АРМАН ГҮЛ: АМЬДРАЛЫН ЭЦСИЙН ДҮН ТАНЫ БУСДАД ҮЛДЭЭСЭН МЭДРЭМЖҮҮД Л ЮМ
2021-08-03 Уншигч 855

Хараагаараа унтдаг хүн гэнэт сэрэх мэт

Хачин адгуусан нүдээр онож ядах

Өнгөрсөн юм гэдэг дандаа сэтгэл шимшрэм... Г.А

Хүн амьдралынхаа туршид нийт хичнээн хүнтэй нийгмийн болон хувийн харилцааны хүрээнд харилцдаг бол?, Ажил, амьдрал, элдэв сонирхлын бүлгүүдэд бусадтай харилцахаас гадна өдөр тутамдаа дэлгүүр хоршоо, нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллагууд гэх мэтчилэн алхам тутамдаа нийгмийн харилцаанд орж байдаг хэдий ч цөөн хэдхэн хүмүүс л амьдралд дотно гэх байр суурь эзэлдэг. Ямар ч оргилыг хүн ганцаараа туулах нь юу л бол тэр тусмаа амьдралын урт замд ганцаардахгүйн тулд эсрэг хүйстэнтэйгээ гэр бүл зохиож, үр удмаа үлдээх биологийн үүрэг хариуцлага гээчийг биелүүлж амьдардаг. Зарим хүмүүс шууд амьдралын ханьтайгаа учирч байхад зарим нь хэд хэдэн хүнтэй найзалж, нөхөрлөж сайн мууг ялгаж мэдэлцсэний дараа гэр бүл зохиох нь бий. Нэг ёсондоо насан туршийн ханиа хайж багагүй хугацааг бусдад зарцуулдаг. Тэгвэл насан туршийн амьдралаа холбоогүй ч хэсэг хугацаанд төдий ч хамтдаа байж, хайрлан дурлаж байсан нэгэндээ тэрхэн үеийн сэтгэл хөдлөлдөө автаж өөртэй нь таарч тохироогүйн төлөө, өөр нэгнийг сонгосных нь төлөө, тэрхэн үедээ өөрийг нь гомдоосны төлөө насан туршийн сэтгэлийн шархыг амсуулж өнөөх болчимгүй үгс нь нэг биш хэдэн хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж орхисныг юуг ч өөрчилж, юуг ч засаж залруулах боломжгүй болсон хойноо (бараг дөч гаруй жилийн дараа) мэдвэл хүнд ямар мэдрэмж төрдөг бол?

Тони хэмээх жар гаран насны эр гэнэтхэн амьдралдаа ганц л удаа уулзаж байсан хүнээсээ учир битүүлэг 500 фунт болон түүний багын найзын өдрийн тэмдэглэлийг авах эрх бүхий гэрээслэлийг захидлын хамт хүлээж авсан нь түүнийг шоконд оруулдаг. Өнгөрсөн бүхий л амьдралаа нэхэн санахад уг гэрээслэлийн эзэн Тонигийн салсан эхнэртэйгээ гэр бүл болохоос өмнө оюутан ахуй насандаа нэгэн бүсгүйтэй жил хагасын хугацаанд үерхэхдээ амралтаараа гэрийхэнтэй нь танилцахдаа ганцхан удаа уулзаж байсан өнөөх бүсгүйн ээжээс ирсэн гэрээслэл байв. Юуны учир, яагаад энэ олон жилийн дараа охинтой нь хэсэг хугацаанд үерхээд салсан түүнд ээж нь гэрээслэл илгээх болов, мөн багын найзынх нь гэрээслэл яагаад өмнө нь үерхэж байсан эмэгтэйн ээжийнх нь гарт очив, яагаад уг өдрийн тэмдэглэл өөрт нь ирэхгүй байна вэ? гэдэг асуултанд хариулт авахын тулд олон жилийн өмнө үерхэж байсан Вероникатай холбогдож хэд хэдэн удаа уулздаг. Бага залуугийн явдлаа эргэн санавал Тонид хар багаасаа найзалсан гурван найз бий. Тони Вероникатай үерхдэг байх үедээ түүнийг багын найзуудтайгаа танилцуулж байжээ. Гэтэл Вероника Тонигоос салаад удалгүй түүний 3 найзын нэг болох багаасаа л арай илүү ухаалаг, Стейнфордын их сургуульд философичоор сурдаг Адриантай үерхчихдэг. Энэ тухай Адрианаас Тонид уучлал хүсэж салсан найз бүсгүйтэй нь үерхэж буйгаа мэдэгдсэн захидал ирэхэд Тони багын найз болон салсан найз охиндоо уурлаж бухимдахдаа хорсол зэвүүцлийн уртаас урт захидал бичсэн нь түүнд үлдсэн амьдралынхаа туршид ч харамсаад харамсаад барахгүй харууслыг төрүүлнэ гэдгийг захидлаа бичиж найздаа илгээж байсан үедээ ухаараагүй нь харамсалтай. Тонид Адриан болон Вероникагийн үерхэл тухайн үедээ хүнд, доромжлогдсон мэт санагдаж байсан ч тэр Вероника шиг насан туршдаа шаналж амьдарсангүй. Бусдын л адил залуу насаа өнгөрөөж гэр бүл зохиож, охинтой ч болж дундаж энгийн амьдарсан. Эхнэрээсээ салсан хэдий ч үргэлж холбоотой ойр зуурын асуудлуудаа ярилцаж хааяа өдрийн хоол хамт иддэг тайван амьдралтай байв. Харин түүний үзэн ядалт бүхий захидлын уршгаар багын найз нь хорь гаруйхан насандаа амиа хорлож, Вероника болон Вероникагийн гэр бүл насан туршдаа шаналал тээж амьдарсныг тэр даанч хожуу ухаарав. Харуусал ( Remorse хэмээх үг нь латин хэлний remordere (тарчлаах, шаналгах) буюу re- (ахиад, эргээд)+ mordere (хазах) хэмээх үгсээс гаралтай.) Хичнээн харамсаж халаглаад ч өнгөрснийг буцаах боломж даанч байдаггүй. Тэгэхээр хүн хэн нэгэнтэй дотно болоод бие биенээ таньж мэдээд амьдралын зам нийлэх боломжгүй гэдгээ мэдээд мөр мөрөө хөөх цаг мөчид биесээ хэмлэхгүй, бурхныг бодож хэсэг хугацаанд ч гэсэн хайрлан дурлаж байснаа санан сэтгэл хөдлөлдөө автаж болчимгүй үг үйлдлийг гаргахгүй байхад зайлшгүй суралцаж ухамсарлах учиртай аж. Амьдрал хэмээх шалгалтын үнэлгээ нь хүн амьдралынхаа туршид уулзаж ойртон дотноссон хэн бүхэндээ ямаршуухан мэдрэмж төрүүлж, яаж хандаж байсан зэрэг нь та хир амьдарсан бэ гэдгийн эцсийн дүн бололтой.

ТЭМДЭГЛЭЛ| АРМАН ГҮЛ

Түр хүлээнэ үү...
Top