"TAGTAA PRIZE-2022" ШИЛДЭГ ШҮЛЭГЧИД: Б.АЛТАНХУЯГ
2022-06-09 Гэгээн шувуу 1492

"Тагтаа" хэвлэлийн газраас үндэсний уран зохиолын залгамж үеийг бэлтгэх, залуу уран бүтээлчдээ дэмжих, сурталчлан таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант хэсгүүдээр шалгаруулан олгож ирсэн маань уламжлал болж, үгийн урлагийн уран бүтээлч залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Тав дахь жил, дөрөв дэх удаагаа олгогдож буй "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил нийт 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс бид энэ долоо хоногт "Яруу найргийн төрөл-д шалгарсан шилдэг таван оролцогчийг нэрлэн, уншигчдадаа танилцуулж байна. Эдгээр таван яруу найрагчаас нэг нь ялагч болж, 2022 оны зургаадугаар сарын 17-нд болох "Tagtaa prize-2022" шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авах юм.

Tagtaa prize-2022" утга зохиолын шагналын яруу найргийн төрөлд шилдэг таван оролцогчийн нэгээр Балдоржийн Алтанхуягийг нэрлэж байна. Б. Алтанхуяг 1996 онд Хэнтий аймгийн Чингис хотод төрсөн. 2016 онд МУИС -ийг Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. Unread media -гийн ерөнхий редактороор ажилладаг.

ЖАМЫН АСУУЛТ

Амьдралдаа дөрвөн шарга адууны нас элээх болов уу?
Аав минь ингэж хэлчхээд хэсэгтээ чимээгүй болдог сон.
Жангар дуулалдсан залуус саахалтын зайнаас сонсогдохуй
Жамын асуултаар элгээ шөвөгдөж суугаа аавыгаа өрөвдөнө.

Уяатай хүлэг аяархан үүрсэхүй
Учирласан үгээр аргадаж байх шиг бодол сэтгүүрдэнэ.
Удахгүй цас унах нь дээ гэж аав хэлээд
Урт гаансаа түрийлээд өндийнө.

Амьдралдаа дөрвөн шарга адууны нас элээх болов уу?
Аав минь удахгүй өнхрөөд өгөх шиг цээж хөндүүрлэнэ.
Гөрмөл сураар ороолгож, гөлөмцуу хаалга татахад нь
Гэмтэн шиг харцаар цоргидог өөрөөсөө ичнэ.

Удаагүй дээ, аав минь өнхрөөд унасан
Уурганы хуйв агтны толгой онохоо больсон.
Тэрлэгийг нь ээж надад өмсүүлэхэд яв цав таараад
Тэгээд л би том хүн болчихсон.

Хунтын нуурын эрэг рүү хэдэн шарга адуу
Хул шаргал наран дор ус руу яаран цувж байна.
Аавтай цуг дуран сунгадаг толгод дээр
Айлын хүүхдүүд чулуун хөшөө босгожээ.

  

***

Үргэлж дотор минь чимээгүй лугшсаар буй
Үхширмэл гунигаа сэдрээж орхилоо
Цуварч гарахдаа тэд үгсээр найрсаж
Цутгамал гуниг минь шүлэг боллоо.
Эмзэглэл, тунимхай сэтгэлийн гүнээс
Эгшиг дуулддаг нь сонин юм шүү?
Үүнээс өөрөөр тайтгарч чадахгүйг
Үнэндээ чи надаас илүү мэднэ.
Эртээдхэн би бичиг, цаасаа орхиод
Энхрийлж, араас чинь тэврэхэд
Цонхны цаана цас аяархан бударч
Цочсондоо чи минь уйлчхаж билээ.
Нурсан сэтгэлийг амархан өрдөггүй ч
Нулимс харах хамгаас хэцүү байдаг.
Алгаараа зөөлөн арчиж, шүлэг дуудахдаа
Аанай би гуниглаж зогсдог.
Инээмсэглээд чи над руу харахад
Илч гэрэл биеэр нэг тархана.
Тэврэлдэн зогсоо бидний өмнөх зураг бол
Тэнгэрээс унаж байгаа цасан ширхгүүд.

***

Хамтдаа алхсан арван нэгдүгээр сар
Хайртай билээ, ийм цастай үдшүүдэд.
Үхэх, үрэгдэх, үгүйрэх
Үнэндээ бид амьдралд үлдэж л чадахгүй.
Үдшүүд ийм тунгалаг байхад, цас будрахад
Үгсийг хэлэлцэж, нэгнээ тэврэх хэрэгтэй.
“Гэм зэм” үзээд гарсны дараа
Гэнэт их гуниг нөмрөөд
Өөрт чинь зориулж үг хэлээгүй, тэвэрч чадаагүйгээ
Өчигдөр би дурсаж суулаа.
Явдал чинь эрс шулуун, шийдэмгий
Яриа чинь тод, цэгцтэй, уянгалаг
Дэргэд биш дотор минь чи алхаж явлаа
Дэгс бус энэ үнэнийг л эсэргүүцэж байлаа.
“Ийм харцнаас нуугдаж чадахгүй
Эцэстээ бас үнсэж чадахгүй”
Эргээд алхахдаа ингэж бодлоо
Эргэлдэж унасан цас
Хуруу зүсэх шиг санагдлаа.
Үдшүүд ийм тунгалаг байхад, ганцаар алхахад
Үгс хэрэгтэй, дулаахан тэврэлт хэрэгтэй.
Үнэндээ бүгдээс нь зугтаж явснаа
Өдрийн төгсгөлөөс гэнэт оллоо.


Б.Алтанхуягийн шүлгүүдэд яруу найрагч Я.Баяраа сэтгэгдэл ирүүллээ:

“Гуниг нь ихэдсэн бүсгүй би
Гунигтайдаа гуньдаг ч үгүй бүсгүй би...” гэж Ц.Дэлгэрмаагийн шүлэг бий. Энэ мөрүүд Б.Алтанхуягийн хүүхэд насыг санагдуулдаг юм. Б.Алтанхуягийн шүлгэнд үнэндээ гуниг нь ихэдчихсэн юм шиг санагддаг байлаа. Шивээн толгой л сөрвөлзөв үү үгүй юу гуниглаад унадаг юм болов уу гэж бодмоор гуниг гүйлгэнэсэн шүлэгтэй хүүтэй анх мэнд ус мэдсэнээс хойш үсний үзүүрт сор суулгаж, үгний үзүүрээс жавар хийсгэсэн олон он замын гудаст сунаж хоцорчээ.

Яруу найраг гээчид шүлэгчид өөр өөрийнхөөрөө л ханддаг. Б.Алтанхуягийн хувьд яруу найраг хэзээд сүм байв. Авралын сүм. Мухардахад өөртөө зориулж шинээр барьдаг үй олон сүмүүд. Халхын саруул талдаа эцэг нь Жангарын дүрээр морилох болсон тэр өдрүүдээс хойш түүний бичсэн шүлгүүд гэнэтхэн их хүчтэй болчихсон юм. Шүлэг нь дан ганц усан гунигийн урсгал, өрөвдмөөр гэгээрлийн эрэлхийлэл байхаа больж, давхар өгүүлэмж, дан шийдлүүдээр баяжсан. Үнэндээ тэр өдрүүдэд дүү минь тэс ондоо хүн болчих шиг санагдаж билээ.

Эдүгээ би дүүгийнхээ сүүлдхэн бичсэн шүлгүүдийг уншиж сууна. Хайрт дотнын хүнийхээ уран бүтээлийн талаар шударга үг хэлэх боломжгүй юм. Тийм болохоор би элдэв дүгнэлт хэлж болохгүй. Харин ганц л зүйлийг ам бардам хэлэх байна. Б.Алтанхуяг хүний сэтгэлд хүрэх замаа олжээ. Авьяасаа асгаж цутгахаа больжээ.

Түр хүлээнэ үү...
Top