Х.МИШЭЭЛ: Саяака Муратагийн энэ зохиолыг уншаасай
2020-04-13 3817

“Нэрийн дэлгүүрийн эмэгтэй”-тэй анх таарах үед хамгийн түрүүнд нүдэнд өртөж, анхаарлыг минь татсан зүйл нь түүний гарчиг байсан юм.

“Яагаад заавал Нэрийн дэлгүүрийн эмэгтэй гэж? (Convenience store woman) зохиолч эмэгтэй яагаад ийм нэр өгсөн юм бол? Зүгээр л нүүрэн дээр нь "Худалдагч" гээд тавьчихсан бол илүү зивүүн байх сан” гэж бодон бодон, хэдэн хоног эрэл хайгуул болон худалдаж аваад, дууссаны дараах миний сэтгэгдэл…


Фүрүкүра Кэйко бол нийгэм-д бичигдээгүй ч олон нийтээрээ даган мөрддөг хуулийг огтхон ч ойшоодоггүй, ер нь л гажууд, хачин чигтэй бусдаас тэс хөндлөн тэрийгээ ч сайн мэддэг, эмэгтэй. (Ийм хүмүүсийг ерөнхийд нь нийгмийн эсрэг буюу Sociopath гэж нэрлэдэг.)


Бусад хүүхдүүд газар дээр хэвтээ үхчихсэн шувууг хараад гашуудан уйлж, өрөвдөж байхад манай хүн шувууг түргэхэн шүүрч аваад ээждээ “Нэгэнт л дэлгүүрээс үхсэн шувууны мах худалдаж авч иддэгээс хойш, энэ шувууг шараад идчихье” гэж юу ч болоогүй юм шиг хэлэх нь миний юу гэх гээд байгааг тодорхой харуулж байгаа байх.


“Бүгд л хөөрхий бяцхан шувууг өрөвдөн уйлангаа эргэн тойрноосоо цэцэг тасдаж, яг л өнөөх үхсэн шувуутай адил хөнөөснөө “Ямар сайхан цэцэгс вэ!” хэмээн уулга алдаж, “Бяцхан шувуу ч үнэхээр их баярлана даа” гэцгээв. Тэнд байсан хүмүүс бүгд ухаан мэдрэлээ алдсан гэлтэй, хөгийн муухай санагдаж билээ.”


Нийт арван найман жил “Смайл Март” гэх дэлгүүрт ажиллаж, нэгэнтээ гучин зургаан насыг үзсэн түүний хувьд өнөө л улиг болсон “Хүнтэй сууж, хүүхэд гаргаагүй юм уу? Дээр нь олигтой ч ажилд ч ороогүй нэг муу цагийн ажил хийсэн болоод… Чи ер нь ингээд баларч байгаа юм биш үү?” гэх асуултууд түүнийг хуурамчаар нөхөртэй болгон амьдрахад хүртэл хүргэнэ.

Сайн ажилд орж, сайхан амьдралтай болохын тулд үхтлээ хичээж зүтгэх ёстой хүний уйтгартай үргэлжилсэн амьдрал. Тэр тусмаа “эмэгтэй хүн” хүүхэд гаргаж, гэрийн сахиул болохгүй л бол нийгэмд тусгүй. Харин “эрэгтэй хүн” бол оногдсон ажлаа сайн хийж, гэр бүлдээ мөнгө олж, юу ч тохиолдсон сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Үнэхээр уур хүрч, цухалдмаар шүү…


Нийгэмд тогтож хэвшсэн хэв маягаас өчүүхэн төдий хазайх төдийд л ердөө бусдаас өөр байсных нь төлөө ад шоо үзэж өөлнө. Өөрийгөө алдсан хүмүүс!

Зогсоо зайгүй шүүмжилнэ, зааварлана, зөвлөнө, зэмлэнэ. Тухайн хүний хүслээр яг тэгэж амьдрах ёстой юм шиг бүгдэнд нь нэг хэмжээтэй хувцас авчхаад өмсүүлэхийг хичээхийг нь яана.

Нэгэнтээ босгосон тэр ханыг нь давах хэн нэгэн гараад ирэх үед жигшин сондгойлох нь туйлын зивүүцмээр. Тухайн хүний хувийн амьдрал, хүсэл эрмэлзэл, сонирхол таашаал гээд ямар ч байсан хамаагүй, харин тэр сондгойг л ХҮН гэж авч үзэх үзэл бидэнд хэрэгтэй!

Кэйкогийн хувьд ч тэр “Смайл Март” дэлгүүр түүнийг нийгэм хэмээх механизмийн нэгээхэн хэсэг болгож байсан цор ганц газар. ХҮН гэдгээ мэдрэх тэр орон зай нь.

Дэлгүүрийн хаалгаар ямар хүн хөл тавина гэдэг огтхон ч хамаагүй, ердөө нэг л багийг зүүгээд “Ирашаймасэ!” гэж хүнгэнүүлэх чухал.

Амьдралынхаа туршид тэр нийгмийн эсрэг байсныхаа төлөө нэг газраа арван найман жил хорогдож, ХҮН биш харин ч дэлгүүрээс салж хагацахгүй тэр нэгэн ТАВИЛГА нь болоод хувирчихсан хэрэг. Түүнд тэр хязгаараас цаадах огтхон ч хамаагүй болчихсон, учир нь тэр нэрийн дэлгүүрийн л эмэгтэй.

Ингээд номноос таалагдсан мөртүүдээ дурдъя:

Ямар зовлонтой хэрэг вэ, яагаад хүн бүрд баталгаа нотолгоо шаардлагатай байдаг юм бол?Өөрсдийгөө хэвийн гэж дүгнэдэг хүмүүс намайг этгээд гаж гээд бодчих юм бол өөрчилж засах гээд салахгүй. Бөөн төвөг болно.Тогтсон жишгээс өөр гажуу байвал хэн хүнгүй л амьдралд чинь дураараа оролцож учрыг нь олж өгөх эрхтэй юм шиг аашлахыг яана.Уг нь би хэнд ч гай болоогүй, намайг ердөө нийгмийн цөөнх болохоор олонхи нь хүссэнээрээ хүчирхийлж болно гэж боддог шиг байгаа юм.Амьдралдаа анх удаа би дэлгүүрийн цонхонд тусах өөрийгөө утга учиртай оршихуй гэдгээ мэдэрлээ.

Ямартай ч “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” ‘Tagtaa Publishing’-н эрхэлж гаргасан номонд нугасгүй миний хувьд гүн сэтгэгдэл үлдээсэн номнуудын нэг болж таарсан юм. Ийм нийгэмд оршин буй ялангуяа өсвөр насныхан буюу тэр дундаа 10н жилийхэнд гадуурхалт гэх нэрийн дор маш элбэг тохиолддог энэ асуудлын талаар ч мөн нууцхан дурдсан ном. Ингээд та бүхнийг ч Саяака Муратагийн энэ зохиолыг бас уншаасай гэж хүсэж байна 🤗

Түр хүлээнэ үү...
Top