ТЭГЭЭД БҮХ ЮМ...
2021-12-07 Номын шүүмж 950

ТЭГЭЭД БҮХ ЮМ...

/Б.Алтанхуягийн сэтгүүл зүйн эсээ бичвэрүүдийн шинжлэл /

   НЭГ ЮМ. Хэдий баримтат бичлэг ч зохиогчийн араншин, үзэл бодол, ажиглалт,  сэтгэлийн өчил үгүй бол нэг л хөндий хуурай болдог. Чухамдаа гаднах бие бүтэц нь бүрэлдсэн ч дотоод орон зай нь хоосон, бүрэн дүүрэн биш эм тангаар бол орц найрлага нь дутуу анагаах аврах увдисгүй мэт санагддаг. Тийм” тоочимж” голдуу мэдээлэл бүхий зүйлсийг бид өдөр тутам шахуу уншиж байдаг.  Уншаад удалгүй мартаж, эргээд санаж сэрэхээргүйгээр “эцсийн замд” нь  үдэж байдаг. “Хагацъя даа” гэж хэлж салаад араас нь огт харамсдаггүй хүнтэй адил. Шалтгаан нь тэдгээр бичлэгүүд сэтгэлд хүрэх, сэтгэлд үлдэх ямар нэгэн гоц сайхан зүйлгүй зүгээр л шахалт, албадлага, ажил үүргийн эрхэнд бичих аядсан учраас тэр. Харин Б.Алтанхуягийн сэтгүүл зүйн эсээ бичвэрүүд тийм биш ажээ. Дурсамж нь нандин, сэтгэгдлүүд ил цагаахан,  ажиглалтууд нь дотно энхрий, хэл нь баялаг, зүйрлэл нь содон байна. Учир нь хамаг л хайртай бүхнээ тэр хамгаас илүү дээдэлдэг сэтгэлээр бичсэн учраас бүхий л эсээнүүдийнх нь дотор үгээр зурсан уран зураг шиг хэсгүүд өөрийн эрхгүй өр зүрхэнд зураглан бууна.  Аавынхаа гэгээн дурсгалд зориулсан” Дуудаад ирэхгүй алсад” эсээний “ Хавар болохоор Уртын гол эргээ халин үерлэж, гурван Баяны хоолойг алсын уулын оройгоос харвал том мөнгөлөг халимны нуруун дээгүүр адуу мал бэлчээрлэн яваа шиг үзэгдэнэ”  гэсэн үгүүлбэр л гэхэд баримтуудыг зөөллөж, басхүү эгшиглүүлж бичихийг эрмэлздэг нь Б.Алтанхуягийн одоогийн эзэмшсэн ур чадварын ердийн жишээ бололтой. Алсдаа мэдээж түүний ур чадвар өсөх нь тодорхой. Яагаад гэвэл НЭГ ЮМ түүнд байдаг.

    БАС НЭГ ЮМ. Цахилгаан цэнэгийн гүйдэл шиг эерэг, сөрөг орон үүсэж байж ч сэтгүүлзүйн баримтат бичвэрүүд уншууртай, гойд уран сайхантай болдог. Энэхүү үндсэн зарчим, тогтсон таалал гэмээр ойлголтыг Б.Алтанхуягийн эсээ бичлэгийн төрөлд бүрэн хамаарах сэтгүүл зүйн бүтээлүүдээс мэдэрнэ. Товчхондоо түүний эсээнүүд баримтын хажуугаар дэндүү эгэл нандин гэмээр  сэтгэлийн шугам татаж, тэр нь үйл явдлын цуваа цагийн үргэлжлэх хурд хугацаанд биднийг огт өөр энергийн хэлхээнд аваачдаг онцлогтой. Хайрлах хэмээх онцгой мэдрэмж. Үзэн ядах  онцгүй мэдрэмж. Тэр хоёрын дундаас хүний чанар танигдана. Алсын алсад уртаас урт үргэлжлэх өөрт оногдсон ийм замаар тэр явж, ухаарч бичиж, уйлж дуулж, уншиж таньж, ухарч урагшилж яваа ажээ. Хүний үзэж туулах ёстой хүрдэн тойрог шиг амьдралын жирийн нэг явдлаас ”Сэтгэл бүлээцүүлэх нэг зүйл” эсээгээ бичжээ. Жаалхан хүү эгчийгээ тоглоомноос болж түлхэж орхижээ. Хэчнээн айж сандарсан ч тэр инээмсэглэжээ. Сонин инээмсэглэл. Харин хожим ”Тэгээд би хүмүүсийг биш өөрийгөө түлхэх болсон юм. Оюун бодол минь аажмаар өсч томрох тусам ном гэдэг зүйл хүү өөрийгөө удаанаар түлхэв” гэж бичсэн нь бүр сонин. Эгчийгээ түлхэж, бэртээсэн хүүхэд насны хэрэг гол агуулга мэт санагдах эсээ хүүрнэлийг тэр ганцхан өгүүлбэрээр эргүүлж орхисон байна.  Эргүүлж орхисноос гадна өөрийгөө бас илчилжээ. “ Тэгээд би хүмүүсийг биш өөрийгөө түлхэх болсон юм” гэдгээс эхлээд “ном гэдэг зүйл рүү өөрийгөө удаанаар түлхэв” хүртэл Б.Алтанхуягийн хайрлууштай чанар, үгийн урлагийн олон төрлөөр бичих чадвар бүрэлдэн тогтож эхэлсэн байна. Дээрх эсээ “баримт”-аас харвал асар их уншиж судалж, улмаар өөрийгөө өөрөөсөө түлхсээр тэр Алтанхуягийг бүтээжээ. Бүтээсээр ч явна.  Үнэндээ би эхлээд яруу найрагч Б.Алтанхуягийг мэддэг байлаа. Дараахан нь богино үгүүллэг бичигч, хүүрнэл зохиолч, удалгүй утга зохиол судлаач, одоо сэтгүүлч-эсээч.  Өнөө цагийн утга зохиолын залуусаас би ийм олон төрлөөр бичиж, зүтгэж, бүтээж  яваа түүнээс өөр нэг ч “толгой” олж харсангүй. Ямар их хөдөлмөрч юм бэ? гэдэг тэнэг дүгнэлт тодорхойлолтод би дургүй. Хөдөлмөр нь хөдөлмөр л биз. Гэхдээ гол нь ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх, өөрийгөө мэдрэх мэдрэмж, хүчтэй хүсэл мөрөөдөл, түүнд төрөлхөөс заяасан БАС НЭГ ЮМ.

ӨӨР НЭГ ЮМ. Сэтгүүл зүйн түүх “Аян замын тэмдэглэл”-ээс эхэлсэн гэх нь бий. XIII зууны хятадын цэргийн эрхтэн” Монгол-татарын бүрэн тэмдэглэл” зохиолыг бичсэн энэ төрлийн анхны бүтээл ч гэдэг. Зохиогч аялан явах замдаа үзэж харсан бүхнээ үйл явдлын үргэлжлэн хөврөх цаг хугацаанд ар араас нь залгамжлуулан бичдэг онцлог төрөл хэмээдэг. Ер нь аян замын тэмдэглэл бичээгүй зохиолч сэтгүүлч олоход бэрх тийм л түгээмэл бичлэг. Манайд л гэхэд Б.Ренчин, Л.Түдэв нараас эхлээд  үе үеийн сэтгүүлчдийн бичиж туурвисан аян замын тэмдэглэлийн чамгүй өвтэй. Сайн ч бүтээлүүд олон. Нийтлэг шинж нь аль болохуйц нэмэлт мэдээллээр баяжуулж, чөлөөт зохиомжийг ашигласан байдаг. Харин Б.Алтанхуягийн “аян замын тэмдэглэл” гэж тодорхойлсон бичвэрүүд нь бичлэгийн хувьд ялимгүй өөр. Шууд онолын хувьд “Аян замын тэмдэглэл мөн байна” хэмээн онооход бэрх, орчин цагийн сэтгүүлзүйн шинэ хандлага “холимог” бүтцийг хадгалсан, сурвалжлага, ярилцлага, эсээ нийтлэлийн хэв шинжийг агуулсан байна. Зарим талаараа “Аян замын найруулал” гэж тодорхойлж болно. Зохиогч өөрөө хөтлөгч үүрэгтэй, онцлох өгүүлэмжүүд нь адал явдлын шинжийг хадгалсан, уянгын зураглал ихтэй. “Говь хэмээх алтан шаргал далайн дунд хүрэн улаан зогдортоо нар мандуулсан атан тэмээнүүд алхаж, хурдлан давхихдаа ч хумбан туураараа харгана, бударганаа энхрийлдэг болов уу гэмээр хулангийн сүрэг хуйларч, асга хаднаа аргалт янгир сүлжин, харуулын цэрэг морин дээрээ зураг мэт зогсох нь нүдэнд төсөлөгдөнө” зэргээр найруулалд илүүтэй хамаарах зурвас оруулбар зураглал бүхий хэсгүүдээс бүтжээ. Эдгээр  найрууллын дотор үйлийг тодотгох үүднээс бяцхан ярилцлага зэргийг шигтгэж өгсөн нь дээрх бичлэгүүдийг өвөрмөц  тал, сэтгүүлзүйн цогц ажил болсон байна. Мөн “Би үнэндээ үүлэнд  умбасан өндөр уулсыг тахтай морины туур эмтэртэл чулуу бутлан туулж үзээгүй тал нутгийн хүүхэд. Саран туулж үл чадаад хээр хонодог элчилгүй уудам талын сууринд торниж өссөн билээ. Тиймдээ ч уулс надад шинэхэн, сонихон олон нууцыг дэлгэж, бие ороосон манангаа хөөж түүх хүүрнэх юм шиг санагдана”гэж сэтгүүл зүйн нийтэл-уран сайхны төрлийн уламжлалт хэл найруулгын өнгө төрхийг илэрхийлэх цогцолборууд цөөнгүй байна.   Энэ бүхэн нь  Б.Алтанхуягийн аяллын бичвэрүүд аян замын найруулалд хамаарах  болохыг илтгэхээс гадна  түүний хэл найруулгын  онцлог, уран сэтгэмжийг харуулах ӨӨР НЭГ ЮМ түүнд буйг давхар нотолно. 

ӨӨР БАС НЭГ ЮМ.  Баруун хязгаар, Зүүн тайга, шинэхэн танилууд, тэдний амьдрал ахуй, бидний мэдэх ба мэдэхгүй зүйлс, цагаан цайлган сэтгэл, халуун дотно элгэмсэг зан харилцаа, эртнээс нүүдэлчдийн зан суртахуунд гүн бат шингэсэн зочломтгой найрсаг хүмүүс Б.Алтанхуягийн сэтгүүлзүйн эсээ бичвэрийн баатрууд. Хүний сайн, сэтгэлийн дээдийг хайсан учраас  аялан явах аян замын туршид түүнийг тийм эгэл сайхан, сайн  хүмүүс хүрээлжээ. Жирийн өдөр тутмын яриа хөөрөө, домог хууч, инээд хөөр, баяр гунигийн дундуур АМЬДРАЛ АЯН ЗАМ гэдгийг ухаарч сэтгүүлчдийн хэлэлцдгээр” сууж биш явж” бичжээ.  Амьдралыг таних, хүмүүсийг нээх гэж тэр хүсчээ. Итгэл үнэмшлийг нь ойлгож, итгэж үнэмших гэж хүсчээ. Түүнээс биш үзсэн харсан бүхнээ өмнө хойно нь  оруулаад зарим “аян замын тэмдэглэл” шиг залган тоочихыг хүссэнгүй. Тиймээс л зүс царай, бие хаа төдий  биш зүрх сэтгэл, эмзэглэл догдолтой дүрүүдийг бидэнд танилцуулна. “Иргэншсэн хотоос умардын нүүдэлчид хүртэл” цуврал тэмдэглэлд   “Д.Гомбо гуай нэг удаа 600 гаруй зэрлэг цаа харсан гэв. Газар доргилох мэт их чимээ гарч, олон цаа буга уулын хүрхрээ шиг гэнэтхэн л нөмрөөд иржээ. Азаар жаахан хол байсан болохоор олон зэрлэг цааны хөлд үрэгдчихэлгүй өнгөрснөө дурсав. Тиймээс өдгөө ч Тувагийн сүрлэг нурууд, Өртөн хярхын уулс хяраар зэрлэг цаа бугын сүрэг бий гэдэгт өвгөн бат нот итгэнэ” зэргээр  жирийн “ховордсон” хүмүүсийн жигтэйхэн содон зан төрх, бодол санаа, хүсэл мөрөөдөл, хүнлэг чанарыг   хэт хотожсон бидэнд нээж харуулна. Түүний олон бээрийг “явган нүцгэн” туулсны зорилго, цаад санаа нь тийм л хүмүүсийг олж нээхэд оршиж байж мэднэ. Энэ л Балдоржийн Алтанхуяг хэмээх залуу сэтгүүлчийн  бусдаасаа онцгойрох, ӨӨР БАС НЭГ ЮМ.

ТЭГЭЭД БҮХ ЮМ. Харуусал яах вэ? нэгэн цагийн сэтгэл. Харин хийж бүтээж, үлдээж чадсан оюун санаа бол мөнхийн суу алдар. Хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав, театрын найруулагч Баянцагааны Баатарын тухай гагцхүү тийм үзэл санаатай хөргүүд бичжээ. Нэгэнт хатуу хөтүүгийн жамаар одсон тэдний мөнхийн оюун санааг мөнхлөх оргилсон их хүсэл Б.Алтанхуягийг хөрөг эсээг уншихад аяндаа мэдэгдэнэ.

  Эргэлзэхгүй, итгэлтэйгээр эцэст нь хэлэхэд улам ихээр боловсрох хүсэл, байнга шинийг эрэлхийлэх зориг, шургуу зан, бүтээлч сэтгэлгээ, төрөлхөөс заяасан НЭГ ЮМ буюу АВЬЯАС  нийлээд ТЭГЭЭД БҮХ ЮМ. Азаар Б. Алтанхуягт цөм бүрэн.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

2021-08-29.

Түр хүлээнэ үү...
Top