УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗОХИОЛЧ: ЦЭРЭНДОРЖИЙН АРИУНТУЯА
2018-05-16 4534

"ГЭГЭЭН ШУВУУ" утга зохиолын сангаас залуу уран бүтээлчдээ дэмжих, дотоодын уран зохиолын залгамж халааг танилцуулах, уран бүтээлийн замд хөтлөх зорилгоор "Тагтаа" утга зохиолын шагналыг өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарладаг билээ.  Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 28-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 100 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 75 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 40 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 18-ны өдөр  “ТАГТАА” утга зохиолын шагналын үеэр зарлаж, шагналыг гардуулна. 

Богино өгүүллэгийн төрөлд 75 зохиолч  бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 4 зохиолчийг шигшин авч, бүтээлийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 4 зохиолчоос нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Шилдгээр шалгарсан зохиолчдын бүтээлийг нийтлэхдээ ямар нэг дэс дараалал харгалзаагүйг анхаарна уу! 


ТӨРӨХ ТАСАГ
(Зохиолч Цэрэндоржийн Ариунтуяа)

I

Ээжүүдээ хоолоо аваарай гэх эмэгтэй хүний цээлхэн дуу намайг шаналгасан гачлант зүүдний ертөнцөөс сая нэг чөлөөллөө. Хамаг бие шархиран өвдөнө. Хол явлаа гэсэн үг цуурайтсаар л...

Дөрвөн ортой төрөх эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ганцаараа гурав хоносны эцэст ханьтай болсноо сая л анзаарахад зүүд ч мөд замхарлаа.

II

Бүдэг саарал өнгөтэй давчуу өрөө. Төрөхийн өвдөлтөөс болж хамаг бие шархиран хөндүүрлэнэ.. Амьсгал боогдмоор бүгчим халуунд ухаан санаа орж гарна. Эмчээ, сувилагчаа, ээжээ гэж өөрт үлдсэн бүхий л хүчээ шавхан хэдэнтээ дуудавч хэн ч үл дуугарна. Хэчнээн хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч холгүйхэн хөлийн чимээ сонсогдож эхэллээ. (Ахлах ангийн сурагч байх үедээ ээжийг унтсаны дараа гэрээсээ гарч, шөнө дундуур буцаад орох үедээ л амьсгалаа түгжчихээд ийн болгоомжтой алхдаг сан). Хаалга сэмхэн нээгдэж, дунд эргэм насны нүдэнд дулаахан эрэгтэй намайг чиглээд ирлээ. Хаа нэгтээ харж байсан ч юм шиг, эсвэл бүр миний ойр дотнын нэгэн ч юм шиг. “Бидний охин хаана байна” гэж тэр огцом асуулаа. Бидний гэхээр тэр охины аав, миний нөхөр байж таарах нь. Нүдээрээ өрөөг бүхэлд нь нэгжсэн ч охин алга. “Хамгийн цаад талын мухрын өрөөнд хүүхэд уйлах сонсогдсон. Охиныг минь тэнд нуучихсан байх нь. Бушуухан аваад эндээс зугтъя” гэж тэр ар араас нь угсруулан хэллээ. “Намайг орноос буулгаад өгөөч” миний түүнд хэлсэн эхний бөгөөд эцсийн ганц үг. Өөрийнхөө дуу хоолойг сонсоод бүр хөшиж орхилоо. (Багадаа аавтайгаа хамт хонинд явахыг гуйхдаа, ээжийг саахалтын айл руу дагуулаад яваач гэж царайчлах үед л дуу хоолойны өнгө яг ингэж сонсогддог байсан биз).

Тэр сандарсан, яарсан харагдана. Төрөх орноос өргөж буулгахдаа “чи бүр хөнгөхөн болчхож” гээд санаа алдлаа. Хувцаслаж дуусаад бид хүүхдийн уйлах дуу сонсогдсон өрөө рүү зүглэлээ. Цэлийсэн том өрөөнд гартаа таних тэмдэг болох өнгө өнгийн утас зүүсэн хүүхдүүд үнэгчлэн унтана. Бидний охин гартаа цэнхэр утастай, бас баруун хацартаа улаан мэнгэтэй байх учиртай. Бид гартаа цэнхэр утастай, улаан мэнгэтэй охиноо олох гэж хэчнээн хугацаа зарцуулсныг мэдэхгүй ч хурдан явахгүй бол цаг оройтлоо гэж тэр шивнэх шахам хэллээ. Ямартаа ч охиноо олоод гадагш гарлаа. Зөөлөн бороо шивэрнэ. Тэр борооны цуваа тайлаад надад өмсүүлнэ. Нэг мэдэх нь ээ түнэр харанхуйн дунд би ганцаараа. Түүний дуу цуурай адил сонсогдоно. “Би охиноо аваад бүр хол явлаа. Хол явлаа. Хол явлаа”. Цуурайтсаар...

III

Эмнэлгийн коридороор хаа сайгүй холхих эмэгтэйчүүд. Би урд нь ийм олон эмэгтэйг (дээрээс нь жирэмсэн) нэг дор харсан удаагүй. Угаас олон хүнтэй газар очих дургүй зожиг зангаа хорьж цагдаж байсангүй. Энэ удаад ч тэнгэр намайг ивээж эрчимт эмчилгээний тасаг гэх булангийн ганцаардмал өрөөнд гурав хонуулсанд талархъя. Хажуугийн орон дээр хана руу хараад унтаж байгаа эмэгтэйг сэрээчихгүй гэсэндээ сэм өндийж аягаа аваад коридорт гарлаа. “Босож болохгүй” гэсэн эмчийн тушаалтай ч өнөөдрөөс өөртөө “босож болно” гэсэн зөвшөөрөл өгөөд хоол авахаар оочирлож зогсоо цувааны араас нийллээ. Өнгө өнгийн унтлагын хувцас, улавч, халаадтай өнгө өнгийн эмэгтэйчүүд нэгэн тогооноос аяга (аяга нь ч мөн адил өнгө өнгийн) аягандаа хоол авахаар эгнэн зогсоно. Зарим нь гартаа хоёр, бүр гурван ч аяга барьсан харагдана. Бодвол наашаа зүглэж чадаагүй нэгэндээ тавьсан халамжийн илрэл биз. Эмэгтэй хүн хаана ч явсан хэн нэгнийг асарч тэтгэх үүргээс мултарч чаддаггүй юу эсвэл тэдний өөрсдийгөө эрэгтэй хүнээс өөр гэдгээ харуулах хүслийнх нь илрэл гарт нь багтаж ядах аяганууд уу. Ийм дэмий цэцэрхлээс эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн нийтлэг дүр зураг гэвэл оновчтой байж мэдэх юм. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай бид хаана юу ч хийж, ямар нөхцөл байдалд байгаагаас шалтгаалаад хүссэн ч хүсээгүй ч өөрчлөгддөг шүү дээ. (Гэвч энэ өөрчлөлт удаан үргэлжилдэггүй л болов уу)

Ямартаа ч цуваанд дугаарлах эмэгтэйчүүд бүгд бие биедээ санаа тавьж, эзгүй байгаа нэгнийгээ ч асууж сураглахаа мартсангүй. Ийнхүү тэдний яриа өнгөрсөн шөнө хэн хэн төрсөн, тэднийг хэн эмч төрүүлсэн, бүр хэдэн цаг өвдөж байж төрсөн, хэдэн килограмм жинтэй хүүхэд төрсөн тухай ерөнхийгөөс тусгай руу чиглэсэн нарийн ширийнээр үргэлжилж байх тэр мөчид ард нэгэн хүн хоолойгоо хүчтэй засахтай зэрэгцээд яриа ч гал дээр ус хийсэн мэт дорхноо намжлаа. Эргээд хартал эмч. Тушаалыг нь зөрчсөндөө би балмагдана. “Танай тасагт шинээр орсон хүн ямархуу байна. Сэрсэн үү?” гэж асуулаа. Намайг гарахад сэрээгүй байсан гэж арай чамай л хариулагчаа аядав. “Хоолоо авчих, өрөө рүү чинь явж байлаа” гээд намайг хэсэг хүлээзнэв.

Биднийг өрөөнд ороход өнөөх эмэгтэй босоод үсээ самнаад сууж байлаа. Эмчтэй хуучны танилууд болох нь илт. “За, бие нь яаж байна вэ?, санаа зовоод ороод ирлээ. Та хоёртой ярилцах юм…” гэснээ над руу гэмшингүй харлаа. Эмнэлэгт ирсэн өдрөөс эхлээд өдөр болгон царайг нь харсан хүн гэвэл энэ залуухан эмч л байна. Эмч хүн яг мөн гэж бат итгэнэ. Ийн итгэсэн нь хар багаас өөрийнхөө дотор бий болгосон хана хэрэм шиг итгэл үнэмшилтэй минь салшгүй холбоотой. Нүдэнд харагдаж, гар мэдрэгдэх зүйл юу ч үгүй хэр нь оршин тогтносоор байх тийм гэхийн аргагүй, хэдэн үг холбоод тодорхойлчхож болохгүй барьцгүй хэр нь үгүй болдоггүй итгэл үнэмшил.... “Уг нь өнөөдрөөс чамайг “энгийн” тасагт шилжүүлэх болсон ч хэд хоногтоо азнаж байя даа. Гэгээд хань болчих хүн одоохондоо байхгүй байна. Чи хэд хоногтоо хань болоод...” гээд үгээ дуусгаж амжаагүй байтал өнөөх эмэгтэй “Хүнд түвэг удаад яах вэ дээ. Би ганцаараа байхад яав л гэж” хэмээн дургүйлхлээ. 

Энгийн тасагт шилжинэ гэдэг өнөөх эмэгтэйчүүдтэй үргэлж нүүр тулна гэсэн үг болохоор эмчийн саналыг хүлээж авахаас өөр сонголт байсангүй. Эмч надад хэд хэдэн чухал үүрэг оноолоо. Товчхондоо бол би тэр эмэгтэйн асран халамжлагчийн үүргийг гүйцэтгэхээр болов. Хэвтрийн дэглэмтэй учраас эргэлтийн хаалган дээр очиж цай хоолыг нь дөхүүлнэ. 00 орох үед нь хамт явна. Бие нь тавгүйрхвэл зөвхөн өөрт нь түрүүлж дуулгахыг хүсээд утасны дугаараа ч үлдээлээ. Чухам ямар шалтгаантай болоод иймэрхүү “нууц ажиллагаа” өрнөөд байгаа нь танд сонирхолтой санагдаж байгаа биз дээ. Надад ч бас адил. 

IV

Эмнэлгийн цонхны доогуур эгнэсэн мод намар болсныг чимээлэх мэт навчсаа гөвсөөр. Газраар нэг хөглөрсөн навчсын дундах жижигхэн модон сандал дээр аавтайгаа хамгийн сүүлийн удаа ярилцаж суусан арваад жилийн өмнөх тэр л дүр зургийг санах бүрд сэтгэл шимширнэ. Цонхны доорх урт модон сандлаас зочин тасарна гэж үгүй. Хүүхдийн өлгий даавуу зэхсэн залуухан аав байн байн цагаа харан наашаа цаашаа холхино. 

V

Бид эхний хэдэн өдөр хоорондоо үг сольсонгүй. Гэгээ гэх тэр бүсгүй өдрийн бүхий л цагийг хана руу харж хэвтээд өнгөрөөнө. Эмч тогтсон цагтаа ирж үзэхийн өмнөхөн босож үсээ самнана. Харин би үүрэгт ажлаа гүйцэтгэчхээд цонхны цаана өрнөх дүр зургийг ажиглан өдрийг барах гэж хэрдээ л зүднэ. Эмчийн саналыг зөвшөөрсөндөө халаглах ч үе байлаа. Тэгэх тусмаа энэ бүхний учрыг олох адын хүсэлдээ хөтлөгдөнө. Хэд хоногийн өмнөх таагүй зүүд давтагдаж,“хол явлаа” гэх үг цуурайтахтай зэрэгцэн “ёо ёо” гэж орилох дуу өрөөгөөр нэг хадлаа. Зүүд бодит байдал хоёрын заагт “хол явлаа... ёо ёо” гэх дуу холилдож цуурайтна. “Хол явлаа..,, ёо ёо”.

Өрөөний хаалгаар эмч орж иртэл би зүүд бодит байдал хоёрын дунд унтаа сэрүүнээ ч ялгахгүй дүйнгэтэн орон дээрээ өндийгөөд суучихсан байлаа. “Яагаад над руу залгаагүй юм бэ?” гэж хашхирах шахам асуухад нь л сая сэрлээ. Эмчийн өгсөн үүргийг биелүүлж чадаагүйдээ харамсана. Гэмшинэ. Халаглана. Өөрийнхөө байгаа байдалд зэвүүцнэ. Эмчид хэн хэл дуулгасныг мэдэхгүй одоо энд байгаад нь баярлана. (Өглөө жижүүрээс буусан. Эмнэлгийн хаалгаар гараад явж байхыг нь би харсан. Өдрийн үзлэгийн цаг хараахан болоогүй байсан).

Эмч бүсгүйг өргөж орон дээр нь хэвтүүлээд шингэн залгалаа. Хоёр ч судас тариа ар араас нь угсруулан хийв. Бүсгүй ч мөдхөн унтлаа. Байдал тэгсхийгээд намжив.

VI

Тэр явдлаас хойш бүсгүй хана руу харж хэвтэх нь багасаж, надтай хэд гурван үг сольдог боллоо. Энэ үеийг борооны дараа тэнгэр цэлмэдэгтэй зүйрлэе. Бид хоолоо хувааж иднэ, бие биеэ халамжилна, хоол авахаар бусад эмэгтэйн адил оочирлоно. Төрөхийн өмнөх рүү тортой ачаагаа бариад орох эмэгтэйчүүдийг хараад уртаар санаа алдана. Бидний ээлж удахгүй ирэхийг зөнгөөрөө мэдэрнэ. Бүх юм жам ёсоороо үргэлжилж байлаа. Миний асууж зүрхлэхгүй, түүний дотор нуугдсан нууцуудаа тэр нэг нэгээр нь дэлгэнэ. Эмч залуу түүний талийгаач нөхрийн дотнын найз болж таарлаа. Талийгаач гэхээр та гайхаж байна уу?. Түүний нөхөр эмнэлэгт ирэхээс нь хэдхэн хоногийн өмнө талийгаач болсныг би ч мэдээд удаагүй байна. Тэд хоёр хүүтэй байж. Хэвлий дэх үрээ охин гэдгийг сонссон мөчид нөхөр хэрхэн хөөрч баярласныг ярихдаа мэгшин уйлж байв. Бүх юм энэ хүрээд зогссон ч болоосой. 

VII

Бидний төрөх хугацаа өнгөрсөн ч “өвдөхгүй” байгаа учраас маргааш  төрүүлэхээр болсныг эмч дуулгав. Хоёуланг чинь би өөрөө гардаж төрүүлнэ гэдгээ ч амлалаа. Намрын бороо зүсэрсэн жиндүүхэн үдэш. Намуухан зүсэрсэн бороо гэнэт ширүүсэж аянга цахилгаан манас манас хийнэ. 

Хэрвээ бороо ороогүй бол, орсон ч аянга цахилгаангүй аядуу чигээрээ байсан бол, аянга цахилгаанаас болж тог тасраагүй бол, тог тасрахаас өмнө утсаа цэнэглэчихсэн бол, тог тасарсан ч би 00 яваагүй бол, 00 явсан ч түүний утсыг аваагүй бол. Түүний утас нууц кодтой байсан бол. Хэрвээ...

Бид хамт 00 орохоор өрөөнөөс гарсан ч халз урдаас эмч ирж байхыг хараад тэр буцаад орчихлоо. “Айхгүй биз дээ, миний утасны гэрлийг тусгаад явчих”. Үнэндээ хүн айгаад байх юм юу ч алга. Энгийн тасгийнхан аль хэзээний коридорт гарчихсан энд тэндгүй гар чийдэн, утасны гэрэл сүүмэлзэнэ. 00-д орохтой зэрэгцээд гэнэт тасарсан шигээ бас гэнэт тог ирчихлээ. Яасан тоглоомтой юм бэ гэж ганцаараа ярьчхаад түс хийтэл инээв. Гэрлийг нь унтраах санаатай доошоо харуулаад барьчихсан түүний утсыг дээш нь эргүүлэхэд дэлгэцэн дээрх зураг нь хэн байсан гэж санана. Бурхан минь. Хамаг цус юүлэгдчих шиг нуруугаар хүйт оргилоо. Зүүдэнд минь хоёр ч удаа ирсэн урилгагүй зочин. Охиноо аваад бүр хол явсан өнөөх залуу. Утас гараас мултарч шалан дээр тас няс хийн уналаа. Юу ч үгүй үйрсэн дэлгэцийн цаанаас ч түүний царай инээмсэглэсэн хэвээр намайг ширтэнэ. Нэг мэдэх нь ээ өрөөнийхөө үүдэн дээр ирчхэж. Зүрх хүчтэй савлана. Амьсгаа давхардаж гэнэт хэвлийгээр базалж өвдөхөд эмчээ гэдэг үг арай ядан уруул давлаа. Хаалганы цаана шивнэх шахам ярих тэдний яриа надад хашхирч байгаа юм шиг л тод сонсогдлоо...

Гэгээ: “Тэр өдөр чи ирэх ёсгүй байсан юм. Бидний яриаг тэр сонссоноос зайлахгүй. Тэгээд л амиа хорлосон байх”. 
Эмч: “Үгүй дээ, гэнэтийн осол шүү дээ. Тэгээд ч түүнд амьдрах хугацаа бага үлдсэн байсан”.
Гэгээ: “Тэр охиноо харахыг хүсэж байсан шүү дээ”. 
Эмч: “Би түүний өмнө түмэн буруутай. Чиний ч өмнө буруутай. Гэвч энэ хүүхэд ...
Гэгээ: (Эхэр татан уйлна)
Эмч: “Би хоёр хүүд чинь сайн аав байж чадна шүү дээ”.

VIII

“Сэрээрэй. Охинтой боллоо. Баяр хүргэе”. Нүдээ нээвэл эмч охиныг минь тэврээд зогсож байна. Баруун хацар дээрээ улаан мэнгэтэй юм. 
Би зүүдлээд байна уу? 

Түр хүлээнэ үү...
Top