"ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ": УНШИГЧ ТӨВТ СУДАЛГААНЫ УРЛАНД
2018-05-23 2157

Утга зохиол судлаач У.Бямбанямын энэхүү номд багшийн хувиар өмнөх үг бичих болсноор түүний оюутан байсан үеийг дурсан санав. Тэр анхнаасаа л их уншдаг, унших тусмаа шинийг сэтгэж, бүхнийг өөр өнцгөөс хардаг, өөрөөр хийхийг эрмэлздэг, дандаа шинэ санаатай явдаг онцгой оюутан байсан юм. Эрдэм шинжилгээний илтгэл бэлтгэхээр шинэ содон санаа гаргаад, “за одоо энэ санаагаа цаасан дээр буулгаад, жишээ баримтаар батлаад ирээрэй” гээд явуулахад анх ярьснаасаа бүр цаашлаад, дахин өөр шинэ санаа сэдээд ороод ирдэг байж билээ. Чөлөөтэй, мэдрэмжтэй, хурдтай цахилах түүний санаа бодлуудаас цаасан дээр буусны зах зух нь энэ байна. Оюутан ахуй цагаас нь хойш “эшлэл, зүүлт хийгээрэй” гэж үглэж ирсэн ч, энэ удаа түүнээс эшлэл, зүүлт нэхэхээ азнахаар шийдлээ. Уншигч та ч гэсэн битгий нэхээрэй. Эшлээд, зүүгээд эхлэхээр бичвэрийн найруулгын хөхиүн өнгө аяс алдагдаад, модон мохоо хэдэн нэр томьёо болоод хувирчхаж мэднэ. Түүний бичвэрүүд дэх төгс бус өгүүлбэрүүд ч номын найруулгын энэ л өнгө аястай холбоотой. Ер нь яагаад заавал төгсгөх ёстой гэж...

У.Бямбанямын энэ ном бичвэрийн судалгаа гэхээсээ бүтээлч уншлагын туршлагыг дэлгэн харуулсан жинхэнэ уншигч төвт бичвэр. Уншигч төвт судалгааны үед санаа нь уншигчаар бүтээгдэж байдаг. Эдгээр бичвэр угаас өргөлт өгч байгаа шилжилтээрээ ялгарна. Зарим сэхээлэг уншигчийн юм уу, мэргэжилтний хийсэн тайлал тайлбарууд бичвэрийн тоглолтод тулгуурладаг бол зарим нь хувийн туршлагад, олонх нь нийгмийн юм уу, сэтгэл зүйн асуудалд төвлөрдөг. Номын хуудсыг анх эргүүлэхэд “зохиогч төвтэй” магтаалчлал мэт харагдах ч номыг уншиж эхлэхэд жинхэнэ “уншигч төвтэй” бичвэр рүү шунган орж, өөр өөр цаг үеийн, өөр өөр орны зохиолчдын туршлага руу У.Бямбаням хэмээх нэгэн бодгалийн сонголт, мэдрэмжээр дамжин хөтлөгдөх төдийгүй номын зохиогчтой ч өөрийн сэтгэгдлээ хуваалцмаар санагдах болно.

Уншигч төвт судалгаа нь зохиогч төвт судалгааны түүхэн үеийн адилаар зохиогчийн зорилго төлөвлөгөөг ухаж ойлгох юм уу, батлахаас татгалзаж, эсрэгээрээ уншигчид бичвэрээс зохиогчийн мэдрэмж, өвөр төрх, өвөрмөц туршлагыг өвлөн уншихыг санал болгодог. У.Бямбанямын энэ номд орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн шалгуураар сонгосон зохиолчидтойгоо хувийн туршлагаараа холбогдож, тэднийг хэрхэн уншиж, мэдэрч, хэрхэн нээж, оршиж, хэрхэн санаж сэрж байгаагаа дэлгэн хуваалцсан байна. Мөн үүний зэрэгцээ тэдэнтэй хамтдаа цаг хугацаа хийгээд сэтгэлийг бясалгаж, цаашилбал утга зохиолын асуудлаар ч эргэцүүлсэн байна.

Өнөөгийн уншигчид төвлөрсөн хам сэдвийн судалгаа бол бичвэрийн үзэл санааны эргэцүүлэлд тулгуурладаг. Уншигчаар төвлөсөн судалгааны практикт уншигчид бичвэрийн үзэл суртал болоод хувийн үзэл бодол хоорондын зохицлыг шалгаж (Томсон., 1992), уншигчийн итгэл найдвар, үнэт зүйлс, бичвэрт санал болгосноос ямар нэг байдлаар зөрвөл бичвэрийн үзэл суртлыг өөр өнцгөөс сорих альтернатив уншлагыг бүтээсэн байдаг. Түүний бичвэрүүдийг задалж үзвэл, тухайн зохиолчийн бүтээлтэй анх хэрхэн танилцсан талаарх уншигчийн дурсамжаар эсвэл тухайн зохиолчийн онцгой нэгэн мөн чанар юм уу, холбогдох хам сэдвээр сэдэлжүүлж эхлээд цааш нь зохиолчийн бүтээсэн өвөрмөц дүр, сэдэв, өнгө аяс гэх мэт аль нэгэн онцлог бүтвэрийг задлан шинжилж эсвэл өөр бусад уншлагын туршлагатайгаа холбоослон, өмнө сэдэлжүүлсэн хам сэдвийн асуудлаа эргэцүүлэн, бодлын урсгал байдлаар бичвэрээ өрнүүлнэ. Түүний бодрол үргэлжилсээр буй бололтой, бичвэрээ төгсгөлгүй, нээлттэй үлдээнэ. Бичлэгийн арга хэлбэр нь ерөнхийдөө Монтенийн эсээг санагдуулавч, танин мэдэхүйн цэнгэл дүүрэн хөхиүн уур амьсгалаараа ялгарна. Ингэж яривал эдгээр нь уран зохиолын контемпрари эсээ болно.

Үгийн урлагийг мэдэрч хүлээн авах түүний мэдрэмж хийгээд туршлагыг үнэхээр бахдууштай. Уншигчид төвлөрсөн бичвэрийн онолд бичвэр бол хоосон зайгаар хүрээлэгдсэн хэсэг бусаг зүйлсээс бүтдэг бөгөөд уншигчид тэдгээр цагаан зайг дүүргэж, санааг бүтээж байдаг. Туршлагатай уншигчид бичвэрийн онцлог, төрөл зүйлсийн талаарх мэдлэгээрээ тэрхүү хоосон зайг хэрхэн дүүргэхээ мэддэг. Түүний бичвэрийн санаанууд тодорхой нэгэн зохиолчийн уран бүтээлээс үүдэлтэй ч ямагт уншигчийн туршлага, үнэт зүйлстэй холбогдож, уншигчийн санаагаар дамжин боловсорсон байна.

Энэ ном нь уншлагад төвлөрсөн бичвэрийн чиг хандлагыг манай уншигчдад мэдрүүлэх ач холбогдолтой юм. Уншигч төвт судалгааны эхэн үеийн бичвэрүүдэд нөхцөл байдал болоод дүрийн сэтгэл санааны байдлыг ойлгохын тулд амьдралын туршлагатайгаа харьцуулж, сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлдэг байсан бол өнөөгийн уншигч төвт судалгаа нь бичвэрээр дамжин, уншигчийн соёлын туршлагатай шууд холбогддог. Уншлагын явц дахь уншигч ба бичвэр хоорондын харилцан нөлөөллөөр бичвэрийн санаанууд нь дахин хэлэлцэгдэж, энэхүү хэлэлцээр нь уншигчид мэдлэг, туршлага, дадал зуршил, итгэл найдлага болон үнэ цэнт зүйлсийг бүтээж өгдөг. (Фиш., 1982) Юутай ч энэ ном нь уншигчийг татах чадвараараа номын тавиурын хаа нэгтээ мартчихаад, шалгалтын өмнө л барьж авдаг, зохиогч төвт судалгааны хуучин номуудаас эрс ялгарах болно.

“Уншихуй”, “Оршихуй”, “Мэдрэхүй”, “Нээхүй”, “Санахуй” гэсэн таван бүлэгтэй тус номын доторх бичвэрийн гарчиг их онцгой. Тэрбээр “Уншихуй” хэмээх нэгдүгээр бүлэгтээ Цаг хугацааны жин, Сэтгэл хэмээх эрхтэн, Чулуу уйлуулдаг хүн, Цагаан захтай террорист, Цуурайнаас төрөгчийн зуун зэрэг есөн бичвэр оруулсан бол “Оршихуй” хэмээх хоёрдугаар бүлэгт Огиудсын дараах таталбар, Нүглийн цэцэгсийн үнэр, Цаг хугацааны гаднах эр, 43 дугаар хүн, Гадагш цацлах дотоод дуун мэтийн найман бичвэр, “Мэдрэхүй” гэсэн гуравдугаар бүлэгт Энэ миний Сапфо, Шувуу шиг амьдрах хүмүүний нүд тунгалаг, Бясалгагч үгсийн сууринд, Лам шувууны улирал, Сэтгэлийн гүн рүү дэвэгч зэрэг зургаан бичвэр, “Нээхүй” хэмээх дөрөвдүгээр бүлэгт Бараан егөөдөл төрсөн нь, Хөвж буй ертөнцийн хүн, Дасаагүй ертөнцийн тэмдэглэл, Нүглийн орны цэцэрлэгч, Цаг хугацаа хэлнэ зэргийн 10 бичвэр, “Санахуй” хэмээх тавдугаар бүлэгт Холхи цагийн од, Гэгээ зууж ниссэн хаврын шувуу, Тэмтрэгдэх гашуун, Сахилгүй даяанч, Сэрүүн Галттайн Одиссей гэсэн таван бичвэрийг дэлгэжээ. Эдгээр нэр, сэдэв нь нэг талаас тухайн уншигч-бичвэр хоёрын уулзаж, утга санааг бүтээж буй цэг, нөгөө талаас уншигч-зохиолч хоёрын зөвшилцөж буй магадлал хийгээд эргэцүүллийн огтлолцол билээ. Энэ номд орсон бүхий л зохиолчдын бүтээн туурвисан эрчим хийгээд тэднийг уншиж нээсэн номын зохиогч У.Бямбанямын бичлэгийн ур чадварыг уншигч та ч мөн өөрийнхөөрөө нээн үнэлэх буй заа...

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Ганбаатарын Нандинбилиг

Thompson, J (ed) 1992, Reconstructing Literature Teaching: New essays on the teaching of English, A for the Teaching of English, Norwood, S.A
Fish, S 1980, Is there a text in this class?: The The authority of interpretive communities, Harvard
University Press, Cambridge, Mass 
Түр хүлээнэ үү...
Top