Д. АНУЖИН|ҮЛ ҮЗЭГДЭХ ХОТУУД
2019-12-21 703

Энэхүү номыг уншихаар олон удаа эхлэв. Шинэ ном гэдэг угаас анхаарал шаарддаг. Зохиолч нь хүртэл өөрт шинэ, тэгээд өвөрмөц бичиглэлтэй бол бүр ч хэцүү, эхний хэсгийг гойд анхааран уншихаас өөр аргагүй. Номынхоо эхний бүлгийг дуусгаад юу ч ойлгоогүй гэдгээ хүлээн зөвшөөрөхүй дахин эхнээс нь эхэллээ. (Ойрд угаас тархи толгой минь хоосон байгааг хэлэх үү) Тэгж л нэг энэ жижигхэн мөртлөө “баялаг” туужийг уншиж барах эхлэл тавигдав.

Үггүй харилцаандаа ийнхүү найдах тусам тэд үг яриаг ч тэр, дохиж зангах ойлголцлыг ч тэр төдийлөн хэрэгсэхээ байж, хамт байх үедээ үг үл хэлэлцэн хөдөлгөөнгүй суух нь л хамгаас эрхэм яриа болон хувирчээ. -39 тал

Туужид өгүүлэх хот бүр эмэгтэй хүний нэртэй бөгөөд цаг хугацаа, орон зайнаас ангид оршино. Марко Поло, Хубилай хаан хоёрын хооронд өрнөх үгтэй, үггүй гүн ухааны яриа бүлэг бүрийн эхэн болоод төгсгөлд бий. Баялаг төсөөлөл, уран үгсээр илэрхийлэгдсэн хотууд эцэстээ амьдралын энгийн үнэнийг өгүүлэх мэт. Энэ л урлаг биш гэжүү. Пикасогийн хэлснээр урлаг бол бидэнд үнэнийг ойлгуулдаг худал билээ.

Ихэнхдээ эдгээр хотыг хүн хэмээн төсөөлөхүй оюунд минь буухад амар байв. Магад хот бүрээс хүний мөн чанар, зан байдал илэрч байснаас бизээ. Би нэг л өдөр дахин уншихдаа төсөөллийн хотуудыг зураглаж, хотуудын мөн чанар, жинхэнэ хот хэмээх ухагдахууныг анзааран бодох байх. Харин энэ удаад ойлгох, авах зүйлс минь “хүн” гэгчээс ер хэтэрсэнгүй. Эдгээр хотууд, өгүүлэн буй газрын зураг миний хувьд ердөө л нүдэнд үл үзэгдэх хүний мөн чанарыг үгээр урлан буулгасан дотоод оршихуйн газрын зураг мэт байв. Аялагч бээр шинэ хотыг танин мэдэх бус, хот бүрээс өөрийгөө танин мэднэ.

Аливаа хотын тухай дүрслэх бүртээ Венецийн тухай ямархан нэгийг өгүүлж байдаг билээ, би. -82 тал

Өгүүлэн буй хотуудыг хүн гэвэл Марко Поло өөрөө Венец байж таарав. Хүн өөр хэний ч тухай ярьсан өөрийгөө л өгүүлж байдаг билээ.

Бусад хотын онцгой шинж чанарыг тодруулахын тулд оюунд минь хувиршгүй бат оршдог анхны хоттой харьцуулах хэрэг гармуй. Тэрхүү хот болвоос Венец билээ. -82 тал

Fedora. Image © Karina Puente Frantzen

Кальвиногийн хотуудыг дахин унших бүртээ шинэ зүйл нээнэ гэдэг гарцаагүй санагдана. Хүнийг, амьдралыг, хотуудыг, оршихуйг таних юуны магад. Уншигчийн нүдэнд өртөхдөө ном гэдэг зохиогчийн мэдлээс гардаг билээ. Тэгээд уншигч тус бүр яг адилхан үгс бичигдсэн, нэг л ижил хавтастай “өөр” зохиолуудыг гартаа барин суух болно. Яг л туужид өгүүлснээр:

Би түүхээ ярьсаар л байх болно. Гэвч сонсогч гагц хүсэн хүлээсэн үгсээ шүүрдэн авдаг. … Учир нь өгүүлэх хүний хоолой бус, сонсож буй хүний чих аливаа түүхийг удирддаг билээ. -123 тал

2019.04.22 Улаанбаатар

Д. Анужин. 

Түр хүлээнэ үү...
Top