С.ГАНЗҮГ: ҮЙЛ ҮЛДЭНЭ...
2019-10-24 1158

"Үлдэх үг" подкастын энэ удаагийн зочноор Монголын контемпорари урлагийн төлөөлөгчдийн нэг, перформанс артист Сэдбазарын Ганзүг уригдлаа. С.Ганзүг бол орчин үеийн урлагийн онцгой содон төрөл болох үйлдлийн урлагаар эх орондоо төдийгүй олон улсад танигдаж буй эрчтэй залуу уран бүтээлчдийн нэг юм. Байгаль дэлхий, тэнгэр эрхистэйгээ холбогдох Монголчуудын язгуур ухааныг орчин үеийн урлагийн илэрхийлэлтэй холбон бүтээл туурвиж буй эл уран бүтээлч дотооддоо төдийгүй Нидерланд, Финланд, Герман, Хонконг, Тайвань, Солонгос, Итали зэрэг дэлхийн олон улсад өөрийн бүтээлүүдээ толилуулж амжсан, шинэ урлагийн шилдэг төлөөлөгчдийн нэг билээ. Айсуй 11-р сарын 1-нээс 22-ны хооронд Хаан банкны "Хаан галерей"-д үргэлжлэх "PERFORMANCE IN CONTEMPORARY ART" нэртэй ес дэх бие даасан үзэсгэлэнг нь угтаж бид С.Ганзүг хэмээх эл уран бүтээлчийн дотоод ертөнц, уран бүтээлдээ барьдаг баримтлал, урлаг болоод ертөнцийг харж таних өнцгийг нь нээюү хэмээн ярилцлагадаа урилаа. 


БАТСУУРИЙН БАЯСГАЛАН: Юун түрүүнд өөрийгөө уран бүтээлчийн хувиар товчхон танилцуулаач?

СЭДБАЗАРЫН ГАНЗҮГ: Перформанс арт гэхээр нэг үе хүмүүс ойлгодоггүй байлаа. Тийм болохоор өөрийгөө зураач гэж танилцуулдаг байв. Перформанс арт буюу үйлдлийн урлагаар бүтээл туурвиад 10 гаран жил болж байна. Бүр багаасаа л “Намайг зураач болгож өгөөч!” гэж залбирдаг хүүхэд байсан. Харин ээж минь тэр хүслийг минь их дэмжиж, намайг зураач болгосон хүн дээ. Эхээс төрөхдөө хөлөөрөө гарсан болохоор ээж надад Ганзүг гэдэг нэр өгсөн юм билээ.

Б.Б: Таныг хүмүүс перформанс артист буюу үйлдлийн уран бүтээлч гэдгээр илүү мэднэ. Манайд энэ урлаг өргөн дэлгэрч буй ч дийлэнх олонхийн дунд цоо шинэ, магадгүй ойлгомжгүй зүйл хэвээр байгаа. Тэгэхээр яг перформанс арт гэж юу юм бэ?

С.Г: Манайд үйлдлийн урлаг нэрээр явж байна л даа. Үйл, үйлийн үлдэц, үйлийн үр ч гэж хэлж болмоор. Ер нь үйл үлдэнэ, үйлийнхээ үрийг бид эдэлнэ, энэ үйлээрээ дараагийн үйлийнхээ тийзийг авна. Хамгийн гол нь таны үйлдэл маш чухал юм шүү гэдгийг урлагаар дамжуулан илэрхийлж буй юм. Үйлдлийн урлаг бол дүрслэлийн дээд хэлбэр юм шиг надад санагддаг. Бүжиглэхгүй, жүжиглэхгүй, тодорхой цаг хугацаанд боловсорсон санаагаа тухайн агшинд мэдрэгдэж буй зүйлтэйгээ сүлэн биеэрээ дүрслэн үзүүлэхийг хичээдэг дээ. Өөрөөр хэлбэл үйлдлийн урлаг гэдэг нь дүрслэх урлагийн цогц ойлголт болоод уламжлалт ойлголтыг хоршуулан, судалгаанд тулгуурлан үзэгчдэд толилуулж буй уран бүтээлчийн үзүүлбэр бүтээл юм.

Б.Б: Комтемпорари урлагийн олон салбар дундаас та заавал яагаад үйлдлийн урлагийг сонгон авч бүтээл туурвих болсон юм бэ?

С.Г: Яахав дээ, багаасаа зураач болохсон гэж залбирдаг байсан гэсэн ээ дээ. Тэр залбирлын минь л үр юм болов уу. Хэзээ хийсэн үйлийн минь мөр зам юм, миний зөн совин намайг урлаг хэмээх энэ сайхан зүйл рүү эрхгүй дуудсаар ирсэн байна. Энэ урлаг руу хэн ч намайг түлхээгүй. Бас хэн ч намайг хориогүй. Хүүхэд насныхаа тэр гэнэн цагаахан залбирлын жимээр л явж байна уу даа гэж боддог.

Бас ижийн маань “Миний хүү нэг тийм хүн болно доо” гэж зөгнөж, намайг онгироож өсгөсөн нь ч нөлөөлсөн байх. Бидний үеийнхэн найман насандаа сургуульд ордог байлаа. Ээж минь намайг сургуульд орох хүртэл морин дээр суулгаад хамаатны маань нэг том ламынх руу авч явж, байнга бараалхуулдаг байсан. Шашны сургууль нээлттэй байсан бол хүүгээ лам болгох байсан болов уу. Хэрэв урьд нас гэж байдаг бол би нэг хэлмэгдсэн ламын л сүнс баймаар мэрдэмж надад хааяа төрдөг. Ээж минь надад буй тэр нэг гэрлийг мэдрээд байсан юм болов уу даа. Ямартаа манай нэг төлөг эргүүтсэн байхыг харсан аав “Ганзүг ээ, миний хүү тэр хар толгойтой төлгийг дөхүүлээд аль!” гэхийг ээж гэрийн дотроос сонсчихоод “Хөвгүүдийн чинь нэг нь ч болохнээ амьтны амь хөндөхгүй хүн болж болдоггүй юм уу?” гэж аавыг их зэмлэж билээ. Тэгээд би мал гаргаж сураагүй. Тэгж л ижий бурхны өргөл цацлага, ивээл дор торниж, өглөө болгон цайныхаа дээжийг өргөхийг нь хажуугаас харж, орчлонтой харьцаж буй ээжийнхээ үйл байдлыг ажигласаар өссөн маань намайг урлагт татагдах, хүний дотоод мөн чанарыг бэдрэх, үйлдлийн урлаг руу орохын үүдэл сэдэл болжээ гэж боддог.

Б.Б: Ихэнхи хүн контемпорари урлаг, тэр дундаа үйлдлийн урлагийг нэн орчин үеийн ойлголт, илэрхийлэл гэж хардаг. Харин та үйлдэл хийдэг хүний хувьд тунчиг монгол, нэн язгуурын юм ярьж байна шүү дээ. Энэ хоёрын уялдаа холбоо нь юунд байна вэ?

С.Г: Барууны сэтгэлгээ, соёл, урлаг хөгжиж яван явсаар эцсийн эцэст юунд хүрлээ? Мухардалд орж байна. Тэд хэдэн хүчэрхийлэлийн дайныг эхлүүлэв? Урьд нь ч өөр хоорондоо хэдий болтол тэмцэлдэж ирснийг бид мэдэхгүй. Гэвч эцэст нь тэд үйлийнхээ бурууг ойлгочихоод, яах ёстойгоо эрэлхийлээд олсон зүйл нь өөрсдийнх нь төсөөлснөөс шал өөр зүйл байсныг ойлгож эхлэж байна. Магадгүй хоцрогдсон бүдүүлэг гээд орхиж мартчихсан, үл ойшоогоод хаячихсан зүйлс нь эргээд үнэд орж эхлэж байх шиг. Барууны соёл иргэншил хэт чөлөөт байдал, бүхнийг эвдэж задлах хандлагадаа мухардаж төөрчихөөд, бидний соёл руу эргэн харсан юм уу даа. Одоо харин тэндээс ойлгосон юмаа бидэнд эргүүлээд заагаад ч байх шиг. Энэ нь өнөөгийн хөгжил гээчийн үр дагавараас төрж буй дэлхийн дулаарал, хог хаягдал, шилжих хөдөлгөөн юм.

Гэтэл бид чинь маш ангид, гүн утга агуулгатай, өндөр түвшний соёлтой ард түмэн шүү дээ. Монголчуудын соёл, эх хүний хайрыг мэдэрсэн цаг хугацаанаас буюу бүүвэйн дууны домгоос эх аваад нааш явдаг гэж ойлгодог. Тэгээд л өнөөдүүл чинь “Өө, Монголчуудын аян дайн үнэндээ соёлын, хүн чанарын юм байсан байна шүү дээ. Эд чинь хүнээ хайрлах, байгалиа хайрлах, амьтнаа хайрлах, эх дэлхийн хайрын тухай ярьж байж шүү дээ. Монголчууд ингэж орон зайтай харьцдаг хүмүүс юм байна. Эд нарын өнгө ийм юм байна, үйл нь ийм юм байна. Ийм ийм үйл хийгээд хуримтлуулчихсан учраас өдийг хүртэл мөхөлгүй яваад ирж шүү дээ” гэх мэтээр биднийг шинээр нээж, тайлбарлаж эхэлсээр байна. Үнэндээ бидний өвөг дээдэс асар их зөв үйлийн хуримтлал үлдээсний ачаар бид ямар ч зовлонг гэтлээд, гатлаад гарах чадалтай байдаг юм. Энэ бүхний огтолцлолыг  өнөөгийнхөнд бүтээлээрээ илэрхийлхийг зорьж байгаад үйл уялдаа нь оршино.

Б.Б: Барууны уран бүтээлчид нүүдэлчдийн соёлыг эргэн харж, тэндээс санаа авч бүтээл туурвиж байсан жишээ дурдаач?

С.Г: Тийм жишээ олон шүү дээ. Контемпорари урлагийн эхэн үеийн уран бүтээлчийн нэг, Германы уран бүтээлч Йозеф Бойсийн бүтээлүүдэд Чингис хааны хөрөг, бүүвэйн дууг оролцуулсан, шар тос, эсгийгээр хийсэн бүтээлүүд зөндөө байдгийн билээ. Тэрээр дайн үед хойд нутгаар явж байгаад осолдож ухаа ортол нэгэн нүүдэлчин айл өөрийг нь олж тосоор биеийг нь тослоод, эсгийд /нэхийнд/ хучсан байдалтай сүнсийг нь дуудаж амь оруулсан гэх зэрэг сонин зүйлийг дараа нь өөрт нь ярьсан гэдэг. Бойс тэнд гурван жил гаруй амьдраад нутаг буцсан ч мөнөөх нүүдэлчин айл, тэдний ахуй соёл дунд өнгөрүүлсэн он жилүүдээ нэхэн санаж, нүүдэлчдийн соёлыг өөрийнхөөрөө шинээр тайлж, тайлбарлах оролдлогуудыг хийж эхлэсэн нь бүтээлүүдэд нь тод үлдсэн байдаг. Түүний бүтээлүүдийг үзэхээр бид чинь ямар агуу соёлтой юм бэ гэж эрхгүй бодогддог шүү.

Одоо бол дэлхий дахинд соёлын дайн өрнөж байна шүү дээ. Бид хүний хийсэн гутлыг жийгээд, хүний хийсэн цамцыг өмсөөд явж байгаа нь энэ соёлын дайнд ялагдчихаад буй хэрэг юм. Соёлоор дайтах нь зэвсгээр дайтахаас илүү ашигтай, зэвсгээс илүү хор хөнөөл учруулж чадаж буй учраас энэ том гүрнүүд чинь үүнийг хэрэглээд байна. Тийм учраас энэхүү шинэ урлагийг авахдаа бид аль болох өөрсөдрүүгээ татаж, нутагшуулж ойлгох хэрэгтэй. Тэгж байж бид үлдэнэ. Тэгж байж бид хүн төрөлхтөний оюун сэтгэлгээнд өөрсдийнхөөрөө хувь нэмрээ оруулж чадна. Гадныхныг сохроор хуулах биш, өөрсдийгөө илүү гүн судлаад, дотоод нөөцөө уудалж гарган, өөрсдийн гэсэн өвөрмөц чанарыг нүүдэлчдийн соёлтойгоо нийлүүлж, хүн төрөлхтөний өнөөгийн сэтгэлгээтэй гурвалсан холбоо тогтоож гэмээнэ бид энэ долоон тэрбум хүн дотроос өөрийн онцлогтойгоор ялгарч чадна.

Хүн төрөлхтөний хамгийн ихээр танин мэдэхээр тэмүүлж буй зүйл бол хамгийн эртний, хамгийн өвөрмөц, хамгийн хүнлэг энэрэнгүй соёл юм. Тиймээс бид өөрсдийгөө маш сайн танин мэдэж, өөрөө өөрсдийгөө бясалгах, нээх нь чухал юм.

Б.Б: Анхны үйлдэл чинь ямар сэдэвтэй ямар үйлдэл байсан бэ?

С.Г: Би их ороодог хүүхэд байсан. Хоёр гурван ч удаа хөлөө тайруулж болзошгүй нөхцөлтэй тулгарсан. Гэвч мэс хүргэхгүй гэж өөрөө шийдээд, сөрөөд л яваад байв. Өвдсөн хөлөндөө би их хайртай. Энэ хөл минь намайг бодуулж сургасан. Тэгж байхдаа христийн шашин ч шүтэж үзлээ, бурхны шашин руу ч эргэж буцлаа. Дараа нь өвчнөө давах гэж тэмцэж байсан тэр үйлдлүүд маань яг тэндээ тод үлддэг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд эцэст нь өөрийгөө олсон гэх үү дээ. Харин бүхнийг давсан хойноо өвдөж хэвтэж байсан газраа их хайрласан. Тэр л миний анхны перформанс юм болов уу даа. Учир нь би тэгж л анх өөртэйгээ харьцаж, өөрийгөө аварч үлдэх үйлдлүүдийг хийсэн байж шүү дээ.

Мэргэжлийн бүтээлийн хувьд 2008 онд “Ханш нээх цаг” үзэсгэлэнгээрээ “Буумал хүн” үйлдэлийн бүтээлээ хийж эхэлсэн.

С.Ганзүгийн уран бүтээлийг Жонсон Чангийн урилгаар Хонг Конг-д, Ханарт ТЗ галлерейд, Нүглийн нүдийг гурилаар хуурахгүй” / орон зайн, үйл хөдлөлийн урлагийн үйлдлийг, Орчин үеийн  Mongolia, контемпорари олон улсын үзэсгэлэнгийн нээлтэн дээр үйлдэв, 2011 он.

Б.Б: Таны ярианаас улбаалаад бодохнээ Монголчууд бид байгаль дэлхий, мал хуй, газар шороо, тэнгэр эрхэстэйгээ маш өндөр бэлэгдэлт сэтгэлгээ, онцгой зан үйлээр харьцдаг ард түмэн шүү дээ. Бүжиглэхгүй, жүжиглэхгүй, дотор буй мэдрэмжээ биеэрээ үйлдэж үзүүлнэ гэж таны ярьсныг бодохуй онгод тэнгэрээ дуудан цан хэнгэрэгээ дэлдэж буй бөө, эсвэл өглөө нарны зүг цацлаа өргөж буй монгол бүсгүй нүдэнд харагдлаа. Эд мэдээж бүжиглээгүй, жүжиглээгүй, гэхдээ л тэнд нэг онцгой үйл яваад байдаг. Ингэж бодвол Монголчууд бидэнд энэ урлаг анхнаасаа л их ойр эд байж уу?

С.Г: Тийм шүү, өнөөгийн түвшинд бол үйлдлийн урлагийг дүрслэх урлагийн дотор нэг төрөл болоод хөгжих байгаа. Зураач бол зурна, зохиолч бол бичнэ, үйлдэж үзүүлнэ гэдэг нэг онцлогтой, их өөр зүйл юм байна гэж хүлээж авч байна. Гэхдээ Йозеф Бойс, Марина Абрамович, Ёоко Оно гэх мэт уран бүтээлчид яагаад өдийг хүртэл ийм хүчтэй байна вэ?

Өнөө л бүжиглэхгүй, жүжиглэхгүй, худлаа байхгүй, бүх юмаа чин үнэнээсээ дотоод сэтгэлийн гүнээс үйлдээд байхаар тэдний үйлдэл бүр нь үнэ цэнтэй болоод байна шүү дээ. Харин тийм үнэ цэнтэй үйлдлүүдийг ялангуяа сайн заяаны, сайн ёсны, сайн сайхны төлөө бүр төрөхөөсөө эцсийн амьсгалаа хураан хураатлаа үйлддэг өндөр соёлтой ард түмний үр хойч шүү дээ, бид чинь.  

Барууны урлаг мундаг. Гэхдээ тэнд эрхий хурууг тасдаад тавих, хүний эд эрхтнүүдийг хээвнэг хэрчээд өлгөх энүүхэнд. Гэтэл тэрэндээ тулан тултал нэг ойлголт байна аа даа! Бид тэгэх үү? Тэгж болно. Тэр байтугайг өлгөж болно, гэхдээ бас болохгүй. Монголчууд бид өдөр тутамдаа хоол хүнсээ бэлтгэхдээ махыг тэгж дүүжилж л байдаг. Гэвчиг дүүжлэх үедээ, дүүжлэх газраа л дүүжлэхээс дүүжлэхгүй газраа дүүжилдэггүй л байхгүй юу. Монголчууд хамгийн догшин үгийг ч хэрэглэх газар нь хэрэглэж чаддаг ард түмэн. Аа, хэрэглэхгүй газраа бол хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл, хэдий урлаг ч гэсэн хэмжээ хязгаар гэж байдаг. Миний бодлоор барууны урлаг дахь цээр алдагдсанаас болсон үзэгдлүүд маш аюултай юм шиг ажиглагддаг.

Дүрслэх урлаг таныг бодохоос өмнө, сонголт хийж амжихаас өмнө аль хэдий нь оччихдог зүйл. Та галерей луу орлоо л бол бүгдийг нь харчихна. Дараа нь үзнэ. Дараа нь ойлгоно. Дүрслэх урлаг танд өөрийгөө шууд тулгадаг. Тийм болохоор цээр алдагдвал их аюултай.

Б.Б: Монголчууд их өндөр цээртэй ард түмэн учир ямарваа аюул, алдаанаас өөрсдийгөө хамгаалах чадвар харьцангуй өндөр гэсэн үг үү?

С.Г: Бод л доо. Дайн самуундаа туллаа ч бид дарь бараг хэрэглээгүй. Тахир нумаараа л дайтсан. Харин тахир нумны өөдөөс өнөөдүүл юу хэрэглэлээ? Тийм сэтгэлгээний эсрэг хэн юу хэрэглэв? Энэ бол их өөр ойлголт. Бид чинь хүний амийг хөнөөхдөө хүртэл учиртай улс байв. Чингэхийн тулд заавал гурван өчиг давах ёстой байж. Зөвхөн ганц шалтгаанаар хэзээ ч хүний амь бүрэлгэдэггүй. Гурван өчгийг давсны ард сая тэнгэрийн цээрлэлийг хүртээнэ. Тэнгэрийн цээрлэл гэдэг нь сайн сайхны төлөөх эцсийн үйл байж болох. Тэнд нь үр удмаа бодсон, ирээдүйгээ бодсон үйл заяа нь явж байдаг буй.

Мэдээж байгалийнхаа хуулиар зайлшгүй юманд орох, мандах доройтох нь хослох үе таарна. Харин унаж байх үед нь урьд эрх мэдэлтэй, хүчтэй явсан үедээ хуримтлуулсан буян нь татаж авдаг байх нь л дээ. Хүчтэй явахдаа хэтэрхий туйлчихвал хожим унахад татаж гаргах үйлийн хөрөнгө хүрэлцэхгүй л гэсэн үг. Энэ болоод түмэн бодистой харьцаж байсан ухаант дээдсийн цацлага биднийг өдий хүртэл авч явж байна уу даа гэж би боддог. Тийм болохоор өөрсдийгөө хамгаалах чадвар харьцангуй өндөр.

Баян-Өлгий аймаг Улаанхус сум, Xүйтэн уулын овоо, Aлтай таван богд

Б.Б: Тэгвэл барууны урлагийн нөлөөгөөр, эсвэл өөрсдийгөө дутуу дулимаг таньснаас ч юм уу, манай орчин үеийн урлагт энэ хориг цээрүүд алдагдах явдал хэр элбэг вэ?

С.Г: Зөндөө шүү дээ. Түүхээ мэдэхгүй элдэв юм ярьсан, хүний түүхэнд дулдуйдсан, айхтар юмс сэдсэн улс их таарна. Гадны дотны сургууль төгсөж ирчихээд л контемпорари урлагийн түүх ярих атлаа өөрийнхөө түүх уламжлалыг мэдэхгүй залуус ч тааралдана. Бид нэн түрүүнд Монгол хүн гэдгээ мартаж болохгүй. Эхлээд тийм итгэл үнэмшлийг өөртөө суулгаж амьдарч сурах хэрэгтэй.

Номын ёс гэж нэг юм байна. Номын ёсоор бурхантай золгох арга гэж бий. Өнөөдрийн дэлхий ертөнцийн бүх сургалт номын ёсоор явж байна. Энэ бол асар гайхамшигтай, агуу соёл. Гэтэл бидэнд бас нэг өөр юм байна. Бид бол яс цусныхаа барилдлагаар бурхантай золгодог уламжлал бий. Энэ барилдлагаараа бие биенийгээ, өвөг дээдсийгээ бурхан болгодог хүмүүс. Хэн нэг дотны хүн маань нас эцэслэвэл бид “Бурхан болчихлоо” гэж хэлдэг. Тэнгэрт дэвшсэн өвөг дээдсийнхээ араас үр хойч нь буян хийсээр байгаад бурхантай золгуулдаг. Өвөг дээдэс нь сайн үйлийн хөрөнгөөрөө үр хойчоо ивээж, үр хойч нь мөн сайн үйлээрээ өвөг дээдсээ дороос нь ивж дээш гаргадаг байх зүй тогтол.

Өнөөдөр дэлхий дээр нэг насны амьдралтай хүмүүс дүүрэн болж. Бүгд л нэг л амьдрах юм чинь яасан ч яадаг юм гэж авирлах болцгоож. Харин Монголчууд нэг амьдардаггүй. Бид буцаж ирдэг, би түүнд итгэдэг. Миний ээж буцаж ирсэн, би тэрэнд итгэдэг. Миний хадам аав буцаж ирсэн, би тэрэнд итгэдэг. Бид чинь ийм ард түмэн шүү дээ. 

Б.Б: Гэтэл энэ хориг цээрүүдийг урлагт, бүтээлдээ, үйлдэлдээ зөрччихвөл үр дүн нь юу вэ?

С.Г: Аймшигтай л юм болно байх даа. Гэхдээ энэ бол миний л харах өнцөг. Мэдээж уран бүтээлчид өөр өөрсдийнхөө ертөнцөөр хийж бүтээсээр байгаа. Зарим нь “Битгий тэгээсэй!” гэж бодож хийсэн ч юм билүү. Би бусдыг уран бүтээлчийнх нь хувиар үгүйсгэж чадахгүй. Яриад буй бүхэн минь миний л хувь уран бүтээлдээ барьж буй үзэл хандлагууд юм шүү дээ.

Б.Б: Бүр клише асуулт асууя л даа. Монголын контемпорари урлаг дэлхийн түвшинтэй харьцуулахад хэр гэж та үнэлэх вэ?

С.Г: Мэргэжлийн түвшинд харьцуулашгүй л дээ. Харьцуулахад олон юм хэрэгтэй. Гүйцэтгэлээс авахуулаад орон зай, тавилт, тухайн урлагийн хөгжүүлэх зай талбай, урлагаа дэмжих байдал, санхүү мөнгө, уран бүтээлчийг, шинэ урлагийг ашиглах талаар улс орны бодлого гэх мэт.  

Энэхүү бүтээл нь дээгүүр суудалтай эрхтэн дархтанууд дураараа авирлаж буйг эрс эсэргүүцэж байгаагаа уран бүтээлч тод томруунаар энгийн болоод сонирхолтой, хүмүүст айдас төрүүлэхгүйгээр дахин шинээр зөвт байдал руу эргэн хархыг үйлдэлээрээ илэрхийсэн байна.

Б.Б: Гэхдээ ядаж ирээдүй нь хэр вэ? 

С.Г: 2011 онд Open Academy дээр хятадад амьдардаг америк эмэгтэй ирсэн юм. Тэр “Хятад бол маш сонирхолтой. Энд нэг буцлаад, тэгснээ унаад л. Тэндээс ч нэг юм гарч ирж оргилоод л, маш сонирхолтой. Гэхдээ та нар бол удаан гарч ирээд удаан явах юм байна” гэж хэлсэн. Би тэр үгэнд итгэдэг.

Тэр жил манай Завханаас, нутгийн маань алдартай бөх урт гарт Лхагвааг баривчлаад явахад нэг хутагт хүн “За, энэ нутагт далан жил бөх төрөхгүй нь ээ” гэж хэлсэн юм гэнэ лээ. Монголчууд жарнаар хэмждэг гэж бодвол хоёр жарны юм ярьж ээ дээ. Юм мэддэг, ухаан билигт, сор болсон хүмүүсийг маань цавччихсан байхгүй юу даа. Тэрэндээ л удаан яваад байгаа юм. Мунхаг хүү чинь тэнтэр тунтар алхаж л байна гэдэг шиг. Бид ухаантай биш шүү дээ, үүндээ итгэх хэрэгтэй. Хамаг мэргэдийг маань цавччихсан юм чинь. Харин оюун ухаанаа гүн гүнзгий ухаж танин мэдэх нь их хэрэгтэй байна.

Б.Б: Ингэхэд та үйлдэл үйлдэж байхдаа мэдэрч буй юмаа дараа нь цэгнэж боддог уу, эсвэл тухайн агшинд нь орхиод л мартдаг уу?

С.Г: Сайхан юм гэдэг сайхан, хэцүү юм гэдэг хэцүү байдаг. Би гадны нилээн хэдэн орноор явж үйлдэл хийж байсан. Зарим үзүүлбэрийн дараа эвгүйцэх маш хэцүү мэдрэмж авч байсан удаач бий. Дайны хөлд хөрс нь хэд эргэчихсэн газар оронтой харилцах. Онгон дагшин хөрс шороотой харицах хоёр тэс өөр зүйл гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байх. Тийм болохоор Эх орныхоо хаана ч үйлдэл хийсэн амар амгаланг мэдэрдэг.

Роттердамд байхдаа гурилаар үйлдэл хийх санаагаа олсон нь олзуурхууштай. Гурил бол муу муухайг зайлуулахад ч, сайн сайхныг бэлэгдэхэд ч хэрэглэж болдог бидний өдөр тутамдаа хэргэлдэг хүнсний бүтээгдэхүүн. Бид хэтэрхий олон янзын юм хольж, шинж чанарыг нь хувиргаж амталчихаад л түүндээ шунаад байгаа болохоос гурилыг яг гурилаар нь уламжилалт аргаараа тосонд хайраад л идэхэд ер нь ямар сөрөг нөлөө байх вэ дээ гэх мэт. Өөрөөр хэлбэл гурил бол ариун идээний хэрэглэгдэхүүн.

Б.Б: Таны үйлдэл хийж байхыг ойроос харахад яагаад ч юм бидэнтэй хамт энэ ертөнцөд байхгүй юм шиг, аль нэг дундын ертөнцөд оччихоод мэдээ дамжуулаад байх шиг, энэ хүн чинь бүр транс байдалд орчихсон юмуу даа гэмээр харагддаг. Та үйлдэл хийж байхдаа чухам аль ертөнцөд очиж, хаанахын мэдээллийг хааш нь дамжуулдаг юм бэ?

С.Г: Энэ урлагийг монголд хөгжүүлэх гээд эрэл хайгуул хийж яваа хүний хувиар язгуур ухаанд байдаг сүнслэг, сүлдлэг чанарыг илүү мэдрэх, аль эсвэл шинэ туршилтуудаар тухайн орчны эрчимтэй холбон илэрхийлэх гэх мэт аргаар бүтээлээ туурвидаг. Угаас байгаль дэлхийтэйгээ ойр өссөн болохоор ч тэрүү уул ус, сав ертөнцийн тухай магадгүй тэдгээрийн үг үйлийг дамжуулах, баясгаж хийх нь илүү ойр байдаг.

Б.Б: Цаг заваа гаргаж ярилцсанд баярлалаа. Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэх үзэсгэлэнд тань амжилт хүсье!

С.Г: Баярлалаа.

Түр хүлээнэ үү...
Top