А.АМАРМӨРӨН: ХҮН ХҮНЭЭРЭЭ, НОХОЙ НОХОЙГООРОО ҮЛДЭХ НЬ НИЙГЭМД АШИГТАЙ.
2020-09-02 228


Энэ бяцхан хэрнээ гайхалтай номыг санал болгосон эрхэмд талархлаа...

Өөрийн тархигүй, бусдын үгээр явдаг атлаа ёс суртахууны ялзралд орсон хүмүүс бол энэ хорвоогийн хамгийн аюултай араатнууд юм. Хүн дүрстнүүдийн дунд ийм хүн бишүүд өчнөөн бий гэхээс айдас хүрнэ. Энэ номыг инээж уншаад эцэстээ айж төгсгөх...

"Мастер Маргарита" зохиолоор нь анх танилцаж байсан Михайл Булгаков хэмээх энэ эрхэм зохиолч бол тухайн нийгэм цаг үеийнхээ босогч, зохиол бүтээл нь түүний шударга үнэний дуу хоолой байжээ. Нийгэм, ихэс дээдсийнхээ саар самууныг хөнгөн егөөдлөөр ил гарган тавьж, улмаар хориотой сэдвээр бичдэг хэмээн адлагдсан ч бичсээр байсанд нь хүн төрөлхтний нэг хэсэг болсон би ч өдгөө талархаж сууна.

УГ ЗОХИОЛД НЭГЭН НОХОЙ ХҮН БОЛОН ХУВИРАХ ХӨГЖӨӨНТ, ХОРЖООНТ ҮЙЛ ЯВДЛААР ДАМЖУУЛАН ХҮНИЙ МӨН ЧАНАР, НИЙГМИЙН ЁС СУРТАХУУН, КОММУНИСТ ҮЗЭЛ САНААГ ШҮҮМЖЛЭН ХАРУУЛЖЭЭ. ХӨНГӨН ГҮЙЛГЭЭД УНШИХАД ШОГ ХОШИН, ЭТГЭЭД ГАЖУУ ЗОХИОЛ ШИГ САНАГДАХ ХЭР НЬ ЦААНАА АСАР ИХ УТГЫГ ТЭЭНЭ.

Нохой бол зөвхөн хоол олж идэж, амьд үлдэхийн тулд л амьдарна. Харин хүмүүс бол хоорондоо уралцаж, санаа бодолгүй нэгнээ өдөөн турхирч, саар муу бүхнийг үйлдэн амьдарцгаана. Энэ бол бидний ялгаа... Хүмүүсийн хараал зүхэл, хүйтэн харцнаас бэргэн өлсөж туйлдах Шарик нохойд сайхан сэтгэлт, зөв шударга Филипп Филиппович эмч тусалдаг. Нохойг туршилтад оруулж, нас барсан эрийн тархи, эр бэлгийн булчирхайг суулгахад гайхалтай үр дүн гарч, тэр аажмаар хүн болон хувирч байлаа. Гэвч нохойноос долоон дор хүн...Яагаад ийм зүйл болов?Швондер гэгч коммунист үзэл бодолтой, бусдыг муу муухайд турхирдаг хүмүүсийн хар балгаар боловсрол дутмаг, моральгүй Шарик шиг нөхдүүд нохойноос дор, нийгэм цаг үеийнхээ хар толбо нь болж тэлсээр байсан болов уу...Эмч Филипп Филиппович бол хувьсгал, цуст тэмцэл, коммунизмыг эсэргүүцдэг, боловсролтой, бодлоготой хүний буюу зохиолчийн өөрийн үзэл бодлыг толь болсон дүр байлаа. Түүний:Аллага хүчирхийллээр зорьсондоо хүрч болно гэж ТЭД буруу бодоод байна. Үгүй шүү дээ, огт үгүй. Цагаан, Улаан аль нь ч тэр зорилгодоо аллагаар хүрэхгүй. Хүрэн байлаа ч ялгаагүй!Хүн бүр өмнөх өмнөх ажлаа хийх л хамгийн сайн зүйл. Өөрөөр хэлбэл би мэс заслаа хийж, их театрынхан дуулах ёстой л гэсэн үг. Энэ л зөв зам. Ингэвэл сүйрэл болохгүй.Хүнийг ч, амьтныг ч зодож болохгүй. Үүнийг үүрд санаж ав. Аливаа амьтны сэтгэл зүрхэнд хайр энэрлээр л хүрэх боломжтой....тэр одоохондоо Шариковыг миний эсрэг турхираад баярлаж байна. Гэтэл цаг нь ирэхэд Шариков өөрийг нь ч “зууна” шүү дээ. Харин тэр цагт бол түүнээс жижиг хэлтэрхий ч үлдэхгүй. хэмээх үгнүүдээс түүний үзэл санаа, үйл хэргийн мөн чанар танигдаж байна.Шарик хүн болж хувирахдаа хамгийн адгийн хүн болсон бөгөөд буцаад нохой болохдоо хөөгдөөгүй нь аз гэсэн ганцхан бодолтой үлддэг. Хүмүүс бид тархиа хамгийн сайн ашигладаг амьтан хэрнээ заримдаа энэ талаараа нохойноос дор байх нь ч бий.Өдгөө бидний дунд ч бас Шариков шиг хүн дүрстэй ноход оршин буй. Ерөөс хэмжээ хязгаар, хэлбэр дүрсээрээ хүн хүнээрээ, нохой нохойгоороо үлдсэн нь нийгэмд ашигтай болов уу. Учир нь нохойг хүн болгох гэж оролдоход хаздаг нохой болоод л дуусдаг жамтай гэлтэй... Цаг үеийнхээ түүхтэй холбогдсон олон деталь дүрслэл, Шарикийн хөгжилтэй хэр нь хөгийн үйлдлүүд гэх мэт олон сонирхолтой зүйлсийг өөрсдөө уншаад олж хараарай. Тэмдэглэлийг минь дуустал нь уншдаг цөөхөн хэдхэн хүмүүст

Хүндэтгэсэн А.Амармөрөн 2020. 5.23

Түр хүлээнэ үү...
Top