Б.НАМУУНАА: ЭЦЭГ ШИГ ЭЦЭГ БАЙНА ГЭДЭГ....
2020-04-07 915

“Гол нь амьд үлдээд хүнд өдрүүдийг тэсэж гарвал өчнөөн сайхан өдрүүд хүлээж байгаа.”

Үй Хуа … Амьдрахуй … Цусаа худалдсан тэмдэглэл ... Дахиад л нөгөө нэг СОЁЛЫН ИХ ХУВЬСГАЛЫН ХҮНД ХЭЦҮҮ ЦАГ ҮЕ /1966–1976/ … Энэ цаг үеэ хүч тэмцэн давж гарсан хүчирхэг ХЯТАД АРД ТҮМЭН. Тухайн үеийн арваад жилийн шаналал зовлонг Үй Хуа зохиолч өөрийн биеэр туулж өнгөрүүлсэн хүн гэсэндээ ч тэр үү? маш нарийн нандин мэдрэмжүүдийг уншигч бидэнд романуудаараа дамжуулан харамгүй мэдрүүлсээр байна.

Жендэрийн тэгш бус байдал:

Эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ харж, гэрээ цэвэрлээд хоол хийх ёстой. Харин эрчүүд ажил хийж мөнгө олж үр хүүхэд хань ижлээ өмсөх хувцас, идэх хоолоор дутаахгүй байх ёстой ... Ёстой ёстой ёстой! Заа бараг л бичигдээгүй дүрэм хууль юм уу даа б ... Энэхүү романд  яг л ийм зүйл өрнөөд байгаа юм шүү дээ! Гол дүрийн залуу хүнд хэцүү цаг үед өөрийн цусаа юүлээд явж байх атал эхнэр нь хамаг байдгаа хөршүүддээ дэлгээд гоншигоноод,  уйлаад л сууж байдаг. Сан Гуань бол тэсвэр хатуужлын туйл, эцэг хүний эрхэм дээд хүн!

ЭЦЭГ БАЙНА ГЭДЭГ

Ямар нэгэн цусан холбоогүй бол гэр бүл биш гэдэг ойлголтыг өнөөгийн цаг үеэс салгаад авчихмаар санагддаг ... Нөгөө л нэг хойд эцэг эхийн хүчирхийлэл, чиний хүүхэд/миний хүүхэд гэсэн гадуурхал ... Ай энэ хүмүүсийг яаж ойлгох вэ? Үй Хуа зохиолч энэхүү романдаа хүний эцэг болно гэдэг амархан харин ЭЦЭГ ШИГ ЭЦЭГ БАЙНА гэдэг нь хэцүү зүйл гэдгийг харуулах гэж хичээсэн ч юм шиг. Өөрийнх нь төрсөн хүүхэд биш байтал Сан Гуань яаж, ямархан хайраар И Лэг хайрлаж байлаа даа! Гэтэл өнөө төрсөн аав нь "Чи миний хүүхэд биш!" гээд ичих ч үгүй зодож занчиж, чанга дуугаар хашхиран хараагаад явуулж л байдаг ... Ай амьтан хүртэл үр төлөө гэдэг атал энэ хүн төрөлхтөн чинь ямар байдгаа алдчихсан улсууд вэ?

***

УУГАН ХҮҮ

Хүний ах, айлын ууган хүүхэд байна гэдэг нь цаанаа асар их хариуцлагыг дагуулж байдаг зүйл аж. Романд ууган хүү И Лэ нь дүүг нь дээрэлхсэн нөхдүүдтэй очиж уулзаж буй үйл явдал өрнөдөг. Хүүхдийн санаандгүй алдаа гэх үү санаатай өшөө хорсол ч гэх үү хэсэгхэн хормын дотор нэгэн айлын хүүхдийн толгойг чулуугаар хага цохиод авдаг шүү дээ ... Дүүгээ хамгаалах, хэний ч дор оруулж дээрэлхүүлэхгүй байх нь ах хүний үүрэг ... Дахиад л нөгөө жендэрийн асуудал гараад ирлээ. Эгч нар бол үнэндээ "Эр хүн байж дээрэлхүүлдэг чи одоо ямар сонин хүүхэд вэ?" гээд л дүүдээ бурууг өгөх байсан болохоос биш очоод цохиод авахгүй л байсан болов уу.

***

“Хүний цус бол удмаас өвлөж ирдэг зүйл. Хавсай зарж болно, гэрээ зарж болно, тариан талбайгаа зарж болно, цусаа болохгүй. Биеэ зардаг юм аа гэхэд цусаа болохгүй. Биеэ зарна гэдэг өөрийгөө зарж байгаа хэрэг цусаа зарна гэдэг удмаа зарж байгаа хэрэг.”

ЗОЛИОС

Цусаа худалдана гэдэг нь биеийн дулаан, хүч тэнхээ бүр цаашлаад амь насаа ч худалдаж байгаа аюултай гэдгээ мэдсэн атлаа Сан Гуань зохиолын турш 12 удаа цусаа гэр бүлийнхнийхээ төлөө худалдсан байдаг. Цусаа худалдана гэхээр л аймаар юм шиг санагдаж байвч яг үнэндээ ЭЦЭГ ХҮН гэдэг үхэн үхтлээ үр хүүхдийнхээ төлөө л гэсэн сэтгэлээр хөгширч өтөлж хорвоогийн мөнх бусыг үздэг шүү дээ … Ямар нэгэн зүйлд золиос хэрэгтэй байдаг нь зайлшгүй билээ. Үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө өөрийгөө золионд гаргадаг хүн бол ЭЦЭГ ХҮН, ХАНЬ ИЖИЛ байдаг гэдгийг тухайн үеийн Хятадын соёлын хувьсгалын хүнд хэцүү цаг үетэй уялдуулан яруу сайхнаар түүхийн шаралсан хуудаснаа  сийрүүлжээ.

***

СЭТГЭЛ ӨВТГӨМ

Романы төгсгөлд "Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд" гэдэг зүйр үг өөрийн эрхгүй бодогдсон доо ... Эцэг нь үр хүүхдээ л гэсэн сэтгэлээр хамаг залуу нас, тамир тэнхээ, эрч хүч тэр ч бүү хэлэх удам угсааны нэгэн дээд зүйл болох ЦУСАА ХҮРТЭЛ худалдаж явсан атал үр хүүхдүүд нь анхнаасаа л ингээд өөрсдөө сайхан амьдраад , ямар нэгэн гачигдах зовох зүйлгүй өөрсдийн жаргалаа олчихсон юм шиг жинхэнэ нөгөө "Ишиг эвэр нь ургахаар эхийгээ мөргөнө" гэдэг шиг л эцэг эхээ дорд үзээд ч байгаа юм шиг жаахан богинохон бодолтой залуучууд болж өссөн байсан даа. /Ээж нь гүтгэгдэж үсээ халзлуулаад шийтгэгдээд зогсож байхад, аав нь шаналсандаа уйлаад явж байх үеүдэд бараг л тэр хоёроосоо ичиж санаа зовоод байсанд ээж нь нулимс мэлмэрүүлэн “Та гурвын хүн мөсийг нохой иджээ” гэж хэлсэн сэн.

***

Эцэг хүн хэзээд айл гэрийн ноён нуруу, гэр бүл гэдгийг Монгол гэртэй зүйрлэвээс түшиг тулгуур нь болсон БАГАНА нь юм шүү дээ. Амь биеэ золиослон үр хүүхэд, хань ижлээ гэх сэтгэлийнхээ хариуд буцааж юу ч нэхдэггүй улс ...

Батхуягийн Намуунаа

2020.04.05

Түр хүлээнэ үү...
Top