Ц. ЭНХЧИМЭГ: ЗҮРХ СЭТГЭЛ МИНЬ ЮУ ГЭХ НЬ ВЭ, АНИРДАЖ Л БАЙЯ
2020-11-30 530

Хэн ч мэддэггүй байх. Бүгд сонсогдохыг, хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг атлаа хэн ч бусдыг сонсохыг, түүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.

Сүүлийн өгүүлбэрийг уншаад номоо хаахад сэтгэл дүүрэн байсан. Эллагийн өмнөөс гаргасан бүх шийдвэрт нь талархсан.


“Би амьдралаа өөрчлөхөд бэлэн үү?”, “Дотроосоо өөрчлөгдөж чадах уу? гэж өөрөөсөө асуухад хэзээ ч оррйтохгүй. Өдөр бүрийг нэг л янзаар өнгөрүүлнэ гэдэг үнэхээр харамсалтай. Бид урсан одох хором бүхний хэрээр, уушгиа цэнэглэх амьсгал бүрийнхээ тоогоор шинэчлэгдэж байх учиртай. Амьдралдаа цоо шинээр эхлэх цор ганц арга бий: тэр бол үхэхээс өмнө үхэх.”

Бидний хэд нь амьдралаа өөрчлөхөд бэлэн байдаг бол, бидний хэчнээн нь хүссэнээрээ амьдарч чаддаг бол?

Гэвч бид бие биенээ хүлж, хорьж, түгжиж орхидог. Хэн ч үүнийг анзаардаггүй. Эрүүл л байвал, ажилтай л байвал, гэр бүлтэй л байвал, хүүхэдтэй л байвал, орон гэртэй л байвал… гэх хавчигдмал бодол бид бүхний дотор оршсоор хэн ч биш болгож орхидог. Өөрөөрөө амьдрах эрх чөлөөг минь хүлдэг.

Та хэзээ хэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан бэ..?

Өнгөц харахад Элла. дэлгэцийн цаанаас танилцаж дотноссон Азизд дурлаж гэр бүлээ орхиход хүргэж байгаа юм шиг боловч, яг үнэндээ Элла өөрийнхөөрөө амьдрах замналыг сонгосон юм. Тэр юунаас ч татгалзаагүй. Зөвхөн түүнд өөрийнхөөрөө амьдрах хүч орсон юм. Азиз түүний ертөнцийг яг байгаагаар нь хайрлаж хүлээн зөвшөөрч басхүү сэтгэл зүрхээ чөлөөтэй нээх орон зайг өгсөн. Бид бүхэнд хамгийн хэрэгтэй хэрэгцээнүүдийг нэг бол сонсогдох хэрэгцээ байдаг. Гэвч бидний ихэнх нь андуурдаг. Өдөр бүр нэг гэрт байдаг, байнга л уулзаж байна, бид нэгнийхээ тухай сайн мэднэ. Тэр угаасаа л ийм, тийм хүн гэсэн дүгнэлттэй. Гэвч энэ бүхэн зүгээр л харагдах байдал. Бид бүгдээрээ сонсож чаддаггүй. Харин Элла өөрийг нь сонсож чаддаг, бас өөрөө түүнийг ч сонсож чаддаг тийм хүнтэй учирсан болохоор би түүний сонголтод талархсан.

Эллагийн шүүмж бичих зохиол буюу зохиол доторх зохиол бүр тодруулбал Азизын бичсэн зохиол миний анхаарлыг илүү татсан гэхдээ ерөөс зохиолчын бидэнд хэлэх гэсэн санаа энэ байх. Үгүй ээ, миний хүлээж авахыг хүссэн санаа л энэ юм байна. Сонсох… Бусдын ертөнцийг тэр чигээр нь хүлээн зөвшөөрөх. Мөн Одоо цагтаа амьдрах. Жинхэнэ амьдрах.

Зохиолч 2 зохиол сүлжиж бичсэн нь маш өвөрмөц онцгой байсан. Мөн бүх дүрээ “Би” өгүүлэгч буюу нэгдүгээр биеэс өгүүлж байгаа нь нэн шинэ басхүү гүн сэтгэгдэл төрүүлсэн.

Тэр олон дүр бүхэн алив асуудал бүхнийг өөрийн өнцгөөс харна гэдэг улам бүр дурлуулж байсан. Бас дүр бүхэн өөрсдийн гэсэн онцлог шинж чанар, зан төлөвтэй байгаа нь ер хорвоо дээрх хүн бүхэн адилгүй гэдгийг мэдрэх мэт. Шамс Руми хоёрын учрал, үзэл бодол, нөхөрлөлөөр дамжуулан тэдний эргэн тойронд хөврөх үйл явдлууд утга учиртай, нэгийг тунгаахад хүргэнэ. Шамсаар дамжуулан хүргэх дөчин дүрэм хайрын тухай биш амьдралын тухай дүрэм. Бидний мэдэх бас мэдэхгүй олон дүрмүүд байгаа ч, дүрэм бүхэн хэрэгтээ цагтаа танд тусалж чадахуйц шидтэй. Дүрэм гэхээр тухгүй сонсогдож магадгүй харин хорвоогийн олон зүй тогтлыг багтаасан гэж болох юм байн. Та л хүсвэл энэ зохиолоос олон зүйлийг олж харж болохоор санагдлаа.


Энэ зохиолын хамгийн олзуурхууштай бас. нэг санаа бол Шашин бол хайр юм. Аль ч шашинг үгүйсгэсэнгүй, бас алийг ч дөвийлгөсөнгүй. Бүгд хайрыг түгээгч.

Хүн бүрийг өөрийн ШАМС-аа олоосой гэж ерөөл хүртэл байна. Шамс шиг хүмүүс цөөнгүй байж болох ч гол нь түүнийг таних Руми шиг хүмүүс байх болов уу…

Хайрын дөчин дүрэм номд. хүний хувь тавиланг өөрчлөх чадалтай тийм нэгэн хүн, тийм нэгэн учрал, хайрын тухай гардаг.

Энэ бидэнд хамгийн их хамаатай. Шамс шиг тийм нэгэн хүн хэн нэгний амьдралыг илүү төгөлдөржүүлэхийн тулд дэргэд оршсоор байдаг. Бид түүнийг таних нүдтэй байх ёстой аж. Ерөөс бид ертөнц дээр ганцаар орших боломжгүй тул үргэлж хэн нэгний хүч тус дэмээ өгч байдаг.

Руми ч бас Элла шиг өөрөөрөө байх эрх чөлөө, хүлээн зөвшөөрөгдөх орон зайг мэдэрсэн юм.

Шамс Румиг төгөлдөржүүлсэн шиг, Азиз Эллаг төгөлдөржүүлжээ.. Бидний эргэн тойронд ч бас, тийм нэг Шамс, ийм нэгэн Руми оршсоор байгаа.

“Хайрын дөчин дүрэм” зохиолын мөн чанарыг

Сонсох /хүлээн зөвшөөрөх/

Сонсогдох

Жинхэнэ амьдрах

Аялал

Хүн

Бурхан

Хайр

Итгэл үнэмшил

Ертөнц гэсэн үгээр илэрхийлмээр байна.


Зохиолч: Элиф Шафак

Орчуулагч: Б.Сувддулам

Тэмдэглэл бичсэн: Ц.Энхчимэг

Түр хүлээнэ үү...
Top