“Гүн ертөнц”-ийн зохиолч
2018-01-03 365

Манай Монголын үгүүллэгийн нэгэн нэрт мастер бол зохиолч Пүрэвжавын Баярсайхан байсан, эдүүгээ ч байсаар ажгуу.

Түүний үгүүллэг, туужийн нэгэн түүвэр “Гүн ертөнц” нэртэй. Тэр номд “Тавиул”, “Хөх туурийн тал”, “Хөгшид”, “Хоёр зуун дөчин хоёр” зэрэг түүний ер бусын өвөрмөц, онцгой, сонин содон үгүүллэгүүд багтсан буй.

Энэ үгүүллэгүүдтэй адилтгах, ижилсгэх үгүүллэг өөр хаа ч байхгүй. Хаа гэх орон зайн хязгаар нь таван тэв, дөрвөн далай байж мэднэ. Баталгаа нь түүний үгүүллэг бичлэгийн ур чадвар.

Ерөөс дэлхийн уран зохиол гээч ай сав хязгаар хярхаггүй зүйл бус. Жинхэнэ уран зохиол энүүхэн Өрнө, Дорно хоёрт л багтдаг. Ганц нэг үсэрсэн оч шиг зохиол бүтээл Атлантын далайн эрэг хөвөөг эмжсэн Анд Кордильерийн нуруу хавицаа хэд гурав бий. Хойт урд хоёр мөсөн далай хавьд мэдээж юу байхав. Австрали хэмээх тэвээс жинхэнэ уран зохиолын үнэр танар одоохондоо гараагүй байна. Чухам энэ учираас л жинхэнэ уран зохиол гэмээнэ Өрнө Дорнын зохиолчидын зохиол бүтээлийг л ярьдаг.

Яриа хөөрөө, үнэлэмж цэгнэмж дундаа заавал үгүүллэгийг ярьдаг нь цаанаа бас учир жанцантай аж. Ясны зохиолч мөн эсэхийг нь хэлээд илэрхийлээд өгдөг нь үгүүллэг юм. Хэн үгүүллэг сайн бичиж байна тэр гарцаагүй сайн зохиолч.

Үгүүллэг бичнэ гэдэг үүх түүх, үйл явдал хөвөрүүлэн хүүрнэх бус эгэл жирийн тулга тойрсон, хэнд ч анзаарагдамгүй бяцхан явдалыг ухааны ураар урлан шаглаж, мөнөөх Монголчуудын “үхэрийн махыг үнхэлцгэнд нь багтаах”-ын үлгэрээр, арван хуруунд багтах тооны хуудасанд орчлон ертөнцийг багтааж чадахыг хэлдэг. Тийм уран бүтээлчийг “мастер” гэж уран зохиолын хүрээнийхэн нэрлэдэг аж. Манай П.Баярсайхан тийм эрийн цээнд хүрсэн уран бүтээлч байлаа. Захын жишээ татаж ярия гэвэл “Тавиул” гэдэг хэвлэмэл номын тавхан хуудас эзэлдэг нэгэн үгүүллэг нь ямар нарийн нандин ур хийцтэй үгүүллэг гэж санана. Хэрхэн яаж урласан нь яг торгоны нэхээс шиг хэр баргийн хүнд эс ажиглагдана. Хэд хэд уншиж байж л ур хийц нь мэдэгддэг юм.

Энэ үгүүллэгт Ариун гэдэг зургаан настай бяцхан хүү гардаг. Эх нь багад нь хаяад явчихсан, эцэг нь тээвэрийн жолоочийн ажил хийж өдөр шөнөгүй хээр гадаа хэсэж байдаг болохоор хүүгээ өөрийн хөгшин эцэг эх хоёр дээр авчираад орхисон, хөдөөгийн малчин монгол хүний үгээр хэлвэл тавиул хүүхэд. Сум орны орон сууцанд суудаг ганц нэгэн айл хөдөө мал дээр байгаа таньдаг мэддэг малчид, ах дүү, төрөл саданыхаа малд ганц нэг үнээ мал харж хандуулахаар өгсөнийг тавиул мал гэдэг.

Гэтэл нийгмийн завхарал, хүний яс мөс муудаад ирэхээр эцэг эх нь хаяад явчихсан хүүхэд багачуулыг малчин эмээ өвөө нь хэмээгдэх өвгөд хөгшид гар дээр авч өсгөх болсоноор өнгөрсөн зууны жар, далаад оноос хөдөөд “тавиул хүүхэд” олширсон. Угаас өөрийн ижил биш учираас тавьсан айлын малтай нийлнэ гэж байхгүй, үргэлж тасарч, алга болж малчидыг зовоодог нь тавиул малын гол араншин. Мал золбирохын нэг хэлбэр. Мал шиг хүүхэд багачуул ч эцэг эхдээ хаягдвал золбирно.

Манай амьдралд үзэгдэх болсон энэ гаж үзэгдэлийн эхлэлийг айхтар гярхай мэдэрч, эмзэглэсэн зохиолч бол тэр үед зөвхөн П.Баярсайхан маань байсан юм. П.Баярсайхан энэ үгүүллэгээ “Тавиул” гэж нэрлэсэн. Энэ үгүүллэгт гардаг Ариун гэдэг жаалхүү тавиул хүүхэд. Зөвхөн Ариун ч бус, энэ үгүүллэгт гардаг бригадын дарга, сургуулийн багш бүсгүй ч энэ нутагийнх биш, сургуулиа төгсөөд энд багшаар “нутаг заагдан” ирсэн мөн л нэгэн төрөлийн тавиул. Энэ багш бүсгүй хичээл зааж байхдаа ч үргэлж цонхоор харан гиюүрч, хот оронд суугаа сэтгэлт хархүүгээ санагалзан хэзээ мөдгүй алдууран одох алдуул гүү шиг сураг ажиггүй одоход бэлэн байгаа тавиул.

Жаалхүүгийн эмээ, өвөө хоёрын хотонд Базар гэгчээс тавьсан тугалтай тавиул үнээ бий. Тэр үнээ үхэртэй нь бэлчих боловч тасараад энд тэнд хоцороод тугалдаа ирэхгүй хонуут өнжүүтээр шилэрч одно. Яг л Ариуны ээж гэсэн үг. Энэ үгүүллэгийн өрнөх орчин нь иймэрхүү л нэг тавиулуудын орчин. Гэтэл энэ орчиныг, ерөөс тэр тавиул гээчийг ийм тийм гэж зохиолчийн зүгээс ганц ч үг үсэг унагасангүй.

Жинхэнэ уран зохиолч хүн бүтээл туурвилаа тайлбарлах, үнэлэх цэгнэх үйлээс ангид байдагаараа жинхэнэ уран зохиолч бишүүдээс ялгардаг. Баярсайхан энэ зарчимыг маш хатуу баримталсан байдаг. Нөгөө гэвэл, жинхэнэ, жинхэнэ бусын ялгаа бүтээлийн дотоод холбоосыг хэрхэн бичсэн эсэхээрээ ялгардаг. Энэ үгүүллэгийн бүхлэдэс сүү ус хоёр шиг сүлэлдсэн нь бахдам. Үгүүллэг дотор хэлхээ холбоогүй юмс бүү хэл үг үгүүлбэр ч байхгүй гэхэд нэг их дэгэсдэхгүй. Жишээлэхэд хүүг сургуульд оруулсаны дараагаас ангийнхан нь түүнийг мөндөл гэж хочилдог. Нэг удаа багш нь “Ариун хумсаа аваагүй байна. Усанд ороод ирээрэй. Багш нь хумсыг нь аваад өгөе” гэхэд дотуур байранд суудаг нэг хүү “Мөндөлөө, чи нүх малтах гэж хумс ургуулаа юу” гэдэг. Жаалхүүг бие жижигхэн болохоор нь мөндөл шиг амьтан гэж хочилсоныг хумс ургасантай нь холбож үгүүлсэн амьд үгүүлбэр. Ийм холбоос маш олон.

Нэг шөнө жаалхүүг эмээ нь усанд оруулаад унтуулчихсан байхад эцэг Дамба нь ирдэг. Дамбад хөгшин эх нь “Миний хүү одоо хань ижилийн юм бодомоор доо. Хүүхэдэд эх шиг хэрэгтэй юм хаа байх вэ. Энэ өвгөн, чавганц хоёр юу удах вэ дээ” гэж хэлдэг. Гэтэл Дамбын эхийн хүүдээ хэлсэн энэ үгсийн зарим нь унтаж байгаа жаалхүүгийн зүүд рүү орчихдог. “Хүүхэдэд эх шиг хэрэгтэй юм хаа байна” гээд эмээ нь жаалхүүг хөтөлсөөр явж ээжид нь хүргэж өгөв. Ээж нь цонхоор хараад зогсож байх юм.

Эмээ, энэ чинь манай багш байна шүү дээ!

“Биш ээ, ээж чинь байхгүй юү” гэж эмээ нь хэлэв. “Энэ өвгөн чавганц хоёр юун их удах вэ дээ” гээд эмээ нь гарч явав” гэж үгүүллэгт гардаг. Гайхалтай анзаарга. Нээрэн ч хүүхэдийг унтаж байхад хажууд нь ярьсан яриа хүүхэдийн зүүд уруу орохгүй хаа зайлах вэ. Бодит яриа зүүд уруу орж байгааг дүрслэсэн монгол зохиол П.Баярсайханы энэ үгүүллэгээс өөр хаа ч байгаагүй. Өнгөрсөн зууны наян зургаан оноос өмнө буюу “Тавиул”-ыг гарахаас өмнө байгаагүй гэсэн үг. “Тавиул” үгүүллэгийн бичлэг нь хүртэл үгүүллэгтэйгээ зохицсон, бие даасан ганц ганц “тавиул” үгүүлбэр байдаг. Үгүүллэгийнхээ бичлэг, үг үгүүлбэрийг хүүрнэлдээ зохицуулж чадна гэдэг мастер хүнээс л гарна уу гэхээс эгэл жирийн бичигчээс гарахгүй ур. Зохиолч П.Баярсайхан ур чадварын нэг нууц хэлж байгаа санаагаа ямагт далд, битүү илэрхийлж чаддагт нь байдаг. П.Баярсайхан зохиолч үнэнийг хэзээ ч цүл палхийтэл хэлдэггүй. Жишээлбэл, жаалхүү өвөөгийнхөө араас гүйж явахдаа замд дайралдсан гөлөгтэй “Ногоон толгой ороод л буцна. Тэнд манай өвөө байгаа. Бас нэг үнээ бий. Хол айлын улс манайд гуйж тависан юм л даа. Тугалаа санадаггүй их муу үнээ шүү” гэж ярьдаг. Тээр цаана, хүүгийн зүрхэнд ижийгээ санадаг сэтгэлийнх нь илэрэл огт өөр газараар гарч ирж байгаа нь энэ.

“Хөгшид” гэдэг үгүүллэг дотор Догоо чавганц Балданд “Та нарыг эрдэм номд явуулсан бидний өөрсдийн буруу юм. Насны мухарт модон таягнаас өөр түшиг тулгуургүй явцгааж байгааг чи харж байна уу” гэдэг. Энэ үг бол нүүдэлчидийн агуу их соёлоо хэрхэн орхиж, ямар гай гамшиг амсаж байгааг бидэнд хэлсэн П.Баярсайханы маань захиас.

Энэ үг хөх толбот монгол хүн бүрийн зүрхэнд шивнэсэн үг шүү. Эрхэм уншигч минь.

Дарма Батбаяр
Монгол улсын төрийн шагналт,
Урлагийн гавьяат зүтгэлтэн

*Дарма.Батбаяр зохиолчийн хэлзүйн бичлэгийн онцлогийг хүндэтгэх үүднээс засвар оруулаагүй болно.

Түр хүлээнэ үү...
Top