УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗОХИОЛЧ: Д.СОСОРБАРАМ
2020-05-12 3263

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч бүтээл ирүүлснээс бид шилдэг 7 зохиолчийг шигшин авч, өгүүллэгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 7 зохиолчоос нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно.


Шилдэг зохиолчдоо танилцуулах цуврал нийтлэлээ бид Дэлгэрсайханы Сосорбарамын бүтээлээр эхэлж байна. Тэрбээр 1991 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. МУИС-ийг Монгол хэл, уран зохиол судлаач мэргэжлээр төгссөн. 2009 онд “Жүржийн амтат амьдрал”, 2019 онд “Нэвтрэх шугам” шүлгийн номоо хэвлүүлсэн. “Шинэ үнэр” уран зохиолын бүлгэмийн гишүүн. Дэлгэрсайханы Сосорбарам Тагтаа Утга зохиолын шагналын 2017 оны тэргүүн байрын шагналыг хүртсэн яруу найрагч билээ.


ЗАЛБИРАЛ

-       Залбирах уу?

-       За залбирцгаая.

Тэдний хурьцал хүртэл бие биенээ зүс таних хүмүүс гудамжинд зөрж өнгөрөхдөө харцаараа мэнд мэдэх, эс бөгөөс үл ялиг толгой дохих эгшин мэт хөндий хоосон асуулт, хариултаас л эхэлнэ.

-       Хурьцах уу?

-       За хурьцацгаая.

Намрын хуурай өвсөнд гал тавьчихсан юм шиг шатаж дуусаад залбирлаа үргэлжлүүлэхээр босоцгооно.

-       Залбирах уу?

-       За залбирцгаая.

Тэдний амьдралын өдрүүдийг эхлэлтэй атлаа төгсгөлгүй, төгсгөлтэй атлаа эхлэлгүй, эрхиний шүр шиг , эрхи эргүүлэн буянд шамдаж буй хуврагын нойр хүргэм уйтгарт уншлагатай зүйрлэмээр . . . Уйтгарт уншлага мэт амьдралынхаа харгуй замаар гэлдэрч явахдаа магадгүй тэд,

 –  Үхэх үү?                

–  За үхэцгээе гэж шийдэвч хэрхэн үйлдэх учраа эс ухаад,

– Амьдрах уу ?  

- За амьдарцгаая гэсээр цааш алхан одоцгоох адил энгийн л нэг харилцан яриа шигээ аж төрнө.  

-  Залбирах уу?

-  За залбирцгаая.

Энэ уйтгартай үгс анхандаа нулимсны сүв хүртэл бөглөрмөөр нялуун, нясуун, исгэлэн, зэрэгцсэн нийлмэл, угсарсан нийлмэл, холимог нийлмэл өгүүлбэрийн нуур байв. Гэтэл хурим дээр нь хоёр уут илгээмж хэнээс ч юм иржээ. Шинэхэн эхнэр нь задлаад үзтэл дүүрэн хар цагаан чулуунууд үзэгдэнэ. Учрыг ухаж ядсан бүсгүй “Энэ юун чулуу вэ? Энэ ямар учиртай юм бэ? Хэн ийм юм хуримын бэлгэд өгдөг байна аа?" гэж хоолой цахиртуулан орилох, уйлахын голоор дэргэдэх хүнээсээ асуутал өнөөх нь толгой сэгсрэв.  Нөхөр нь чимээгүй ажиглаж зогссоноо гэнэтхэн араас нь хэн нэгэн хатгаад авав уу гэлтэй огцом хөдөлж, нэг ууттай чулууг нь элээ мэт шүүрч аваад гэрийнхээ үүдэнд асгачихжээ.  Гэтэл эхнэр “Өвдөж байна, хөлийг минь гишгэчихлээ, гар дээр минь дэвсчихлээ, амьсгал давхцаад байна, би үхлээ, туслаач!” гэх мэт бүдүүн, нарийн хоолойнууд усны түрлэг мэт чихэлдэн чих рүү нь цутгахыг сонсоод “Хэн нэгэн тусламж гуйж байна. Тэр... Гудамжинд ...” гэж гараараа занган тасалданги хоолойгоор хэлснээ гараад гүйчихлээ. Гэвч тэнд хэн ч байсангүй. Эхнэр, нөхөр хоёрын энэ мэт гэнэтийн, цочмог үйлдлүүдэд сэтгэл тухгүйтсэн зочид ерөөлийн үг хэлсэн  болоод ёроол нь цоорсон шуудайгаас будаа алгуур гоожих мэт уван цуварсаар . . .  Нэг л мэдэхнээ тэд шуудайнхаа ёроолд аз эзийн алинаар нь үлдсэнээ мэдэхгүй будааны ширхэг мэт нэг нэгнээ ширтэн сууж байлаа. Эхнэр нь чихээ нухсанаа “Чамд сонсогдож байна уу, энэ чимээ?” гээд юунд ч юм бодлогоширон суух нөхрөөсөө асуутал толгой сэгсэрлээ.  “Юу ч уу, юу ч сонсохгүй байна гэж үү?” хэмээн дахин лавлахад нөхөр нь хариу хэлэхийг завдаж ам ангайснаа хоолойноос нь муухай орилох чимээ гарахын үест шалавхан уруулаа тас хазаад, аанай л дахин толгой сэгсрэв. Эхнэр “Амнаас чинь үг унахгүй байна уу, наад толгойгоо салж унатал нь сэгсэрч амьдрах гээ юу чи?” гэж уцаарлангуй хэлчхээд цааш харан хэвтэв. Нөхөр нь өндийн боссоноо “Үгүй ээ, тийм биш...” гэж хэлэхийг хүссэн ч ам нь эвлэсэнгүй. Дахин нэг хүчлээд зовлонт чимээ гарахын  төдийнөө буцаж суугаад “Яагаад ... Яагаад оролдоод ч үг хэлж чадахгүй байна вэ? Яаж өөрийгөө ойлгуулах вэ? Яаж . . Яаж . . . Ямар хачин . . .  Яасан ...” хэмээн бодолтойгоо заамдалцах шахан дотор нь давчдаж, махан биенийхээ эзэн гэдгийг ядаж өөртөө батлахыг хүсэн  тэнхээгээ шавхан амаа нээтэл дуу чимээ түүнийг эгнэгт орхин одсоныг мэдэв. Итгэж чадсангүй.  Ахин дахин оролдоод ч чимээгүйн хүүхдүүд агаарт төрүүлсээр л байв.

Харанхуйн гар гэрийн бүлээн амьсгалыг тэвэрч бүүвэйн дуу аялах хүртэл тэд огт хөдөлсөнгүй. Яг л салхигүй үдшийн өвсний толгойд талын бүхий л нууц зүүгдээд, хөдөлчихвөл л газарт унаад хагарчих гээд байгаа мэт хөдөлгөөнгүй. Гэтэл хаа нэгтээгээс салхи сэвшив үү гэлтэй нөхөр нь толгойгоо өндийлгөн тооноор харлаа.   Шөнийн одод анивчин гялалзахын цагт аниргүйн хэлний ямархан үзэсгэлэнтэйг тэр сая ухаарсан ч, цааш мэдрэхийг хүссэнгүй, тэнхэл ч байсангүй. Аниргүй гэдэг тэнгэрийн бүх оддыг тэгнэж үүрсэн мэт хүнд чимээ ажээ. Гэхдээ л тэр сүүлчийн хүчээ шавхах мэт тэнгэрийн хүндийг үүрч босоод чүдэнз зуран харанхуйг түлж, лаа асаалаа. Лааны гэрэлд үзэгний уруул нялуун, нясуун, исгэлэн, угсарсан, зэрэгцсэн, холимог нийлмэл өгүүлбэрүүд хорвоогийн өнгө будаг, үнэртэн бүхнийг хамж цаасны биеийг үнэснэ. Гэвч тэр дулаан үнэсэлтийн ардаас хүйтэн салхи сэвэлзэх нь “Сарны гэрлийг сүлжиж амилуулсан гэзгийг чинь сайхан гэж бишрэхийг минь хэлүүлэхгүйгээр хоолойг минь хэн нэгэн багалзуурдаад ...” гэх үгс байлаа. Дотоод шаналлаа бүгдийг нь цаасанд нялж дуусаад эхнэрийнхээ гарт атгуулав. Гэргий нь хэвтсэн чигтээ бичсэнийг нь уншаад нулимсаараа тамгалж түүн рүү илгээжээ.

Тэр өдрөөс хойш самбар шохой хоёроор дуу хоолойгоо орлуулж эхлэв. Шохой нь түүний мэдэлд бүрэн орохгүй өөр зүйл биччихээд байгаа мэт санагдаж, бодол нь элсэн дээр үг бичихийн төдийнөө салхинд хийсэн арилах адил тогтворгүй. Эмч домч, бурхан тэнгэр, ил далд ямар ч хүчин зүйлд оношлогдохыг хүссэнгүй. Довжоон дээрээ суугаад самбартаа үг, үг гэж хэчнээн бичээд ч үг болохгүй нь гаслантай. “Бүгд тэр өдрөөс л эхэлсэн. Эзэнгүй чулуудаас...” Ингэж бодмогцоо шурхийн босож гэртээ ороод ихэмсэг дуу хоолойгоо самбарт тачигнуулан байж үлдсэн ууттай чулууг эхнэрээсээ нэхэж аваад үүдэндээ дахин асгах гэтэл “Туслаарай, авраарай!” гэх чимээ түүний чихэнд сонстов. Гудамж тийш очоод үзтэл хэн ч үгүй. Тэр нэгэн өдөр эхнэрт нь жигтэй дуу хоолой сонсогдсоныг санамагц биеэр нь туйлын салхи ороод гарах шиг жихүүдэс төрж, өнөөх чулуудаа гэргийнхээ гарт буцааж атгуулаад зовинол нь сая сарних шиг болов. Учиг зангилаа түүний тархинд хөвөрнө. Хөвөрдөх бодлынхоо үзүүрээс тэр нэгэнтээ атгаад алгаа хавсран “Бурхан минь, үг хайрла, чулуу хайрла!” хэмээн залбирлаа. Хэсэг чимээгүй сууснаа алгаа хавсарсан чигтээ нүдээ тас анин “Тэнгэр минь, үг хайрла, чулуу хайрла!”, “ Газар минь, үг хайрла, чулуу хайрла!”, “Агаар минь, үг хайрла, чулуу хайрла!”. . . Довжоон дээрээ залбиран суух түүнийг хэн ч сонссонгүй бололтой. Гэтэл эхнэр нь гэрээс гүйн гарч ирээд “Үг хэлсэн үү?” гэж асуув. Гайхсандаа толгой сэгсэрчихээд дахин нүдээ анин залбирлаа давтлаа. Эхнэр нь хоёр гараараа хавсарсан гарыг нь давхарлаж бариад “Тэнгэр минь, үг хайрла, чулуу хайрла!” хэмээн чанга дуугаар хэлээд “Би сонссон!” гэж түүнд шивнэв. Нөхөр чихэндээ ч итгэлгүй нүдээ нээж, “Би сонссон!” гэж давтаад өөрийнх нь зүг харан инээмсэглэх эхнэрийнхээ гарыг атгахаар алгаа дэлгэтэл ганц хар чулуу газарт торхийн унав. “Чулуу!” гэж тэд зэрэг хэллээ. Нөхөр нь хэлд оржээ. “Хайртай!” гэж эхнэртээ хэлэх гэтэл “Чулуу” гэх нь тэр... “Үгүй ээ!” гээд орилох гэтэл дахин чулуу хэмээн хашхирав. Чулуу... чулуу...  Хаанаас, хэрхэн, яаж чулуу түүний алганд бүрэлдсэнийг мэдэхгүй ч, залбирлын хүч гэдэгт итгэж байв. Тэд зэрэгцэн суугаад залбирах бүрд алганд нь шинэ үгээр өлгийдүүлсэн шинэ чулууд биежнэ. Гэвч нөхрийн уутан дахь чулуудын тоо нэмэгдэхийн хэрээр эхнэрийнх нь багассаар, үгээ алдсаар байсныг ууттай чулууных нь хэмжээ дундарсан өдөр л мэдсэн юм.

-       Чи чулуудаа алдаж байна.

-       Хэнд?

-       Надад.

-       Зүгээр ээ!

-       Үгүй ээ, зүгээр биш!

-       Тэгээд яах билээ ?

-       Залбирлаа зогсооё.

-       Үгүй ээ!

-       Тэгээд яах билээ ?

-       Залбирлаа үргэлжлүүлье.

-       Юуны төлөө?

-       Өөрсдийнхөө төлөө.  

Ингээд тэд өөрсдийнхөө төлөө өдөр алгасалгүй залбирсаар л ... Гэтэл нэг л өдөр,

-       Ингэхэд хоёулаа юуны төлөө залбирч байгаа билээ?

-       Мэдэхгүй ээ, мартчихаж ...

-       Одоо тэгээд яаж амьдрах юм бэ?

-       Мэдэхгүй.

Эмэгтэй нь хойморт буй авдар өөд хуруугаараа зааж,

-       Тэднийхээ төлөө ...

Эрэгтэй ч толгой дохин шууд л залбирав. Өдөр хоногуудын утга учир болсон залбирал нь ходоодонд шингэхэд залбирлаа утга учиртай байлгахын тулд ороо, ширээгээ зарж хүнс авав. Өнөөхийгөө дуусмагц хоолныхоо хэрэглэлийг ч зарчхав. 

Эхнэр, нөхөр хоёр олбогон дээрээ зэрэгцэн суугаад дахин ярилцах нь

-       За залбирах уу?

-       Залбирцгаая.

-       Ингэхэд хоёулаа юуны төлөө залбирч байгаа билээ?

-       Мэдэхгүй ээ, мартчихаж ...

-       Одоо тэгээд яаж амьдрах юм бэ?

-       Мэдэхгүй.

Түр хүлээнэ үү...
Top