Б.НАМИНЧИМЭД: УРТ АМРАЛТЫН ҮЕЭР УНШВАЛ ЗОХИХ НОМ
2020-01-28 5312

Энэ урт амралтын үеэр хүүхэд багачуудад санал болгох ном. Одоо номын дэлгүүрүүдэд зарагдаж буй номоос сонгов.

НЭГ: Сургуулийн өмнөх болон бага анги

1.    Андерсений үлгэрүүд

2.    Ах дүү Гриммийн үлгэрүүд

3.    Вилгельм Хауфын үлгэрүүд

4.    Винни пүү нэрт бамбарууш. - А.Милн

5.    Цөмөөхэй. - Э.Гофман

6.    Цэнхэр шувуу. - М.Матерлинк /Нобель/

7.    Бургаасан шугуйн салхи. К. Грахам

8.    Бэмби. - Ф. Зальтен

9.    Дэгдээхэй гавар хоёр. - Ян Экхольм

10. Үл мэдэх ба түүний нөхөд. - Н. Носов

 

ХОЁР: Дунд анги

1.    Галуу дагасан гайхамшигт аян. - С.Лагерлёф

2.    Заан залуудай. - Б. Ринчен

3.    Хорвоотой танилцсан түүх – Л. Түдэв

4.    Маргад хотын шидтэн Оз. - Ф.Баум.

5.    Шарлот аалзны тор. - Э. Вайт.

6.    Аз жаргалтай ханхүү. – Оскар Уайльд

7.    Бяцхан хунтайж. – Сент Экзюпери

8.    Шидэт толгодын савдаг. – Р. Киплинг /Нобель/

9.    Бяцхан гүнж. – Ф.Бөрнэт

10. Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн. - Ф.Бөрнэт

11. Хэйди охин. – Ж. Спайри

12. Ногоон давхарцагийн Аня охин. – Л. Монтгомери

 

ГУРАВ: Ахлах анги

1.    Эвонлигийн Аня. – Л.Монтгомери

2.    Жаалхан авхай нар. – Л. Алкотт

3.    Аянгат даваа – Э. Бронте

4.    Хөгшин чоно ульсан нь – Д. Намдаг

5.    Зул сарын магтуу. – Ч. Диккенс

6.    Дуурийн театрийн хий үзэгдэл – Р.Лерукс

7.    Алис гайхалтай оронд – Л.Кэррол

8.    Бөгжний эзэн – Ж.Р.Толкейн

9.    Женни муур – Поль Геллико

10. Нарлаггорхи эдлэнгийн Ребекка охин. К. Уиггин

 Эдгээрээс нэгийг нь онцолж танилцуулья.

 “НОГООН ДАВХАРЦАГИЙН АНЯ ОХИН”

Зохиолч Люса М. Монтгомери (канад)

Эдгээрээс “Ногоон давхарцагийн Аня охин” романыг танилцуулья. Зохиолын үйл явдал 1908 оны орчимд Канадын зүүн хэсэгт өрнөнө. Үр хүүхэдгүй өтөлж буй эгч, дүү хүү өргөж авахаар асрамжийн газартай ярьж тохирно. Хоёр хөгшний нэг нь галт тэрэгний буудалд тосохоор явсан боловч, хоцорч очино. Гэтэл өөрсдийнх нь авах ёстой хүү биш харин 10 орчим насны цоохор хамартай бяцхан чалчаа охин том чемоданаа сандайлаад бөөн аз жаргал, найдвар сууж байна. Асрамжийн газрынхан андуурчихжээ. Үхэр малаа хариулгахад туслах хүү хэрэгтэй байсан тул охиныг шууд голов. Гэвч нэгэнт галт тэрэг явчихсан, хоногийн дараа галт тэрэг ирнэ. Тэгээд тэр жаахан охиныг буудалд хаялтай биш, гэртээ аваачиж хонуулаад маргаашийн галт тэргээр буцаахаар авч явна. Аав ээжтэй боллоо хэмээн маш ихээр баярлаж ирсэн асрамжийн газарт өссөн өнчин Анна охин өөрийгөө гологдсоноо мэдээд хүнд цохилтод орно. Гэвч тэр сэтгэлээр унасангүй. Хоёр хөгшнийд нэг хонохдоо таалагдаж, охиныг буцаахгүйгээр болно. Энэ бол зохиолын дөнгөж эхлэл нь. Энэ зохиолд эгэл бор амьдрал дундах хүний сайн санаа, сайхан сэтгэл, нөхөрлөлийн тухай, ерөөс хүний амьдралын үнэ цэн нь чухам эдгээрт л байдаг болохыг энгүүн хийгээд хүүхэд багачуудад ойлгомжтой өгүүлэх билээ. Хүүхэд бүү хэл хэн ч уншсан уйдахгүй. Зохиолч Монтгомери Аня охины түүхээр цуврал 5 роман бичсэний эхний боть нь энэхүү “Ногоон давхарцагийн Аня охин” юм. Дараагийн ботиудаа Аня охины 15 орчим насны анхны хайр дурлал, ажил амьдралынх нь гараа, гэр бүл гээд намтарчилсан байдлаар бичжээ. Бүгд сайн болсон ч хамгийн алдартай нь эхний боть нь юм. Уг зохиол нь Канадын уран зохиолын дэлхийн түвшинд хүрснийг зарласан гэдэг.

Өнөөдөр уг зохиолын үйл явдал өрнөдөг Канадын зүүн хязгаарын Ханхүү Эдвардын хагас арал дээр Аня охины нэртэй томоохон аялал жуулчлал, амралт, танин мэдэхүйн төв, музей бий. Бага насандаа Аня охины тухай цувралыг уншиж, сэтгэлдээ гүн дотно анд нөхөр мэт амьд халуун дурсамжтай болсон дэлхийн олон мянган залуус уг аралд очиж, Анягийн тоглодог, үхрээ бэлчээдэг нуга, сурч байсан сургууль, найзуудтайгаа элдвийг ярин алхаж явдаг цэцэгт гудамж, амьдарч байсан эгэл нэгэн модон байшингийн дээврийн хонгил зэрэг газруудаар нандин сайхан дурсамж хөврүүлэн аялдаг гэнэ. Тийм л амьд мэт гүн сэтгэгдэл үлдээж чаддагаараа уг зохиол, зохиолын гол дүр Аня охин онцгой. Уг зохиол нь энэ хугацаанд 50 сая гаруй хувь хэвлэгдэж, дэлхийн олон улс үндэстний хэлээр орчуулагдаж, цөөнгүй орны ЕБС-ын сургалтын хөтөлбөрт орсон байна.

 

ЗОХИОЛЧ Б.НАМИНЧИМЭД

 

Түр хүлээнэ үү...
Top