"Tagtaa Prize-2022" шилдэг шүлэгчид: Б.Хорвоо
2022-06-02 Гэгээн шувуу 1323

"Тагтаа" хэвлэлийн газраас үндэсний уран зохиолын залгамж үеийг бэлтгэх, залуу уран бүтээлчдээ дэмжих, сурталчлан таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант хэсгүүдээр шалгаруулан олгож ирсэн маань уламжлал болж, үгийн урлагийн уран бүтээлч залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Тав дахь жил, дөрөв дэх удаагаа олгогдож буй "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил нийт 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс бид энэ долоо хоногт "Яруу найргийн төрөл-д шалгарсан шилдэг таван оролцогчийг нэрлэн, уншигчдадаа танилцуулж байна. Эдгээр таван яруу найрагчаас нэг нь ялагч болж, 2022 оны зургаадугаар сарын 17-нд болох "Tagtaa prize-2022" шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авах юм.


"Tagtaa prize-2022" утга зохиолын шагналын яруу найргийн төрөлд шилдэг таван оролцогчийн нэгээр бид Болдбаатарын Хорвоог нэрлэж байна. Б.Хорвоо 1997 онд ӨМӨЗО-ын Ордос хотын Отгийн Өмнөд хошуунд төрсөн. Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр 2020 онд  төгссөн. "Нэг зураас нэг өнгө", "Шарталтын дараах эсээнүүд" зэрэг номтой. Өвөр Монголын "Цаг ирнэ" уран зохиолын нэгдлийн гишүүн.

МАЛАД ХЭМЭЭХ ЖИЖИГХЭН ТОСГОН

Малад хэмээх жижигхэн тосгонд би амьдардаг
Манай энд
Одод шөнөдөө тэнгэрээс бууж ирээд
Орон дээрээ нойргүй хэвтэх хүүхдэд
Үлгэр ярьж өгдөг. 
Үлгэрт гардаг цасан цагаан гүнж
Өөрөө энд цасны дундаас төрдөг. 

Малад хэмээх жижигхэн тосгонд би амьдардаг
Манай энд алтан наран тэнгэрт биш
Алимны модон дээр үй олноор жимсэлдэг. 
Алиа нь хөдлөхөөр хүүхдүүд нарыг түүж аваад
Авдар дотроо мөсөн чихэртэй цуг нуудаг.

Малад хэмээх жижигхэн тосгонд би амьдардаг
Манай энд
Өглөө бүр солонго татдаг
Үд болоод нар шарахаар
Долоон өнгийн солонго чихэр шиг хайлаад
Долоон өнгийн бороо болж зүсэрдэг. 
Манай энд
Өдөр бүр солонгон бороо ордог
Өнгө өнгийн дусал нь
Өөр өөрийн амттай гэдэг. 

Малад хэмээх жижигхэн тосгонд би амьдардаг
Манай энд
Цэнхэр тэрлэгтэй бүсгүй олон байдаг
Цэнхэр тэрлэгтэй бүсгүйн
Цэцгийн хээтэй хормой дээр
Зөгий сууж бал цуглуулдаг. 
Цэцгийн хээтэй хормойгоо хөсөр дэлгэхэд
Цэнхэр яргуй газар сайгүй нүдэлдэг. 
Манай энд
Цэнхэр тэрлэгтэй бүсгүй шигээ
Цэнхэр яргуй олон ургадаг. 

Малад хэмээх жижигхэн тосгонд би амьдардаг
Манай энд
“Мөнгөн бороо” нэртэй уушны газарт
Мөрөөдөл тээсэн залуус олноор цуглардаг. 
Мөнгөн борооны дуслууд цонхон дээр нь чихээ наагаад
Мөддөө тарахгүй залуусын яриаг чимээгүй чагнадаг. 

Малад хэмээх жижигхэн тосгонд би амьдардаг
Манай энд
Шувууд үүлэн дээр өвөлждөг
Номын минь завсарт үүрээ барьдаг. 
Номоо дэлгэхэд шүлгээс минь төрсөн шувууд
Нойтон жигүүрээ дэвсээр хүүхдийн алган дээр буудаг. 


ДУРЛАЛ ШИГ ЦЭНХЭР ХАШАА

Дурлал шиг цэнхэр хашаа барилаа
Дунд нь бяцхан галт уултай
Галт уулан дээр сүүтэй цайгаа чанаад
Ганцаараа би хүүхдийн үлгэр шиг амьдардаг. 

Хашааны минь баруун өмнө буланд
Шоргоолжны хаант улс байдаг
Хөөрхөн шоргоолжнууд намайг сэрсний дараа
Хөнжлийг минь чирч гаргаад наранд ээж өгдөг. 
Нарны үнэртэй хөнжлөө хучаад хэвтэхэд
Нар алтан хараацайд хувилан өвөрт минь ирж эрхэлдэг. 

Дурлал шиг цэнхэр хашаа барилаа
Дундаа ганцхан хуш модтой
Хуш модны сүүдэрт завилан суугаад
Хэрэм бид хоёр цуглуулсан самраа хувааж иддэг. 
Хашааны минь зүүн өмнө зүлгэн дээр
Гурван хөх ишиг хивэн хэвтдэг
Сүйх тэргээрээ тэнгэрээс оддыг түүж авчран
Сүүдэртээ асгачхаад тэд шүлгийг минь уншиж өгдөг. 
Тэр шөнө нь оддын доогуур алхахад
Тэнгэрээр дүүрэн шүлгийн минь шувууд нисэлддэг. 

Дурлал шиг цэнхэр хашаа барилаа
Дунд нь жижигхэн шуудан хайрцагтай
Шуудан хайрцгаа нээхэд дотор нь мянган болжмор
Шулганалдан, захидлыг минь задалчихсан уншиж суудаг. 
Хашааны минь баруун хойд буланд
Үзмийн модод багшралдан ургадаг
Хүүхэд шиг үнэгчлэх усан үзмийг салхин гижигдэхэд
Ход ход хийн инээсээр сэрж нойрмог нүдээ нухалдаг. 
Хөх ягаан усан үзэм боловсорч гүйцэхээрээ
Хөөрхөн хоёр далавч ургаад, уруул дээр минь ирж буудаг. 

Дурлал шиг цэнхэр хашаа барилаа
Дунд нь жижигхэн тоглоомын талбайтай
Бичгийн богцоо үүрсэн бяцхан муужгайнууд тэнд
Биесээ хөөцөлдөж тоглосоор хичээлдээ хоцорч очдог. 
Хашааны минь зүүн хойд буланд
“Хараацай” нэртэй номын өрөө байдаг
Өрөөн дотуур шүлгийн мөрүүд хараацайд хувилан нисэлдээд
Өрж тавьсан номын минь завсарт үүрээ барих гэж яардаг.
Дутуу орхисон номоо тавиураас аваад сөхөхөд
Дурлал шиг цэнхэр хараацайнууд зүг зүгт дэрвэдэг. 


ТАВДУГААР САР ШИГ ДУГУЙ

Миний унадаг дугуй
Миний зохиосон тавдугаар сар шиг
Таван өнгөтэй. 
Уг бие нь
Усан цэнхэр өнгөтэй. 
Борооны дусал биеийнх нь дээр дусаад
Бодол шиг цэнхэр болчихсон юм. 
Нуурын хөвөөгөөр дугуйтайгаа явахад
Нугас, галуу чуулаад л... 
Миний бичсэн шүлэг шиг. 

Миний унадаг дугуй
Миний зурсан тавдугаар сар шиг
Таван өнгөтэй. 
Зүрхэн тус газарт нь
Жүржин шаргал өнгөтэй.
Тэнгэрт ургасан сар боловсорч гүйцээд
Тэнд шүүсээ дусаачихсан юм. 
Шөнийн гудамжаар дугуйтайгаа явахад
Шөргөлцсөн одод нялхраад л... 
Багадаа зурсан зураг шиг. 

Миний унадаг дугуй
Миний зүүдний тавдугаар сар шиг
Таван өнгөтэй. 
Өмнө, хойно хоёр хүрд нь
Үүлэн цагаан өнгөтэй. 
Хөөрхөн буга дугуйг минь зээлээд
Үүлэн дээр гарч шувуудтай болзсон юм
Хөвсгөр үүлний будаг нь наалдаад
Хоёр хүрд нь цагаан болчихсон юм.
Мөнгөн шөнөөр дугуйтайгаа аялахад
Мөрөөр нь гэрэлт цох нисэлдээд л... 
Эмээгийн минь ярьдаг үлгэр шиг. 

Миний унадаг дугуй
Миний мөрөөдлийн тавдугаар сар шиг
Таван өнгөтэй. 
Зүүн, баруун хоёр бариул нь
Зүлэг ногоон өнгөтэй. 
Шингэлэгний хэрэм дугуйг минь хулгайлаад
Шилмүүст ой дахь гэр лүүгээ зугтсан юм
Баярласан модод навчсаараа уйлахад
Бариулынх нь дээр нулимсаа дусаачихсан юм. 
Хонины бэлчээрт дугуйтайгаа явахад
Хойтон хавар нь өвс халиураад л... 
Өвөөгийн минь дурсдаг хууч шиг. 

Миний унадаг дугуй
Миний тарьж ургуулсан тавдугаар сар шиг
Таван өнгөтэй. 
Жингэнэн дуугарах хонх нь
Нимбэгэн шар өнгөтэй. 
Ажилсаг зөгий цэцгийн шүүсээр бал нэрээд
Анивчих оддыг бялууртал нь дайлсан юм
Ховдог оддын завжаар урсах бал
Хонхных нь дээр намрын навчис шиг дуссан юм. 
Оддын доор дугуйн минь хонх жингэнэхэд
Орчлонд балт бороо шиврээд л... 
Хүүхдийн үздэг кино шиг. 


Б.Хорвоогийн шүлгүүдэд яруу найрагч О.Элбэгтөгс сэтгэгдэл ирүүллээ:

Үнэндээ, хүний амьдрал сонирхолгүй, нэгэн хэвийн л дээ. Гагцхүү урлаг л тэрхүү сонирхолгүй амьдралд хөг оруулж, хөдөлгөөн нэмж, дуу алдам үзэсгэлэнтэй, дахин дахин амьдармаар сонирхолтой болгодог биз. Урлагаар ийн өдөөгдсөн амьдралд
Дурлал шиг цэнхэр хашаа бариад
Дунд нь жижигхэн шуудан хайрцагта
й байвал хэчнээн тансаг болох бол. Б.Хорвоогийн шүлгүүд хэн бүхний анзаардаггүйг анзаарснаараа онцлог юм. Энгийн амьдрал дундаас ид шидийг олж харна гэдэг уран бүтээлч хүний хамгийн эрхэм чанар. Тэрбээр ганц ид шид олж хараад зогссонгүй, олж харсан ид шидээрээ үл давтагдах өөрийн ертөнцөө бүтээж буй нь сайшаалтай. Бадаглаж бичигдсэн шүлгүүдэд нь байсхийгээд цухалзах монгол ахуйн зураглалууд түүний шүлгүүдийг эрдэнийн шигтгээ шиг чимж байна.

Түр хүлээнэ үү...
Top