Б.САРУУЛБУЯН: ТЭР ХЭНД Ч ГОМДООГҮЙ
2020-05-10 640

~ Юм гэдэг учиртай. Зам мухардаж байж хүн арга сийлдэг. Зам тасрахаас өмнө бол арга ухааны тухай бодох ч үгүй. Бодовч болох эсэхийг нь мэдэхгүй.● ЦУСАА ХУДАЛДСАН ТЭМДЭГЛЭЛ ●Зохиолч: Үй Хуа Орчуулагч: М. БатбаярЭрхлэн гаргасан: Tagtaa Publishig | Тагтаа ПаблишингХэвлэсэн: Мөнхийн Үсэг ХХК
1. Бусдын ярианд өөрийнхөө бодлоос илүү ач холбогдол өгөх ~ Шү Сан Гуань эхнэрээ аргагүй нөхцлийн улмаас И Лэг тээснийг хэн хүнээс илүү гадарласан хэдий ч бусдын ярианаас болоод, эхнэртээ маллуулсан арчаагүй эр хэмээн доромжлуулахгүйн тулд маргаан дэгдээдэг. Үнэндээ Шү Сан Гуаньд том хүү нь Шү И Лэ байна уу? Хэ И Лэ байна уу? хамаагүй, аль нь ч бай Шү Сан Гуаний гэр бүлийн гишүүн байсан. Бусад хүмүүс юу гэх бол, хажуу хавийн хүмүүс муу хэлэх вий гэх айдас, нэгэнт муугаар яриад эхлэвэл цэвэр ариун нэр хүндээ хэзээ ч олж авч чадахгүй гэсэн сөхрөл энэ гэр бүлд их гай тарьж хэмээн бодлоо.2. Хүнийг жаргалтай зовлонтой, баяр хөөртэй гуниг гутралтай аль ч цаг үед хажууд нь түшиг болж, дэргэд нь тулгуур байхыг ХАНЬ хэмээдэг ~ Шү Юй Лан завхай явдалтай эм хэмээн шийтгүүлэн олны хөл тасардаггүй гудамжинд " Шү Юй Лан ЯНХАН" гэх бичиг бариад өдөржин зогсоход, түүнээс төрсөн гурван хүү байсан ч түүнийг гэх ганц хүн нь Шү Сан Гуань буюу өөрөөр хэлбэл ХАНЬ гэгч нь байсан. Төрсөн хөвгүүд нь түүнээс ичиж байхад, хань гэдэг хүн л түүнээс ичилгүйгээр хамт ичгүүр болохыг илүүд үзсэн. Шийтгэлийн хурлын үеэр хөвгүүдийнхээ өмнө өөр эмтэй хэвтсэн хэмээн өөрийн нүглээ улайж, ижийтэй нь яг адилхан буруутай гэхэд эхнэрийнх нь царай хэрхэн хувирсан бол, магадгүй тийм зоригтой алхам хийж өөрийг нь хаацайлсан нь насаа туршид мартагдаагүй болов уу.3. Сайн, муу хослон орших хүний сэтгэл ~ Үхээсэй хэмээн харааж, үзэн ядаж байсан Хэ Шиао Юун үхдэл болоод эмнэлгийн орон дээр хэвтэхэд, Шү Юй Ланыг очиход үүднээсээ үсдэн чирж, Шү И Лэг харааж зодон хөөж явуулсан түүний эхнэр өршөөл эрэн, нөхрийнхөө амийн төлөө гуйхад эхэндээ эрс татгалзаж байсан ч эцэс сүүлд нь гуйлтыг ёсоор болгодог. И Лэ хүсээгүйнх үү, эсвэл өөдөө буцах цаг нь болсных уу мэдэхгүй ч Хэ Шиао Юуны сүнс ахин сэхэлгүй дээш одсон. Сүүлд И Лэг өвдөхөд Шү Сан Гуань аргагүйн эрхэнд талийгчийн бэлэвсэн эхнэр, өнчирч хоцорсон охидоос мөнгө гуйхад байгаа мөнгөө хайрлалгүй өгөх шиг болсон. Би үүнийг л ХҮН гэдэг байх гэж бодсон. Хэчнээн хорсож зэвүүссэн ч тасрах шахсан амийг хамгаалж үлдэх хүсэл байвал түүнийг хүн чанар гэх бус уу.4. Цусаа худалдах нь ~ Цусаа худалдах нь амиа худалдаж байгаагаас өөрцгүй учир нь бие махбодын амь нь цусанд байдаг аж. Үүнийг ч Шү Сан Гуань мэдэж байсан, чихээр сонссон, нүдээр үзсэн, сүүлд биеэр мэдэрсэн. Гэсэн ч гэр бүлийнхээ төлөө өөрт нь амиа худалдахаас өөр арга үлдээгүй үед тэр өөрийн амиа худалдсан. Түүнд ингэх шалтгаан байхгүй, тэр зүгээр нэг гэр бүлийн ноён нуруу гэх шалтагтай үлдсэн. Өөрт нь хамааралгүй ч гэсэн өөрийнх нь гэр бүлийн нэг хэсэг болсон И Лэгийн төлөө тэр өөрийгөө хаясан. Хамгийн сүүлийн удаа тэр өөрийнхөө төлөө цусаа худалдахыг хүссэн ч хүслээр нь болоогүй. Нарийн бичвэл шарсан элэг, шар архины төлөө, тэр өөрийн туулсан амьдралынхаа дурсамжийг үүрд санаж үлдэх гэсэндээ эсвэл үдэн хөөх гэсэндээ... Гэвч түүнийг нь Шү Юй Ланаас өөр хэн ч ойлгоогүй. Шү Сан Гуанийг ойлгодоггүй юм гэхэд түүнийг зэмлэх эрх тэдэнд /хөвгүүдэд/ бий гэж үү? Өөрийнх нь төлөө өөрийгөө өгсөн байхад И Лэгийн амнаас тийм гутмаар үгийг сонсох ял Шү Сан Гуаньд байсан гэж үү? ~ Тэр хэнд ч гомдоллоогүй, учир нь тэр өрхийн тэргүүн байсан. Тэр И Лэг хэзээ ч үнэн зүрхнээсээ зүхэж байгаагүй, учир тэр төрсөн эцэг нь биш ч ЖИНХЭНЭ ЭЦЭГ нь байсан учраас...|20200510| ~ Б. Саруулбуян

Түр хүлээнэ үү...
Top