ҮЙ ХУА : АМЬДРАХУЙ
2021-08-09 Уншигч 611

"Амьдрахуй" хэмээх энэ бяцхан ном ахуйн түмэн зовлонгоор дүүрчээ гэхэд хилсдэхгүй. Улс амьтан бүгд л уйлсан гэж бичсэнийг уншаад уншихаас цааргалаад өдий хүрэв. Ёстой цаг нь болоод л уншсан даа. Хамгийн эхлээд орчуулга их сайхан урссан, найруулга ч өөгүй байсныг дурдмаар байна. Фу Гүй хэмээх хар багаасаа жаргалдаа ташуурч өссөн нөхрийг амьдралын түмэн зовлон хэрхэн нуга даран авч, өдрөөс өдөрт онхь ондоо Фу Гүй болж буйг хараад "нээрээ л хүн зовох тусам амьдралд тэмүүлж, улам энэрэнгүй, улам хат тэвчээртэй болдог доо" гэж бат бодогдлоо. Өлсөж үзсэн хүн л өлсөхүйн зовлонг мэдэрнэ, хагацаж үзсэн хүн л хагацахуйн бэрхийг гадарлана. Бусдын шарх сорвийг өөрийн юм шиг мэдэрч чадвал сая энэрэл нигүүлсэл нь хүний дотроос шүүрэн гялалзан гарч ирдэг юм шиг. Хятад зохиолчдийн бүтээлийг хааяа уншина. Ер нь л жаахан эмээж, стресстэж унших гээд байдаг. Амьдралд хичнээн ойрхон бичдэгийн л илэрхийлэл байх даа.Ямар сайндаа Хятад зохиол зовлон зүдгүүрээр баялаг, хүүхнүүд нь тэвчээр хатуужлаар л баян санагддаг болчихсон байхав дээ.Үүн дундаа Мао Зедуны намтар ном намайг бүүр яая гэтэл туйлдуулж, хэдэн хоногоор хар дарж, ухаан санаанаас гарахгүй байсныг одоо санаж байна. Хятад гаралтай Британи зохиолч Юн Чан өөрийн нөхрийн хамтаар бичсэн улаан ном бий. "Амьдрахуй"-н гол баатар өвгөний амьдралаар Хятадын нийгмийн шилжилт хөдөлгөөн нөгөө гайхал Соёлын хувьсгалын талаар гээд энэ бэсрэгхэн романдаа зохиолч хангалттай шигтгэжээ. Ганц хүний амьдралаар бараг Хятадын зуун жилийн түүхийг амархаан хүүрнэчихжээ.

Хүний амьдрал гэдэг нөгөө талаас зовлон зүдгүүрийн шат юм шигээ. Тэр шатаар өгсөх тусам бидний тар танигдана.Өөрийн мөн чанарыг таньж чадсан хүн тэдгээр шатыг урагш зүтгэн зүтгэн гэтэлдэг юм уу даа. Өөрт өгөгдсөн юмс бүхэндээ сэтгэл ханаж явахыг би зарчим болгодог юм. Зарим хүмүүс хэлдэг л дээ."Чи одоодоо ханаж амьдравал илүү сайхныг хүртэж чадахгүй шүү дээ" гэдэг. Хүн л юм хойно "нээрээ тийм ч юм уу гэж ..." эргэлзэх үе бий. Гэхдээ л эцсийн эцэст миний зарчим өөртөө үнэн байж л таарах гээд байгаа юм. Би багаасаа ээжтэйгээ хоёулхнаа шахуу өссөн.Ээж байнга завгүй, зөвлөж хэлэх хүн үгүй. Тэр орон зайг ном нөхөж ирсэнд одоо хэр нь талархаад барахгүй юм даа."Энэ хоёр тахиа томорсоор томорсоор тахиа болно. Галууг тэжээсээр тэжээсээр хонь болгоно. Хонио үхэр болтол нь тэжээнэ ..." хэмээх Фу Гүйгийн зарчим ч мөн даруй энэ. Нөхцөл байдал ямар ч байсан өөрт оногдсоныг голж шилэлгүй түүнийгээ өнгөлөн тордох юм. Хэцүү бэрхийн өмнө үхэж далдрахсан гэсэн эндүү тэнэг бодол төрөхийг аль гэх!Соёлын хувьсгалын үеэр зодуур тамлалыг тэвчих аргагүй болоод "амиа хорломоор байна" гэсэн Чун Шэн гэх нөхрөө Фу Гүй эхнэртэйгээ шөнөжин сэнхрүүлдэг.Удалгүй Чун Шэн дүүжлүүлж нас барсан сонсогдоход "үхэхийг хүссэн хүн яаж ч амь гарах билээ" гэдэг дээ.Хатуухан хэлэхэд бодол биелэлээ олж буйн үлгэр энэ юм. Яг тэр өчүүхэн зангилаан дээр Фу Гүйн эхнэр түүнийг өнгөрснийг дуулаад "Хүүгийн минь үхэлд түүний буруу гэж юу байхав дээ" гэж хэн ч итгэмээргүй уужуухнаар уучилсанаа илэрхийлдэг. (Тэр залуугийн эхнэрийг төрөхийн хүндрэлээс хүү нь цусаараа авраад өөрөө өөд болсон)Ямартай ч залуус уншаасай.Ахуйн зовлон бэрхшээл гэж юу байдгийг эндээс бага боловч мэдрээсэй.Амьсгал авахын сайхныг, амьдрахуйн сайхныг ТАХЛЫН энэ үе бидэнд улам ихээр ухааруулж байна гэж сэтгэнэ

ТЭМДЭГЛЭЛ| ТЭНГИС НАНДИН 

Түр хүлээнэ үү...
Top