Амьдрахуй марафон (no review)
2019-11-18 349

Амьдрахуй марафонд дуталгүй оролцлоо. Нилээд хожуу орсон ч ямартай ч орлоо. Эрт эхлүүлсэн ч нэг амьсгаагаар дуусгачих гээд байсан учраас гамнаад далд хийчихсэн юм. Сая унших сэдэл төрсөн учраас дуусгачихлаа.

Орчуулагч залуу үнэхээр сайхан орчуулжээ. Эх хэлээ яруу сайхан, өргөн дэлгэр хүрээнд сурна гэж том эрдэм байх, түүнийг харин орчуулагч нь мундаг эзэмшиж. Давс хужир, бүх орц нь таарсан сайхан хоол шиг торох зүйлгүй урагшилж уншигддаг орчуулга болжээ. Хуудас эргэх тусам үүнийг л бодсоор дуусгав. Өөр олон орчуулгын зохиолуудыг нь уншина гэж итгэж байна. Эх зохиол нь өөрөө илүү нуршаагүй, хэтийдсэн драмгүй, товчхон, тодорхой байсан нь амттай байлаа. Ийм байдлаар өгүүлэхдээ мартахын аргагүй сэтгэгдэл үлдээв.

Бид зөвхөн өөрсдийн амин хувийн цэнгэл, жаргалыг хөөн явахдаа зарим үед хайртай, хамгийн чухал хүмүүсийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа, мөн тэднийгээ үл ойшоодог. Өөрийн ашиг, жаргалыг бүхнээс дээгүүрт тавих, бүх зүйл үргэлж л тийм байх юм шиг залуу насандаа хожим гарцаагүй ирэх үйлийн үр, бусармаг зүйлсээс үүдсэн төлөөсөө ухаардаггүй. Үүнээс болж, товчхондоо дэндүү “тэнэг” байснаас болж биднээс хичнээн олон нь амьдралдаа арилж дуусахгүй хөндүүр, харамсал үргэлж тээж, ил үзүүлэхгүй далд уйлж явах вэ? Байгаа бүхнээ байгаа дээр нь илүү их хайрлаж, тэдэнд талархаж, илүү хүлээцтэй тэвчээртэй байх заавал хэрэгтэйг ахиад сайн ойлголоо.

*** Өдөр болгон хамтдаа л байвал өөдлөх уруудах,

үгүйрэх дүүрэх нь ч яамай *** (78-р тал)

Зовж жаргаж, өгсөж уруудаж явах үедээ өмнө нь чухал гэж боддог байсан зүйлс хамгийн чухал байгаагүйг ойлгож, харин хайртай дотны хүмүүс минь ямартай ч эрүүл, эсэн мэнд байхаас илүү чухал, дээдийн тайвшрал, жаргал байхгүйг, үүнээс бусад бүх асуудлыг ямар нэг аргаар шийдэж болно, үргэлж гарц бий гэдгийг ойлгодог байх. Дэндүү хайрласан, хайрласан ч “хайрлаж чадаагүй”-ээс илүү шаналан үгүй болов уу. Гэхдээ өнгөрсөн хойно нь заавал ухаарч уйлах албатай биш шүү дээ…

*** Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй. Миний таньдаг хүмүүс нэг нэгээрээ цувран одсон ч би байж л байна. Кү Гэн өнгөрөөд хоёр жил болоход би үхэр авах мөнгөтэй боллоо…*** (198-р тал)

Байгаа бүхэндээ талархаж ахин дахин суръя. Үхэн үхтлээ үүнд л суралцъя. Амьдрал дуусах хүртлээ тэмцэл байх. Чадлынхаа хэрээр тэмцэлдье. Өөрийнхөө төлөө, ийм нэг оршихуйг олоод төрчихсөн махан биеийнхээ сайн сайхны төлөө, алдаж гэнэдэж, онохдоо онож яваа хөөрхий эмзэг зүрх сэтгэл, тархиныхаа төлөө үргэлж тэмцэхийг хичээе. Мөн дотны хайртай тэднийхээ төлөө амьдарсан шиг амьдаръя, хүн шиг хүн байхыг, хүлээц тэвчээртэй байхыг үргэлж хичээе. Өчүүхэн үл ойшоолт, муйхраас болоод бүх хүчээрээ хичээж засъя, эргүүлж авъя гээд ч чадахгүй байдалд орчихвол яах вэ. Чадвал оройтуулалгүй, оройтсон байсан ч өөрсдийгөө уучлаад ахиад өнөөх газраа унахгүйг хичээж алхъя. Хөгшин үхрээс өөр ханьгүй болсон Фу Гүй маань өөрийгөө гололгүй тэмцсээр л, амьдархыг хүссээр л байгаа шүү дээ.

Г. Жавзандулам

Түр хүлээнэ үү...
Top