АРМАН ГҮЛ: ЯДРАЛ БОЛ ШАГНАЛ
2021-08-25 Уншигч 404

Хан Бён Чоль “Тамирдсан нийгэм” номын ковер зургийг сайтар ажиглавал шүдэнз эхлээд дүрэлзэж асна, дөл нь багасна, бөхөж унтарна. Асаад унтарч буй ганц шүдэнзний гурван хэсэг зургаар номын бүхий л агуулгыг илэрхийлж буй мэт.


Орчин үеийн нийгмийг хөдөлмөр ба амжилтын нийгэм хэмээн тодорхойлж үзжээ. Нийгэм тэр аяараа эрх мэдэл, алдар хүнд, баян чинээлэг амьдрал буюу өөр өөрийн тодорхойлсон амжилтын төлөө чөлөө завгүй улайран хөдөлмөрлөдөг. Амжилтанд хүрэх гэсэн өөрийн эгогоо тэжээхийн тулд энэ нийгэм нь хүнээс байнгын идэвхитэй амьдралыг шаардана. Хувь хүний хөгжлийн гэх ариун судруудыг алгасалгүй судлах, хэвийн хэмжээнээсээ илүү их ачаалалтай байх, нийгмийн янз бүрийн бүлгүүдэд хамрагдах гэх мэт чөлөө завгүй амьдралд хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй туйлдаа хүртэл ядарсан байдаг.


Амжилтын нийгмээс өмнө дэг журамт нийгмийн үед Болохгүй ба ёстой гэсэн захиргаадалтанд дөнгөлүүлдэг байсан бол амжилтын нийгэмд "чадна-боломжтой" гэх үгс үйлчилдэг ба өөрт оноогдсон хуваарьт ажил хөдөлмөрөөс илүү чөлөөт хөдөлмөр буюу хувиараа хөдөлмөрлөх- (influecer буюу хувиараа хөдөлмөр эрхлэгчээр жишээ авсан байсан) гэсэн эрх чөлөөт байдлыг тунхагладаг хэдий ч эргээд энэ нь хүнийг туйлдаа хүртэл ядрааснаар нийгэм тэр аяараа бухимдлаар дүүрсэн байх нь харамсалтай. Өөрөөр хэлбэл хүний зорилго хязгааргүй, төгсгөлгүй, тасралтгүй үргэлжилдэг зүйл. Хүн хөдөлмөрлөсөн хөдөлмөр, гаргасан амжилтандаа ханаж цадахаа мэддэггүй цааш улам томруулж зүтгэсээр л байдаг.


Харилцаа холбоо, техник технологи, хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох боломж хөгжихийн хэрээр амжилтын нийгэм нь хүмүүсийг туйлд нь хүртэл ядраадаг. Ханаж цадахгүй их мэдээлэлд автсанаараа хүн бүр амжилтанд хүрэх гэсэн туйлгүй, хязгааргүй зорилгоо биелүүлэхээр нийгмийн идэвхитэй хөдөлмөрийн машин (бараг л робот) болж орхих нь элбэг.


Идэвхитэй амьдралын нийгэмд Үгүй гэх, татгалзах тухай ойлголт бараг л байхгүй гэж хэлж болно. Хэт их эерэг байдал нь үгүйсгэлийг үгүйсгэж улмаар сэтгэл гутрал, ажлаас халшрах эмгэгийг бий болгож буйг ихэнхидээ анзаардаггүй. Идэвхитэй амьдралын нийгэмд хүн амсхийн амарч бясалгах цаг мөч тун хомс. Угтаа бол амарч бясалгаж дотоод сэтгэлээ сонссноор сэтгэл гутрал, анхаарал дутмагшил, ажлаас халшрах сэтгэл зүйн асуудлуудаа дүгнэж шинжих боломжтой ч туйлдаа хүртэл ядарсан үедээ сэтгэл зүйн асуудалд орсноо мэддэг.

Ядрал нь үнэндээ амжилтын нийгмийн хүнд түр амсхийх боломжийг олгож буй шагнал. Тэгэхээр ядрал нь идэвхитэй-амжилт-хөдөлмөрийн нийгмийн амралт, дотоод сэтгэлдээ бясалгал хийх боломж.
Эцэст нь “Хүн алив нэг өдөөлтөд тэр дор нь хариу үзүүлэх бус харин үгүйсгэгч зөнгөөсөө ангид байж, оюун санаагаа хянаж сурах ёстой. Үүнтэй адил, дотоод сэтгэлийн чанар дутах, ердийн бүдүүлэг ааш авир гаргах нь алив өдөөлтийг сөрөх чадвар дутсанаас, эсэргүүцэж сураагүйгээс үүддэг. Тэр даруйд нь хариу үйлдэл үзүүлж, өдөөлт, сэдэл бүрийн өмнө нугарах нь ядарч туйлдсаны шинж тэмдэг бөгөөд өвчин зовуурийн эх үүсвэр болдог.” гэж номын дунд хэсэгт гарч буй нь номын үндсэн санаа буюу амжилтын нийгмийн хязгааргүй их мэдээ мэдээлэл, идэвхитэй байж тасратлгүй хөгжих гэх мэт зүйлсээс өөрийгөө хамгаалж сурах шаардлага буйг сануулсан мэт

Түр хүлээнэ үү...
Top