Гунигийн тухай Гурван тэмдэглэл
2018-02-08 2557

Тө. Бямбасүрэн

Шувуу тэнгэрт мөрөө үлдээдэггүй шиг
Загас усанд галбираа орхидоггүй шиг
Чи миний дотуур ороод л гараад явчихлаа...
(Л.Өлзийтөгс “Усан дээр бичсэн шүлэг”)

 Аяа, эмэгтэй хүний л мэдэрдэг зүйлс гэж байх юм даа. Амьдралд тэд арван долоотой, далан нэгтэй эсвэл бүр Ева шиг мөнх амьдралыг нэгэнтээ хүртсэн байлаа ч зөвхөн тэдний л хүртэж чаддаг гуниг гэж бий!

“Тэрхэн агшинд нэгэн жигтэй мэдрэмж дотроос оргилж бүх биеэр тархахад би нүдээ аниад “Сайн уу, гуниг минь!” гэж шивнэн мэндчилдэг сэн”. 

Тэр зүйлийг мэдэрсэн сэтгэл яг л шувуу нисээд өнгөрсөн тэнгэр шиг, загас сэлээд явсан ус шиг энэ гэх ул мөргүй амгалан чигтээ үлддэг л байх. Гэхдээ тэр нь шувуу нисээгүй, загас сэлээгүй гэсэн үг огтоосоо биш шүү дээ. Гуниг гэгч тийм л зүйл. Анна өөрөө л Сесилийн амьдралын анхны, нэгэн том гуниг мэт санагдана. Бидний үргэлжид хүсдэг тэр зүйл эцэстээ л дур зорго, эрх чөлөө.

(Хэдийгээр Аннагийн тухай сэтгэгдлэл маань энэ бичвэрийг яг галзуугийн тэмдэглэл шиг эмх цэгцгүй болгож байгаач ийм энгийн, тодорхой өгүүлбэрийн ард яав чиг бичмээргүй байна.) Тэрийг хэр үнэ цэнээр олох нь, олсон хойноо хэр үнэ цэнтэй байх нь тийм ч чухал биш. Гагцхүү түүнийг хүсэх, хүссэнийхээ хариуд мэдэрдэг тэр бүхэн л утга учир болов уу. Эрх дураараа байхыг эрмэлзснийхээ үр дүнд Сесилийн хүртсэн зүйл Гуниг. Яг л мэдлэгийн модноос Евагийн хазсан жимс шиг. Ева жимс хулгайлах зориг гаргаж түүндээ Адамыг хүртэл ятгаж чадсан бол арван долоотой үзэсгэлэнт Сесиль ч бас өөрийн тэмцлийг хийжээ. Түүнийг энэ бүхний эцэст гунигаар шийтгээгүй, бас шагнаагүй. Евад өгсөн мөнх бус амьдрал, сайн муугийн сонголт нь шийтгэл ч, шагнал ч биш байсан шиг тийм зүгээр л мэдрэмж, илэрхийлэл. Зөв, буруу гэж дүгнээд ч хэрэггүй арван долоон насны л үзэгдэл. Бид туулж буй замынхаа төгсгөлд хэзээ хүрэх нь биш юутай хүрэх нь чухал вэ гэдгийг л төсөөлж үзмээр галзуу бяцхан түүх. Тэр түүхийг уншиж дуусгаад, хавтсыг нь Сесилийн нулимстай хацар шиг илэн, арчин суухдаа миний мэдэрсэн зүйл:

-Оройн хоолны дараах Аннагийн тухай яриа шиг, үүрээр Парисын гудманд чимээлдэг хөнгөн тэргүүд шиг “...чи миний дотуур ороод л гараад явчихлаа” гуниг минь

А.Сарандагина

“Тэр гэхийн аргагүй уйт бодол буй биеийг минь бүхэлд нь эзэмдэхэд түүнийг би гуниг гэх сүржин үгээр гоёчлон нэрлэж эс түвдэв”.  Франсуаза Саган ''Сайн уу, гуниг минь''.

Энэ өгүүлбэрээс эхлээд л Сесильтэй хамт түүнийг дагав. Хийж буй үйлдэл бүр нь сонирхол татаж, өөрт байгаагүй эрх чөлөөг эдэлж, заримдаа түүнийг тийм эрэлхэг шийдэмгий байгаад нь “одоо зогс” гээд хэлчихмээр санагдаж, 19 насныхаа нэг өдрийг ч гэсэн тийм урт аяллаар явж өнгөрөөсөн хоног өдрүүд надад огт байгаагүй хийгээд цаашид ч байхгүй. Тийм ч учраас Сесильтэй хамт өнгөрүүлсэн, тэр номыг барьж суусан өдөртөө их хайртай.

Номыг дуусгаж хаагаад нөгөө л бичгийн ширээ, холхин байж ойр ойрхон хардаг цонх, хүрэн хөшиг зэргийнхээ дэргэд зүүднээсээ сэрэх эсвэл аяллын машинаас буучих шиг болсон. Дараа нь яг л Сесиль шиг найзтай болчихмоор эсвэл тийм орчинд амьдарч үзмээр санагдаж, хөшгөө хаалгүй цонхны дэргэд байдаг орон дээрээ дээш харж хэвтээд сарыг ширтэж ахин номынхоо үйл явдлыг төсөөлж Аннаг нэг үеэл эгчтэй минь ижилхэн юм гэж бодож эхлэв. Бага балчраас минь тэр л миний эрх чөлөөг, өөртөө итгэх итгэлийг минь хумьж аваад хогийн саванд хийчихсэн юм шиг санагддаг. Гэхдээ дараа нь харамсах сэтгэл төрсөн, харин тэд бол эрх дураараа гэнэн охидоос огт өөр хүмүүс шүү дээ. Тэд анх хэлд орохдоо л болох, болохгүй зүйлийг мэддэг өөрийнхөө сэтгэлийг ч мөн нэг жижиг хайрцагт хийчихээд таалагдсан нэгэндээ чимх төдийг өгч явдаг тийм л хүмүүс мэт санагдана. Ингээд л би Сесилийн оронд байсан бол гэж бодох болгондоо өөрийн баригдмал орон зайг түүний орчин ахуйд оруулж үйлдэл бүрээ мухардуулсаар л байсан тэр өдрүүдийн зовинол цээжинд ирнэ. Өөрийн хүслээр гуньж өрөөнийхөө аль нэг буланд өвдгөө тэвэрч суугаад уйлах л байсан даа... Тэр бол миний огт мэдэрч үзээгүй, зүүдэлж ч чадахгүй тийм их эрх чөлөө байлаа.

 Х.Доржпалам

Францын нэрт зохиолч Франсуа Саганы 18 насандаа бичсэн анхны бүтээл болох “Сайн уу, гуниг минь” нэрт бэсрэг романыг монгол хэлэнд Б. Сувддуламын хөрвүүлснээр “Тагтаа паблишинг”-аас эрхлэн гаргасан билээ. Тус бүтээлийг уншаад төрсөн сэтгэгдлээ ийн буулгав.

Багад нь ээж нь өөд болж, ааваасаа хэсэг хугацаанд тусдаа амьдарсан Сисель 17 насандаа аав Рэймонтойгоо амьдрах болсноор эрх чөлөө гэдгийг мэдэрнэ. Үргэлж шоудаж, архи хамт ууж, аавынхаа явалддаг бүсгүйчүүдийг хүртэл мэддэг. Сисельд аавынх нь найзууд таалагддаг нь түүнийг хөнгөн гунигт автуулсан болов уу? Өсвөр насны хэвлүүхэн цоглог, сэргэлэн хэн ч байсан аав ээж дээ “Таны найзууд надад таалагддаг” гэж хэлж чадахгүй билээ. Би ч гэсэн бага байх даа багш, банкны теллир, сувилагч эгч нарыг нууцаар хайрладаг байсан тэр үеийг санагдуулсан билээ. Хэндээ ч  энэ тухай хэлэх вэ дээ, хэлбэл шоолуулна. Ийм л хөнгөн гуниг Сисельд мөн байсан болов уу? гэж санах ч бодлоос минь огт зөрүүтэй зүйл л дээ.

Хүн өөрийн эрх чөлөө, баяр баяслаа хүсэж, гуниг уйтгараа авч ирдэг юм шиг. Сисельд ч гэсэн ийм үйл явдал тохиолдсон. Аннаг эргэн дурсахад түүний гуниг түүнийг бүрхэн авна. Дэг журам ёсзүйтэй байна гэдэг жинхэнэ эрх чөлөө юм гэдгийг харуулсан байж ч болох. Өсвөр наснынхан өөрт тохирохгүй хүмүүсээс холдож, амьдралын хамгийн сайхан амтыг амтлах гэж яваад алдаа гаргадаг. Гэвч энэ байх ёстой зүйл шиг... Аз жаргалаа голж илүү ихийг хүсвэл Сисель шиг хуучны гунигт амьдрал руугаа “Сайн уу, гуниг минь хэмээн хөл тавьж мэднэ”.

Түр хүлээнэ үү...
Top