УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗОХИОЛЧ: ХИШИГНЯМЫН БУЯНБАТ
2018-05-17 2668

"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ.  Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр  “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна. 

Богино өгүүллэгийн төрөлд 75 зохиолч  бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 4 зохиолчийг шигшин авч, бүтээлийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 4 зохиолчоос нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Шилдгээр шалгарсан зохиолчдын бүтээлийг нийтлэхдээ ямар нэг дэс дараалал харгалзаагүйг анхаарна уу! 


УРУУДАХ ГУДАМЖНЫ.., МУУР ИХЭРЛЭХ ГУДАМЖНЫ ТӨГСГӨЛ

(Зохиолч Хишигнямын Буянбат)

Баруун сарвуугаа даллах мэт өргөн цомцойн суух алтан өнгөт муурыг харснаас хойш би түүнд учиргүй их татагдчихав. Мухлагаас гаран гартлаа харцаа салгаж ч чадсангүй. Дараа нь ч бодлоос минь гарсангүй утас адил хөвөгдсөөр нэг мэдэхэд гэрийнхээ гадаа ирсэн байлаа. Хашааныхаа хаалгыг зөөлөн товшин нүдэхэд нохой хуцан чимээлсэн ч хүн гарч ирсэнгүй. Хамаг чадлаараа балбаж эхэллээ. Нохой уурлан архиран хуцсанд арайхийн хүн гарч ирэв бололтой доод гэрийн хаалга савагдан хаагдах сонсогдлоо. “Хэн бэ... очиж байна. Очиж байна” гэх дуугаар нь авга эгчийг танив. Эгч хаалга тайлаад, манай гэрийн түлхүүрийг өгснөө бушуухан гэр рүүгээ яарлаа. Бараг сохорсон хөгшин нохой маань намайг аанай л таньсангүй. Урахаар галзуу мэт дайрч байсан ч гинжнээсээ яавч мултарч чадахгүй гэх итгэлээр би тайван гэгч нь шатаар дээшээ гарч, гэртээ оров. Манайх хоёр давхар дүнзэн байшингийн гаднаас нь тусдаа шатаар ордог дээд давхарт нь амьдардаг юм. Харин доод давхарт өвөө, эмээ, авга ах, эгч нар амьдарна. 

Гэртээ орж ирээд шууд л зурагт руугаа яаран очиж, асаах товчлуур дээр нь дарахад будаа асгах мэт жигтэй чимээ гаран аажим аажмаар гэрэл тодорсоор аслаа. Хүүхэлдэйн киноны суваг дээр тааруулчхаад, хувцсаа сольж, формоо норгосон самбай давуугаар арчиж арчиж, түүгээрээ бүтээн өлгүүрт өлгөв. Гэрт идчихмээр юм алга. Байгаа нь л халуун сав дүүрэн хар цай. Аягалаад уух гэтэл халуун болохоор нь хөргөхөөр тавьчхаад борооны дусал нэвчиж, элдэв хээ урлан шарласан тааз ширтэн хэвтэж байтал зовхи минь алгуурхнаар хүндэрлээ. Нэг мэдэх нь ээ дээврийн төмөр нүргэлэх мэт чимээгээр сэрэв. Хэн нэгэн алхах ажээ. Хүүхэлдэйн кино дөнгөж эхэлж, нэр нь гарав уу үгүй юу таг харанхуйлаад явчихлаа. Тог тасарчээ. Дээвэр дээрх хөлийн чимээ манай шатаар алхах чимээгээр солигдож авга ах орж ирснээ “Эцэг эх хоёроо тогныхоо мөнгийг төл гээрэй” гэж зандрангуй хэлчхээд гарч одов. Өнөөдөр ч бас хүүхэлдэйн кино үзэж чадахгүй болжээ. 

Гэгээ тасрахаас өмнө даалгавраа хийж амжихаар дэвтрээ дэлгээд хэвтэж байхад минь өөрийн эрхгүй өнөөх муур бодогдсоор л. Гэрт анир чимээгүй. Гагц бодол минь л ярьж байв. Хоёр мянга таван зуун төгрөг. Энэ бол тэр муурын үнэ. Алтан өнгөт муур. Ингэхэд гахайд минь хэчнээн төгрөг бий билээ? Гал тогооноос савх авчран, мөнгө хадгалдаг гахайныхаа нуруун дээрх нүх рүү хийж төнхсөөр хоёр ширхэг мянгат, нэг таван зуут урчих шахам гаргаж авав. Аав ээжийг ирэхээс өмнө ажлаа амжуулсандаа урамшиж дуусаагүй байтал хашааны хаалга хаагдан тэд ирлээ. Орж ирүүт “Зурагтаа яагаад асаагаагүй юм?” хэмээн асуухад “ах түрүүн тасалчихсаан, мөнгөө өг гэж байна лээ” гэж хэлсэнд аав буцан гарч одлоо. Ээжийн нүд жигтэйхэн гунигт хөвчхөв. Бас цэл хүйтэн. Хөргөхөөр тавьсан цайгаа санан, ээжид авчирч “ээж ээ уучих, би хөргөчихсөн” гэхэд ээж минь над руу харан үл мэдэгхэн инээмсэглээд хатаж омголтсон уруулдаа зөөлөн хүргэн яаралгүйхэн уулаа. Гуйж аргадсаар аргаа барсан аавын минь уурлаж хашхичих доор сонсогдсоор... 

Гадаа хэдийн харуй бүрий болжээ. Аав ээж хоёр дув дуугүй, бодол болон сууцгаана. Хэн нэгэн юм хэлэхгүй эсвэл ядах нь ээ чимээ гаргахгүй бол энэ түнэр чимээгүйд залгиулчих юм шиг санагдсанд би “лаа байгаа юу ээж ээ” хэмээн асуулаа. Ээж шүүгээ нээн үзсэнээ “лаа алга аа, дуусчхаж” гэсэнд аав “ер нь дэлгүүр явж ирье дээ” гэхэд хувцсаа солиогүй байсан ээж минь “хамт явъя” гээд ухасхийн үүд рүү очив. “Аав ээж хоёр нь лаа аваад ирье,  миний хүү шургуулагд байгаа гар чийдэнг асаагаад байж байгаарай”.  Тэд явчихлаа. 

Шургуулга ухаад ухаад гар чийдэн олсонгүй. Дээд талын шүүгээнд байх асаагуурын гэрлийг асаавал боломжийн гэрэлтүүлж байсанд авлаа. Хэдэн жилийн өмнө шатнаас унаж ухаан алдсанаасаа хойш их л болгоомжлонгуй явах болсныг ч хэлэх үү харанхуйд гишгүүр нь харагдахгүй байх вий хэмээн санаа зовж байсан ч доод гэрийн цонхноос тусах гэрэл шатыг хангалттай гэрэлтүүлж байв. Хашааны хаалганы замгийг зөөлөн татан онгойлгоод нугасны чихрах дуунаас эмээхдээ амьсгаагаа даран байж зугуу зугуухан татсаар багтах төдий нээснээ шурган гарав.

Явах замаа гэрэлтүүлэх гэсэн ч зай нь сууж байгаа бололтой анивчиж байсанд больж, хэрэг гарсан үед л тусгахаар халаасандаа үлдээв. Цаг тийм ч орой болоогүй атал ганц ч хүн алга. Гудамж эл хуль. Бас анир чимээгүй. Мухлаг хүртэл хоёр гудмын зайтай. Өдөр болгон алхдаг зам ч гэлээ харанхуйд явж байсан удаагүй тул үе үе чулуунд бүдэчсээр илжирч муудсан эхүүн үнэр хамар сэтлэх шахам үнэртэхэд сургуулийн өмнөх гудамд яваагаа мэдэв. Хэдэн өдрийн өмнө нэг нохойн хүүрийг энд хаясан юм. Эсвэл энд үхсэн ч байж мэднэ. Хажуугаар нь зөрж өнгөрөх томчуул цэрвэн, гурвантаа  нулимчхаад аль болох холуур тойроход хүүхдүүд сонирхсондоо ойртон очиж өшиглөж эсвэл чулуу шидэж үхсэн эсэхийг нь шалгацгаасан. Тэр өдөртөө л хашааны булан дахь нохойн хүүрийг чулуугаар хэн алдалгүй онох вэ хэмээх шинэхэн тоглоом гарчихлаа. Эхэндээ толгойг нь онохыг чухалчилж байснаа гэдэс рүү нь оноход “пүг” хэмээх бүгтхэн битүү чимээ гардгийг мэдсэнээр тийш нь шидэцгээх болж, эцэстээ зөвхөн тэрхүү чимээг сонсох, чанга дуугаргах гэхдээ том чулуу шидэх нь чухал болов. Гэвч маргаашаас нь л хүүр өмхийрч эхэлсэнд, чулуу шидэж зугаацахаа болин хамраа чимхэн өнгөрцгөөх болсон юм. Ийн элдвийг бодсоор хамраа чимхэн явж байгаад нэг юманд тээглэн золтой л уначихсангүй. Гайхсандаа үл мэдэх хар юм руу гэрлээ тусгатал өнөөх нохойн хүүр. Гэдсийг нь хүүлсэн бололтой нээчихсэнд хавирга нь ёрдойн харагдаж бие нь нилдээ цусанд будагджээ. Тэгтэл нэг нохой булан тойрон гарч ирснээ шууд ирэн сэгээс зулгаан идэж эхлэв. Хоолоо харамлан над руу үе үе харж архирах аятай дуугарах нь зэвүү хүргэм санагдсанд зүгээр өнгөрч чадсангүй. Эргэн тойрноо харсаар урьд нь шидэж тоглож байсан бололтой  томоо чулуу олоод алдаж шидэхгүйн тулд гэрлээ амандаа зууж хоёр гараараа барин, дээш өргөж байгаад маханд улайран намайг анзаарах сөхөөгүй байгаа нохойн яг толгой дээр буулгачхав. Нохой гасалсаар зугтлаа. Би ч хахирган дуунаас нь эвгүйрхэн гүйлээ. 

Сургууль, цэцэрлэг хоёрын хоорондох нарийхан зурвас гудмаар явсаар доош шатаар бууж өнөөх мухлагт очлоо. Ашгүй онгорхой байна. Баярлан дотогш орж, шууд л хамгийн дээд талын тавиур дахь муурыг заан мөнгөө өгөв. Худалдагч алтан өнгөт муурыг аваад, ард нь байсан мөн тийм өнгөтэй гахайг урагшлуулан тавиад юу ч үгүй базаад үрчийлгэчихсэн мөнгөний минь булангуудыг тэнийлгэн түрийвчиндээ хийв. 

Баруун сарвуугаа өргөн даллаж, ханзтай пайз тэвэрсэн муур ийн минийх боллоо. Алтаар шарсан мэт гөлгөр гадаргууг нь тэмтрэхүйд “одоо ингээд бүх юм сайхан, бас гэрэлтэй болно” гэх итгэл сэтгэл дүүргэнэ.

Ирсэн замаараа буцах гэснээ больж арай тойруу ч гэлээ гэрэлтэй гудмаар явахаар шийдэж хурдан хурдан алхлав. Гүйхээ алдан өгсүүр өөд явж байтал бүдрэн унасанд тэр эрчээрээ доош бөмбөрлөө. Өвдөг, тохой шалбарч цус шүүрэн хорсож, толгой дүүрэн өвдөж байсанд алавхийн босож чадсангүй хэсэг хөдөлгөөнгүй хэвтэв. Өгсүүр дээр муураа унасныг хараад авахаар арай гэж өндийн ахин уначихгүйн тулд удаан болгоомжтой өгссөөр муураа аваад толгой эргэн газар дайвсанд хашаа налж суун нүдээ анив. Үдшийн хүйтэн агаар толгой сэргээн тайвшруулах ажээ. Муур миулах сонстоход цочин нүдээ нээсэнд цагаан муур өмнө минь суучхаад намайг ширтэж байв. Айсандаа хөдөлж, дуугарч чадсангүй. Тас гөлрөх тунгалаг том нүдэнд нь би өөрийгөө тольдон харлаа. Муур босож ирээд хөлийг минь налж хүрчигнэн дуугарна. Арайхийж гараараа шороо самардан цацалсанд, зайлж холдсон ч ахиад л мөнөөх янзаараа намайг ширтээд суучхав. Удалгүй би тийм ч их айхаа больж өвдөлтөө тэвчин хашаа түшсээр алхаж эхлэхэд өнөөх муур ч бас урд минь гараад тайвуу алхана. Энэ гудамж ийм урт байсныг санахгүй юм. Бас яагаад нэг ч машин, ганц ч хүн таарсангүй вэ. Гудамжны төгсгөлд ирээд өнөө муур хоёр болсныг гэнэт анзаарлаа. Хоорондоо ав адилхан хоёр муур баруун, зүүн эргэн харанхуйд уусан шингэв. Хашааныхаа хаалган дээр ирээд түрүүнээс хойш нандигнан атгаж ирсэн алтан өнгөт муураа хараад уужуухан амьсгал аван гэр өөдөө харав. Манай гэрийн цонх аанай л харанхуй байлаа...

Түр хүлээнэ үү...
Top