УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗОХИОЛЧ: Б.МАНЛАЙЦОГТ
2020-05-17 1705

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Өгүүллэгийн уралдаанд дээр дурдсанчлан 106 хүн бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 7 залуу зохиолчийг шигшин авч, бүтээлүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул энэ 7 залуу зохиолчоос нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. 


Шилдэг зохиолчдын удаах нь Бөхбаатарын Манлайцогт. Тэрээр 1993 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Сөнид Зүүн хошуунд төрсөн. Өвөр Монголын Их Сургуулийг антропологич мэргэжлээр 2017 онд дүүргэж, эдүгээ Оросын Холбооны Улсын Буриад улсын их сургуульд сурч байна. 


УУЛ

1.

-Би чамд хайртай.

-Хүн хуураад...

-Нээрээ ! Би чамд хайртай.

-Хоосон яриад л...

-Алив наашаа!

Хөвгүүн охиныг хөтөлсөөр тагтан дээр гарлаа.

-Тийшээ хар даа!

-Хаашаа?

-Тийшээ!

-Аан, сар уу? Пээ, ямар хачин том сартай орой вэ?

-Тэр чинь би...

-Сар уу?

-Тийм ээ, би сар.

Охин гэзгээ хөнгөн хагалж хойш нь илбэлээ.

-Чи минь, сонсооч, би сар, чи нар.

-Нар аа? Хэн? Манай ангийн Наран уу?”

-Яалаа гэж, чи минь, чи минь л нар. Миний нар, би сар, нар сарыг гэрэлтүүлдэг. Нар арилбал сар ч бөхөж, мөнхийн харанхуйд живнэ. Нар бол чи, чи намайг гэрэлтүүлж, амьдралд минь гэрэл гэгээ хайрласан. Чи минь нар, би чамд хайртай”

Хөвгүүн аажмаар ойртоход охин ичингүйрэн гутлынхаа хоншоорыг ширтэж, удалгүй мөрөнд нь хацраа наав. Хөвгүүний бүлээн амьсгал... өөрийнх нь гар... зуны саран... бүх юм үл мэдэг чичирнэ. Хэсэг хором түдгэлзэж, хоёулаа хөтлөлцөн, гэрт оров.

           

              Энхбаясгалан шөнө дундаар ажлаа тараад, агаарт гарч, чилээгээ тайлж суниав.

“Пээ, ямар хачин том сар вэ? Энд бас ийм хачин том сар манддаг байж...” хэмээн хачирхсанаа биеэ шоолон хөхрөв.

Энхбаясгалан инээмсэглэн хачин том сарыг ширтсээр хорин жилийн тэртээ эцэг эхийнхээ эзгүйг далимдуулан, нэгнийхээ гэрт болзож, тэрхүү үдшийн сарыг тагтнаасаа харсан арван наймтай хосын нар сарны тухай яриаг эргэн дурсав.

Хацрыг нь даган нулимс бөмбөрөхөд Энхбаясгалан хурдан гэгч нь ханцуйгаараа шудраад “Нар сар гэж үү? Нар сар хэзээ ч хамт байж чаддаггүй, мөнхөд ганц ганцаараа мандаж шингэдэг” хэмээн түднэв. Чингээд гээснээ хайх мэт бөгтийн зайгаа барин эгнээрсэн замын дэнгүүд гийгүүлж ядсан бараан гудамж уруудан гүйлээ.

 

2.

           Хүү шанаагаа тулан алсад хөхрөх уулсыг бараалхад “Хүү минь, шанагаа тулаад, муу ёр” хэмээн ээж нь зэмлэв.

“Ээжээ, уул хир хол байдаг юм бэ ?” гэж хүү асуулаа.

-Том болохоороо очоорой, хүү минь

-Би очиж чадах уу ?

-Юу гэж байгаа юм бэ ? Чадна, миний хүү чадна.

“Ойлголоо, ээж ээ. Хүү нь заавал тэнд хүрнэ” хэмээн жаалхүү өчөөд “Би даарч байна, гэртээ харих уу даа” хэмээн ээжийгээ царайчлав.

Ээж нь хүүгээ тэргэнцэрт нь суулгаж түрсээр цэцэрлэгийн замаар буцлаа.

“Ээжээ, уул хэр хол байдаг юм бэ ?” хэмээн хүү ахиад л шалгаав.

“Хол оо, хүү минь, дэндүү хол” хэмээн ээж нь хариулав.“Тэнгэр уул хоёрын аль нь хол юм бэ?” хэмээн хүү асууснаа “Тэнгэр ойрхон байх л даа” хэмээн хэлээ хазав.

“Тэнгэр ойрхон, тэнгэр ойрхон” хэмээн ээж нь аяыг нь дагуулав.

Ээж хүү хоёр дүнгэр дангар хэлцсээр харилаа.

            

-Бурхан байдаг, тээ ? Ээж ээ?

Оройн хоолны дараа хүү ээжээсээ ингэж асуужээ.

-Бурхан уу ? Байдаг аа, миний хүү.

-Бурхан хол суудаг юм уу ? Ойрхон суудаг юм уу?

-Хол суудаг.

-Ууланд уу ?

Ээж нь хүүгээ өхөөрдөн харснаа цэнэг нь дууссан цагийнхаа голыг солих зуураа “Ууланд” хэмээн удаж дуугарав.

Амь орсон цагийн зүү тойрог үүсгэн гүйх бөлгөө.

“Бурхан хүний хүслийг биелүүлдэг, тээ? Ээж ээ?”

-Хүү минь хүслээ шивнэх гээ юу?

“Нууц” хэмээн хүү долоовор хуруугаа гозойлгон амандаа тулгав. “Өө амьхан минь, нууцтай болсон энхрий минь” хэмээн ээж нь духыг нь үнэрлэв.

Хоёулаа зурагт шагайж суулаа.

“Хар даа, ээжээ, сар...” хэмээн хүү гэнэт дуу алдав.

Гүйцэд татаагүй хөшигний завсраар гэгээвчний бариул цайвартан үзэгдэнэ.

Ээж нь хүүгээ тэргэнцэрт нь суулгаж түрсээр тагтанд гарлаа.

Хүү сарыг, алсад бараантах уулсыг ээлжлэн ширтэж, ээж нь тамхи асааж аваад, зүүн гараараа магнайгаа базлав. Хоёулаа таг дуугүй ажээ.

Хаврын сэвэлзүүр жавар хүзүүгээр нь шургалахад ээж хүү хоёр гэртээ орлоо.

“Хүү минь унт” хэмээн хүүгээ хэвтүүлж, хөнжлийг нь засаж хучив.

-Ээжээ ?

-Өөв?

-Ээж хүн худал хэлдэггүй, тийм ээ? Ээж ээ?

“Яалаа гэж ээж хүн худал хэлхэв дээ ?” хэмээн ээж нь хариулаад, өрөөний дэнг унтраагаад гарав.

“Эхлээд би ууланд очих хэрэгтэй юм байна” хэмээн хүү бодлоо.

“Ээж хүн худал хэлдэггүй, аав ууланд амьдардаг болж таарлаа” хэмээн хүү таамаглалаа баталсандаа баяртай байлаа.

“Байз, аавтайгаа уулзвал хүсэл биелнэ. Аав чинь бурхан болсон гэж ээж хэлсэн шүү дээ. Аавтайгаа уулзвал хөл эдгэрнэ. Ууланд очдогт хүрвэл бүх юм бүтэх гээд байна. Тэр амархан. Том болох хэрэгтэй. Том болохоороо өөрөө ууланд очоорой гэсэн биз ээж...” хэмээн хүү урамшин, хөөр баяраар бялхав.

 

3.

            “Хир амьдардгийг нь анх хараад л мэдсэн. Гэвч гэргий нь болохоор лав шийдсэн. Бид хоёр уулзалгүй тун удсан байлаа. Аравдугаар ангиа төгсөөд уулзаагүй гэж бодохлоор... Тагтан дээр сар нарны үлгэр ярьдаг тэр шөнөөс хойш шүү дээ. Тэднийх тэр шөнөөс хойш удалгүй хаашаа ч юм нүүгээд явчихсан юм. Ядаж хэл ус хүргэж ч завдаагүйг бодоход яаралтай явдал тохиосон биз. Харин гэнэт газрын хаанаас гараад ирэв гэлтэй амьдралд минь эргэж ирсэн түүний нар салхинд онгож гандсан хүрэм магадгүй нөхдөөсөө хэдэн цаас зээлж авсан сарнайнхаа өнгийг гайхалтай тодотгож байсан юм. Хойноос унан тусан гүйдэг хөвгүүд бүгд надад цэцэг хүргэсэн. Даанч хувцасных нь эрээн чамин өнгө барьж ирсэн сарнайнхаа өнгийг дарчхаад, дурыг минь хийсгэдэг байлаа. Би сарнай цэцэгт дургүй болж, сарнай харахаараа дур булгина. Түүнтэй эргээд учрах болтлоо шүү дээ. Дараа нь би ойлгосон. Сарнайг биш цаг үеэ үзэн яддаг аюултай тахалд нэрвэгдээд, үхэтхийн унахын даваанд түүнд аврагдсан” хэмээн Энхбаясгалан аяархан хэлээд, элгэндээ гараа зөрүүлэн, буйданд улам шигдэв.

-Та хоёр тэгээд... тэр одоо хаана байдаг юм бэ?

-Хамтдаа халуун чулуу долоон байж хураасан хамаг хөрөнгөө хамж аваад гэнэт л сураг тасарсан өдрөөс хойш тэр үхсэн. Гэвч...

-Уучлаарай.

"Зүгээр ээ, юу л даа... Надад бол сарнай барьсан хуучин хүрэмтэй тэр залуу амьд бий. Энд...” хэмээн Энхбаясгалан зүрхэн тус газраа дарснаа “Тэр угаасаа хоёр хүн байсан юм шиг санагддаг юм. Харамсалтай нь намайг хайрласан нь нөхдөдөө дийлдсэн. Өөр ч бол түүнд минь ямар буруу байх вэ дээ” хэмээн гунигтай инээмсэглэв.

Иймэрхүү л яриа болсон. Үгийн уут юуны учир нээгдэж, хэзээ хумигдсаныг Энхбаясгалан сэргээж саналгүй ор тас мартжээ. Бас хаана болж өнгөрсөн яриасан билээ? Тэгэхэд түүнтэй ярьсан нь хэн буй? Энхбаясгалан хундагатайгаа хөнтрөөд, тагтнаасаа эргэж гэрт оров. Өвлийн саран царцсан мэт анир алдана.
 

4.

          “Ээж ээ ? Ээж ээ ? Та дуулав уу ?” хэмээн хүү тэргэнцрээ жаажигануулан хөдөлгөж, ээж рүүгээ харав.

“Миний хүү юу сонсов?” хэмээн ээж нь асуугаад, модон байшингийн дээврээс өнгийх аядсан ой тайгаас харцаа эргүүлэв.

“Аав, аавын нэрээр хэн нэгэн хашхирлаа, саяхан!” хэмээн хүү ээжийнхээ хормойноос татав.

“Хүү минь, андуу сонсжээ. Ээж нь дуулаагүй байхад, гэртээ оръё оръё!” хэмээн ээж нь хоолой чичрүүлэн дуугараад, тагтнаас хүүгээ түрэн гэртээ оров.

“Хэд удаа дуулсан, жигтэйхэн тод сонсогдоод байсан даа. Андуу сонсмооргүй юм, тэгтэл ээж дуулаагүй байдаг. Ээж хүн худал хэлэхгүй, би буруу сонссон болж таарлаа” хэмээн хүү эргэлзэн бодлоо.

5.

            Энхбаясгалан амьсгалаа чандлан хурааснаа чадал мэдэн хашхирав.

“Би мартсан, мартсан, мартсан” хэмээн уулан хавцал хариулна.

“Би мартсан , Наранцацралыг би мартсан” хэмээн Энхбаясгалан хашхирав.

“Би мартсан, би мартсан, мартсан, мартсан” хэмээн уулан хавцал цуурайтна.

“Чи, дуугаа тат, би мартсан, би би би” хэмээн Энхбаясгалан бөхийж ирээд байдгаараа чарлав.

“Би би...” хэмээн уулан хавцал зөрүүдэлнэ.

Энхбаясгалан хөлсөндөө дэвтжээ. Уул авирч, нар мандахаас зогсоо жолоогүй зүтгэсэн хэдий ч хараахан оргилд нь хүрч завдалгүй шар бүрий тасарч, хүч тамир нь мөхөсдөж сульджээ.

“Миний, миний хань, чиний биш” хэмээн Энхбаясгалан гараа бүрээлэн ахиад хашхирав.

“Чиний биш, чиний биш чиний биш...” хэмээн уулан хавцал тохуурхана.

“Хүүшээ, чи дуугүй, мэдэв үү? Минийх, минийх, минийх” хэмээн Энхбаясгалан эрхий хуруугаараа чихээ таглан хашхираад, өвдөг бохирлоо.

“Минийх минийх минийх” хэмээн уулан хавцал мөчөөрхөнө.

“Чи юу? Чи... чи муу хол байна за юу? Минийх, үүрд минийх, минийх, хаяад явсан ч... хаяад явсан ч...” хэмээн Энхбаясгалан хилэгнэв.

“Хаяад явсан ч... хаяад явсан ч...” хэмээн цуурай татна.

“Наранцацрал аа...” хэмээн Энхбаясгалан эцсийн хүчээ шавхан хашхираад, тэнхээ барагдаж эхэр татан уналаа.

6.

            Хүүгийн ээж тагтан дээрээ гарч ирэв. Салганасан гараараа тамхи асааж хүчтэй шавшив.

“Наранцацрал минь, мөрөөдлийн чинь оргил болсон хайрханыг бараадан, хүү бид хоёр аж төрж байна. Даанч чи минь шөнийн зүүдэндээ нэрийг нь дуудаж сэрдэг сүрлэг хайрхандаа авирч амжилгүй үүл далдлан одсон. Чамайг өнгөрснөөс хойш хараал залгисан үхээрийн хар машинд би ойртоогүй...” хэмээн хүүгийн ээж эмгэнэснээ “Эмч хэлсэн, эмчилгээ сувилгаа тохирвол хүүгийн хөл эдгэрэх магад гэж, ер нь заавал эдгэрнэ. Хүү чинь аанай л чам шиг уулын тухай амандаа хүлхсэн амьтан” хэмээн тагтны хашлагыг түшив. “Хүү чинь чамайг санаад, хий юм сонсов, өнөө орой...” хэмээн түднэхүй самсаа нь шархирна.

“Ууланд авирах дуртайг чинь, тэргэл сарыг бодлогошрон ширтдэгийг чинь надаас өөр хэн ч мэдэхгүй” хэмээн хүүгийн ээж тэнгэрээс дүүжлэн мацах ид намрын сарыг ажиглан “Харин яагаад сар тэргэлших бүрд тагтан дээр ганцаараа зогсон түүнийг тийм удаан ширтдэгийг чинь, юуны тухай бодож хөмсгөө тэгж зангируулан зангиддагийг чинь л гайхдаг юм шүү, хайрт минь” хэмээн бодож ахуйд мөнх сарьдаг хайрханы гүн тайга үер мэт шуугьж авай.

Түр хүлээнэ үү...
Top