Ч.Бат-Уянга: Энэ хот чиний хот
2018-09-26 604

Орхан Памукийн зохиолууд Туркийн хот тосгодын нарийн гудмаар нааш цааш хэрэн хэсэх мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тэр л мэдрэмжийг өөрийнхөө дотоодоос хайсан бичвэрийг уншигчдадаа толилуулж байна. “Истанбул:дурсамж ба хот” номын тухай Ч.Бат-Уянгын бичсэн “Энэ хот чиний хот” тэмдэглэлийг хүргэж байна. Мэдрэмжээр дүүрэн эл тэмдэглэл танд саарал хотоо эргэн харах хүслийг төрүүлэх буй за. 


"... Намайг төрөх үед хоёр мянган жилийн түүхтэй эл хот хэзээ хэзээнийхээсээ ядуурч хоосрон, хорвоо ертөнцөөс алслагдсан байв. Уугуул хот минь миний нүдэнд үргэлж л сөнөж мөхсөн эзэнт гүрний үлдэгдэл хөсрий балгас адил үзэгдэж, сэтгэлд уй гуниг хуруулсаар иржээ. Сөнөж мөхсөн эзэнт гүрний үнс нурамд дарагдан түмэн оныг элээж, тартагтаа тулаад ядуурсан хотод төрсөн би яасан эзгүй хүн бэ? гэж бодох үе надад бишгүй тохиосон... Хувь тавилан минь нэгэнт ингэж зурагдсан байхад хялайж үзэх нь утгагүй хэрэг. Ерөөс миний энэ ном хувь заяаны тухай юм..."

Орхан Памук "Истанбул" номдоо чухам энэ номынхоо талаар ингэж бичсэн байдаг. Долоон зууны туршид оршин тогтносон Османы эзэнт гүрний үр хойч гэх агуу түүх, сүрдэм тодотголтой ч яг өнөө цагтаа бол ядуурал гуйланчлал дүүрсэн, сайхан дуртатгал, үзэсгэлэнт газар, байшин, хөшөө дурсгалаас өөр зүйлгүй улсын иргэн хүний мэдрэмж мөн биз? Бидэнд ч ойр байх. Өнгөрсөн рүүгээ харахад бахдам түүх байх ч одоогоо нэг анзаарч харвал мөн л ядуурал гуйланчлал, авилга, хээл хахууль, наанадаж утаа униар.

Истанбул ном бол Османы эзэнт гүрний үлдэгдэл Турк улс, түүний гол хот Истанбулыг өнгөрсөн хийгээд одоогийнх нь эсрэгцэл дунд зохиолч өөрийн түүхтэйгээ сүлэн бичсэн өвөрмөц зохиол. Угсаа гарвал, үндэс угсаа, өссөн төрсөн газар нь хүнд ул мөрөө ийм гүн шингээдэг юм уу? Эсвэл хүн өөрийн сэтгэл санаа, дурсамж бүхнээ юүлж нутаг ус, хотоо хардаг юм уу? Бүү мэд. Ямартай ч Туркт, тэр дундаа Истанбулд л төрөөгүй бол Орхан Памук зохиолч болохгүй, (боллоо гэхэд өөр янзын) бид хэзээ ч “Цас”-ыг нь уншихгүй байсан биз.

Номд маш том байр суурь эзэлж буй бодрол, хүүрнэл бол Турк улс, Истанбул хотод нүүрлэсэн баруунжих үзэгдэл. Зохиолч үүнийг зөв, буруу гэхээсээ илүү эл үйл явцыг ул суурьтай, ухаалаг ажиглаж, мэдэрч буй нь харагддаг.

"...Устаж үгүй болсоор буй уугуул соёлын ул мөр одоо бидний эргэн тойронд буй нь уйтай. Баруунжих, орчин үежих хүсэл улам бүр цалгихын хэрээр бие барсан амрагаа мартахын тулд хувцас хунар, эд хэрэгсэл, зураг сэлтийг нь нүднээсээ далдруулж орхидог хөөрхийлөлтэй хүмүүний нэгэн адилаар сөнөж мөхсөн эзэнт гүрнээс үлдсэн гашуун дуртгалыг сэтгэлээсээ үлдэн хөөх бодол аргаа барсан ард олны толгойд ордог ч байж мэднэ. Гэвч баруунжих нь тэр, уламжлалт соёлыг хадгалах нь ч тэр дорвитой ажил хэрэг болоогүй учир улс орныг барууны хэв маягаар хөгжүүлэх гэсэн их үйлс нь гол төлөв өнгөрснийг баллуурдах болон хувирч..."

Энэ бол яалт ч үгүй бидэнд тулгарч буй нэг том асуудал. Оросжих, баруунжих, хятаджих, солонгосжих явц дунд уламжлалаа хадгалах гэж оролдох. Магадгүй бид аль ч үгүй хоцорч байгаа байх. Хэдэн өдрийн өмнө уншсан хүндээ буруу ойлгогдсон боловч чухам энэ санаашралын үүднээс бичсэн постоо энд хуулъя. "Миний эргэн тойрны арваадхан хүүхдүүд (дотны найз болон хамаатны) япон, герман, орос, хятад, англи, солонгос, монгол хэл, соёлоор дагнасан хувийн болон улсын бага сургуульд сурцгааж (сурах гэж) байна. Охиноо ч гэсэн нэгэн рүү нь оруулчихлаа. Хэдэн жилийн дараа энэ хүүхдүүд хамт тоглохдоо ойлголцож чадах эсэх, бүүр цаашилбал арван хэдэн жилийн дараа найзлаж нөхөрлөж чадах эсэхийг бүү мэд. Найзлаж нөхөрлүүлэхэд хүргэдэг дундын үнэ цэнэ нь ч юу байх юм, бүү мэд..."

Номд дурдагдаагүй ч учир шалтгааныг нь энэ ном болон зохиолчийн “Цас” романаас бүрэн мэдэрч болохуйц нэг үйл явц болбоос өнөөгийн Туркийн улс төрийн байдал. Цэргийн эргэлт хийхээр завдсанаас хойш бүтэн хоёр жил онц байдал үргэлжилж, тэр эргэлтэд оролцсон хэмээн олон хүнийг барьж, шийтгэсэн. Тэдний нэг нь Монгол дахь Турк сургуулийн захирал болох шахав даа. Ардчилсан улс гэсэндээ арай ч бид тавиад туучихсангүй, золоор үлдлээ. Бүх нийтийн санал асуулгын үр дүнгийн дагуу Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж байна. 2019 оны сонгуулийн дараа бүрэн шилжинэ гэх шиг болсон. Агуу эзэнт гүрэн явсан цагаа санагалздаг ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонгоход амар байдаг биз. Эргээд хуучин цагтаа очно гэж найддаг ч биз. Манайхан ч бас ийм санаачлагууд их гаргах болж дээ. Чухам юу болж дуусахыг бүү мэд. Сайнд хүргэхгүй байж магад.

Дээрх мэт "нухацтай" гэж хэлж болохуйц чадуу явсан үндэстний ядруухан цагийг нь туулж яваа нэгэн иргэний санаашралд өөрийн эрхгүй хөтлөөд зогсохгүй "нухацгүй" ангилалд орох хувийн гуниг, санаашралд живүүлчихдэгт л Истанбул номын онцгой чадал нь оршдог байх аа. Улаанбаатарт өнгөрүүлсэн, өнгөрүүлж буй залуун насны минь дурсамжууд сэдэрч, сүүлдээ хэдэн жилээр нээж хараагүй хуучны өдрийн тэмдэглэлүүдээ хүртэл сөхөн харсныг яана.

Саарал хотынхоо гудамжаар одоо ч алхсаар явна.
Саяхан мэт санагдавч олон жил өнгөрчээ. 
Өнөөх азгүй дурлалын шархаа эдгээх гэж эл гудамжаар
Өдөр хоногийг өнгөгүй болтол өөд уруугүй алхжээ.

Алхаж ээ явахад, гэрэл нь
Асаалттай цонх бүрийн цаана өөртэй минь
Адилхан шаналагч зүрхтэн суугаа ч юм шиг
Ай, гүйж ороод хаалгыг нь тогшвол тосоод тэврэх ч юм шиг....

Зүйл бүрийн хөгжим хаа нэгтээгээс холилдон урсавч
Заримдаа л сайхан аялгуу сонстох юм. 
Яагаад ч юм хот минь хөгширч буй мэт санагдана. 
(Янз нь миний сэтгэлийн аяс тэр биз)
Яг одоо чи хаахна алхаж явна вэ? (2006)

Хайрын шүлэг олныг бичсэн залуу цагийн дэвтрүүдээ эргүүлэхэд хачирхалтай нь шүлэг бүрт шахуу энэ хотын минь гудамж, талбай, байшин холбоотой байх юм. Хүний залуу нас хайр дурлалаас яаж ч хол байхав. Хайрын тухай дурсамж нь хоттой холилдсон гэхээр эрхгүй залуу халуун насаа тэр хотод өнгөрөөсний шинж биз.

Тэр ч булан, энэ ч тохой чинийх болохын 
Тэмдэг хаа сайгүй.
Их сургуулийн гудамжаас илтэд 
Инээх чинь цуурайтах юм.
Сакура дэлгэрэхийг үзэхээр
Суусан сандал минь ч
Саяхан чи босоод явсанаас бүлээнээрээ.
Хаврын агаартай сүлэлдэх тамхины үнэр ч чинийх.
Хаа нэгтээ бичигдэж буй шүлэг бүрийн зориулал ч Чи.
Энэ хот чиний хот оо. (2016)

Хотынх, хотынх гэвч бүхэл хотыг хэрхэн мэдрэх билээ. Хэн нэгний хотын тухай яриа, дурсамжийг нь онгичин үзвэл ердөө хэдхэн газрыг л тойрох нь түгээмэл. Минийх ч гэсэн Бага тойруу, Их сургуулийн, Хуульчдын гудамж төдийхнөөр хязгаарлагдана. Сурч, ажилласаар ирсэн газар минь л энэ. Хичнээн ч тойрч гороолсон юм бүү мэд. Ямар сайндаа Өндөр яам гэх өндөр байшинд хоёрхон сар ажиллахад жигтэйхэн хол очсон мэт санагддаг байв. Уул нь нэг буудал л газар.

Зориод очих хэн ч үгүй
Зориод ирэх хэн ч үгүй
Минийх хирнээ хүнийх энэ хотын
Мананд уусахаар гарлаа. (2012)

Одоо надад зориод очих орон гэр бий. Тэр орон гэрт эр минь, үр минь бий. "...Тэр гүүрний цаана эр минь, гэр минь бий. Тэнд үүр байр минь Үр минь бий..." гэсэн Б.Ганчимэгийн гоё шүлэг шиг л. Гэсэн ч хотод өөрийгөө харь хөндийгөөр мэдрүүлдэг мөчүүд бий. Надад орой намрын олон үдшээр ажлаасаа гараад буудал руу алхаж явахад ийн санагдах нь олонтой. Өнөө үдэш яг тийм л үдэш ажээ.

Орхан Памукийн "Хотын мөн чанарын тухай яриа өрнөх аваас бид бүхний ахуй амьдрал, бодол санаатай түлхүү холбогдох нь бий. Эцсийн эцэст энэ хотын амин сүнсийг тээгч нь бид өөрсдөө билээ." гэж бичсэн нь үнэн бол миний хотдоо сүлж буй амин сүнс гээч нь энэ үдшийн хувьд иймэрхүү л хөөрхийлөлтэй эд байх ажээ.

Түр хүлээнэ үү...
Top