Цэрэндоржийн Оюунбат: Нохойн зүрх
2018-06-06 507

Саяхан “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Оросын нэрт зохиолч Михаил Булгаковын “Нохойн зүрх” туужийн талаар олон уншигчид бидэнд сэтгэгдлээ ирүүлж байгаа билээ. Тэдний нэг зохиолч Цэрэндоржийн Оюунбат “Нохойн зүрх” зохиолын тухай товч тэмдэглэлээ бидэнд ирүүлснийг уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. Тэрбээр “Амьд гариг”, “Миний хонгор хүү” номын зохиогч юм.


Зөвлөлт Холбоот Улсын коммунизмын эхэн үед уран бүтээлээ ид туурвиж байсан зохиолч Михаил Булгаковын энэхүү зохиол 1987 он хүртэл эх орондоо албан ёсоор нийтлэгдээгүй, хориотой зохиолын тоонд ордог байжээ. Хүмүүс гараас гарт дамжуулан уншиж, барууны орнуудад арай өмнөхөн нь хэвлэгдэж, хоёроос гурван янзын бичвэрээр хүмүүсийн дунд тархсан байна.

Тэгэхээр энэ зохиолын гол үзэл санаа бол гудамжны Шарик нэрт нохойэсвэл профессор Филипп Филиппович дээр тулгуурлаагүй. Мөн Шарикийн өнчин тархины оронд хүний, тэр дундаа гэмт хэрэгтэн гэж хэлж болохоор адгийн шаарын тархийг суулгаж байгаа нь уншигчдад цэвэруран зөгнөл шиг санагдаж магадгүй. Өнчин тархи суулгаж өгсний дараа Шарикийн хэрхэн хүн болон хувирч байгаа, хувь хүн болж төлөвших гэж, өөрийнхөө орон зай, эрх ашгийг хамгаалах гэж оролдож буй нь, новшийн этгээд шиг аашилж байгаа нь цэвэр өнгөлөн далдлалт гэж хэлж болохоор санагдана.

Анагаах ухааны үүднээс ч дээрх үйл явц, хувирал огтхон ч боломжгүй зүйл. Харин коммунист нийгэм, хамтралжих хөдөлгөөн хэрхэн хаант Орос улсад бүрэлдэн тогтсон, оюунлаг, бүтээлч нийгмийг ажилчин анги, тэгш эрхээр далайлган сөнөөн устгаж буйг ёгтолсон гэж болно. Гудамжны нохой байхдаа Шарик олон долоон зүйл хүсэхгүй, дулаан шөнө, хэрчим хиам байхад л аз жаргал нь байдаг байсан бол хүн болж хувирсны дараа дэндүү их буюу өөрт нь ахадсан зүйлийг шаардаж архи уун, тамхи татан танхайрч, бас ч болоогүй өөрийн эрх ашгаа цаг ямагт өмгөөлөн буйгаар дөнгөж бүрэлдэн тогтож эхэлсэн нийгэм нь профессор Филипп Филипповичийн хэлсэнчлэн "Хөгжлийн доод түвшиндээ яваа амьтан" гэдгийг л шулуухан түс тас өгүүлсэн гэхэд болно.

Түр хүлээнэ үү...
Top