдгийг энгийн хэл найруулгаар бичдэгээрээ онцлогтой зохиолч. Сонирхуулахад, Петер Хандкегийн тухай баримтат кино 2016 онд гарч байжээ.

Орчуулсан: А. Мөнхзул

Түр хүлээнэ үү...
Top