"TAGTAA PRIZE-2022" ШИЛДЭГ ЗОХИОЛЧ: Б.МАНЛАЙЦОГТ
2022-06-16 Гэгээн шувуу 763

"Тагтаа" хэвлэлийн газраас үндэсний уран зохиолын залгамж үеийг бэлтгэх, залуу уран бүтээлчдээ дэмжих, сурталчлан таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант хэсгүүдээр шалгаруулан олгож ирсэн маань уламжлал болж, үгийн урлагийн уран бүтээлч залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Тав дахь жил, дөрөв дэх удаагаа олгогдож буй "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил нийт 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс бид хүүрнэл зохиолын төрөлд шилдэг гурван зохиолчийг шалгаруулан уншигчдадаа танилцуулж байна. Эдгээр залуу зохиолчоос нэг нь ялагч болж, 2022 оны зургаадугаар сарын 20-нд болох "Tagtaa prize-2022" шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авах юм.

Tagtaa prize-2022" утга зохиолын шагналын өгүүллэгийн төрөлд шилдэг гурван оролцогчийн нэгээр Бөхбаатарын Манлайцогтыг нэрлэж байна. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Зүүн Сөнид хошуунд төрсөн. Өвөр Монголын Их сургуулийг угсаатан зүй мэргэжлээр төгсгөж, одоо ОХУ-ын Буриад Их сургуульд орос хэлний мэргэжлээр магистрт суралцаж байна.

САЛХИН ИРЭХ ЗҮГ

1.

 “Хүн хүн өөр өөрийн салхитай байдаг юм” гэж би арц чулуунд арц уугиулахдаа хэлжээ.

- Аав аа? Та юм хэлэв үү? гэж хүү асууна.

- Галтай минь! Хүн хүн өөр өөрийн салхитай! 

- Таны салхи хаа байгаа юм?  

- Аавынх нь салхи нэг л өдөр эргэж, эндээс намайг урьсан юм даа.

2.

Тэгэхэд бид хоёрыг цэцэрлэгээс гарахад өдөржин бүүдийсэн тэнгэрээс цас малгайлан хаялж байлаа.

- Цас буулаа ш дээ. Айн? хэмээн намайг баяртайхан хэлэхэд тэр над руу эелдэг харснаа,

- Харин тэглээ! хэмээн даруухан инээмсэглэв.

Хоёул чимээгүй хэсэг алхлаа.

- Өвөлжингөө хүлээлээ шүү дээ.

- Харин тийм ээ, өвөлжингөө хүлээлээ гэж тэр хариулав.

- Юутай ч хүлээсний эцэст хүсэл биеллээ. Би баяртай байна. 

- Харин тийм ээ! Өвөлжингөө хүлээлээ. Би ч баяртай байна гээд тэр мишээлээ.

- Хоёулаа давхацлаа. 

- Юу? гэж түүнийг гайхахад,

- Цас биднийг нэгэн цэгт, бид ижилхэн цаснаар…  гэчхээд би хачин юм ярьсандаа ширвээтэн, зовонгуйрлаа. 

- Аан…  

- Хүлээсэн, өвөлжин хүлээсэн болохоор л цас биднийг баяртай болголоо гэж хэлэхдээ би сүрхий догдолж байгаагаа анзаарав.

Хоёулаа зэрэгцэн алхсаар цэцэрлэгийн зүүн урд буланг тойрч, баруун хойш чиглэв.

-Өглөөдөө нарны туяа энд хамгийн түрүүнд тусдаг байх даа гэж тэр гэнэт эргэж, саяхны тойрдог буланг харав.

- Энэ цэцэрлэгтээ бол тийм л байх гэж би хайнгуудхан хариулаад, - Хүү чинь дажгүй сууж байгаа биз дээ? хэмээв.

- Өө сайн сайн. Манай хүн чинь хичээлдээ гүйгээд л, оройдоо над руу залгаад л…     

- Залгаад л гэж, та тэг гэж зарлиг буулгасан юм биш үү? 

- Хэ хэ… 

- Хүүгээ санаж байна уу? 

Тэр толгойгоо дохив.

- Хоёр өөр хотод хол амьдрах хэцүү л дээ, тэгээд ч ээж, хүү хоёр… 

- Анх тэнд хүргэж өгчхөөд, сургуульд нь дэндүү шаналдаг байлаа. Сүүлээр нь дассан. Гэвч санасаар байгаад зүгээр л дасчихсан, санаж хол суудаг амьдралдаа дасчихсан гэхэд нь би анх түүнтэй уулзаад, өдөржин намайг хамжиж, ажлыг минь бүтээх гэж Цагаачлалын яамнаар сульдтал хаалга тогшсоных нь хариуд орой нь түүнийг хоолонд урьж, өөрөө түрүүлэн ховдоглон залгилсаар архиндаа ам халж, утсаа ухаж эцэг эхийнхээ зургийг үзүүлэн, байдгаа түүнд уудлан ярьснаа, миний яриаг тэр дуугүйхэн чагнасаар намайг сунжирсан яриагаа дуусгаж амьсгаа авахад шар айргаа шимж бодлогошрон сууснаа “Яах вэ, намайг харийн хүн гэлгүй та уушги нээчихсэн болохоор…” гэж ирээд л өөрийнхөө тухай, арван наймтай гэр бүл зохиосноо, эцэг эх нь цаадахад нь тал муутай, хуримыг нь хориглон эсэргүүцсэн ч өөрөө зөрүүдэлчихсэн тухайгаа, үнэхээр ч эцэг эхийх нь зөв байсан тухай яриад “Нөхрөөсөө салчхаад яахаа ч мэдэхгүй нялх үрээ тэврээд хоцорсон. Гэвч үхэх тухай бодоогүй л дээ, үхчихмээр өдөр үргэлжилсэн ч улаан нялзрай хүү минь тэгэхэд аминд орсон, одоо бол айх ч үгүй ээ, юунаас ч айхав дээ, ийм том хүүтэй хүн чинь!” хэмээн нүдээ гялалзуулан хүүгийнхээ зургийг надад харуулж байсныг, “Би энд байгаа нь хүүгээ л гайгүй эрдэм номтой болгох гэсэн зорилго өвөрлөснийх. Тэнд, нутагтаа байсан бол ийм хямд үнээр одооны сурч байгаа шиг нь сайн сургуульд хүүгээ оруулах тэнхээ над үгүй” хэмээн яриагаа төгсгөж, бид хундага жингэнүүлэн тулгаснаа эргэн санав.

- Би ч дээ, хүний хүү л явсан болохоос аав байж үзсэн биш, үрээ санах ямар байдгийг найз нь тодорхой мэдэхгүй, гэвч чамайг ойлгоно. Ойлгох гэж хичээж байна гэж би тайлбарлав.

- Чи нээрэн хэдтэй билээ?

- Хорин ес.

- Айл гэр болохгүй юм уу?

- Болох биз ээ! Ёстой бурхан мэдэг гээд л явж байна. Ойрноос гэр бүл зохиохыг хүсдэг болж байна. Би хүүхдэд их хайртай. Хүүхэдтэй болохыг хүсдэг.

-Тэгээд болооч! гэж тэр огцом дуугараад буруу юм хэлчхэв үү дээ гэж эмээх шиг намайг зэрвэс харснаа,

- Чи ч гайгүй залуу, өөрөө хүсвэл хүүхэн шуухан дутахгүй байлгүй гэлээ.

Биднийг замын уулзварт ногоон гэрэл хүлээж байтал салхи сэвэлзэн эргээд, цас чиглэлээ солин зүүн урд зүгээс лавсав.

- Наран мандах зүгээс цас хаяллаа гэж тэр хэлэв.

- Жижигхэн хот ч тохитой шүү. Салхи, бороо, цасны зүг нь ч тодорхой хэмээн намайг хэлэхэд тэр толгой дохиод, нэлээд бодлогоширсон маягтай хүзүүнийхээ ороолтдоо шигдчихсэн явлаа.

- Чи гэрлээч! Хүүхдэд тийм хайртай л юм бол гэж тэр гэнэт ятгав.

- Гэрлэнэ гэрлэнэ. Удалгүй хүүхэд ч олдоно, гэргий ч олдоно! Тийм ээ, эхнэр хүүхэд цуг ирнэ гэж би амны аяар хариулав.

- Цуг аа? Бөөндөх гэж байгаа юм уу, эхнэр хүүхдээ? Аан?

Хоёулаа баахан хөхрөлдөв.

-Тийм бол сайн л байна. Бөөндчихөж болдог бол амар зүгээр.

- Бөөндчихвөл үү?

- Бөөндчихвөл, тийм сайхан хүссэний зоргоор юм хаа байхав дээ.

Тэр хэсэг чимээ тасарснаа,

- Байгаа байгаа, юу байгаа ч гэж дээ, байгаа байлгүй дээ гэлээ.

Бид хоёр орцондоо ирэв.

- Өрөө чинь дулаан байна уу?

- Ноднин бээрсхийгээд, өнөө жил болохоор шатах гээд горьгүй.

- Ашгүй дээ гэснээ тэр,

- Манай өрөө харин зэлмүүхэн байгаад байна гэлээ.

- Бид чинь нэг асарт амьдардаг, дулаалга адил баймаар юм.

- Маргааш дулаалгынхнаас асуухаас даа.

- Хаврын уур орсон ч мөддөө дулаарахгүй шүү. Хавар ч жиндүү улирал. Найз нь гараад үзээд өгөх үү?

- Өө яах юм, яах юм гэж тэр эргэлзэнгүй дуугараад,

-Сайхан амраарай! Хамт зугаалсанд талархлаа. Цасанд хамт алхах сайхан байлаа хэмээв.

- Ноднин өвөлжин хүлээсэн цас уу? гээд би инээмсэглэвэл тэр,

- Хүлээлгэсэн цас… гэснээ хором түдгэлзэж, - Баяртай, сайхан амраарай гэлээ.

Дөрөвдүгээр давхарт хүргэх шатаар Аясхан ерийнхөөсөө удаан өгсөх мэт санагдав.

3.

- Өвөө хаа явсан юм?

Ээж дуугарсангүй.

Удалгүй өвөө харьж ирээд босго давмагцаа намайг тэврэн авав. Олон жил уулзаагүй ч өвөөгөөс нөгөө л сайхан үнэр нь ханхлах ажээ.

- Бороо орох нь уу, өвөө? гэж би асуув. Өвөөг Урихын хайрхнаас ирсэн биз гэж би таамагласан юм. 

Өвөө минь газрын татах хүчинд оосорлогдон бөгтийгөөд, гэзэг үс нь цас мэт бууралтжээ.

- Орно оо гэснээ өвөө, - Ингэхэд энэ чинь юун хүүхэд билээ? гэж нүдээ сүүмийлгэн Аясхан руу дөхөв. 

Үүрээр чийгийн сэрүүн үнэр намайг дуудан сэрээв. Би босоод хаалгаа аяархан онгойлгож гарлаа. Багад минь ямар байсан яг л тэр янзаараа салхи энхрийлэн үлээж, бороо гуядагдан шилжиж байв.

Зуны зөөлөн салхинд алдрай багын явдал гэнэт дурсагдаж, тэр явдлыг эдүгээ салхинд гаргах цаг нь хэдийн болсон мэт бодогдов. Том хүн болсноос хойш аажмаар бүдгэрсэн нууц энэ явдлын талаар хэсэгтээ л би өөртэйгөө цаг үргэлж ярилцдаг байсан юм. Тэр үеэс би өөртэйгөө хэлэлцэж, өөрийгөө таньж, ойлгож сурсан. Өнөөдөр нутгийн салхины зууж буусан нойтон урсгал хөрсний ганг тайлж, нууцыг дарамтлан дарсан зузаан тоосыг ч ариусган цэвэрлэжээ.

Тухайн үед би сургуулийн насанд хүрээгүй эмнэг хүү явлаа. Жаврын илч мохож, зуны уур орж, Урихын хайрхны зүгээс хэдэн өдөр залгаж шингэн бороо шивэрч зулай нэвт норгов. Урихын хайрхныг нар ногоо түших цагийн өлзийт өдрийг сонгон, нутгийн зон олон гэгээ суврахад оройд нь гарч аргадан баясгах бөгөөд оноогдсон тахилч өвөө минь сүүлд үүнийг учирлан, тахилгынх нь хосгүй өвөрмөц үйлийг над аминчлан уламжилсан юм. Тэгэхэд л тахилгын өдөр л шивнэгдэх дүрэмтэй шившлэг үгийг нь сонссоноор миний сонирхон бодсоор асан учрын зангилаа аяндаа тайлагдаж билээ.

Тархсан чийг униар мананг үймүүлэн хааяа хааяахан банхар ноход хүнгэнүүлэн хуцаж, үнээд мөөрнө. Давхар оодон дээлийн мөр бороонд нэвтэрсэн тул манайхан авдар саваа онгичин, энэ мөчийг хэдэн сараар чилтэл хүлээсэн тарман цувуудаа гаргаж ирцгээв.

Би цув нөмөрчихсөн, бас ч гэж чадлынхаа хэрээр ажил хөдөлмөрт хошуу нэмж, хуруу дүрж, судаг жалга аль гүн ус тогтсон газраар ус үсчүүлэн тоглоно. Зуны эхэн сарын үргэлжилсэн бороонд гэр бараа хүйтэн дааж, зууханд хөх аргал хөрзөн түлшийн ирээр гал дүрэлзэн ноцох хэдий ч цаанаа зутруу байдалд орох тул хүүхдүүд гэлтгүй томчууд ч нялх бороонд шившүүлэн гадуур эргэцэн сэтгэлээ тэнийлгэх дуртай. Хөдөө өссөн хүүхдүүд гэрийн мухар сахихыг мууд тооцон гадна хөдөө тоглоход шунан тэмүүлнэ.

Тэр өдөр би эхээс нь салгасан хурга, ишгээ ойр зуур бэлчээх чухал бөгөөд зугаатай ажлыг ээжээс хүлээмэгц дэгдээд л алга болов. Эхээ үгүйлсэн хурга ишиг хоолойнхоо тараар майлан шуугилдаж байснаа нойтон соргог өвсөнд хошуу дүрж шуурхай гүйлдэв. Би тэднийг тэвчээртэй дагаж, тааваар нь гүйлгэсээр шинэ орчиндоо дасаж, сониуч аазгай нь буурахаар хурга, ишгийнхээ захыг даран хумьж тогтоов. Хурга ишиг ч тогтосхийж, биеэ шилгээн, хааяа нэг цолгин дуугаа хадаахаас өөр борооны чимээг дарах аниргүй тийм л намжуун нөмөрлөө. Би ч цувныхаа малгайг хойш нь тайлж эргүүлээд, толгой нүцгэлэн тэнгэрээс тасралгүй чөлөөт уналт хийхдээ хацрыг жим хийлгэн оноод, арьсыг даган зарим нь урсаж, зарим нь арьсны сүвээр нэвчих мэт дүрсгүй борооны дуслуудыг өлийн харж зогслоо. Зэгэл саарал өнгөтэй хурмал үүлсийг удаан харахаар амьсгал түгжигдэх мэт санагдах тул харцаа дорогшлуулж, чулуун пин, малын хороо, тугалын зэл, морины уяа, хаяандаа алаг хөлтрөг бүхий хос илүү гэрийг ижилсүүлэн барьсан тоосгон байшин, тавтай тархан идэшлэх ишиг, хургыг нэг бүрчлэн ажив. Борооны хаяа битүүрээд мөддөө шуугдах янзгүй аж.

Гэрээс гарахад ээж надад хурга, ишгээ битгий их холдуулаарай гэж захисан юм. Би явган сууж, дуртай ажилдаа ханцуй шамлан оров. Чулууд бороонд угаагдаж хуар хээ, өнгө зүсээрээ гангарч гайхуулдаг тул бороо татармагц шалавхан гарч тэднийг шинждэг дадал балчир миний нэгэн зугаа байв. Нүдэнд туссан чулууг хичээмжтэйхэн аваад, сонирхон шинжиж буцаагаад оронд нь тавина. Намайг төрөхөд л тэгэх хэрэгтэй гэж төрөлх зөн совин минь ойлгуулсан юм шиг би чулууг орноос нь шилжүүлж болохгүй гэж биедээ чанга захиж, мөрддөг байлаа.

Тэгээд би тэр өдөр харцаараа чулуу сонирхон шүүрдэхдээ гэнэт илүү гоц зүйлтэй харгав.

“Ийм хөөрхөн чулуу бас байдаг аа” гэх баярын оч цахиад, ухасхийвэл өнөөх ногоон биет чинь хос жижигхэн далавчаа дэвэлхийлэн цаашлав. Би өөдөөс нь ахиад хэд алхав. Өвөөгийн эрхий хуруун хэртэй тэр шувуу улам цаашаа холдов. Түүнд би хөтлөгдөн бий мэт санагдах аж. Гэвч би эхэлж хөдлөөд, тэр миний хөдөлгөөнийг ажиж хөдлөөд байв. Би түүнд ойртох, аргалаад барьж авах санаа өвөрлөх, харин цаадах маань зайгаа барих гэх. Энэ үйлдэл нэлээд давтагдаж, хорооны зүүн урд булан тойроход би хэдийнээ залхав. Шувуу ч надтай урьдын зайгаа барин тэрүүхэндээ саатав. Идэр есийн цэлмэг огторгуйд тормолзох од мэт тунгалаг нүд, номин ногоон өд өрөвлөг… Эргэн санахуй цаг хугацаа сарниж, орон зай замхарч, шувуу бидэн хоёрын харц мөргөлдөх агшинд яг тэнд тоо томшгүй явдал үүсэж, улирсан мэт бодогдоно. Гэтэл ээжийн хашхирах дуулдав. Би ч юун шувуу, огло харайн харвасан сум мэт чавхадсан ч хонь, хурга нийлүүлсэн гэх хүнд шийтгэлээс биеэ аварч амжсангүй. Арван өдөр өрөм идэх эрхээ хасуулах хатуу шийтгэлээс мултарч ч дөнгөсөнгүй. Гэвч би тэр шувуунд гомдсонгүй, түүнийг зэмлэсэнгүй, мартсан ч үгүй. Түүнээс хойш зав л гарвал хамт байсан газраараа эргэцэн, гишгэчих вий хэмээн машид болгоомжлон газар цоортол ширтэн хайсан ч эрэл минь мухардсан юм. 

Бороо орохыг наманчлан Урихын хайрханд даатгаж, тэнгэрийн хаяанд харц байнга аргамжаатай. Би балчир хүүхдийн тавтиргүй зандаа хөтлөгдөн болсон явдлыг өвөөдөө хэлэхийг оролдсон боловч удаа бүр саад тохиолдов. “Өвөө өө!” гээд үг өдөх төдийд саахалтын сахалт ах хаалга онголзуулна, “Хонь худаг руу ирлээ” гэж ээж мэдээлнэ, “Юу вэ хүү минь?” гээд нэг удаа өвөө намайг харах гэж байгаад билүүдэж байсан хутгандаа хуруугаа эсгэж орхиод улаан цусаа дуслуулав. Тэгэхэд над гэнэт л энэ тухай чандлан нуух ёстой мэт бодогдож, уруулаа жимийсээр хориод жил ус балгасан мэт дуугүй явжээ.

Шувуу бид хоёрын учиртай учрал энүүхнээр дуусахгүй гэдэг нь ирэх жилийнх нь анхны борооноор батлагдав. Тэр өдөр хурга, ишиг эргүүлэх шаардлагагүй бүрэн чөлөөтөй явсан би шанх даган урсах бороог ч умартан, хорооны зүүн урд буланд ноднингийнхоо байранд болбойх хуучин танилтайгаа уулзав. Намайг хараад тэр, жижигхэн хос жигүүрээ дэвэлхийлэн жаахан ниссэнээ буув. Би ч араас нь дагав. Бид ийн нэлээд явсан боловч хоорондын зай өөрчлөгдсөнгүй. Сэнс бороонд энсэртэл санасан түүнийг бараадан гэлдрэх юутай баясгалантай билээ? Чухам яагаад тэр билээ? Бараг л танихгүй хүн ч биш, шувуунд ингэж сэтгэлээ өгч, багтартал санаж байснаа огт ойлгодоггүй байсан юм.

Гэвч би тэр үед алдаа гаргаж орхисон юм. Борооны ус магнай уруудан гулссаар нүдэнд орчхов. Би тэсгэлгүй алгаараа арчив. Чингээд нүдээ завсарлахад ногоон шувуу замхарчээ. Би бачимдан, өөрийгөө загнан амандаа дүднэн байснаа бороог хардан зэвүүцэж, тэгсхийгээд тайвшрав. “Солигдох жилийг хүлээхэд л хангалттай биш үү.” Ийм бодол намайг тайтгаруулан гэр лүүгээ жуумалзан шогшихдоо би дотроо  ногоон шувуугаа “Борооны шувуухай” гэж нэрлэхээр шийдэж билээ.

Гэвч бид хоёр ахиад харгасангүй.

Би сэтгэлдээ авдарласан борооны шувуухайгаа хайж, олон жилийн салхи, бороонд элдэгдэн зэрэглэж өрсөн чулуу нь хэд хэдэн газраа ил гарчихсан хорооны зүүн урд талд явж хүрлээ. Гэвч тэр тэнд алга байв. Сэтгэл дотор хар уйтгар төрнө. Гэнэтхэн надад “буруу газар ирчихжээ” гэж бодогдохоор нь баруун урд зүгийг барин алхав. Гэвч эцсийн удаа борооны шувуухайтай салалцсан газар ой ухаанд орж ирсэнгүй. Би харамсав, гунив. Тэглээ гээд яах билээ дээ. Жилийн жилд өдий урт хугацаанд хэрэв тэр намайг хүлээсэн бол хэдийнээ цөхөрсөн биз. Үгүй юм гэхэд, цөхрөлгүй, тэвчээртэй хүлээлээ гэхэд бид ахиад уулзах уу? Уулзах боломж бий ч юм шиг, үгүй ч юм шиг.

Би харьж хаалгаа аяархан татаж гэрт оров. Гадаа бороо шивэрсээр байв.

Хоёр хоног сэнсэрсэн бороо суусны маргааш өвөө бид хоёр Урихын хайрхныг зорив. Яван явсаар би энэ насны хүнд баймааргүй хөнгөн гавшгай өвөөгөөсөө хоцорч орхилоо. Намайг амьсгаадсаар хайрхны оройд хүрэхэд өвөө арц чулуунд арц уугиулсаар сууж байв.

Би баруун урд зүгийг удаан ширтэж суугаад өвөөгөөс “Талын гүүний арц уу?” гэж асуувал өвөө хар, цагаан дуугүй байснаа “Хүү минь, чи салхиа зөв залж” гэж гэнэт ам нээв. Тэгээд өвөө

- Би чамайг зүүдэлсэн гэлээ.

- Юу гэж зүүдэлсэн юм бэ?

- Зүүд ч гэж дээ, бараг л сардаа ядаж нэг удаа зүүдлэгддэг болоод удаж байна аа. Тэгэхээр ерийн үзэгдэл гэвэл илүү зөв биз. Хоорондоо төстэй зүүдүүд хөвөрдөг. Олонхдоо чамайг хөвөн цагаан азарга хүлэглээд үүлстэй хөөцөлдөн тоглосоор дүүлэн ирж байгаагаар зүүдэлдэг. Дэл, сүүлээсээ сүүн гэгээ тунаруулан хийсгэсэн ирмүүн хүлгийн нуруунд богино дөрөө, босоо жолоо сунган айсуй чамаас өөрийгөө би хардаг. Тэгээд л сэрчихдэг юм.

Өвөөгийн ийн ярихад би өөрийн эрхгүй өвөө рүү ойртон очиж,

- Өвөө! Та намайг ахиад үнсээч гэхэд өвөө намайг үнэрлэв.

- Хүн хүн өөр өөрийн салхитай гэж би хэллээ.

- Гэвч хүү минь! Хүн бүр салхиныхаа хагасыг нь авч ирээд нөгөө хагасаа олох гэж төрдөг. Нөгөө хагасаа олж гэмээнэ бүтэн салхитай болно гэж өвөө хэлээд, бас цааш нь -Төрсөн цагаасаа хойш салхины хоёр тал бие бие рүүгээ зогсолтгүй нүүдэг юм аа гэлээ. 

Би өвөөгөөс “Таны салхины нөгөө тал нь эмгийн салхи уу?” гэж асуух гэтэл өвөө үгээ үргэлжлүүлэн,

- Нийлсэн салхи ахиад хэзээ ч хагацдаггүй юм. Аль нэг тал нь үл үзэгдэх хэлбэрт шилжсэн ч ялгаагүй, салдаггүй юм гэлээ.

- Өвөө! Ертөнцөд нэг л салхи байдаг уу?

- Байгальд орь гагц салхи бий. Түмэн бээрийн тэртээх түрэмгий давлагаант далайн салхи хөдөөгийн буйдад амьдардаг миний ч хацрыг үнсдэг.

- Гэвч салхины зарим нь догшин, зарим нь нойтон, бас зарим нь хуурай байдаг биш бил үү?

- Хүмүүс л хоорондоо асар ондоо тул адил бусаар салхийг мэдэрдэг нь тэр. Салхины хурд, чийг, хүч, дулаан, хэлбэр, үнэр үнэн хэрэгтээ огт хувирдаггүй тогтмол.

- Салхи тэгвэл нэг л зүгээс ирдэг байх нь ээ?

- Салхи, бороо, уул, ус, өвс, мал адгуус … нэг л юмны олон тал.

- Хүний салхи хоорондоо ондоо гэж ойлгож болох уу?

- Ондоо.

- Салхи нь ондоо юм бол яаж нийлэх юм бэ?

- Ондоо салхи нийлэхээрээ төгс салхи болно. Нийлж байгаа салхи бол угаасаа нэг салхины хоёр тал шүү дээ.

- Салхиа яаж мэдэх юм бэ?

-Төрөхөөс чинь өмнө төрчихдөг тул салхи чинь чамайг эрж ирдэг, чи түүнийг бас эрдэг, эрж буйгаа чи өөрөө мэдэхгүй байж болно. Энэ бол ухамсаргүй үйлдэл. Олонхдоо төрөх мөчид тэр дэргэд чинь сахидаг, хүмүүс эрээд хадуурчихдаг. Зарим нь урт зам туулсныхаа эцэст хажууд нь байгааг харна, бас зарим нь үзэхгүй явсаар өнгөрнө. Харсан, хараагүй салхи чинь оршсоор, удирдсаар байх болно.

Талын тэртээд тэмээ буйлах сонсдов. Уяруухан, нулимс дуслуулахаар чих дэлсэнэ. Ботголсон ингэ бололтой.

- Өвөө! Би хэзээ нэг өдөр буцаж ирнэ ээ!

- Өвөө нь зүгээр дээ! Битгий санаа зов! Салхиныхаа чигийг зөв тогтоох, хэм хэмнэлийг нь мэдэрч сурах л хэрэгтэй юм шүү. 

- Хүн үхвэл салхи нь хамт үхэх үү?

- Үхэхгүй ээ! Салхи мөнх!

- Үхсэн хүний салхи хаа оршдог юм?

- Харья даа, хүү минь! Орой тийшээ нэмээд бороо ирнэ.

- Таны өвдөгний нүдээр хатгуулж байна уу?

- Хүн хөгшрөхөөрөө тэнгэр муухайрахад сэргэг мэдрэмтгий болчихдог юм шүү дээ.

- Салхи нь тэнгэртэй илүү ойртсон болохоор тэгдэг юм уу?

- Юмыг яаж мэдэх вэ дээ.

4.

Зун болов. Аясхан бид хоёр хөтлөлцөн далайн хөвөөгөөр зугаалан сэлүүцэв. “Далайн салхи” гэж Аясхан дуулдахаар тод хэлэв. Би далайн мандал, тэнгэрийн хязгаарын уулзвар цэгээс харцаа татаж, салхинд үл мэдэг дэрвэлзсэн тайрмал гэзгийг нь, салхин ирэх зүгийг угтсан баясгалант царайг нь өхөөрдөн ширтлээ.

Талын салхинаас өвс шороо л үнэртдэг сэн гэж санахуй “Салхин ирэх зүг” гэх бодол намайг тогшиж, дотор минь нэвтрэн оров.

- Хоёулаа манайх руу явъя.

- Тэгье л дээ, би өрөөндөө орчхоод буугаад очъё.

- Биш ээ! Жинхэнэ манайх руу! 

- Жинхэнэ танайх аа?

- Тал руу! Талын гүн рүү! гэж би шийдэмгий дуугарав. Тэр хариу хэлсэнгүй. Далайн зүгээс догшин салхи нүргэлнэ.

- Маргааш хариу хэлье! Тэгэх үү?

- Хүлээж байя!

Орой нь надад утасны зурвас ирэв.

“Зөв хэллээ! Бид хуурай далай руу явна!” хэмээн би хариу бичив. Тэгснээ “Яг ч хуурай биш ээ! Ус нь далд байдаг юм!” гэж ахин нэг зурвас нэмэрлэв. Түүнээс ахин зурвас ирмэгц би “Өө, юун сайн юм бэ! Би одоохон интернэтээс нисгэлийн билет харъя” хэмээн  баяртайгаар хуруу жирэлзүүлэн, Аясханы зурваст хариулаад компьютерээ асаалаа.

Аясхан надаас хоёр эгч юм байна. Билет захиалчихаад би босож аягандаа ус хийж аваад гэр дотуураа гиюүрэн алхалсаар унтлагын өрөөндөө орж, ширээний дэнгээ асаагаад бодол болон суув. Яагаад ч юм хуримлах саналыг хөдөөнөө оччихоод харьж ирээд л Аясханд талбих ёстой юм шиг санагдаад байлаа. Хөдөөнөө харьж ирэхгүй саналаа хэлбэл буруу ч юм шиг. Аясхан зөвшөөрөх үгүй, татгалзах ч юм шиг бодогдоно. Дөнгөөд л тэнд очоод өвөөдөө үнсүүлээд ирвэл муу бүхэн үргэн зайлах юм шиг совин төрнө.

Маргааш нь зураач найзын зургийн үзэсгэлэн дэлгэгдэв. Надад урилга илгээсэн тул би хотын төвд байрладаг үзэсгэлэнгийн танхим руу чиглэлийн мeтрогоор зорчлоо. Ажлын цаг тул мeтронд хүн сийрэг аж. Эсрэг талд том чихэвч зүүсэн, доод уруулаа цоолж гархин ээмгээр гоёсон нүүр дүүрэн шивээс бүхий залуу сууж байна. “Шивээсийн үзэсгэлэн юм аа” гэж би бодсон ч инээдээ дарав. Дараачийн өртөөнөөс мeтро хөдлөхөд сониуч сэтгэл шоглолыг орлов. Би болгоомжтой гэгч нь гараараа дохиж түүнээс ярих зөвшөөрөл хүслээ. Залуу чихэвчээ хүзүү рүүгээ буулгаж “Уучлаарай?” гэж унаган англи аялгаар асуув.

- Уучлаарай! Ёстой уучлаарай! Хувийн нууц биш бол нэг юм асуух гэсэн юм” гэж би хэлчхээд тэрхэн дороо “Хэрэг ч үгүй явдал болчхов уу” гэж биеэ буруушаан харамсав. Залуу толгойгоо дохилоо.

- Ингээд асуух нь ёс зүйн хувьд ч, ер нь аль аль талдаа ч алдаа, ёс бус явдал, гэвч надад үнэхээр чухал санагдсан юм гэж би уучлал эрин нуршив.

- Та юмаа асуу! гэж залуугийн тэвчээр барагдаж бий бололтой хэгжүүрхэв.

- Танай баруун хацрын чинь шивээс… ярьж болох уу?

- Энэ үү? Сайхан байна уу?

- Таалагдаж байна. Би шивээс сонирхдоггүй л дээ, гэвч таны шивсэн зүйлийг би мэдэх юм байна. Бүр сайн мэдэх юм байна.

- Юу юм?

- Чулуу!

- Тийм үү? Би нисэх онгоц, харь гаргийнхны хөлөг гэж бодоод шивүүлсэн. Тэгвэл биш байж гэж залуу өчүүхэн гутарсан байдалтай өчив.

- Харь гаргийн хөлөг өө? Та юуг нь мэддэггүй байсан юм уу?

- Би багадаа хоёр шөнө залгаж зүүдэлсэн. Интернэтээс зургийг нь хайгаад олоогүй юм аа. Арга ядаад өөрөө зураад шивээсчинд барьж очсон. Зурагт авьяасгүй болохоор алдсан ч байж мэдэх, гэвч та таньж байхыг бодвол би гайгүй зурсан бололтой гээд залуу хэг хэг инээж байна.

- Танигдахаар зуржээ. Та зүүдэндээ юу харсан юм?

- Миний хацартаа шивсэн юм байна аа даа, таны хэлдгээр чулуу. Агаарт хөөрөн нисээд л, нааш цааш жирэлзэн шунгаад л, ногоон туяа татуулсан бөөн хөнгөн юм салхинд хийсээд л, анхилам, юуны ч гэх юм бэ, би өдий хүртэл тийм үнэртэй зүйлтэй тааралдаагүй л явна, анхилам үнэр нь сэнгэнээд л байсан. Удалгүй бороо цутгаж, аянга нижигнэж, гялбаа цахилаад би сэрчихсэн гэж залуу надад ойлгуулах гэж тэгсэн үү, угийн тэгж ярьдаг хүн үү, эсвээс яриандаа догдолсон уу суудлаасаа өндөс өндөс хийж, хоёр гараа савчин, нөгөө зүйлийнхээ нисэх хөдөлгөөнийг дүрслэхдээ хуруунуудаа тэгшлэн тэнийлгэж баруун гараа дээш дорогш, зүүнш баруунш тонгочуулан хүчтэй хөдөлгөж “шүрд шүрд” гэсэн авиа гаргаж байлаа. 

Дараачийн зогсоолд ирсэн тул би залууд баярласнаа хэлээд мeтроноос буув. Залуу нэлээд үгссэн байх тул надаас асууя гэснээ асууж амжсангүйдээ харамссан байдалтай хоцров.

Найздаа баяр хүргэж авчирсан цэцгээ гардуулаад хоёул зургийг нь сонирхож дугуйлсаар гарч орох хаалганы зүүнтээ байрлах амардаг чихэн гэрт орж, оргилуун дарс задлан хундагалаад шимэцгээв.

- Нэг юм асууя. Чи сюрреалист зураач. Зүүд, бодит ахуй давхцах уу? гэж би найзаасаа асуулаа.

- Давхацна. Гэхдээ зүүд илүү хүчтэй, илүү үнэн.

- Жишээ нь, хүн огт мэдэхгүй зүйлээ зүүдлэх үү? 

- Зүүдлэгдэж байгаа бол мэддэг зүйл нь байх ёстой. Гэвч хүмүүн өөрөө мэддэг гэдгээ мэдэхгүй байж болно. Танил бус зүйл нь тохиолдлоор харагдсан ч байж магад.

- Мэддэггүй зүйлийн тухай зүүд давтагдах уу? Хоёр, гурван удаа.

- Түрүүний хэлдгээ үгүйсгэе, би буруутаж, уучлаарай. Хүн мэддэггүй зүйлээ зүүдэлж болно, мэддэггүй зүйл нь ч хүмүүнийг зүүдэлж болох юм байна. Хараахан ойлгогдохгүй юм байдгаас боломжгүй зүйл гэж үгүй биз ээ.

- Би сая мeтрогоор ирлээ. Тэгээд нэг залуутай харгалдлаа. Яасан гээч? Залуу өөрийнхөө зүүдэлсэн зүйлийг хацартаа шивчихсэн, бүр өөрөө зураад шивүүлсэн гэж байна.

- Заа? 

- Сонирхолтой нь, юу шивүүлснээ тэр мэдэхгүй, харь гаргийнхны хөлөг гэж бодсон байж.

- Өө, хөөрхий.

- Харин би юу шивүүлснийг нь мэднэ ээ. Манай нутгийн Урихын хайрхны арц чулуу байсан! Би буруу харсан байх гэж мeтроноосоо буулгүй нэг зогсоол илүү явж, хянамгай ажигласан. Миний зөв. Яалт ч үгүй арц чулууг хацартаа шивүүлсэн байсан!

- Тэр! Би хэлээгүй юү! 

Бид хоёрын яриа ийн өндөрлөв. Найз маань зураач хүний сониуч зандаа хөтлөгдөн ам уруул чангаан яриулахыг санасан ч үзэсгэлэнд нь мэргэжил нэгт найз нар нь ирж таарсан тул аргагүйн эрхэнд намайг орхин тэдэнтэй очиж золгов.

Би энэ явдлын тухай өөр хэнд ч цухуйлгасангүй, над зүүдлэгдэх юм бол уу гэж сэм горилж хэд хоног нар унав уу үгүй юү, харуй бүрийтэй уралдан хэвтээд өгдөг ч боллоо. Гэвч үнэг шогшиж ч завдаагүй байхад эртлэн сэрснээс өөр сүртэй юм болсонгүй.

5.

“Та юм хэлэв үү?”

Өчигдөр цагаан гэгээ ороход өвөө бор мориороо шогшуулж баруун урд зүгийг амдан гарч, одод өтгөрөн зузаарахад хатируулсаар буцаж ирсэн юм. Тэгэхдээ нандигнан баадагнаж өвөртөлж ирсэн, өнөө голынх нь хонхор төөнөгдөж харлачихсан арц чулуун дээрээ утаа суунаглуулж байв.

Өвгийг тийн явдаг өдөр ээж бид хоёр байшингийнхаа цонхыг зүлгэлээ. Цонхыг бүрхсэн тоос шороотой хоёр гараа чилтэл ноцолдож байхдаа ч би ам хуурайгүй ярьсаар.

- Ээж ээ! Өвөө хаашаа явж байгаа юм?

- Тийшээ! хэмээн ээж баруун урд зүг рүү харав.

- Тийш нь хаашаа юм?

- Талын гүн өөд.

- Хэр хол юм?

- Шандаст хүлгээр довтолгосон хүмүүн нар мандаж, шингэх зуурт буцаад ирэх тийм хол.

- Юунд явж байгаа юм? 

- Хэрэгтэй юманд. 

- Яагаад өвөө нагац ахын шинэ мотоциклыг унадаггүй юм? Тэгвэл нисэж очоод л хүрээд ирэх биш үү.

- Хоёулаа байшингийнхаа наран талын цонхыг оройн сэрүүнээр арчъя! 

- Тэгье ээ! Ээж ээ.

Өвгийн арц үнэхээр сайхан үнэр гаргах ажээ. Би зэрэглээ татуулан жирвэлзэж, гангын тоос манарахыг уй гуниг дүүрэн ажиглаж суув.

- Өвөө! Та түрүүн юү гэсэн юм? 

- Хүү минь! Хүн хүн өөр өөрийн салхитай!

- Түрүүн би ондоо юманд төөрөгдөөд таны хэлсэнтэй зөрчхөж. Тэгээд ахиад асуусан юм.

- Хүү минь! Салхи! Хүн хүнд өөр өөрийн салхи гэж байдаг юм!

- Мэдлээ өвөө!

Цэлийсэн талын энэхүү газар хаа холоос сүрлэг цэнхэрлэх тул энд сэрүүн салхитай гэж бодоод би ийшээ ирсэн юм. Гэвч буруутжээ. Хааяа өчүүхэн салхи татагдан ирэх ч нарны илчийг улам улайсгахаас цаашгүй. Тийм салхийг амьсгалах төдийд цээж маналзан бие дотор бас нар шурган түлэх мэт шарж хорсгоно.

- Өвөө! Миний салхи гэж бас байх уу? 

- Байлгүй яах вэ! Хүн бүрд байдаг юм.

- Миний салхи өнөөдрийнх шиг ийм аргасан хуурай, муухай салхи биш биз дээ?

- Ай, хүү минь! Алдас болно! Амны салхи л аюултай.

Би гүнзгий амьсгал авч хором түгжсэнээ алга руугаа үлээв. Үнэхээр хий урсгал алганд тусаж байв. Гэвч миний салхи юм уу, миний саяхны цээжиндээ хураасан гангын салхи юм уу гэдгийг ялгахад бэрх аж.

- Харья, хүү минь!

- Бороо орох нь уу?

- Бороо ирэх нь ээ хүү минь!

- Та яаж мэдсэн юм?

- Цаг нь болбол миний хүү ч мэддэг болно.

- Та хар гантай жил ийм сайхан, өвөр түнтийлгэхээр элбэг арц хаанаас авчирсан юм?

- Тэндээс! хэмээн өвөө тэнгэрийн хаяатай нийлсэн баруун урд зүг рүү алгаа хүндэтгэлтэйгээр дэлгэв.

- Талын гүнээс үү?

- Хүү минь яаж мэдсэн юм?

- Ээж хэлсэн.

Бид хоёр Урихын хайрхнаас уруудан бэлд нь хүрч явтал гэнэт зурвасхан хуй дайрав.

- Салхи! Сэрүүн салхи гэж би уулга алдав. Өвөө “Арц урив, салхи сонсов” гээд царайд нь гэгээ туяарав. Орой болов. Өвөө хойд цонхоор гадагш шагайснаа “Хулгай салхи хургаад байна, холын зочин айсуй байна” гэж толгой холбоод “Цонхоо зүлгэсэн юм уу даа?” гэлээ.

- Таныг талын гүнд очдог өдөр гэж би ээжээс түрүүлэн үг хавчуулав.

- Сайн байна хүү минь гэж хэлснээ өвөө өвдгөө илбэн тааламжтай царайлж, - Бороо орох нь дээ гэлээ.

- Та яаж мэдсэн юм? 

- Өвдөгний нүдээр хатгалаад байна.

Би өвдгөө барьж үзэв. Өчигдрийн бүдэрч унаад шалбалсан нь гар хүрэхэд үл мэдэг хөндүүрлэхээс өөр миний өвдөгт хатгуулах шинж мэдэгдсэнгүй. Гэвч өвгийн өвдөг мэргэн аж. Маргааш нь бороо оров. Орох орохдоо хувингаар цутгах мэт азаргалав. Хуйлран хийсэх усан гүйдэлд голдоо ортол хатсан тал хөндий дэгдэн нисэх аятай. Үе үе амьсгаа авах мэт намжисхийснээ түгжсэн амьсгалаа гаргах мэт усан хуй эрчлэн дайрна. Ээжийн үгнээс зөрүүдэлж өвөө намайг бор мориндоо сундлан Рашаан горхийг чиглэн гэлдрэв.

- Хараач хүү минь! Харж байна уу?

- Манай адуу!

- Анзаарав уу?

- Манай адуу зогсож байна. Бороонд норж байна.

- Адуу бороо ирж бий зүгийг ширтэн зогсоцгоодог.

- Тэд салхи сөрөн бодлогоширч байна!

Биднийг харьж явтал салхи эргэж, ширүүн бороо зөөлөрч, янзаган бороо аргадан зүсрэв. Баруун урд зүгт өнгийн солонго татаж, хаалганы наана өлгөсөн өвөө бид хоёрын цувнаас дуслах усны чимээ борооны анирыг даван миний чихэнд тулж байв.

Маргааш нь ээж бид хоёрын зүлгэсэн цонх халтартжээ. Гэвч эх, хүү хоёрын өдрийн ажлыг дэмий үрсэн зол бус энэхүү явдлыг бороо буусан баяр хөөр нам даржээ.

- Борооны дуслууд цонхонд мөрөө үлдээгээд явжээ гэж би хэлэв.

- Аз жаргалын мөр шүү гэж ээж догдлонгуй хэлэв. Бороо орсноор ээжийн мэргэн үгс ургана.

- Талд үлдээсэн тэдний мөрөөр алаг цэцэгс, элдэв ургамал тэнгэр өөд тэмүүлэн ургана гэж ээж бараг л шүлэглэв.

- Бас арц  ургана гэж би хошуу нэмэрлэв.

Борхон болжморууд ойрд сонсдоогүй яруухнаар жиргэнэ. Бороо болжморын эгшиг авиаг нь чөлөөлжээ. Сэрүүн сэвшээ салхи баруун урд зүгээс дуудна. Талын гүнээс хийсэн ирсэн чимээг би эхлээд анирдаж, дараа нь харав. Тэр чимээ Урихын хайрхны орой дахь арц чулуу мэт дугариг, тэрхүү чулуунд унгасгасан арц мэт ногоон өнгөтэй аж.

Намар болов. “Хүү минь! Чиний салхи зөв эргэлээ!” гэж өвөө чичрэнгүй хоолойгоор өгүүлж духыг минь үнэрлэхэд өвөөгөөс хатсан өвсний бас өөр сонин гэвч гойд анхилам үнэр сэнгэнэж байв.

Би сургуульд явав.

6.

Аясхан бид хоёр хөдөө гэртээ зуныг өнгөрөөд амьдардаг улс руугаа буцав. Аясхан хүүгээ дотно найздаа найдсан тул бид хойшоо санаа зоволгүй амар яваад ирэв.

- Чи зузаан зузаан захидал бичсэн мөртлөө юунд илгээдэггүй юм? гэж Аясхан сониучлав.

- Ямар хаягаар илгээх юм?

- Талын гүн.

- Чи яаж мэдсэн юм?

- Өө, тэр нууц шүү!

- Өвөө чамтай юм ярьсан уу?

- Хэр удаан бичсэн юм бэ? Ийм олон захидлыг! гэж тэр асуултаар хариулав.

- Чи тоолооч! Сардаа нэгийг бичдэг юм.

Сар жил улирах тусам өвөөгийн хоолой эрээнтэж, өдөр ирэх тусам байдал бишдэн  миний нулимс ч өөрийн мэдэлгүй урсчихдаг болсон юм. Сүүлдээ үг ярьж гарахгүй түгдрээд, бид хоёр нэг нэгнийхээ амьсгааг утасны хоёр талаас дуугүй чагнасаар утсаа тасалдаг болов. Тэгээд нэг л өдөр өвөө миний утсыг авахаа больчихсон. Хэдэн удаа залгаад миний санаа зовнин ээжээс лавлаад “Өвөө чинь хэлж байна. Битгий санаа зов. Утсаар ярихгүй байх нь илүү дээр гэнэ” гэсэн хариу сонсов. Чингээд хэсэг хугацааны дараа би өвөгт зориулсан үгсээ, надад тохиолдсоноо цаасанд буулган бичдэг болсон юм.

- Дөчин найман захиа байна.

- Аль даа, алгаа!

Аясхан захидлуудыг ширээнд тавиад дээш харуулан дэлгэсэн миний алганд алгаа тааруулан нийлүүлэв. Бид хоёрын алганы илч алгуурхан уусан нийлж, халуун урсгал урсав.

- Мэдэрч байна уу? Алганы хонхрыг гүрвэгэнүүлэн үлээх аргадангуй салхийг? гэж Аясхан асуухдаа гар нь үл мэдэг чичирч байв.

- Салхитай болохоор л хазагддаггүй юм уу? гэж би Аясханыг эрхлүүлэн цаашлуулснаа, -Гэхдээ өвөө чамд юм хэлсэн л байна даа, айн? гэж лавлахад Аясхан гараа татаж - Амрах уу? гэснээ хэсэг чимээгүй азнаж байгаад, - Би чамд нэг юм хэлэх үү? гэлээ.

Бид хоёр хөргөгчөөс хүний нэг лонх шар айраг сугалав.

-Би зургаа, долоон настай байсан санагдах юм гэж Аясхан яриагаа эхлүүлэв. - Би говь нутгийн хүүхэд. Говь ямар байдгийг надаар хэлүүлэхгүй чи минь гадарлана. Нүдээ өвөртлөхгүй л бол говьд жигтэйхэн юм зөндөө буй. Үмхээд авмаар гоёмсог өөхөн чулуунууд… гээд намайг сонсож байна уу шалгаж байгаа бололтой харахад нь би толгойгоо аяархан дохив. Аясхан залгуулан, - Хүний гагц охин болохоор би бузгай уйдна. Хурга, ишиг эргүүлж гүйхэд ч, халуунд гэрийн сүүдэрт нозоорохдоо ч нөгөө чулуунуудаа л шинжиж, алгандаа өнхрүүлэн илчээ шингээж, нүднийхээ гэрлийг тусгадаг байлаа. Тийм учир бороонд дуртай, тэнгэрийн хаяаг цоортол ширтэн бороо хүлээнэ дээ. Бороо орохоор л угийн содон гойд чулуунууд улам л өнгөө задалж, хорхой хүргэнэ. Би бороо ормогц  аадар ширүүн бороо биш бол шүү дээ, чулуу сонирхох аянд морддог байлаа, цуваа шүүрээд л… гэхэд нь миний тухай ярих гээд байх шиг над санагдав.

Аясхан миний бодлыг тагнах ч сөхөөгүй яриандаа шунасаар.

- Нэг удаа намайг намираа бороонд тэгж тэнэхэд ёстой хөөрхөн, хөөрхөн гэхэд ч багадах чулуу олдсон юм. Би чулуу түүж сонирхдог ч оронд нь буцаагаад тавьчихдаг байлаа. Орноосоо шилжигдсэн чулуу гэрээ санаад уйлдаг мэт санагдаад. Одоо ч тэгж бодогддог. Гэхдээ би тэр өдөр баримталдаг дүрмээсээ зөрчөөд олсон чулуугаа аваад харьсан. Учир нь… Учир нь би… тэгэх хэрэгтэй байсан, тэгэх шаардлагатай гэж надад нэг юм дотроос шивнэх шиг болсон гэхэд нь би тэсгэлгүй үгийг нь таслаад, 

- Ямар чулуу юм? гэчихлээ.

-Шувуутай чулуу байсан юм.

- Юу? Юу гэнэ ээ?

-Чулуу! гээд Аясхан - Бараг иймэрхүү хэмжээний гэж миний гарыг барин эрхий хурууг минь зааж, - Харин тийм ээ, яг л өдий дайтай байсан. Чулуу! Дотор нь, үгүй ээ яах ч аргагүй, ногоон шувуу байсан, хув гэх үү, юу гэх үү мэдэхгүй. Балчир над үнэхээр тод цээжлэгдсэн, жижигхэн хос жигүүр нь, гялалзсан од мэт нүд нь, ногоон туяа цацруулсан өд сөд нь гэлээ.

Би догдлолоо арай ядан дарж 

- Тэгээд? Тэгээд яасан юм? гэж уухичив.

Аясханы царайд гуниг тодроод ирлээ. 

- Би гэртээ авчраад алхаар балбаж хагалчихсан юм аа.

- Яаж байгаа юм бэ, чи одоо? гэж би бухимдав.

- Сонин гэвэл сонин. Тэгэх л ёстой байсан мэт одоо ч санагддаг, ногоон шувууг аврах ёстой байсан юм гэж Аясхан учирлав. Тэгснээ нэлээд хором болоод, - Чулуу хагарч хэдэн тийшээ булт үсэрчихсэн. Тэгтэл гэнэтхэн л харамсал төрж, нулимс асгарсан. Би нус нулимстайгаа хутгалдсан чигээрээ, төмөр алхаар хувь заяаг нь том толгойлоод шийдчихсэн чулуугаа ахин цуглуулах гэж оролдсон. Мэдээж бүтэл үгүйдсэн. Хэсэг хугацаанд би дорой царайлж, урвайж явсан. Сүүлд нь сургуульд яваад энэ тухай мартчихсан. Мартчихсан ч гэж дээ, эргэн санах нь зовохын л нэмэр шүү дээ гэлээ.

Хоёулаа хувь хувийнхаа бодолд дарагдан цонхоор гадагш ширтэж лонхтойгоо хоослоод унтацгаав. Маргааш нь бид хоёр миний өвөөдөө бичсэн захидлуудыг шатаагаад, үнсийг нь авч далайн хөвөөнд хүрлээ. Далайн салхи догшрон шуугина. Би үнс савласан цэнхэр шилэн савныхаа амсрыг онгойлгож, тонгойлгов. 

Харих замдаа би машины цонхоо онгойлгож гараа гаргав. Өтгөн ой тайгын усархаг салхи гарын үзүүрт торгомсгоор торох аж. Уул ороон хоёр хажуугаар нь буудайн тариа сугсалзсан шороон зам руу ороод тоос татуулан довтлохдоо би,

- Аясхан аа! Чиний зөв өө гэв.

- Юу нь зөв гэж ?

- Чиний зөв өө! Алхаар хагалж, эрх чөлөө бэлэглэсэн учраас л хөөрхөн тэр ногоон шувуухай хэтийн намуун салхинд аз жаргалтай жиргэсээр нисэж яваа. Тэр үүрд бидэнтэй хамт байх болно гэж би Аясхандаа хэллээ. 

Аясхан бид хоёр бие биенээ хайрлан ширтэж инээмсэглэцгээв. Удалгүй бид хуримлаж, арван сар өнгөрөхөд ам бүл дөрвүүл болов. 

Хүүдээ би Галтай гэж нэр хайрлалаа.

                                                            2022.1.16

Түр хүлээнэ үү...
Top