Н.ТӨГСЗАЯА: ААВ МИНЬ ХЭЗЭЭ Ч ИЛҮҮГ ХҮСЭЖ АМЬДРАЛЫГ ГОЛДОГГҮЙ
2020-12-10 Уншигч 368

Энэ ном нь миний уншсан Үй Хуа зохиолчийн 2дох ном ба эхний ном нь Амьдрахуй байсан юм. Яагаад ч юм Үй хуа зохиолчийн бүтээлүүд надал таалагддаг болчихсон. Уншихад ямар ч байз даа юу билээ гэж ойлгогдохгүй зүйл байхгүй маш энгийн үгсээр яруу сайхан илэрхийлэмжтэй уншихад урсаад л байхаар бичдэг учраас тэр байх. Мэдээж мөн зохиолчоос гадна орчуулагч хэвлэлийн газартаа учир байгаа. Tagtaa publishing ийн номнууд маш чанартай үлдэцтэй санагддаг. За тэгээд би ийнхүү 2дох номыг сонгохдоо огтхон ч эргэлзэлгүй сонгож аваад шууд уншиж эхэлсэн.



Товч агуулга
Шү сан гуань гэх залуу амьдралын ухаантай шулуун шударга мэргэн үгтэй нэгэн. Түүний ажил бол торгоны үйлдвэрийн шүлс хүргэгч юм.
Энэхүү ном нь Тэрээр амьдралын хүнд бэрх цаг үед мөнгө олохын тулд аргагүйн эрхэнд хэд хэдэн удаа цусаа худалдсан түүх юм.
Тэрээр анх аавынхаа нутгийн 2 залуутай явж эмнэлэгт цусаа зардаг. Нэг удаа цус зарахад 400мл цус авдаг ба хариуд нь 35юань(тухайн үедээ хөөрхөн их мөнгө) өгнө. Цусаа худалдсаны өмнө маш их ус ууж цусаа шингэлэх ба 3 сардаа 1 удаа л зарж болно илүү зараад байвал үхэх аюултай гэж 2 залуу Шү сан гуаньд зааж өгнө. Тэрээр Шү юи ган гэх тосгондоо алдартай үзэсгэлэнтэй эмэгтэйтэй гэрлэнэ. Удалгүй тэд И лэ, Ар лэ, Сан лэ гэх 3 хүүтэй болсон ч том хүү И лэг өөрийнхөө хүү биш гэдгийг мэднэ. И лэ хүү нь айлын хүүхэдтэй зодолдож хэрэг тарин Шү сан гуань өрөнд орж дахин цусаа худалдана. Дараагийн удаа нутаг нь үерт автаж өлссөний эрхэнд дахин худалдана. Хэдэн жилийн дараа 3 хүү нь нас биед хүрэн хөдөө ажил хийхээр явсан ч том хүү И лэ нь хүнд өвчин тусан Шанхайруу явж эмчлүүлэх хэрэгтэй болсон тул дахин цусаа худалдах хэрэг гарна. Зохиолын гол дүр залуу Шү сан гуань замд таарах том хот бүрээр орж цусаа худалдан мөнгө хурааж үхлийн даваан дээр байсан ч сайн хүмүүсийн тус дэмэнд явсаар Шанхайд хүрч хүүгээ авардаг.


Миний сэтгэгдэл
Уншиж эхлээд яадаг билээ энэ залуу чинь арай цусны мөнгөндөө улайраад хамаг цусаа зараад цусгүйдээд үхчих юм биш биздээ гэж гэнэт цочин бодлоо. Тэгвэл гол дүргүй болох юм биш үү. Эсвэл өөр хүн гол дүр юмуу гээд л уншиж гарсан. Хаа очиж гол дүр маань тийм тэнэг хүн байсангүй.

Номны түүх нь хятад хүмүүсийн амьдралын онцлогийг маш энгийнээр илэрхийлж өгсөн байсан. Би хятад хүмүүсээс суралцах дуртай. Тэдний амьдралыг харах өнцөг нь надад таалагддаг. Тэд хичнээн муу санаатай, бохир заваан харагддаг ч хэзээ ч гадаад үзэмж болон бусдын бодолд анхаардаггүй өөрийнхөө амьдралаар чимээгүй шаргуу хөдөлмөрлөж, бага төсвөөр ч амьдарч чаддаг, хэзээ ч улсаасаа мөнгө нэхэж хэвтдэггүй өөрсдөө хөдөлмөрлөдөг биеэ даасан улс шиг санагддаг. Энэ нь л надад таалагддаг.

Номыг уншаад Хятад хүмүүс монгол хүмүүсээс бага зэрэг өөр санагдав. Их биш багахан л. Хүн л болохоор эцэст нь бидэнд төстэй зүйл их. Уншиж байхдаа яасан муухай хатуу ширүүн үгтэй юм бэ? Яасан айхтар зэрлэг хандана вэ? гэж бодон бодон уншсаар байв. Гэвч аман дээрээ ямар чанга хатуу хүн ч дотроо ямар өр зөөлөн байдаг нь улам сэтгэл тайвшруулна. Энэн дээр л бид адилхан хүн гэдэг маань батлагдана. Гэр бүлийн хүмүүжил биднийхээс бага зэрэг өөр байх юм. Эцэг эх нь хүүхдүүдтэйгээ маш хатуу үгсээр илэн далангүй харьцана. Эцэг эхээ яаж шүтэж хүндэлж талархан амьдрах ёстойг бүр бага балчраас зааж сургана. Мөн эцэг эхийн хайр чухам ямархуу хэмжээтэйг үнэхээр хэлж мэдэхгүй. Том хүүгээ хүний хүүхэд гэдгийг мэдээд маш ихээр шаналж уурсаж байсан ч эцэст нь өөрийн хүү болгон хүлээн зөвшөөрч өөрийн амь насыг дэнчин тавин том хүүгээ аварна. Хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг үг л яг тохирно.

Энэхүү номны зохиолч Үй хуа Хятад улсын тухайн үеийн нийгмийн хүнд хэцүү нөхцөл байдлыг уншигч бидэнд нэвт шувт харагдаж зүрхэнд мэдрэгдтэл өгүүлж чаджээ. Хүмүүс зүгээр л амьд байх хэрэгтэй бусад нь хамаа байхгүй гэдгийг магад хятад хүмүүс л илүү мэддэг байх. Ямар ч хэцүү үе байсан чадах чинээгээрээ хичээгээд амьдралыг үргэлжлүүлэх ёстойг, тэнд бараг ямар ч өнгө байхгүй байсан ч хар бараанаар урагшлах ёстойг, хичнээн хэцүү байсан ч өөрчилж болохгүй зовлон байдаг гэдгийг хамгийн ихээр мэддэг юм шиг. Яг л аав шиг минь. Аав минь хэзээ ч илүү хүсэж амьдралыг голдоггүй. Би аав дээрээ очин “Ааваа би ийм байна, тийм байна, амьдрал ингээд байна, тэгээд байна” гэнэ. Гэвч аав өөдөөс чи яаж ч зовсон өөрчилж чадахгүй зүйлийг сэтгэлийн хатаар даван туулах ёстой гэж өөр нэгэн утгаар надад хэлнэ. Хүн амьдралдаа зовлон бэрхшээл хоёрыг ялган таних чухал байх. Бэрхшээл бол өөрчлөгдөж болно. Бид шаргуу хичээл зүтгэлээр өөрчилж чадна. Харин зовлон зүдгүүрийг бид яаж ч хичээгээд өөрчилж чадахгүй ганцхан сэтгэлийн хатаар л даван туулах боломжтой юм.
Энэ л Зохиолчийн уншигчддааа хүргэх гэсэн мессеж байх.

Түр хүлээнэ үү...
Top