Салман Рушди- “Хорвоо ертөнцийн хоргодох орон”
2020-07-23 359

(“Дур булаам” дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн антологиос)

Хам цагийн хүрээнд бичигдсэн үлгэр домгийн өгүүлэмжтэй уг өгүүллэг бол Британи-Энэтхэгийн зохиолч Салман Рушдигийн бүтээл. Латин Америкаас үүдэлтэй шидэт реализмын арга хэлбэрийг зохиол бүтээлдээ ашиглах болсон Салман Рушди “Хорвоо ертөнцийн хоргодох орон” хэмээх бүтээлээ домог зүйн реализмын хожуу хувирсан хэлбэр болох шидэчлэн дүрслэх аргыг түүхэн хэв маягтай хослуулан бичсэнээрээ онцлог. Эртний үлгэр домгууд хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийг илтгэж байсан бол домог зүйн сэтгэлгээний ололтыг ашигласан орчин үеийн шилдэг зохиолууд, өнөөгийн нийгэм-хүний тухай асуудлуудыг ид шидийн хүчний дүрслэлтэй хослуулан гүн ухаан, танин мэдэхүйн өвөрмөц төрлийн зохиолыг бүтээгч аргыг шидэт реализм хэмээн тодорхойлдог. “Дур булаам” гэх дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн антологид багтсан уг бүтээл зохиомжийн хувьд бичлэг туурвилын олон хэв маягууд дотроос хүүрнэлийн болон хөрөг дүрийн аргуудыг хослуулан хэрэглэжээ. Тодорхой он тооллыг зохиолд тогтоож өгөөгүй байгаагаас үзэхэд цаг-орон зайнаас илүүтэй утга сэдвийг чухалчилсан бүтээл болохыг илтгэнэ. Зохиолд буй дүрүүд өөрсдийн үг хэл, үйл хөдлөлөөс илүүтэй өгүүлэгчийн хүүрнэл болон гол баатрын үзэл санаагаар тодорхойлогдоно.

Эзэн хаан Абул-Фат Жалалуддин Мухаммад буюу хаадын хаан Агуу Акбарын амьдралын нэгэн зурвас үе төдийгүй оршихуйн утга учрыг өгүүлэх уг зохиолын орон бол Шикри буюу олон аянчны тэмүүлэн ирдэг үлгэрийн орон юм. “Дайны хөлд талхигдсан дэлхий ертөнцийн дүр төрхийг хатуу үнэн гэх аваас Шикри түүн дотор нуугдсан үзэсгэлэнт хуурмаг буюу. Хаантны орд гэртээ харьж ирэх нь архаг тамхичин гаанс, тамхи руугаа эргэх мэт. Жинхэнэ шидтэн гэж түүнийг л хэлэх биз. Чухам энэ л товхон орон зайн дотор тэрээр ямар ч шашин, хил зааг, гарал угсаа, зэрэг дэвээс ангид цоо шинэ ертөнцийг увдис шидээрээ цогцлоох бүлгээ.(2019:227)” хэмээсэн нь ер бүхий л гарамгай авьяастан, гоо бүсгүйчүүд гээд төгс төгөлдрийн илэрхийлэл болсон шавар хот Шикриг шидэт орон л гэлтэй. Баригдаж бүтээгдсэн арванхоёр жилийн үйл явц болоод хотын гадаад дүр дүрслэл, оршин суугчдын байр байдал хийгээд  аж төрөх онцлог зэргийг дэлгэрэнгүй дурдахаас эхлээд эзэн хаан нь хүртэл хий төсөөллийн хүчинд дарлуулах Шикри хот ямагт илбэ зэрэглээ мэт хоосон сэтгэгдэл төрүүлнэ. Сүр хүчит хаан Акбар төсөөллийнхөө хүчээр бий болгосон Жода хэмээх үзэсгэлэнт хатнаа хэн хүнээс илүү хайрлан нандигнахдаа өөрийг нь тойрон хүрээлэх хий ч бай, бодит ч бай олон хатныг эс ойшоон жинхэнэ хатдаа хий үзэгдэл, төсөөллийн хатнаа л цорын ганц бодитой амрагаа хэмээн итгэнэ.

Хааны өнгөрсөн болоод өнөөгийн амьдрал аж төрлийн байр байдал хийгээд бодол сэтгэхүйг гуравдугаар биеэс хүүрнэн өгүүлсэн бөгөөд үүнд олон арван жилийн түүхийг хураан илэрхийлэхэд “шидчилэх” арга тохиромжтой байснаас гадна дүрүүд нь ер бусын хүч чадал, илбэ жатга, нууцлаг гэмээр ид шидийн шинжтэй элементүүдийг өргөн ашигласан нь энэхүү өгүүллэгийн шидэт реализмын дүрслэлийн гол онцлог болно. Төгс төгөлдрийн илэрхийлэл болсон зээлдмэл бие цогц, оршихуй болох Жода хатны дүр хүний төсөөллөөс бүрэлдэн тогтсон бөгөөд махан биеийг олж төрөөгүй ч дуу хоолойгоороо ярилцан хэлэлцэх зэрэг шидэт өгүүлэмжүүдийн жишээ олон бий. Тухайлбал, “Орхигдсон хатан орд харшийн дотор гав ганцаар дэмий холхино. Торолжин сийлбэрт чулуун хаалтан дундуур торолзон сүүтийх сүүдэр болов тэр. Сэвэлзэн үлээх сэвшээ салхины аясаар сэмрэн хийсэх хөшиг болов.(2019:230)” хэмээжээ. Нүдэнд үл үзэгдэх Жодабайн дуу хоолой, үг хэлийг бодит мэт хүүрнэн өгүүлэхдээ хүншүүлэлийн ур маягийг ашиглан уг зохиолд чухал байр суурыг эзлэх онцгой дүрийг бүтээжээ. Зохиогч энэхүү шидэт реализмын аргыг ашиглахдаа түүхэн үйл явдалтай холбон үлгэр домгийн гэхээсээ илүүтэй ертөнцөд байж болохуйц хэрэг явдал хэмээн итгүүлэхийг зорьжээ. “Ертөнцөд цуутай эр нөхрийнх нь цусанд илбэ жатгын хүч нуугдан байдгийг Жода мэднэ. Чингис хаан мал амьтнаар тахил өргөж, өвсний сөлөөр эм залж, харын эрчмээр хүч хурааж явсныг хэн хүнгүй мэднэ. Тиймдээ ч үр хүүхэд нь найман бум хүртлээ өсөж үржсэн гэдэг. Түүний хойч Доголон Төмөр ертөнц дахиныг эзэлсэн хойноо од мичидэд авирч бурхны оронг булаан эзэгнэхээр санаархан байсныг ч мэдэхгүй хүн үгүй.... Үхэлтэй мөчөөрхөж, хар хүчинтэй ханьссан эл түүхүүд эр нөхрийнх нь удамд буй. Жодагийн өөрийнх нь оршихуй ч Акбарын илбэ жатгын илрэл мөнөөс мөн билээ.(2019:231)” хэмээн өгүүлсэн нь учир битүүлэг энэ шийдлийг илүү бодитой болгож өгчээ.

Агуу Акбарын амьдралын нэгэн зурвас үеийг хүүрнэхдээ түүний хөвөлзөх сэтгэлийн уй гуниг, итгэл найдвар, хүсэл мөрөөслийг таниулан өгүүлж өнгөрснөөс эдүгээг хүртэлх амьдралыг нь эргэцүүлэн дүгнэсэн нь бодрол бясалгалын өгүүлэмжүүдээр илэрнэ. Мөн түүний бодлогошронгуй бясалгагч дүрийг илтгэхдээ анир чимээгүйг илүүд үзэж, албат нартаа хотын дуу чимээг бүхэлд нь хорих зарлиг буулгадаг байсантай холбон илэрхийлжээ. Чадал мөхөс гоо хэдэн хатантай эзэн хаанаа үнэн сэтгэлээс хүндэлж бишрэх шавар хотын ардууд түүнийг хайрлан хүндэтгэхийн сацуу чимээ анир үл гаргах хүндхэн зарлигийг нь хүртэл чин сэтгэлээсээ хичээнгүйлэн биелүүлэх агаад төсөөллийн хатныг нь ч хайрлан бишрэн хэн хүнээс илүүд үзэж буй явдал нь Акбар хааны сүр хүч болоод олноо хүндлэгдсэн агуу оршихуйг нь илэрхийлэх нэгэн жишээ болно. Зохиолд буй бас нэгэн онцгой зүйл бол Төв Азийн эзэрхэг дайчин, Монголын их хаан Чингис буюу Тэмүжинг өвөг эцгээ  хэмээн тодотгон өгүүлдэг бөгөөд чухам түүхэнд нэрээ мөнхөлсөн энэ хүний ур удам хэмээн илэрхийлж буй нь агуу Акбар гэгчийн сүр хүчний хэр хэмжээг илтгэж буй хэрэг билээ.

Акбар бол “Бид” гэх үгийн илэрхийлэл биелэл болсон нэгэн бөгөөд эхээс төрөхдөө л олон тоонд унасан хэмээдэг. Урьд өмнө өөрийн биеийг “Би” гэх үгээр төлөөлүүлж үзэлгүй туулж ирсэн амьдралдаа тэрээр бүхий л газар орон, ард олон, төр улсын төлөөлөл хэмээн үзсээр ирсэн. Гэтэл аливаа хүн зөвхөн “би” бус бусдын төлөөлөл болон олон тоонд харьяалагдах нь гагц эзэн хаанд үйлчлэх давуу эрх дарх биш аж. Хаан, харц хоёрын дунд орших ялгаа заагийг үүгээр лав илэрхийлж боломгүй. Хэн бүхэн л өөрсдийгөө олон тоонд хамсган бодож гэр бүл болоод эргэн тойрныхоо хүрээлэлд хамтатган сэтгэсэн цагтаа л өөрийн “би”-г бүрэн бүтнээр ухамсарладаг бөгөөд “...эзэн даамалдаа хандахдаа нэг өөр хүн болж, эхнэр хүүхэдтэйгээ харьцахдаа бас нэг өөр хүн болдгоо ч анзаардаг буй. Товчхондоо хаан, харц ялгаагүй олон давхарласан уут мэт түмэн янзын “би” дотроо чихэлдэн бачуурч байх ажгуу. (2019:218)” хэмээдэг. Чухам агуу хүчит Акбар хааны уй гунигийн шалтгаан энэ бөгөөд шаналгаж буй бодол хүсэл нь ердөө л өөрийгөө “бид” бус зөвхөн “би”-гээр илэрхийлэн сэтгэх явдал байв. “Зөвхөн өөрийг нь л илэрхийлэх “би” гээч нь байх боломжтой юу? Орчлонгийн энэ багширсан олон “бид”-ийн дор хөөрхий нүцгэн “би”-нүүд булаастай хэвтэж байдаг юм биш биз? (2019:219)” хэмээх бодолдоо л туйлдаж явсан билээ.

Урьд хожид төрөөгүй агуу хүчит хаан хирнээ ислам шашинт цагаан хоолтон, зөвхөн амар амгалан энх тайвныг л хүсдэг дайчин хийгээд гүн ухаанч хаан гэх зөрчилтэй шинжүүд уг дүрийн онцлог бөгөөд үйлдэл бодол нь ямагт зөрчилдөж ирснээс л зах хязгааргүй бодлын мананд будлина. Ер энэ бүх учир битүүлэг тавгүйрхсэн сэтгэлийн тайлал болсон хүсэл мөрөөслийг “Оногдсон ахуй дотроо зүгээр л оршин байх нь даанч чийртэй, оршихуйн хүлээсээ тайлж огт өөр нэгэн болох нь л түүний туйлын хүсэл (2019:223)” гэж өгүүлсэн байдаг.

Акбар хааны сүр хүч хэдий чинээ агуу байна төдий чинээ гуниг ганьхралаар дүүрэн эргэлзээ тээнэгэлзэл асуулт ганцаардлаар сэтгэл нь үл тогтох бөгөөд хүчит ялалт ч нэгэнтээ аз жаргал амар тайвныг өгөхөө больж эсрэгээрээ тэр сэтгэл тайвшрал бус гуниг ганцаардлыг мэдэрнэ. Эцэстээ цорын ганц итгэл найдвар болох оюун бодол сэтгэл зүрхний мөрөөслөөс үүдэлтэй төсөөллийн хатан хэмээн итгэх дотоод сэтгэлийнх нь олон давхар “Би”-гийн нэг хэсэг болсон далд ухамсрын төлөөлөл Жода ч түүнийг сайтар таньж мэдээгүйн дээр үл ойлголцол үүссэнээр түүний дотор орших хүсэл хэзээ ч бүтэшгүй зүйл болохыг ойлгож сургамж болон үлдэнэ. Жодагийн хувьд бяцхан ертөнц болсон хоргодох орон гэгч нь Шикри хотын гантиг чулуун ордон байсан бол Акбар хааны хорвоо ертөнц дээр орших хоргодох ганц орон нь түүний дотор аниргүй орших бодол төсөөллийнх нь хань хайрт хатан Жода байсан билээ.

Биеэ арчлах хамгаалахын эрхээр ямар нэгэн юманд багтаж орших. Хоргодох гэх үгийн утга энэ буй. Дүлий дүмбэ оргих муу зарц Бакти Рам Жайнаас өөр сэтгэлээ нээн ярьж зөвлөлдөх хүнгүй аврал эрсэн хаанд оюун бодлынх нь биелэл болсон хатан Жода бол авралын ганц од, хоргодон орших орон нь байсан боловч төгс төгөлдрийг төсөөллийн шидээр мянгантаа бүтээв ч түр зуурын шинжээ үл алдахыг үүнээс харж болно.

Чухамхүү бидний дотор орших олон давхар “би”-нүүд хувь хувьдаа хүсэл сонирхлоо хөөх аминч үзлээ эн тэргүүнд тавих агаад хэдий нэгэн бие цогцос дотор нийлэгжин орших ч ганцхан “би”-гээр төлөөлүүлэхийн аргагүй тийм л олон дүр аниргүйхэн оршиж байдаг ажээ. “Бид” хэмээх үгээр биесээ тодорхойлохоос өөр арга зам үгүй бололтой. Ингээд бодоход олон “би”-гээс бүтсэн нэгэн бие махбод өөр нэгэн бие болох “би”-гийн цуглуулгатай бүрэн дүүрэн ойлголцох авцалдах нь юу л бол. Хүн хүнээ ойлгох боломжгүйн илэрхийлэл энэ буй. Ер нэгэн биеийн дотор орших олон янзын “би”-нүүд өөр өөрийн гэсэн мөн чанарын дагуу хүсэл бодлоо даган аж төрөхийг илүүд үзнэ. Ертөнцөд буй төгс шүтэн барилдлага хэмээгч нь энэ бололтой.

Хүмүүн бидний хорвоод хоргодох орон гэж чухам юу болохыг нэгэн их хааны дотоод сэтгэлийн аяллаас өөр өөрийн тайллаар ойлгож авах биз ээ.

М.Оюу-Эрдэнэ

Түр хүлээнэ үү...
Top