УРАЛДААНЫ ШИЛДЭГ ШҮЛЭГЧИД: С.БАТЗОРИГ
2020-04-26 3350

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаант шагнал зарладаг билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 140 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 7 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 7 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 7 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.

Шилдэг шүлэгчдийн бүтээлийг танилцуулах цувралын дараагийн шүлэгч бол С.Батзориг. 1998 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн. МУБИС-ийн 4-р курсийн оюутан.

ХАВАР ЦАГ

Аавдаа-

            Эр хүн цайныхаа дээжийг өргөх шиг
            Энэ өглөөг яг л тийм сонин угтаад
            Шил далаар зүүн гарын тань халуун мэдрэгдээд
            Сэтгэл нэг л гундуухан гэртээ харимаар бодогдоод
                        Ирж буй цаг гэж хүн бүрийн баярлах хавраар
                        Ирэх сайхныг нь нэг л олж чадахгүй
                        Өнөөх л бүүдгэр тэнгэр, тоос боссон гудамжинд ховсдуулж
                        Өрөөлийг бодох чөлөөгүй, өөрийн зовуурьт уусаад
            Хавар надад хагацал, шаналал, бөхийсөн алхаа
            Хачин ойлгомжгүй хурц нүд, жин хасагдал
            Хайр сэтгэлийн талаар нүсэр бодол, гутрал авчирдаг
            Харин танд юу өгдөг вэ?
                        Таны ганцхан хаврыг л би
                        Тааж хэлж чадмаар байна

                        Төр үймсэн, ядуу тарчиг 90-ээд оны сүүлээр
                        Төрөх төрөхдөө 4 сарын эхээр
                        Өвдөлт, хайр, итгэл юу дагуулж ирснийг нь мэдэхгүй
                        Өлгийтэй хүүхэд угтаж авсныг тань л мэднэ

                        Түүнээс өмнөх 30 хаврыг орхиж
                        Түүнээс хойших 20 хаврыг дурсъя гэхнээ
                        Хажууд нь үргэлж байсан атлаа
                        Харь элгийн хүн шиг даанч мэдэх юм алга

            Огт дурдатгалд баймгүй цагийн явдлыг таамаглах ч
            Ой дурсамж тодорсон үеэс л таныг мэдэхгүй болсон гэхээр
            Хүү чинь яасан амиа бодсон, бүрхэг харанхуй
            Хүнд баймгүй хатуу сэтгэлтэйг харж байна уу та?

                        Бодоод үз дээ!
            Цонхны цаана айлчлан ирээд буй
            Цонхигор царайтай яруу найрагч шиг хаврыг
            Тавин удаа туулаад гарсныхаа төлөө
            Талархал, хүндлэл, ер хайрыг
            Та хүртэх эрхтэй гэдгээ мэдэж ав!
            Тэсэхийн аргагүй ийм олон урт хугацааг үл тоон
            Тэнгэр шиг, газар шиг оршиж чадсандаа итгэ!

                        Танихгүйгээс таньдаг болсон орчлон ертөнцдөө
                        Тамхиа татах бүрдээ уусан нэгдэж байгаа
                        Хүнээс ухаантай төрөхийн, бусдад ойлгогдохгүйн зовлонг эдэлж
                        Хүнд ачаа үүрч явсандаа уцаар зантай болсон
                       Жар эргэм насны шар царайтай хүнд
                       Жаргал хийгээд зовлон ер юуны ч хамаагүй.

***

Үд өнгөрөөж орноосоо ховхроод шуудхан л
Үдэш голцуу саатдаг сүүдрэвчиндээ очиж суув
Хэрээ, улаан хошуутаар эгнээгээ бүрдүүлсэн
Хэн ч тоодоггүй гудамжны шувуудад хань болов.

            Үймж сандралгүй чүүчгэр хөлөөрөө алхаж
            Өглөөний жавар арилсанд баяссан тэднийг хараад
            Үхэл, амьдрал, үхлийн дараах амьдрал, амиа хорлолт мэтийн
            Үнэ цэн, мөн чанар, утга учир бүхий асуултуудад
            Даанч амархан, тун оновчтой хариулт олж
            Дахиж шаналах хэрэггүйг мэдээд
            Давтан давтан хэлж, гэрийн зүг алхав
            “Тэнгэрт оршихуй үгүй
            Шувууд шалбаагнаас ундаалж байна”.

***

Цаг хугацаа өршөөлгүйн тухай
Хавар, намар тэгээд өвөл, зуны ч тухай
Шүлэг бичихээ больё.
Гуниглахаа ч больё.
Сайхан санагддаг ч сайхан биш бүхнээ
Зөнд нь орхиод

            Сайхан, зөвхөн сайхны тухай л дуулъя.

Амьдралд татагч, хүн төрөлхтний хүслийн тухай
Амьд байгалийн яруу төгөлдрийн тухай
Гэгээрсэн мэргэдийн ер бус бясалгалын тухай
Гэрэлт охидын элдэв чимэггүй гоо үзэмжийн тухай

            Сайхан, зөвхөн сайхны тухай л дуулъя гэхэд
            Самар модныхоо оройд ургадаг юм байна
            Сайхан гэдэг яасан хол вэ?

 

 ХОИС-ийн багш, доктор Г.Өрнөхдэлгэр:

 

“Шүлэг бичихгүй залуу хүн гэж юу байх вэ” гэж дунд сургуулийн багшийн хэлсэн үг сэтгэлд тодорном. Үнэхээр хүн бүрийн сэтгэлд аугаа их хайр, ухаарал, эмзэглэл, гуниг гүн гүнзгий оршдог. Түүнийгээ яруу сайхнаар илэрхийлж гаргах чадвар хүн бүрт заяадаггүй нь тиймхэн, иймээс тэр бүх хүний сэтгэл зүрхийг чагнан илэрхийлэх тэмүүлэлтэй найрагчийг хайрлалтай… Гадна хэдийн хавар иржээ. Сайхан гэдэг хол биш ойрхон санж!

Залуу найрагчийн шүлгээс гунихуй хийгээд ухаарахуй хосолсон ертөнцийн хоосон бөгөөд үнэн оршихуй мэдрэгдэж байна. Таних тусам гунигтай байдаг хорвоог таньж ядан яваа хорин хэдхэн насандаа өөрийгөө гаднаас нь нэг харж, 

Хүү чинь яасан амиа бодсон, бүрхэг харанхуй

 Хүнд баймгүй хатуу сэтгэлтэйг харж байна уу, та?

хэмээн уулга алдах нь ертөнцийн бүхий л зүйл, тэр дундаас өөрийгөө ч үл анзаарам сэтгэлгээнээс алс байгаа нь тод сонсогдном. Бусдыг шүүж, өөрийгөө шүтэгсэд олширсон энэ цагт “БИ” төвт үзлээ огоорон бусдыг хайрлаж, анзаарч тэрлэжээ. Бид харь элгийн бусдыг шүтэж сонирхож явахдаа “аав, ээж” хэмээх хамгийн энгийн байж болох ч хамгийн нандин, үнэ цэнтэй шүтээнээ өнгөцхөн харж явдаг гэдгийг харуулахыг хичээсэн шүлгийн амьсгалыг залууст зүгээр л дандаа сонсгож баймаарсан, энэ цаг үед! 

 Жар эргэм насны шар царайтай хүнд

 Жаргал хийгээд зовлон огт юуны ч хамаагүй! 

гэж хээв нэг өөрөө жаран жил амьдарсан мэт ертөнцийн хоосон чанарыг мэдчихээд, мэдрэмжээ өгүүлж буй шүлгээрээ өгүүллэг уншиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр бичсэн байна. Батзоригийн эл шүлгүүд өөрийн мэдрэмж, ухаарлаар бичихдээ албадаж сайхан болгох гээгүй хүмүүсийн амьдралын өнгийг бодож, мэдэрч өөрийн гэсэн нэгэн өнгийг нэмсэн бүтээл болжээ.

Үхэл, амьдрал, үхлийн дараах амьдрал, амиа хорлолт мэтийн

Үнэ цэн, мөн чанар, утга учир бүхий асуултуудад

 Даанч амархан, тун оновчтой хариулт олж

 Дахиж шаналах хэрэггүйг мэдээд

Нэгэнт л хорвоог гунигтайг мэдэрсэн бол шаналах хэрэггүй амьдралаа ч, шүлгээ ч бүтээ, туурви! Үхэл байтугай амьдрал гэж юу байдгийг мэдэхгүй, тос торгонд умбаж, тоодог, тогоруу хоёртой эрхлэлдэн наадсан хүүхэд нас минь нэг намрын шувуудтай нисэн одож, хавар шувууд эргээд ирсэн ч хүүхэд нас минь ирсэнгүй...

 

Түр хүлээнэ үү...
Top