Ж.НАМЖИЛМАА: АМЬДРАХУЙ | ИХ ТЭЭЛИЙН ДАВАА | ХУГАРААГҮЙ НОЁН НУРУУ
2020-06-06 976

 “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Үй Хуагийн “Амьдрахуй” романы харьцулалт  ба уг  романыг уншсан сэтгэгдэлдээ үндэслэн Ч.Лодойдамба “Хугараагүй ноён нуруу” өгүүллэг, Үй Хуа “Амьдрахуй” роман, П.Пүрэвсүрэн “Их тээлийн даваа” тууж дахь зарим нэгэн давхацлыг харьцуулан харсан юм.

ЗОХИОЛЧИД

Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамба. 1917 оны 8 сарын 20 нд Говь-Алтай аймгийн Түмэн суманд төржээ. Үргэлжилсэн үг болон жүжгийн зохиолч, утга зохиол судлаач, улс төр соёл олон нийтийн нэрт зүтгэлтэн. Монголын утга зохиолын өв санд асар олон шинэлэг зүйл авчирсан нэрт зохиолч бөгөөд “Алтайд”, “Тунгалаг тамир” роман зэрэг олон алдартай бүтээлийг нь бид мэднэ.  Тэгвэл амьдралын гүнд нэвтэрч, хүний сэтгэл дотоод мөн чанарыг тольдон харуулсан олон бүтээлийн нэгэн амьдралд эр хүний тэвчээрийн ноён нуруугаа үл алдсан Доржийн тухай өгүүлэх “Хугараагүй ноён нуруу” өгүүллэг юм.

Харин “Амьдрахуй” романы Үй Хуа зохиолчийн хувьд Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл бөгөөд 1960 оны 4 сарын 3нд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төрсөн нэгэн. Дунд сургуулиа дүүргээд муждаа очиж таван жил шүдний эмчээр ажиллаад, утга зохиолын сургуульд элсэж 1983 оноос уран бүтээлээ эхэлсэн. Түүний алдартай бүтээлүүдийн нэгэн Фу Гүй өвгөний тухай өгүүлэх энгийн хөдөө тосгоны амьдралыг дүрсэлсэн “Амьдрахуй” роман юм.

Харин зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн. Тэрээр 1938 оны 2 сарын 20нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн төрийн шагналт зохиолч. Түүнийг бид “Өшөө”, “Шувууны хараал” зэрэг өгүүллэгээр нь сайн мэднэ. Дүрийн сэтгэлзүйг хурц нарийн дүрсэлдэг, зохиолын эгэл баатрууд нь хүний амьдралын сайн мууг бөгтийтөл үүрэх ч түүндээ ер түүртсэн шинжгүйгээр сэтгэлийн их хүчээр ялан дийлдэг тухайд өгүүлсэн бүтээл нь олон байх бөгөөд түүний нэгэн “өр зузаан, ухаан богино бүсгүйд зүрх сэтгэлээ харамгүй өгч, энэ насны амьдралаа түүний төлөө гэсээр орчлонгийн жаргалаас хожимдсон өнчин Тулга”-ын тухай өгүүлэх  “Их Тээлийн даваа” тууж юм.

Эдгээр зохиолчид нь өөр өөрийн цаг үедээ зохиолын дүр бүрээрээ уншигчдын сэтгэл зүрхэнд мөнхөд амилсан онцлог арга барил бүхий алдартай зохиолчид. Тэгвэл өөр цаг үед, онцлог ялгаа бүхий аж ахуй, соёл заншил, нутаг орны онцлог орчин ахуйд бичигдсэн “Хугараагүй ноён нуруу” өгүүллэг, “Амьдрахуй” роман, “Их тээлийн даваа” тууж гэсэн гурван зохиол нь өгүүлэх санаа, дүр, агуулгын давхцал илэрч байгаа нь бас л сонин тохиолдол гэж харагдсан юм. Тиймээс дээрх гурван зохиолын харьцуулалтыг хийх гэж  оролдлоо.

ЗОХИОЛЫН ЭХЛЭЛ

“Амьдрахуй” роман хөдөө нутгийн тосгонд аман мэдээ цуглуулах ажилтай яваа өгүүлэгчийн хүүрнэлээр эхлнэ. Ийн хотын залуу ажил нь тийм ч урагштай биш гиюүрэн байхдаа Фу Гүй нэрт хөгшинтэй таарч байгаа. Ингэснээр өвгөн өнөө залууд нэгэн насныхаа амьдралыг хуучилдаг.

“Хугараагүй ноён нуруу” өгүүллэгт хөдөө унаа нь саатаж, арга мухардан байгаа өгүүлэгчийн яриагаар эхлэх бөгөөд түүн дээр нэгэн хүн ирсэн нь өртөөний сахиул Дорж байх бөгөөд өнөө хүнийг гэртээ дагуулан очиж өөрийн үзэж туулсан амьдралаа хүүрнэдэг.

Харин “Их тээлийн даваа” туужид аймгийн аварга малчны тухай найруулал бичихээр яваа сурвалжлагч залуу болон сумын үүрийн нарийн бичгийн дарга Жаргал нарын яриагаар эхлэх бөгөөд мөн л зохиолын турш үйл явдлыг голлон ярих 2 дүр байна. 

            Аль аль зохиолд нэгдүгээр биеийн өгүүлэгчид хоёрдугаар биеийн Фу Гүй, Дорж, Тулга нар үзэж туулсан,амьдралаа ярина. Эхний хоёр зохиол өгүүлэгч, хоёрдугаар бие буюу зохиолын гол дүр нь өөрсдөө амьдралаа ярьж байгаа бол “Их тээлийн даваа” туужийн эхлэл нь мөн л өгүүлэгч, хоёрдугаар биеэр эхлээд, гол дүр нь өөр байгаа боловч Тулгын үзэж туулсныг л хоёр дугаар биеийн өгүүлэгч нар ярьж байгаагаар адилхан байгаа юм. Мөн “Амьдрахуй” романы өгүүлэгч нь аман соёл цуглуулах судалгааны ажилтай нэгэн байгаа бол “Их тээлийн даваа” туужийн өгүүлэгч мөн л найруулал бичих материалаа цуглуулж байгаа нэгэн гэдгээр зорилго нь адил. Харин “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгийн өгүүлэгч нь замын хүн. Гурван зохиол эдгээр 2 дүр дээр төвлөрөн үйл явдал зангилагдаж, цаашаа өрнөж байна.

ЗОХИОЛЫН ҮЙЛ ЯВДАЛ, ЗУРАГЛАЛ

“Амьдрахуй” романы гол дүр Шю овогтын хүү Фу Гүй хотын пүүсийн эзний охин Жиа Жэнтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон ч, буруу замаар орж хөрөнгөө үрэн таран хийж хоосрох бөгөөд цэрэгт татагдаж, дайнаас арай чамай амьд ирдэг ч ээж нь өнгөрсөн байх бөгөөд охин нь хэлгүй болж, төдөлгүй хүүгээ алдаж, охин нь төрөхийн хүндрэлээс болж нас барж, эхнэр нь хүндээр өвдөж хорвоог орхих бөгөөд хүргэн Ван Ши нь ослоор өнгөрч зээ хүү Ку Гэнтэйгээ үлддэг ч мөн л золгүй явдлаар зээ хүүгээ алдана. Ингээд нэг хүнд тохиолдсон гэхэд дэндүү хүнд амьдралыг туулж үхэхээс бусдыг үзсэн өвгөн Фу Гүй ганцаар үлдэж “тохиолдох бүгдийг хувь тавилан...” хэмээж  үхрээ хөллөн талбайдаа ажилласаар үлдэж байгааг өгүүлнэ.

            Харин “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгт цэргийн дарга болж нутагтаа ирсэн Доржид ёстой л газар багадаж, дэлхий давчдам санагдаж цөс хөөрч явах үедээ нутгийн ухаалаг бүсгүй Должинтой ханилж үрийн зулай үнэрлэх боловч Должин өвчин олж нас барахад хүүтэйгээ хоёулахнаа үлдэнэ. Төдөлгүй Дорж дайнд эх орноо хамгаалан оролцоод хүүдээ харьж очихын түйс болон  эргэж ирэхэд хүү нь бөмбөгөнд цохигдож нас барсан байна. Хүүгээ алдаж энэлэн шаналсан Дорж нутгийн бүсгүй Дулмаатай ханилах ч муу нөхрийн хорон ятгалаар хилс хэрэг хүлээн шоронд орж арай чамай цагаатгагдан гарч ирэхэд Дулмаа нь түүний найз Чулуунтай нь суусан байна. Ийнхүү Дорж удаан хугацаанд сэтгэл шаналан явахдаа “ёстой л нэг бүдрэхдээ долоо бүдэрнэ” гэгч нь болж алба ажил, амин хувийн хэрэг нь цалгардан олон жил хашсан албан тушаалаасаа ч бууж, эцэстээ бор дарсанд толгой мэдүүлэх хүртлээ доройтсон ч эр хүний амьдрал эрээнтэй бараантайг эргэцүүлэн тунгаасаар эцэс сүүлд Дулмаатайгаа эргэн ханилж түүний хүүхдийг өөрийн адил хайрласаар их зовлонгийн дундаас ургасан бүдүүн улиас болж үлддэг. Түүний үзэж туулсан зовлон шаналан нь өвгөн Фу Гүйгээс илүү гарна уу л гэхээс  дутсан нь үгүй.

            Харин “Их тээлийн даваа” туужийн өнчин Тулга. Ийн нэрийдсэн нь хар багадаа эцгээсээ өнчрөн, хатуу хорвоогийн энэрэлгүйг бяцхан зүрхээрээ эмтэрч туулсанд буй. Тулга бол нутаг хошуундаа дууч нэрээрээ алдартай Бадарчийн нүдний цэцгий мэт ганц эрдэнэ нь байсан бөгөөд хожим эцгийн авьяасыг өвлөсөн уул ус уярч, улс амьтан шагшихаар сайхан дуулдаг болсон ч хийрхүү нэгний хоомой дүгнэлтээр “мэдрэлийн өвчтэй” хэмээгдэж олон жил айл амьтны хааяа хатавч бараадан, нэгэн цагтаа дурлан хайрлаж явсан бүсгүйдээ нэмэр дэм болсоор өдөр хоногийг өнгөрүүлнэ. Уг нь Тулга бол жинхэнэ хүний “хайлан”. Хүний үрийг өөрийнх юм шиг бодож, хүрэн зүрхний амрагаа ганцхан юм шиг санасаар Цэдэн, Бадам хоёрын нэргүй зарц болж, ачааны ихийг үүрч, аваргын нэрийг зүүлгэсээр олон ч жилийг өнгөрөөжээ. Нэгэнтэй Цэдэнгийн хүүг нь аврах гэж тэргэнд хүртэл дайруулагдахад хожуу ханилсан ч сэтгэл төвшин хээгүй Гүнсмаагийн хэвлий дэх үрийнх нь заяа түшив үү гэлтэй  улаан голтой л мэнд үлдэж байгаа юм.

Тэгвэл Тулгын амьдрал Фу Гүй, Доржийн насан залуугаас хижээл болтлоо үзэж өнгөрүүлсэнтэй нь эн тэнцэхгүй ч сайхан залуу хүний нэгэн насны охорхон хувь тавилан гэхэд даанч харамсам басхүү хатуудам. Эл шинжээрээ дээрх гурван дүр “зовлонт амьдралд-үзэхийн ихийг үзсэн” зангилаа болсон дүрийн давхцал байна.

 

ЗОХИОЛЫН ДҮРИЙН ДАВХЦАЛ

 /Эмэгтэйчүүдийн дүр/

Жиа Жэн, Должин, Гүнсмаа нар бол амьдрал дээр байдаг, байж болох ухаалаг, тэвчээртэй эмэгтэйчүүдийн дүр бөгөөд эр хүнийг унах цагт түшиж, омгорхох цагт даруулга болж, нэгэн биеийн нөгөө тал болдог нь хүний хань сайн, сайхан эмэгтэй байдаг гэдгийг аль аль нь зохиолч нь хөндсөн.

            “Жиа Жэн бол зүрхнийхэн шаналал зүрхэнд нь л байдаг эмэгтэй”. Бийлэгжүү айлын бие, зүс тэгшхэн заяасан охин ч нэг л хүнийг чин үнэнчээр хайрлахын жаргал хийгээд шаналалд нэгэн насаа зориулж нөхөр, хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулна. Должин ч мөн адил ухаалаг бөгөөд дөрвөлжин бурам шиг эвлэгхэн бүсгүй. Харин Гүнсмаа тодорч ялгарсан цуу байхгүй ч бие цэгц, ухаан саруул, үйл уран сайхан бүсгүй.

            Зохиолоос “Эх хүнээ үрээ харж байхад гол нь тасардаггүй” гэдгийг Жиа Жэний үхэж чадахгүй байгаагаар, Должин хүүгээ сүүлчийн удаа үнэрлээд хажуу айлдаа оруулгаж байгаагаас харж болно.

Гүнсмаагийн Тулгыг хайрласан сэтгэл, Жиа Жэн, Должин нарын бие барахаас өмнө нөхөртэй үнэн сэтгэлийн сайн сайхан үгсийг хэлж байгаа зэргээр  ер эмэгтэй хүнээс хайрлах хийгээд тэвчих ухаан гардаг гэдгийг л харуулсан байгаа юм.

            Мөн дээрх гурван зохиолд нэг дүрээр хоёроос гурван дүрийн шинжийг агуулсан хэрнээ илэрхийлэх санаа нь адил байгаагаар мөн дүрийн давхцал харагдаж байгаа юм.

ЗОХИОЛЫН ОРЧИН БА НИЙТЛЭГ ДҮРСЛЭЛҮҮД

“Амьдрахуй” ба “Их тээлийн даваа”

            Зохиол эхлэхэд “Их тээлийн даваа” туужийн гол дүр Тулга цээл яруухан аялгуугаар ардын дуу дуулж байгаа нь сонсогддог бол “Амьдрахуй” романд өвгөн баргил хоолойгоор эртний нэгэн дууг дуулдаг.

Эрдэнэ засгийн унага

  Эрвэлзүүлэнхэн жороо доо...” хэмээн Тулга дуулахад “өөрийнхөө тухай дуу сонсоод баярлаж байгаа мэт хоёр морь толгой хаялан сэрвэлздэг” бол  Фу Гүй өвгөн “эртнээс нааш ийм л байсан” гэж хууч, домог мэт яриаг хашхирахад  “үхэр эгээ л буруу зүйл хийснээ ойлгосон мэт толгой өргөн зүтгэж эхэлнэ” гэжээ. Зохиолын орчин, хүн, амьтны дүрслэлийг адилхан дүрсэлсэн байгаа нь тун сонин ч зохиол бүрд байх ёстой нийтлэг шинж ч юм шиг.

            Мөн өвгөн Фу Гүй тариачин бөгөөд гол туслах нь үхэр байгаа бол Цэдэн болоод Тулгын аж ахуй мөн л үхэр байгаа. Ингэхдээ Цэдэн “үхэр маллах бол тугал эхийн хэвлийд байхаас эхэлдэг ажил” гэж ярьдаг бол Фу Гүйгийн эцгээс уламжилсан зарчим нь “тахианы дэгдээхэйг галуу болгоод, галуугаа хонь болгоод, хонио үхэр болгодог” зэргээр аливааг багаас нь эхэлж зорилгодоо хүрч байгаагаар дүрсэлсэн байна.

            “Амьдрахуй” романы зохиолын орчин нь тариачдын амьдралын тухай өгүүлж байгаа бөгөөд тэд өөрсдийн бэлддэг “нэгэн төрлийн исгэлүүн цай”-аар хотын залууг дайлдаг бол “Их тээлийн даваа” туужид сурвалжлагчийг “нэрмэл”-ээр дайлж байгаа юм. Мөн Фу Гүй, Жиа Жэн нарын гэрлэлтийн тухайд “чинээлэг хүн чинээлэг айлаас бэр буулгасан тул алтан зоосоор овоо босгосон шиг бодогдоно” гэсэн бол Цэдэн, Бадам нарын тухайд “тээлийн хангайн согоог хандгай нь олж авчээ” хэмээн бие биеээ олсон хосууд , онцгой гэрлэлт гэсэн санааг адилхан дүрсэлсэн байгаа юм. Түүнчлэн аль аль нь хоёр хүүхэдтэй гэж дүрслэгддэг. Мөн“Их тээлийн даваа” туужид дээрх романы хоёр дүрийн шинжийг нэг дүрээр илэрхийлэн гаргасан нь ч байгаа юм. Тухайлбал, зохиолын гол дүр Тулга зохиол эхлэхдээ Цэдэнгийн зарц бөгөөд эцэг, эх нь өнгөрчихсөн гэдэг. Тулга Цэдэнгийн  хүүг мөрөн дээрээ суулган явж байгаа бол “Амьдрахуй” романы эхлэлд Шю овогтынд зарцлагдаж байгаа Жан Гэний тухай өгүүлэх бөгөөд Фу Гүй багаасаа тэр зарцын хүзүүн дээр нь сууж сургуульдаа хүрдэг байсан тухай өгүүлнэ. Энэ зарц мөн л багаасаа өнчирч хоцорсон нэгэн. Энэ мэтээр ямар ч зохиол бүтээлд давхцах ерөнхий шинж байдаг ч дүрслэл, дүр бүр нь ямар нэг байдлаар холбогдоод байгаа нь тун сонирхолтой.

            Үүнээс гадна дээрх гурван зохиолд адилхан өгүүлэгддэг зүйл нь “соёлын хувьсгалын” тухай дүрслэл.

“Амьдрахуй” романд Японыг чөлөөлөх дайн, 1958 оны үед өрнөж байсан хамтралжих хөдөлгөөн, ангийн тэмцэл, Мао удирдагчийн үзэл санаа зэргийн тухайд хувцасны нөхөөс шиг ухуулгын олон цаас нь нүдэнд харагдтал дүрсэлсэн бөгөөд соёлын хувьсгал жирийн тариачин ардын амьдралд хэрхэн туссаныг тод илэрхийлсэн байдаг бол “Их тээлийн даваа” туужид нэгдэлжих хөдөлгөөн,  шинэ бичиг үсэг, цахилгаан гэрэл, ном хэвлэл зэргээр уулын буйдхан газарт хүртэл шинэ аж байдал бий болсныг зураглана. Харин “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгт 1939 оны халх голын дайны тухай өгүүлэх бөгөөд дайны хор уршиг эгэл ардын амьдрал, сэтгэлд ямар хар утаа татуулан одсоныг Дорж болон түүний хүүгийн дүрээр тодорхой харуулна. Мөн үйлдвэржилт, соёлын хувьсгал, орон тооны цомхотгол, шинэ бичиг үсэгт шилжсэн зэргийг ч өгүүлнэ. Эдгээр нь тухайн нийгэм, цаг үеийн өөрчлөлт, хувьсгалын нөлөө жирийн ардын аж амьдралд хэрхэн нөлөөлж, ямар хан хатуу ширүүнийг дайран өнгөрсөн бэ гэдгийг илэрхийлж байна. Энэ нь зохиолчид цаг үеэ нарийн мэдэрч бичсэнтэй нь холбогдож болох юм.

Тэгвэл “Их тээлийн даваа” туужид Тулгыг нутгийн нэг эмч дуулахыг нь сонсонгуутаа “депресс буюу мэдрэлийн нэг төрлийн өвчинтэй юм гэж” аман онош тавьснаар олон жил түүнийг мэдрэл муутай хэмээн итгэх бол “Амьдрахуй” туужид захирал эмэгтэйн амийг аврахын тулд цус авахад “угаасаа толгой эргэдэг юм” гэсээр Ёу Чиний цусыг хайр найргүй юүлж  байгаа болон Жиа Жэнийг өвдөх үед нь үзсэн эмч “судасны цохилт нь мэдрэгдэхгүй байна, хойтын ажилд нь бэлдсэн дээр” зэргээр “хүний амь амьдралыг ганцхан өгүүлбэрээр л үгүй хийчихэж байгаа” тухайд өгүүлсэн нь ер хүн мэдэхгүй зүйлийнхээ өмнө ийм амархан автахаар хүчин мөхөс юм уу гэсэн санааг ч адил хөндсөн байгаа юм.

Түүнслэн Фу Гүй цэрэгт гэнэт л хүчээр татагдан яваад хоёр жил хэртээ болоход ар гэр нь хэрхэн аж төрж, зовж зүдэрснийг өгүүлдэггүй бөгөөд хожим л дурьддаг.

“Их тээлийн даваа” туужид ч Тулга осолд орж эмнэлэгт явсаар жил хэртээ болоход ар гэр нь яаж аж төрсөн, олон үхэр малыг хэрхэн маллаж арчилсан нь ч дүрслэгдэхгүй. Тэгвэл “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгт ч мөн Дорж цэргийнхээ өмнөөс шийтгүүлэхэд, мөн хилс хэргээр хоригдоод гарч ирэхэд тэр хугацаанд ар гэрийн аж амьдралын өрнөлийг дүрслэхгүй байгаа юм. Магадгүй бодит байдал дээр амьдрал ийм л байдаг. Жинхэнэ үнэн хөшигний цаана л үлддэг гэдийг аль аль зохиолч нь зохиолын агуулгадаа шингээн илэрхийлжээ.

Тэгвэл зохиолын цаг хугацааны дүрслэлд ч гэсэн Фу Гүй дайнд явж харихын хүслэн болсоор ирж байгаа нь намар цагийн дүрслэл байгаа бол Тулга бэртээд харих сан гэсэн их хүсэл болж таамаглан байгаа нь мөн л наадмын өмнө буюу намар гэртээ очихоор дүрслэгдэж байна.

            Эдгээр нь зохиол бүрд л байдаг шинж, чадварлаг зохиолчийн дүрийг амилуулах авьяас билиг гэх мэтээр яаж ч тайлбарлаж болох ч өөр цаг үеийн, онхи ондоо зохиолчдын бүтээлд ийн илэрч байгаа нь тун сонирхолтойгоор барахгүй ер авьяас билгийн сонин давхцал ч юм шиг бодогдоно.

ЗОХИОЛ ДАХЬ ҮХЭЛ БА ӨВЧИН

            “Амьдрахуй” романд Фу Гүйгийн дотны бүх хүмүүст ямар нэг өвчин тусах эсвэл өөрөөс үл хамаарах шалтгаанаар бие бардаг. Ингэхдээ өвчний дүрслэл болоод өвдсөн үеийн дүр төрх нь уншигчийг хүртэл өвтгөм маш нарийн дүрслэгдэж байгаа нь Үй Хуа зохиолчийн хувийн онцлог, магад өөрөө эмч байсан нь нөлөөлсөн байх гэж бодож болохоор. Харин “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгт Дорж эхнэр Должингоо өвчнөөс болж алдаж, дайны жилүүдэд хүү нь бөмбөгөнд өртөж амиа алдах, “Их тээлийн даваа” туужид Тулгын аав, хойд эх нь үерт автаж амиа алдах, Тулга тэргэнд дайрагдаж тархи хагарсан, зүүн гар тохойноосоо урагш няцарсан мөн толгойноос нь оргих цус зэрэг нь “Амьдрахуй” романы Ван Шигийн дүрийг магад сануулж болох нь. Үүнээс зохиолчид дүрээ ямар нарийн мэдэрч байгааг харж болохоор. Эдгээр дүрүүд бүгд л үхэлтэй нүүр тулж, бие болоод сэтгэлдээ ямар нэг бэртэл авсан ч  тэгэх бүрдээ улам бүр ухаажиж эргээд босох хүчийг олсон “жинхэнэ хүний хайлан” болж дүрслэгдсэн байна. Эдгээрээр  “зовлон үзэх тусмаа хүн сэтгэлийн улам их хүчтэй болдог” гэсэн санааг ч шигтгэсэн  гэж харж болохоор байна.

ЗОХИОЛЫН САНАА БА ТӨГСГӨЛ

Дээрх гурван зохиол нь өөр аж төрөл, соёл, хүн зоны тухай өгүүлсэн байгаа ч ер хүний л амьдрал “зовохдоо зовоод, ядрахдаа ядраад амьдарч явахад зүрхэнд гэгээтэй юм” гэдэг санаа нь хөндсөнөөрөө ижил төстэй байна.

Магадгүй дээрх гурван зохиолын илэрхийлэх санааны давхацлаас харахад хүн юу ч үгүй болсон үедээ л амьдралын мөн чанар, үүрэг хариуцлагаа илүү ойлгож эхэлдэг ч юм шиг. “Амьдрахуй” романы Фу Гүй зохиолын эхэнд 100 мү газартай дутуу юмгүй  байхдаа хүүхэн эргүүлж, мөрийтэй тоглосоор орон гэр, гал голомтоо хэмхэрхий шаазан шиг зуун задгай, жаран хагархай болгосон хойно сая л амьдралд тэмцэж эхэлж байгаа бол “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгийн Дорж залуу идэр насандаа цэргийн дарга болж нутаг усандаа шагшигдаж сайхан морь, сайн эдээр гоёж сагсууран, төрийн ажил албанд нэр хүндтэй, танил хүрээлэлтэй яваа үе байхад амьдралын эргүүлгэнд хөл алдан хань, үр хүүхэд, алба ажлаа алдаж доройтон сөгдөх үе ч бас тохиож. Гэвч чиг эр алдаж, эрэг нурах амьдрал шүү дээ гэж ухааран төмөр замд зам засварын хар ажилчин болж яваандаа замын эргүүлийн албанд шилжиж улам ч урам зоригтой, сэтгэл хангалуун амьдарч байгаа юм. Харин Тулга. Бага балчирхан насандаа эцэг эхээ алдаж энэрэлгүй хорвоогийн хатууг туулахдаа байгалийн зэрлэг хүчний өмнө хүн ямар сул доройг мэдэрч сөхрөх, нөгөө талаар амьдрах чинхүү итгэлээ алдан өдөр хоногийг өнгөрүүлэн аргацаах мэт явсан ч Гүнсмаа бүсгүйн сэтгэлийн их хайланд амьдрах урмаа эргэж олсон зэрэг нь ийн бодуулна.  

            Мөн “Амьдрахуй” романд өвгөн Фу Гүй үхэр худалдаж авах гэж бараг насаараа ажилласаар сая нэг юм боломж олдож ганцаар үлдсэн ч үхэр авахаар явна. Ингэхдээ “том том нулимс дуслуулан хэвтэх идшинд хэрэглэх гэж байгаа хөгшин үхэр”-ийг өрөвдсөндөө худалдаж авч байгаа юм.        

Харин “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгт Дорж Чулуунд зодуулан хөөгдөж байгаа Дулмааг хараад өрөвдсөндөө дагуул хүүхэдтэй нь авч ирж хамтдаа өсгөн дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх ажээ. Эдгээр нь “хүн зовлон үзэх тусмаа бусдын өмнө өр нимгэн болдог” гэдгийг зохиолын гол дүрийн үйлдлээр дамжуулан илэрхийлсэн нь санааны адил давхцал байна.     

            Түүнчлэн хүн “жаргал даадаггүй зовлон даадаг” гэдэг л дээрх гурван зохиолын илэрхийлэх санааны нэгдмэл цогц болж байгаа юм.

Магадгүй Фу Гүй ганцаар болон үлдэж, Дорж, Цэдэн нар зовсны эцэст сая нэг бүтэн болон эвлэж байгаа мэт харагдавч “Амьдрахуй” романд Фу Гүй худалдаж авсан үхэртээ өөрийнхөө нэрийг өгсөн нь ер амьдрал дуусаагүй гэдгийг илэрхийлэх бөгөөд гэр бүлийнхээ бүх гишүүдийн нэрээр дуудан байгаа нь хайртай бүхэн нь сэтгэл зүрхэнд үүрд амьдарсаар-“мөнх үлддэг” гэдэг санааг илэрхийлсэн.

Энэ нь “Их тээлийн даваа” туужид “Хүний нэг нас дуусавч амьдрал үргэлжилсээр. Тулга үхээгүй мөнх байна” гэснээр илэрч байна. Харин “Хугараагүй ноён нуруу” өгүүллэгт Доржийн дүрийг “их үер юм уу салхинд мөчрөө хугалуулсан боловч ялж гараад навч дэлгэн байгаа бүдүүн улиас шиг” гэсэн нь  амьдралын зовлон шаналал дундаас их хүчийг аван өнө удаан тогтох бат итгэлтэй болсныг харуулна.

Дээрх гурван зохиолч өөр өөр цаг үед бичсэн  ч “хүний амьд-ралын үнэ цэн амьд байхад л оршдог” гэсэн нэгдмэл санааг илэрхийлж “амьдрал энгийндээ л сайхан” гэсэн адил дүрслэлийг дүр бүхэндээ шигтгэжээ.

Ийнхүү өөр цаг үеийн алдартай бүтээлүүдийг харьцуулан утга агуулга, дүрслэл, дүрийн санамсаргүй олон давхцалыг харж байхдаа сонирхон сонжихоос илүүтэй эдгээр зохиолчдын тийм нэгэн яруу бөгөөд ямар гэгээн юм бэ гэдгийг бахдан байна.

 Жамбалдоржийн Намжилмаа  

         МУБИС-ийн МХУЗ-ын багшийн ангийн 4-р дамжааны оюутан  

                                                                                                                                               

                                                                             

 

 

Түр хүлээнэ үү...
Top