Б.НАМУУНАА: Монгол хүн болж төрсөндөө маш их талархаж байна.
2020-03-26 441

 Энэхүү номыг уншсаны дараагаар бидний энэ амьдрал, амьдарч буй цаг үе маань ямар амар амгалан, тайван сайхан юм бэ гэж өөрийн эрхгүй бодсон доо. Энгийн хирнээ хүний сэтгэлд гүн гүнзгий мэдрэмж төрүүлж, дотогш нь орж чаддаг зохиол юм яахын аргагүй! /Эл зохиол нь 1960-аад оны Хятадын соёлын хувьсгалын үед өрнөдөг/ Үй Хуа зохиолч гол дүрийн Фу Гүй гэх залуугийн дүрээр хүний зориг тэвчээр гэдэг амьдралд ямар хүчтэй зүйл гэдгийг, итгэл гэдэг унтардаггүй мөхдөггүй зүйл гэдгийг яруу тодоор хүүрнэн өгүүлсэн аж. Фу Гүй бол удам угсаа сайн айлын өв залгамжлагчийн амьдралаар, ядуу тарчиг тариачингийн амьдралаар ч амьдарч үзсэн нэгэн. Бас хань ижил, эцэг эх, үр хүүхэдтэй байхын жаргалыг мэдрэхийн сацуу тэднийгээ шороонд булж үүрд мөнх нойрсохыг өөрийн нүдээр харж хагацлын шаналлыг ч мэдэрч үзсэн нэгэн. Тэрээр эцсийн эцэст “Xүний амьдрал тартагтаа тулсан ядуу, тулж түших хэн ч үгүй байсан ч хүн амьдрах л хэрэгтэй.” гээд л зориглоод цаашаа алхдаг хүн болохоос биш үхэх тухай ганц ч удаа болов бодож байгаагүй юм даг. Эргэцүүлэн бодоорой … Та өөрийгөө үнэхээр зовж амьдарч байна гэж бодож байна уу? 2. Ганц ч гэсэн удаа үхэх тухай бодож байсан уу? 3. Амьдрал танд хүнд хэцүү санагдаж байна уу? Хэрвээ ядаж нэгэнд нь ТИЙМ гэж хариулсан бол миний зүгээс энэхүү номыг уншаад үзэхийг санал болгож байна. Фу Гүй-гийн амьдралын зовлон шаналлын хажууд таных бол инээдэм төдий л зүйл байх болно гэдгийг би бараг л таамаглаж байна даа.

Энэ номыг уншиж дуусаад үнэхээр жаргалтай амьдарч байгаа хүн гэдгээ улам ихээр мэдрэх болж цаашлаад орчлон ертөнц дээрх бүх зүйлд талархах сэтгэл төрдөг болсон доо. Гэр бүл, хайртай хүмүүс, найз нөхдөө илүү их хайрламаар, хажууд байгаа дээр нь баярлаж талархсанаа илэрхийлмээр … Дайн дажингүй, эрх чөлөөтэй амьдралдаа, хамгийн гол нь Монгол хүн болж төрсөндөө маш их талархаж байна. Яагаад хүний хүсэл гэдэг ийм хэмжээлшгүй их байдаг юм бэ? Яагаад хүн гэдэг амьтан өөрт байгаа бүхэндээ талархаж амьдрахгүйгээр илүү их зүйлд шунаж нэгэн насыг бардаг юм бол? … Амьдралаас бид хэтэрий их зүйл хүсээд байх юм. Эцсийн эцэст амьд байна гэдэг нь өөрөө маш том аз жаргал, хувь тохиол гэдгийг л хүн бүхэн мэдээсэй. “Үхмээр байна, хэцүү байна, зовлонтой байна” гэж хэлж гомдоллохын оронд босоод тэмц л дээ энэ амьдралтай. 

Б.Намуунаа

Түр хүлээнэ үү...
Top