Б.ДӨЛГӨӨН: СҮҮЛЧИЙН ДҮРЭМ
2020-11-23 381


Сүүлийн дүрэм: Хайр үгүй амьдралд утга учир үгүй. Ямар хайр эрж олох вэ гэж өөрөөөсөө бүү асуу. Хайрыг оюунлаг болоод материаллаг, бурхных болоод хүмүүнийх, өрнийнх болоод дорнынх гэх зэргээр ангилан ялгахын хэрэг ер үгүй. Юмсыг хувааж ангилах тусам улам л хуваагддаг жамтай. Хайранд шошго нааж, тайлбар зүүх ямар ч шаардлагагүй. Хайр бол эгэл агаад ариухан, энэ л байгаагаараа төгс. Хайр бол ус. Хайрласан хүн бол гал. Гал, ус хоёр нэгдсэн цагаас эхлээд ертөнц тэр чигтээ өөрчлөгддөг юм.  414-р тал

Нэгэнтээ би гал шиг асаж усанд уусч явсан удаа бий. Дэлхий дээрх хамгийн гоё ариун нандин, надад л боож баглан, савлан над руу илгэээсэн зул сарын бэлэг шиг гоёмсог хайрыг хүртэж явсан удаа бий. Яг багаас хүсч мөрөөдөж явсан хайрыг богино ч болтугай надад мэдрүүлж өгсөн тиймээс ч тэр хэмжээгээр эмзэг учраас бөхөөд унтарчихсан хайрын түүх бий. Ер нь хайранд дүрэм, амьдралд төлөвлөгөө гэж бий юу? Би чамд хайртай хэмээж байснаа мартах хүн ч бий, маргаашийн төлөвлөгөө ч өөрчлөгдөх удаа ч бий… Хайр дүрэмтэй юу? Амьдрал аль хэдийнээ зурагдсан байдаг уу? Хайр дурлал хүмүүний сэтгэлийг дүрэм журманд оруулж болох уу? Хүн амьдрал, хувь заяагаа захирч болох уу? Хайр дүрэмтэй бол хэчнээн дүрэмтэй вэ? Амьдрал аль хэзээний төлөвлөгдсөн хэн нэгэн зурчихсан байдаг бол өөрчлөх зугтах, хувь тавилангаасаа зуурах аль эсвэл зугтаах боломжтой юу?

Хайрын 40 дүрэм номын сонирхол татахуйц нэгэн онцлог нь бүлэг бүр нь Б үсгээр эхэлсэн ном. Мөн өөр нэгэн сонирхолтой тал гэвэл ном дотор ахиад нэг ном орших хачирхалтай ном. Энэхүү номоо эхлүүлээд уншиж байх явцдаа би гол дүрийн эмэгтэйн уншиж буй номыг энэ ном дотор бүрэн эхээр нь оруулвал ихэд сонирхолтой юм гэж бодож байлаа. Гэтэл үргэлжлүүлээд уншиж байх явцад миний бодож байсан болон найдаж байсан таамаглал маань нотлогдон энэхүү романтик хайр дурлалын роман гэж бодож явсан шар болон бүдэг цэнхэр өнгө хосолсон ном дотор ийнхүү 2 ном зэрэг унших завшаан тохиов. Орчин үед өрнөх үйл явдлыг би цэнхэрлэн харагдах мөрөн мэт өнгө хийгээд хавтсан дээр хадаатай дүрсээр зүйрлэе. Өнгөрсөнд зэрэгцэн өрнөх ном доторх номыг би шар өнгөтэй жишье. Санамсаргүй байдлаар ном дээр тэмдэглэл хийсэн цаас минь 40 ширхэг дүрмийг шар цаасаар, бусад тэмдэглүүштэй өгүүлбэрүүдийг цэнхрээр би тэмдэглэжээ.

Ном 2000 аад оны энгийн нэгэн америк гэр бүлийн өдөр тутмын амьдрал хийгээд их Монгол улсын эд цэцэглэлт байлдан дагуулалтын үе болох 13-р зууны Багдад дах үйл явдлыг зэрэг тусган харуулжээ.Аль аль талаас нь номын агуулга болон үйл явдлыг товчхон цухас дурдахаас илүүтэйгээр би номоос өөрийн ойлгож авч тунгаан бодсон зүйлсээ энэхүү тэмдэглэл дээр тусгахыг зоръё. Орчин үеийн үйл явдал дээр хэзээ ч уулзаж үзээгүй хүн нь 20 жил ханилсан ханиас нь илүү өөрийг нь ойлгох мэт дүрслэл гарч байгаа нь хүн хэдий ойрхон байвч ойлгож чадахгүй тохиолдол байдаг. Хол байвч сэтгэл зүрхнээсээ хамт байж төдий хэмжээгээрээ сайн ойлголцох ч харилцаа бий. Үүний нэр нь Soulmate гэж ч хэлж болмоор. Одоо үед ч мөн биеэр нэг ч уулзаагүй хүндээ цахим ертөнцөөр танилцан сэтгэл алдрах тохиол цөөнгүй. Тиймээс энэ ном уран зохиолын хэтрүүлэг бий ч гэсэн бодит амьдралд биелэлээ олох магадлал ч бий. Азиз өөрийн амьдралаа нэрт яруу найрагч эртний гүн ухаанч Руми нэрийн 4 үсэгт хуваан ангилсан нь миний онцлохыг хүссэн дараагийн зүйл. Хүн бүр өөрийн амьдралын он жилүүдийг эргэн санавал ямар нэгэн байдлаар ангилан хуваан шатлан дүрсэлж болно.Үйл явдлыг хүүрнэн өгүүлэх маягаар бичигдсэн бөгөөд хүүрнэгч нь зөвхөн гол дүрийн хэдэн баатрууд биш. Гол дүрийн баатрууд маань будын нүдэнд хэрхэн харагдаж тухайн үйл явдал өөр хүний нүдэнд өөр бусдын өнцгөөс юу гэж үнэлэгдэн дүгнэгдэж буйг нь зэрэг тусгасан бүтээл юм.

Энэ ном нь нэг талаас хайрын тухай гарах боловч нөгөө талаас эх дэлхий тэр чигтээ мөн амьдралын утга учир болон эх дэлхий ойр орчим гэр бүл найз нөхдөө хайрлах өөрт хамаагүй ч нэгэн цагт хамт амьдран буй оршин буй юмс бүхнийг хайрлах дүрмийг томьёолсон мэт. Хайр нь зөвхөн дурлалт хосуудын хооронд л өрнөдөг зүйл биш найз нөхөд, гэр бүл, багш шавь архичин гуйлгачин янхан хүмүүсийг ч ойлгон хүлээн зөвшөөрөх хүндлэн дээдлэх, хүлцэн тэвчих, хариу үзүүлэх, тус хүргэх, дэмжих, ойлгохын нэр юм.

Сэтгэлд үлдсэн дүрмүүдээс

• Мэдлэг хайр 2 хоорондоо алд дэлэм зөрүүтэй. Мэдлэг ямар ч эрсдэл шаарддаггүй хэрнээ хүмүүсийг улам төөрөгдүүлж орхидог. Харин хайр ээдрээг тайлах атлаа бүхнийг эрсдэлд оруулдаг. Мэдлэг үргэлж сэрэмжтэй байхыг сануулж “Битгий их хөөрч догдол! гэдэг бол хайр харин эсрэгээрээ “Битгий биеэ барь. Хүссэнээрээ хөгжилд” гэдэг. Мэдлэг бат бөх бол хайр хялбархан эмтэрдэг. Гэхдээ эвдэрхий балгас дунд эрдэнэ нуугдаж байдагчлан эмтэрсэн зүрхэнд эгэлгүй гоо сайхан оршдог юм.

• Уй гуниг хийгээд ганцаардал нь угтаа хоёр өөр зүйл билээ. Ганцаардсан үедээ хүн зүг чигээ алдах нь амархан байдаг. Харин уй гуниг бол ондоо, өөрөөр хэлбэл ганцаардахгүйгээр ганцаараа байхын нэр. Гэхдээ толины тусгал мэт таныг харж, мэдэрдэг хүнтэй учирвал дээдийн зол тэр билээ. Өөрийгөө өрөөлийн зүрх сэтгэлээс харж гэмээнэ өөрийн дотор нуугдсан бурхныг олж чадмуй.

• Амьдралд тань юу ч тохиолдлоо гэсэн, алив юмс тэвчихийн аргагүй хэцүү санагдсан ч сэтгэлээр бүү уна. Бүх хаалга хаагдсан ч бурхан чамд цоо шинэ гарцыг нээж өгөх болно. Талархалтай бай.

• Хүлцэн тэвчинэ гэдэг зовж шаналахын нэр биш, харин холч ухаантай байж, хийж буй үйлийнхээ эцсийг үзнэ гэсэн үг. Хүлцэн тэвчинэ гэдэг сарнайг өргөстэй нь шөнийг үүрийн гэгээтэй нь харахыг хэлнэ.

• Шавар шатаж байж бат бөх болдогчлон хайр шаналал зовлон дундуур туучиж байж төгөлдөрждөг.

• Хувьсал өөрчлөлтөөс халирч бүү зугтаа. Харин ч таатайгаар хүлээн ав. Амьдрал орвонгоороо эргэлээ гээд адгаж бүү зов. Туулж гарснаас чинь илүү сайхан амьдрал тосоод угтах ч юм билүү хэн мэдлээ.

• Өдөр бүрийг нэг л янзаар өнгөрүүлнэ гэдэг үнэхээр харамсалтай. Бид урсан одох хором бүхний хэрээр уушгаа цэнэглэх амьсгал бүрийнхээ тоогоор шинэчлэгдэж байх учиртай. Ингээд тоочоод дурьдвал дүрэм бүрт тунгаан бодож ухаж ойлгох зүйл зөндөө. Заримыг нь би өөрөө хэдийнэ ойлгосон ухагдахуунууд байх бай зөрим зүйрлэл дүрэм нь нүдийг миний нээж нээрээ л тийм байна хэмээн бодолд автуулж байсныг нуух юун.Өмнө би өөр нэг номын тэмдэглэл дээрээ уншиж буй ном минь амьдралтай минь уялдах, ямар нэг зүйлээр холбогдсон байх юм хэмээн дурьдаж байсан билээ. Харин энэ ном дээр нилээд хэдэн сэжмээр холбогдсоны нэг нь сүүлийн 5 сар ажлын шугамаар ислам шашинтай Араб, Муслим хүмүүстэй ойр дотно ажиллах боломж олдсон юм. Тэднээс тайлбар сонсож шашныг нь ихэд сонирхоогүй ч гаднаас нь алсаас ажиж харах боломж олдсон юм. Тэд амьдралынхаа туршид архи хэрэглэдэггүйг энэ хүмүүсээс мэдэж авсан ч ном дээр мөн бичигдсэн буй. Өглөө эрт хамт ажиллаагүй болохоор өглөөний зан үйлийг нь мэдэхгүй ч эрэгтэй эмэгтэй хүмүүс нь оройдоо хөл, гар нүүрээ угаан угаал үйлдэж, нар жаргахтай зэрэгцэн залбирал үйлдэж эхэлдэг билээ. Монголоор хэлбэл лам нар ном уншиж байгаа мэт мөргөлийн дуу сонсоод даган залбирдаг. Мөн эрхи байдаг. Харамсалтай нь түүнийг залбирч байхдаа хэрхэн хэрэглэж байгааг нь хараагүй. Тэднийг болон шашныг нь дэлхий нийтээрээ жигшин зэвүүцэж гадуурхан хяхан хавчдаг ч тэдний шашин болоод ард иргэд нь яг л бидний л адил хүн шүү дээ. Эдгээр хүмүүстэй ойртон дотноссоноос гадна энэхүү ном нь намайг ислам шашинд хандах хадлагийг маань өөрчилсөн. Миний бодлоор би Хайрын 40 дүрэм номыг орчин үеийн Библ хэмээе. Эцэст нь нэг үгээр хэлэхэд энэ ном хайр сэтгэлийн тухай ном биш амьдралын тухай ном юм. Хайр гэдэг амьдрал юм. Амьдрал гэгч нь хайр юм.

Таалагдсан эшлэлүүд:

Эмэгтэй хүн болгон дурласан залуутайгаа суудаг гэсэн бодлоо толгойноосоо авч хая. Цагаа тулахаар тэд чинь сайн аав, үнэнч нөхөртбайж чадах хүнийг л сонгодог юм.

• Хайр гэдэг чинь ердөө л хоромхон зуур сэтгэл гэгэлзүүлээд замхардаг амтат мэдрэмж төдий зүйл биш юм.

• Үнэнийг хэлэх тусам өөртөө дайсан хураадаг.

• Хүмүүс өөрсдийнхөө ухаж ойлгож чадахгүй зүйлийг хүлцэн тэвчиж чаддаггүйг хамгийн түрүүнд ухаарч билээ.

• Үхэл гэгч миний хувьд төгсгөл биш учраас түүнд зовох юм алга, харин олж мэдсэнээ үлдээж чадалгүй явах вий гэхээс л айж байна. Хэдэх үг, хүүрнэх түүх цээжинд минь багтаж ядна.

• Холын аянд явж үзээгүй атлаа хорвоог таньчихсан хүмүүс байдаг шүү дээ.

• Нэг ёсондоо хот гэгч хүн ардынхаа сэтгэлийг тусган харуулдаг аварга том толь юм.

• Эргээд бодоход энэ бүх үйл явдал өнөөдрийн намайг бүтээхэд өөр өөрийнхөөрөө нөлөөлжээ.

• Өнгөрсөн гэдэг бол усны эргүүлэгтэй л адид. Улирч баларсанаа бодоод л байвал эргүүлгээс хэзээ ч гарч чадахгүй.

• Цаг хугацаа бол илбэ зэрэглээ. Тиймээс одоо цагтаа л төвлөрч амьдар. Амьдралын утга учир ердөө л энэ.

• Хүмүүс бид ижилхэн хоол идэж, ижилхэн гунигийн дуу сонсож, ижилхэн мухар сүсэгт итгэж, шөнөдөө ижилхэн зүүд зүүдэлж болдог хэрнээ яагаад нэг дор амьдарч чаддаггүй юм бол?

• Чин хайр хийгээд жинхэнэ нөхөрлөл хүнийг санаанд оромгүйгээр өөрчилдөг. Хайртай учирсныхаа дараа хуучин хэвдээ байсаар байх аваас чин сэтгэлээсээ хайрдаагүйн илрэл.

• Биелэшгүй мөрөөдлөөсгадна гэнэтийн, онцгой явдлыг хүлээж авахад бэлэн болсон хүмүүст л ер бусын зүйл тохиолддог.

• Найраг шүлгийн мөрүүд аяндаа л амнаас минь тасралтгүй урсана. Магад түүнийг сонссон хүн намайг үнэхээр яруу найрагч болжээ гэх биз. Үгийн урлаач.

• Шатрын хөлөг байна уу амьдралын талбао байна уу ер ялгаагүй, ялахын төлөө хийдэг үйлдэл гэж байхад яах аргагүй зөв учраас хийдэг үйлдэл ч бас бий.

• Бүхий л сэдвээр марган мэтгэлцэж болох ч хайр шиг эмзэг агаад гүн гүнзгий сэдвээр хэлэлцэнэ гэдэг хуй салхийг барьж авах гэж зүтгэхтэй адил зүйл билээ. Салхи ямар хор уршиг тарихыг сайн мэдэж буй ч намдаа үл чадна.

• Авч давхидаг морь шиг асар хурдтай урагшилж буй тэдний харилцаа амжиж жолоог нь татвал зогсож болмоор санагдана.

• Хайр миний дадаж заншсан бүхнийг ор мөргүй өөрчилжээ. Гэхдээ хариу болгож яруу найргийг өгсөн билээ.

2020 оны 11 сарын 21

Дөлгөөн

Түр хүлээнэ үү...
Top