УРАЛДААНЫ ШИЛДЭГ ШҮЛЭГЧИД: Э.БҮЖИНЛХАМ
2020-04-19 3697

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 15-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 140 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 106 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 30 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг тун удахгүй зарлана.

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 140 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 7 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 7 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 7 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.


Шилдэг шүлэгчдийн бүтээлийг танилцуулах цуврал нийтлэлээ бид Эрдэнэбаатарын Бүжинлхамын хэмээх шүлэгчийн шүлгүүдээр хагалж байна.  Тэрбээр 1992 онд Дундговь аймагт төрсөн. 23-р сургууль, МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн. "Намрыг мартагсад" /2012/ яруу найргийн ном, "Шинэ үнэр" хамтын түүвэр /2012/, "Ариан" /2015/ туужаа тус, тус хэвлүүлсэн. Уран зохиолын "Шинэ үнэр" бүлгэмийн гишүүн юм. Э.Бүжинлхам уралдаанд дараах шүлгүүдийг ирүүлжээ.

Аавын тухай зүүднүүд

 Сүнсний минь нэг хэлтэрхий одоо ч гэсэн
Одож ниссэн аавтай минь хаа нэгтээ,
Орчлонгийн нэг цэг дээр, оршдог бололтой
Шөнөжин л зүүдэлж тоглох юм
Заримдаа хорь дөнгөж гарсан
Долгиолсон хав хар үстэй ухаалаг нүдтэй
Залуухан аавтайгаа уулзаад сэтгэлээ онгойлгож
Охин нь ухаан суусан шүү гэж хэлээд сэрнэ!
Заримдаа гэтэл өтөлж доройтсон аав минь
Өвөр лүү минь гэрлийн хэлтэрхий мэт шурган ороод
Зүүн хөхийг минь хөхөж цадаад цааш явчихлаа гэж
Зүүдлэн сэрэхэд нулимс дэрийг минь нэвт норгоно!
Хааяахан улиастайн гудамжны хуучин хөх тагзад
Хамтдаа очоод багийн минь дүрийг өхөөрдөн инээлдэж
Хав харанхуйд хоёулхнаа гал өрдөөд чив чимээгүй сууна
Хаашаа ч юм бэ дээ зүүд гэдэг хоосонд захирагддаг атлаа
Сэтгэл түйвээж орхино!
Тэгсэн хэрнэ мухардаж, цөхөрч ганцаардахын хязгаарт
Тэнгэр шиг аав минь л мөнгөн толь зүүчихсэн нөгөө л нэг
Хуучин муу байшиндаа бөгтийн суучхаад охиноо хүлээн
Хугарсан бүхнийг минь үлээн эдгээчхээд шөнийн гүнд замхарчихна!
Аав минь дээ ахиад үрийнхээ зүүдэнд нисэн ирвэл
Элсний, цасны, борооны бас гэрлийн үнэрт хувилчихсан
Энхэр багийн минь жаахан төрхийг над үзүүлж хайрлаач!
Төрөхөд минь л намайг энгэртээ анхлан тэвэрч байсан
Дөлгөөхөн таны нүдэнд нулимс цийлэлзэн буйг харах сан!
Өвдөж, шаналж, үйрэн бутраад хийсэхийн цагт
Үнэний өмнө өвдөг сөхрөөд унахын үест
Хаа ч юм та бид хоёр навчсын бас цэцэгсийн зүүдэнд
Хамтдаа дуулцгааж байна гэж итгэхийн тулд, итгэхийн тулд л!

2020.02.23

Тэнгэрт одсон яруу найрагчийг зүүдэлсний дараа бичсэн шүлэг 


Мэлмийгээ аньсан атлаа гурав дахь нүд тань нээлттэй
Миний зүүдэнд та зөөлөн алхалсаар орж ирэв
Хөргөн дээрээс тань л харсан ухаалаг нүдийг үзье гэвч
Хөх гэрэлтэй цэв цэнхэрхэн ганц нүд миний гүн рүү ширтэв!

Дэгдээхийгээ хайрлах ижий шувуу шиг л болгоомжтойгоор
Дээлийнхээ энгэрээс та атгахан зүйл гаргаж ирээд
Дэлгээтэй гар дээр минь аяархан тавьтал мөндрийн чинээ
Дэлхий шиг ав алаг гурван бяцхан өндөг!

Алсаас чам руу зорин энэ хүртэл бууж ирэхдээ
Аялгуунд чамайг хөтлөх уналга юуг чинь авчирлаа!
Галт шувуу болгоно уу, Галбинга болгон дуулуулна уу
Гарын чинь гоог удирдах сүр хүчний хэрэг ээ!

Ингэж хэлээд та цонх сэвэлзүүлэн одов оо,
Итгэл цалгисан сэтгэл үүрээр нойрыг минь хулжаав
Дотор минь гурван хүний бүдэгхэн дүр гал тойрон суугаад
Домог, туульс хэлэлцэн цастай шөнөөр хөөрөлднөм!
Одоо сайтар чагнах л үлдлээ
Огторгуйн үлгэрийг дуулахын тулд…

2019.11.17

Үлгэр хэлнэ

Шавартай элс шиг дагтаршаад буглачихсан
Шаналал гунигийг чинь чамд үзүүлэх гэж
Эртийн тэр хөндүүрээ мартчихсан гэж итгээд
Инээж явахад чинь энэ хүртэл хөтлөөд ирсэн
Өчүүхэн энэ шүлэгчийг
Өршөөж хайрлаарай
Хавирган цаанаа нуучхаад өөрийгөө хороож яваа
Харанхуйн илбэт мананг зүрхнээс чинь хөөх гэсэндээ
Өөрт буй салхи бүхнээ арай хийн цэхлээд
Өмнө чинь үнэнээ баран суугаа нь энэ юм шүү!
Сэтгэлийг чинь өвтгөе гэсэндээ урц гэртээ уриагүй билээ
Сэрүүнээрээ зүүдлээд, зүүдэндээ хашхиран тарчилж буйг чинь
Харсан атлаа зүгээр л зөрөөд явчхаж чадаагүй
Халуун сэтгэлд минь түлэгдэлгүй өнгөрч хайрлаарай!
Дотор чинь хэн нэгний гишгээд бяцалчихсан
Цус нь бүлэгнэх өндөгний тунгалаг шингэн одоо ч хүртэл
Шувуу болох итгэлтэй үхэж ч чадахгүй оршоод л байгааг
Дотоодод чинь өнчин янзага өр өвдөм гунигтайяа
Эхийнхээ хөхийг үлгэн өвсөн дунд одоо ч хүртэл
Өндийх ч зориггүй хэвтээд л байгааг мэдэрсэн учраас л
Тарнийн зургаан үсэг шиг, сүмийн найрал дуу шиг
Хэнгэрэг цохих хэмнэл, эхийн бүүвэйн дуу шиг
Шидийн нэгэн шүлгийг шивнэе гэсэндээ л
Гараас чинь хөтлөөд энэ хүртэл ирснийг минь
Газар дэлхийд ирсэн учиг минь гэж санаарай!
Өвдөлтийнхөө цэнхэр далайг гаталчихсандаа би
Ингэж хэлээгүй юм шүү
Өөрийнхөө дотор унаад, унасан газраа
Там болгон зүүдлээд
Сэтгэл дотроо би түмэнтэй шатан гансарсан билээ
Сэлүүргүй тэр усан дунд би живэн тарчилсан билээ
Тэгж явахад минь л над хөвүүр хайрласан яруу найргийг
Тэнгэрийн хэл хэмээн итгэсэндээ л тантай хуваалцаж байнам!
Итгэн биширвэл дотор минь цутгасан үнэнийг танд өгье би
Ингээд та бид хоёр үүрд ганцаардахааргүй боллоо
Орчлонгийн хэвлийгээс малтан байж
Олсон бүхнийг минь та өөртөө аваарай
Зохиосон зовлондоо самар шиг л няцлуулахаар
Алхаж буйг чинь үзэх
Зориг зүрх байсангүйг минь л харин
Өршөөж хайрлаарай!
Хэлсэн үлгэрийг минь чагнаарай гэж
Хичээнгүйлэн танд залбирнам би!
Дараа насандаа ердөө л шүлгийг мөр болоорой гэж
Заяа тавиланг минь харин ерөөж хайрлаарай!

2020.03.17

Э.Бүжинлхамын шүлгүүдийн тухай яруу найрагч Ц.Дэлгэрмаа ийн сэтгэгдлээ ирүүлжээ:

Бусдаас өөр,  цаанаа л онцгой гэмээр, тэр онцгой нь нэг тийм ариун, гэгээн, чанадын санагдах өвөрмөц шүлгүүд уншлаа. Эдгээр шүлгээс айхтар гүнзгий ухаарал олохгүй ч ахиад давтагдахгүй зөн, мэдрэмжийг тэмтрэн чагнаархаж, сэтгэлийнхээ хамгийн эмзэг нандин утсыг хөглөн хөндүүрлэж болохоор байна. Шүлгийн увдис гэдэг магад үүндээ л оршдог шүү дээ.

Ер өдгөөгийн, уншиж, мэдрэхийнхээ хэрээр хэнбугай нь ч аятайхан мөр холбоод биччихдэг болсон цагт бусдаас илт ялгарч, эрхгүй өөрийгөө тодорхойлоод байдаг чанар бол жинхэнэ шүлэгчийн чанар гэж бодох болсон. Хүмүүсийн хэлдэгчлэн төрмөл авьяас. Гэхдээ авьяас өгөгдөл гэдэг ч бас зүгээр нэг мөр толгой холбон бичсэнээр харагдахгүй.  Өөрийгөө ойлгож танихын зэрэгцээ өөр бусад авташгүй хувьхан ертөнцөө бүтээж, алив үзэгдэл юмсыг тэр л ертөнцийдөө буулган аваачиж, тунгаан бясалгасны эцэст хольцгүй үнэн чанараар нь илчлэн бичиж чадсанаараа заяасан тэр авьяасаа өнгөлөн тордож, авч үлдэж байгаа хэрэг юм уу гэж санадаг. Тэгж байж өөр өөрсдийнхөөрөө ялгарч, тэр хэрээр үгийн урлаг гээч нь баялаг, шавхагдашгүй болохыг ойлгодог. Товчхондоо шүлэг найраг гэдэг яруу сайхнаар өөрийгөө илэрхийлэх урлаг, яг үнэнээр нь өөрийнхөө ертөнцийг бүтээх урлаг гэж бодвол чухам энэ чанаруудыг шингээсэн тийм л шүлгүүд, тийм л авьяастай шүлэгч ажээ.

Түр хүлээнэ үү...
Top