Б.ДӨЛГӨӨН: Уучлаарай “Амьдрахуй”-н фенүүдээ
2020-03-21 1017

"Цусаа худалдсан тэмдэглэл"

Нэгэнт нэг нэгнийхээ зүрх сэтгэлд сэв үлдээж, толбо гарган тортог суулгах алдаа үйл хийвэл, уучлах хийгээд үлдсэн амьдралдаа амнаасаа цухуйлгахгүй өнгөрөөнө гэдэг хэцүү зүйл ажээ.

2020 оны 03 сарын 10
Би хаана хэзээ ном уншдаг вэ?
Германд ирснээсээ хойш ном унших зав нилээн хомс болсон юм. Одоо бодоход хувийн болон хувьсгалын ажлын хажуугаар долоо хоногт бараг нэг ном уншчихдаг монголд байсан үе маань бараг диваажин байсан юм уу даа. Энд ном унших цаг зав нилээд хомс болсны дээр монгол хэл дээр уншиж байснаас аль болох герман хэл дээр ном унших гэж хичээж өөрийгөө ч тэр хэмжээгээр хүчлэх болов. Тохирч таалагдах ном хомс таалагдсанаа үл ойлгох, ойлгоод байгаа маань надад таалагдахгүй гээд үргэлж энэ 2 хүсэл зөрчилдөөд унших ном олддоггүй байв. Харин 1 цаг орон нутгийн мертогоор явж очдог сургуульд орсноор энэ цаг надад яг буцаад нөгөө л диваажин мэт бал бурам мэт санагдах болов. 10 сараас хойш зөвхөн энэ зорчих хугацаандаа “Гүйж яваа эмэгтэй” “Оройн ганц мод” “Бөөгийн домог” “Аав бид 2” “Агаар амьсгал болохуйд” “Хэлээ гарга” “Color of milk” “Хүн байх эрхгүй” гээд бараг л ирснээс хойших рекордоо эвдэж тогтоов. Харин семистрийн амралт болоод удаан хугацаагаар метрогоор явах хэрэггүй болсны улмаас ахиад л ном уншдаг зуршил маань бараг л замхран холдов. Хичээлгүй тэр цагаараа хийх ажил олдоогүйн улмаас гэртээ өдөржин гэртээ өнжих болсон ч ном бүр сөхөж харах ч сонирхолгүй болоодхов. “Хүн завгүй байх тусмаа ихийг амжуулна” гэж ээ бүү үзэгд ямар гээчийн үнэн үг юм бэ? За тэгээд ажил хичээл түүний хажуугаар хэдэн минут ном уншихын хүслэн, ганц ч гэсэн хэрэгтэй мэдээлэл хүлээн авахын тулд подкастын байнгын сонсогч, сонсголоо сайжруулахын тулд чихний хажуугаар герман мэдээ сонсдог эрэл хайгуулчин бадарчин бадрангуй нэгэн байдаг байлаа. Тэгээд бөөн цаг завтай болчихсон чинь нэг минутыг ч үр бүтээлтэй ашиглахыг зорьдог байсан бадрангуй хүн чинь залхуугийн туйл болоодхов. Ийм хүнд гэртээ хийх юмгүй байх өдрүүд ёстой зохидоггүй юм байна лээ. Уйтгар гуниг түүнээсээ болоод стрессдэх, сэтгэл санаагаар өөрөө өөрийгөө дордуулах, санхүүгийн дарамтанд орж түүнээсээ болж өөрийгөө голох гэхчхлэн муу үр дагаврууд ар араасаа... 3 хоног найздаа хань болох нэрийдлээр, тэгсэн ч гэртээ хийх юмгүй байсан хүн би бээр өөр хот руу явлаа. Нэг өдөр бүтэн хөшгөө буулгасан харанхуй өрөөнд номоо тэвэрч орондоо хэвтлээ. Тэврэлдсэн номын нэрийг “Цусаа худалдсан тэмдэглэл” гэх.
Энэхүү номыг шууд хэлбэл уучлаарай “Амьдрахуй”-н фенүүдээ. Амьдрахуй-гаас хэд дахин сайхан ном санагдлаа. 18 оны намар уншиж байсан Амьдрахуй ямар ч тийм уран зохиолын илэрхийлэмжгүй, баяжуулалт муутай зүгээр тийм тоочимж маягийн, ар араасаа цуварсан үйл явдалтай бүтээл болсон юм шиг санагдаж байсан. Яахав зохиолчийн хэв маяг нь ч тийм болов уу хэмээн бодоод өнгөрсөн юм. Уншсан хүн бүр уйлсан гэвч надад бүр дуслын төдий ч нулимс, ямхын төдий гуниг төрөөгүй. Харин энэ номонд нэг л зүйл дээр тулгуурлан маш олон санааг харуулсан санагдсан.

• Гэр бүлийн харилцаа
• Сайн хань гэж насан нуршийн түшиг тулгуур
• Араар тавилт
• Дагавар хүүхэд
• Гэр бүл бол хамгийн чухал үнэт зүйл гэх ойлголт, гэр бүлийн үнэ цэн,
• Хүний мөс, мөн чанар
• Хүмүүжил
• Сайхан сэтгэл
• Эцэг эхийн хүүхдүүдээ гэсэн хайр
• Эрүүл мэнд
• Хятадын соёл, ахуйн амьдрал
• Соёлын хувьсгалын үеэрх Хятадын аж ахуй амьдрал гэх мэт.

Гэр бүлийн харилцаа, эмэгтэй хүний ухаан, эрэгтэй хүний тэнэглэл, эр хүний ухаарал, нэгнээ хүндлэх ёс, уучлах энэрэх ёс, хүүхдийн харах өнцөг, санаа бодол, хүмүүжил, хүүхдүүдийнхээ биеийг нь өсгөсөн ч ухааныг нь захирч чадахгүй гэсэн санааг ч маш тод харуулсан. Маш сонирхолтой сэдэл, жижиг сажиг сурах зүйлс, анхаарах хэдэн үзэл бодол. Жишээлбэл, эхнэрийнх нь өөрөөсөө нууж хадгалж цааш хийж байсан зүйлс, хэцүү цагт өлсгөлөнгийн үед ч өвчний үед хүүхдүүдээ бодож хамтдаа зүтгэж, тэднийхээ төлөө хэрхэн тэмцэж тэсч байгааг олон талаас харуулжээ. Мөн түүнчлэн хүүхдүүдээ зөв өсгөсний хариу ч буруу үйл хийж хүнд өш саналгүй тустай дэмтэй амьдарсны шагнал ч юу байв гэдгийг ч харж болохоор.
Маш гоё эмх цэгцтэй санаа нь ойлгомжтой богино бүлгүүд, ар араасаа өрнөх үйл явдлууд, түүний гадаад болон дотоод шинж чанар, үр дагаварууд, хүмүүний амьдралд тохиолдох баяр жаргал хийгээд уй гуниг, гэнэтийн үйлүүд түүнээ дагаад үйлийн үр гэгч зүйлс... Бусдын зовлонд гуниглаж, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх өрөвч энэрэнгүй зан номын дүрээс харагдана. Аавдаа гологдож ээждээ шилэгдэж янз бүрээр дуудуулсан ч эцэг эхээ гэх сэтгэл нь багасахгүй байгаа нь ч номын дүрээс ажиглагдана.
Системтэй бичиглэл товч бөгөөд тодорхой санаа... за дээрээс нь орчуулагчийн гүн баялаг уран яруу тансаг орчуулга. Жишээ нь: сарны гэгээ зээлчилж... нүүрнийх нь үрчлээ голын толио адил сэрвээлж, нарны туяа үрчлээнийх нь гүнийг сүүдэртүүлнэ... булингарт нулимсыг ухархай юунаас нь ивэлгэж... борооны ус цонх нүдээд урсах адил ан цав аяганд татаад цуурах адил, модны мөчир салаалан урт урт ургах мэт, сувгийн ус тариан талбай руу урсан орох мэт, гудамж гудас хотыг хэрж дүүргэх мэт түүний нулимс нүүрээ нэхэж торлон байлаа... гэхчилэн оновчтой+монгол хэлний үгийн баялаг нийлэмж зохицомж илэрхийлэмж ямар гоёхон гэдгийг илтгэж буй.
Олон ном уншдаг боловч сэтгэлд хүрч бусдад санал болгох, бусадтай хуваалцахгүй байхын аргагүй, уншаарай гэж хэлэхгүй л бол болохгүй тийм номнууд маш цөөн байдаг. Тэдгээр ном дээр маань энэхүү улаан хүрэн өнгө авангард зурагтай минимал стильтэй ном энэхүү жагсаалт дээр маань нэмэгдлээ.

Онцлох ишлэлүүд:


• Хүний цус гэдэг гэдэг худгийн ус шиг юм даа. Худгаас ус авахгүй бол арвидахгүй, харин өдөр бүр зөөгөөд байвал зөөсөн хэрээр чинь ундарна.
• Гудамжаар алхалж буй түүний үзэсгэлэн хот дундуур урсан өнгөрч буй голын ус адил хүмүүний сэтгэлд танил.
• Юм гэдэг учиртай, зам мухардаж байж хүн арга сийлдэг. Зам тасрахаас өмнө бол арга ухааны тухай бодох ч үгүй. Бодовч болох эсэхийг нь мэдэхгүй.
• Хүний цус бол удмаас өвлөж ирдэг зүйл. Биеэ зарна гэдэг өөрийгөө зарж байгаа хэрэг, цусаа зарна гэдэг удмаа зарж буй хэрэг.
• Би сая л ойлгож байна. Өмнө нь дандаа л өөрийгөө бусдын өмнөөс тавьж явдаг байлаа. Тэд нар цадталаа идэг би өлөө дарчихъя, тэд нарт л тухтай бол намайг нухалж байх яах вэ гэж бодож ирсэн. Харин саяхан ойлголоо. Үүнээс хойш би л өөрийгөө бөөцийлөхгүй бол хүн намайг гэхгүй нь бололтой. Эр маань түшиггүй, үр маань ачлалгүй.
• Хүний энэхэн насанд өвчин зовлон, гай гамшгаас зөрж чаддаг хэн л байлаа. Иймээ тиймээ элдэв асуудалгүй хэн байх вэ? Бүтэлгүй явдал тохиолдохын цагт бэлтгэлтэй байх нь бэлтгэлгүйгээс хавь илүү дээр.
• Ухаалаг хүний үйлдэл ухрах зам өөртөө үлдээдэг.
• Хүн ер нь сайн үйл хийж явах ёстой юм. Саар мууг тэвчиж явахгүй бол хариу нь тэр дороо ирдэг.
• Бурхан тэнгэр хүнийг нэг л гэсгээгээд эхэлбэл хайр найргүй шууд л үхэл рүү тонилгоно.
• Сайн зүйл хийсэн хүмүүсийг харин миний адил бурхан үе үе дурсаж алгаа дэлгэдэг юм.
• Эмэгтэй хүн л болсон хойно үхэл хагацлаас амиа гартал айдаг. Эр нь ойчоод өгөхөөр яаж амьдарна. Өөрийгөө оронд нь тавиад үзэхээр үнэнхүү...
• Заримдаа бусдын өмнөөс элэг эмтрэх юм.
• Хүний зүсийг нь танихаас зүрхийг нь танихгүй юм даа.
• Хүч гэдэг мөнгөтэй адилгүй. Мөнгө хэрэглэх тутам хорогддог. Хүч хэрэглэх тутам нэмэгддэг.
• Чи гэрт өдөржин ингэж хэвтэж өнжөөд байвал хүч тамир чинь тэр хэрээр багасна. Буцаж очоод өдөр бүр ажилла, өдөр бүр хөлсөө гарга, хүч тамир чинь эргээд ирнэ. Аажим аажим нэмэгдэнэ.
• Би удахгүй 50 хүрлээ. Хүн байхын сайхан нь юу гэдгийг би мэднэ. Үхэх нь илүү ашигтай гэж хэлж болно. Миний хүү дөнгөж хорин нэг хүрч яваа. Хүн байхын сайхныг мэдэрч амжаагүй, хүнтэй ч гэрлээгүй. Тэр хүн байж үзэлгүй ингээд үхчихвэл хичнээн харамсалтай вэ?

2020 оны 03 сарын 20.
ХБНГУ, Берлин хот.
Б.Дөлгөөн.

Түр хүлээнэ үү...
Top