Түнэр харанхуйн аадар бороо
2018-01-11 1068

Ном уншдаг хүн байна гэдэг нэг хэрэг, харин чамбай, сайн уншигч байна гэдэг өөр хэрэг. Уншсан номноосоо чимэхийн төдий бодлогошрол санаашрал, эргэцүүлэл, гуниг, баяр баясгалан хүртэж чадваас тэрхүү хавтасны доторх үгс танд ид шидээ дэлгэж буйн шинж тэр. Энэ удаагийн "Уншигч" буланд "Радуга" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ж.Хулан Франц Кафкагийн "Хувирал" зохиолын тэмдэглэлээ ирүүлсэн юм. Тэрбээр Замзагийн гэнэтийн өөрчлөлтийг амьдралд ямагт тохиодог аадарт бороо мэт учрал тохиолтой, харин ахуйн хүлээсийг түнэр харанхуйтай зүйрлэн тун ч чамбай, нямбай хэл найруулгаар буулгажээ. Уран зохиолын амт шимтийг мэдэрч, өөрийн санааг тун оновчтой, яруу дүрслэн буулгасан Ж.Хуландаа цаашдынх хичээл сурлага, зорилго тэмүүлэлд амжилт хүсье!


Амьдрал гээч эхлэл төгсгөл нь үл мэдэгдэх ёроолгүй ангал дотор угтаж үдэж буй бүхэн мөн л хаанаас эхэлж, хэзээ төгсөх нь үл мэдэгдэх нарийнхан хэлхээгээр холбогдчихсон мэт урьдаас тааварлашгүй аж. Ийм л бүрхэг хийгээд жихүүн "өдрүүд"-ийнхээ эргүүлэг дунд өөрийгөө ч хайхрах сөхөөгүй явсаар хөөрхий Грегор Замза нэг л өглөө дорд гарвалт шавж болон сэрж гэнэ. Гэр бүлийнхээ өлийг залгуулдаг доншуур худалдаачинд одоо хэдэн турь муутай хөлөө ийш тийш сарвагануулахаас өөр хийж чадах зүйл үлдсэнгүй.

 Амьдрал ингээд л гэнэт асгарчих аадар бороо..,

Хорвоогийн хамгийн уйтай, гашуун хувь тавилангийн салхи хайрсан хуягийг нь өршөөлгүйгээр сийчиж байсан ч эцсээ хүртэл өөрийгөө бус өрөөл бусдыг хайхарсаар ... Хайрлах сэтгэл гэдгийг шавж биетнээс илүү хүмүүний биеийг олсон "дорд хорхой сэтгэлтэн" энэ гэнэтийн аадар бороонд хайр найргүй урсгаж байлаа. Хувиралд орсон нь Грегорыг цаг хугацааны зэврүүн салхи хийгээд хүмүүний дүрийг олсон шимэгчдийн тухай тунгаах боломжийг олгосон мэт …

Амьдрал бас ингээд л юу юугүй  нөмрөөд авах түнэр харанхуй ...

Цаашлах тусам зохиолчийн хүйтэн зэврүүн бичлэгийн өнгө аяс Замзагийн ганцаараа дотроо тэлчилж, байж ядаж буй чимээгүй гэхэд дэндүү чимээтэй хашхираантай уялдаж, давчидмаар мэдрэмж төрүүлнэ. Маргааш өглөө би ч бас өөдгүй хорхойны биед сэрвэл яах вэ? Ингэж бодох бүрт зүгээр л мөр тэнэгэр алхаж, мэдэрч, амьсгалж буй мөч бүртээ талархмаар ...  Грегор өөрөө өөртэйгөө эцэс төгсгөлгүй тэмцэлдэж эхэлсэн. Өөрт оногдсон гашуун хувь заяандаа, одоо түүнээс холдсон гэр бүлийнхэндээ, гэнэт нөмрөөд авсан, урьд анзаарч байгаагүй их ганцаардалдаа төөрчихсөн. Энэ дундаас гарах замыг олж чадахгүй, хэн нэгнээс тусламж эрэн, зүг бүр рүү царайчлан зогсох шиг бодогддог юм. Хэдий Замза шавж болон хувирсан ч ганцхан нүд нь, хачин гунигтай харц нь л яг хэвээр үлдсэн мэт санагддаг.

 Амьдрал мөн ингээд л хэзээ ч алдахгүйгээр атгаад үлдсэн ганц дусал "гуниг"...

Түүний сүүлчийн итгэл найдварын очийг бөхөөх мэт төрсөн эцэг нь хайрсан "бие" рүү нь алим шидсэнээр одоо "орших" найдвар нь тасарч, цөхөрсөн. Тэр алим бядгүй биеийг нь турьгүй сэтгэлтэй нь бяц гишгэлсэн. Владимир Набоков Грегор Замзаг ямар нэг далавчтай шавжинд хувирсан ч зөвхөн түүнийгээ л өөрөө анзаараагүй юм гэж тодорхойлсон байдаг. Харин надад тэр далавчтай байснаа мэдсэн ч зүгээр л хаа нэг тийш одохыг хүсээгүй юм шиг санагддаг. Хэчнээн их найдаж байсан бүхэн нь яг үнэндээ юу ч биш байсныг ухаарсан учраас, хэтэрхий ядарч бас туйлдаж байсан учраас л тэр замыг сонгоогүй байх.

Хүн гээч зовлонгийн гашуун урсгалыг ганцаар гэтэлж гарах хүчтэй байдаг. Харин тэр хүчийг бусдаас, түүнийг гэх хэн нэгний чин сэтгэлээс олж авдаг. Гэвч Замзад хэн ч байгаагүй учраас л хувь тавилангийхаа салхинд эргэлт буцалтгүйгээр төөрчихсөн юм.

Түр хүлээнэ үү...
Top